Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/62

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б холбогдох 2040000000074 тоот хэргийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул, уурхайн нэвтрэгч мэргэжилтэй, SSM ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух, урьд:

-1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09ий өдөр 63 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

энтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 20ы өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 01 сарын 24-ний өдрийн 07 тоот шүүгчийн захирамжаар 01 жил, 7 сар, 07 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 07  хоногийн зарим болох 01 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 4 жилийн хорих ял байхаар тогтоож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 6 сарын 17-ны өдрийн  74 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногий ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Ж.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 08 сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг хашаанд байх иргэн Н.О гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгчин дотор байсан 10 кг орчим хонины махыг хулгайлан бусдад 90.000 /ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч        Ж.Б нь 2020 оны 08 сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 15-1507 тоот хашаанд байх иргэн Н.О гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгчин дотор байсан 10 кг орчим хонины махыг хулгайлан бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Н.О  ахад учруулсан хохирлоо нөхөн төлөх гэсэн боловч надад боломж олдоогүй юм. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,  

-Хохирогч Н.О мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз Цэвээний гэрт Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн гудамжинд хоночихоод 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед гэртээ буюу    Бор-Өндөр сумын 3-р баг Хангайн 15-1507 тоотод ирсэн. Тэгээд би 09 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадна машинаа засаад сууж байхад Ж.Б гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа мотоцикльтой ирсэн. Тэгээд надад хэлэхдээ айлд нүх ухна таны пад моторыг авах гэсэн юм аа. Пад моторыг чинь асаагаад нүх ухах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний пад мотор одоогоор ашиглах боломжгүй байгаа гэж хэлтэл яваад өгсөн. Тэгээд би машиныхаа жанамыг салгаж аваад гагнуулах гээд гэрээ цагаан өнгийн төмөр цоожоор цоожлоод сумын төв рүү орсон. Тэгээд гагнуур олдохгүй болохоор нь буцаад гэртээ 12 цагийн үед иртэл манай гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдсэн байдалтай, гэрийн хаалга онгорхой, цоожны цуурга нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд би гэртээ ороод үзэхэд гэрийн доторх эд зүйл эмх замбараатай байсан ба гэрийн баруун хойд хэсэгт байх цагаан саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчний дээд талын хөлдөөгчний хаалга зай гарчихсан онгойсон мэт болчихсон байсан. Тэгээд хөргөгчөө онгойлгож үзэхэд хөргөгчинд байсан, уутанд тус тусад нь хийчихсэн байсан махнаас тал нь буюу 11 ширхэг мах алдагдсан байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 138.000 төгрөгөөр хонины гулууз махыг Бор-Өндөр сумын захаас худалдаж аваад жижиглээд хоол хоолныхоор болгоод 25 уутанд хийчихсэн байсан. Ойролцоогоор 1 уутанд 1 кг орчим мах байсан. Би тоолж үзэхэд 11 ширхэг ууттай мах алга болсон байсан. Тэр нь 10 кг мах байсан. Тэгээд би цагдаад хандсан. Намайг цагдаа дуудаад хүлээгээд машиндаа хашааныхаа гадна сууж байх хооронд өглөө манай гэрт ирсэн Ж.Б халамцуу ирээд ямар сонин байдалтай сууж байнаа гэхээр нь би ямар сайхан царайлж суухав дээ гэж хэлэхэд Ж.Б надад хэлэхдээ би эхнэртээ уурлаад танай гэрийг чинь ухчихсан юм аа, дотроос нь 11 ширхэг мах л авсан, өөр юманд гар хүрээгүй байгаа биздээ гэж хэлчихээд намайг 50.000 төгрөг авах юм уу, эсвэл 1 ямаа авах юм уу гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд Ж.Б хашааны хойгуур ороод яваад өгсөн. Би Ж.Б  сэжиглэж байна. ... Миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Би махны мөнгө болох дүгнэлтэнд тусгагдсан 90.000 төгрөгөө олоод авчихвал цаашид Ж.Б гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 10-16-р хуудас/,

-Гэрч Л.Ө-ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Намайг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад Ж.Б нь нилээн халамцуу тортой зүйл бариад манай гэрт орж ирсэн. Би Ж.Б  манай гэрт хэдэн цагт орж ирсэн эсэхийг санахгүй байна. Ингээд Ж.Б нь гэрт орж ирээд "Та энэ махыг аваад надад 1 шил архи, тамхитай өгчих" гээд гартаа барьж орж ирсэн тортой зүйлээ өгөхөд нь уг торыг нээж харахад жижиглэж бөөрөнхийлсэн мах байсан. Би Ж.Б аас юуны мах, хэдэн кг мах байгаа эсэхийг асуугаагүй. Ингээд би уг махыг нь аваад 0.5 литрийн савалгаатай 1 шил Хараа гэх архи, 1 хайрцаг Улаан шонхор гэх нэртэй тамхи өгөөд гаргасан. Үүнээс хойш Ж.Б нь манай гэрт дахин ирээгүй, тэр цагаас хойш дахиж уулзалдаагүй. Би Ж.Б аас авсан махаа өөрийн хоол хүнсэнд ээ хэрэглэсэн. ...Ж.Б нь манай гэрт орж ирэхдээ ганцаараа нилээн согтолттой орж ирсэн. Гэхдээ хэл яриа үйлдэл нь хэвийн байсан. Би Ж.Б аас махыг нь авахдаа хулгайн мах биш биз гэж асуухад үгүй миний мах гэж байсан. Өмнө нь Ж.Б надад мах болон бусад эд материал зарж борлуулж байгаагүй гэх мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

-Яллагдагч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг "16-ийн уурхай" гэх нэршилтэй газар шороон баяжуулахад засварчинаар ажиллаж байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ очиход тухайн өдөр нь манай ажил ажиллахгүй гэсэн. Тэгэхээр нь би буцаж Бор-Өндөр сумын төв рүү орж ирж манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд 3 айлын цаана амьдардаг Н.О  гэдэг ахтай уулзаж моторыг нь гуйхаар нь очиход ажиллагаагүй байгаа гээд өгөөгүй. Ингээд би гэрээс нь гарч гэртээ орчихоод буцаж гараад дахин Н.О  ахын гэрт ирэхэд Н.О  ах гэрээ том цагаан өнгийн цоожоор цоожлоод явчихсан байхаар нь Н.О  ахын гэрийн зүүн талд газарт байсан хараацай гэх нэршилтэй төмрөөр гэрийнх нь хаалганы цүүг нь хөшиж дотогш ороод шууд хөргөгч рүү нь очиж дээд талын хөлдөөгчинд байсан жижиг жижгээр ууталж бүхэл болгосон махнаас нь 5-6 ширхэг уутыг аваад гэрийн зүүн талын орон дээр байсан дэрний саарал өнгийн уутыг аваад нөгөө махнуудаа хийж Н.О  ахын гэрээс гараад шууд Бор-Өндөр сумын 1 дүгээр баг цагдаагийн хэлтсийн урд талд байх 3 давхар цэнхэр байранд зөвшөөрөлгүйгээр архи, пиво зардаг Өлзийбаяр гэдэг эгчид 0.5 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи, 1 хайрцаг Улаан шонхор гэдэг тамхиар Н.О  ахын хөргөгчнөөс авсан махаараа сольсон. Ингээд би Өлзийбаяр эгчийн гэрээс гараад Бор-Өндөр сумын баруун хойд хэсэгт байх гэр хороолол буюу өөрийнхөө гэрийн ойролцоо очиж архи уусан. Ингээд л би архи ууж дуусаад гэртээ орж ирсэн. Намайг гэрт ирэхэд хүн байгаагүй. Манай эхнэр хүүхдүүд гадуур явж байсан. Тухайн өдөр ийм л зүйл болж өнгөрсөн. Би тэр өдөр Н.О  ахын гэрт очих үедээ архи хэрэглээгүй байсан. Харин өмнөх өдрийн уусан архи гараагүй байсан. Би Н.О  ахын гэрт ганцаараа явган очсон. Би тэр өдөр анх Н.О  ахтай уулзахдаа гэррүү нь түрүүлж орсон юм. Тэгэхдээ би хөргөгчийг нь онгойлгож харахад хөлдөөгчинд нь мах байсан. Тухайн үед миний өмнөх өдрийн уусан архи гараагүй, дээр нь архи уумаар санагдаад байсан болохоор уг махыг хулгайлж архинд өгсөн. Би ганцаараа явж байсан. Архиа ч ганцаараа уусан. Би шууд Өлзийбаяр эгчийн гэрт ирсэн болохоор хэн нэгэнтэй таарч  уулзаагүй. Харин явж байхыг хэн харсан эсэхийг би мэдэхгүй.  Уг төмөр нь Н.О   ахын  хашаанд  гэрийнх нь  зүүн талд байсан төмөр. Тэгэхээр Н.О  ахын төмөр. Би тухайн үед гэрийнх нь гадаа үлдээгээд явсан. Өмнө нь би эднийхээр байнга л орж гардаг, хуурай ах дүү нарын холбоотой байсан.  Согтуудаа муухай юм хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 42-43 хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн “10 кг орчим хонины махны зах зээлийн үнэлгээгээр нийт 90.000 /ерэн мянга/ төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 25-27 хуудас/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н     5-8-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

            -Ж.Б-гийн “Иргэний үнэмлэхний лавлагаа”, иргэний мэдээлэл /хх-ийн 4, 49, 50-р хуудас/,

                        -Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 947 дугаартай ам бүлийн тодорхойлолтод “Ам бүл 9, эхнэр 6 хүүхэд, ачийн хамт, Бумбат 3 дугаар баг тоотод оршин суудаг” гэх, /хх-ийн 51 дүгээр хуудас/,

            -Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 73-75 дугаар хуудас/

                        -Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ж.Б 2012 онд танилцаж, гэр бүл болж байсан. Ж.Б нь хувь хүнийхээ хувьд сайн эцэг, сайн хань, гэр бүлдээ анхаарал  халамж тавьдаг, ажилч хөдөлмөрч, шударга зантай гэж би үнэлж дүгнэдэг. Харин нөгөө талаар бага зэрэг архи уух дуртай. Гэхдээ архи уухаараа ямар нэгэн элдэв янзын ааш араншин гаргаад байдаггүй, төлөв томоотой л байдаг. Надтай амьдарч байх хугацаанд нэг л удаа хулгайн хэрэгт шалгагдаж, ял эдэлж байсан. Сэтгэц болон бие эрүүл мэндийн хувьд эрүүл саруул хүн. ...одоо ажилгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

            -Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэлд “Ж.Б  Цагдаагийн хэлтэст 2020 оны 8 сарын 18-ны өдөр драгер багажаар шалгахад 1.00% тоон үзүүлэлт илэрсэн” гэх. /хх-ийн 3 дугаар хуудас/

            -Шүүгдэгч Ж.Б ийн урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 52-63, 65-66, 70-72 дугаар хуудас/,

            -Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2020/ЗШ/80 дугаартай, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 76-77 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэлсэн болно.  

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Ж.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч” үйлдсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            “Орон байр” гэдгийг хуульд “хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

          Шүүгдэгч Ж.Б нь “өөрт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан, “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө мэдүүлсэн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй  тул түүнд холбогдох хэргийг мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О ад 90.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эрүүгийн хэргийн 25-27 дугаар хуудсанд авагдсан “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн №2020/ШД304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.О  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Би махны мөнгө болох дүгнэлтэнд тусгагдсан 90.000 төгрөгөө олоод авчихвал цаашид Ж.Б гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ.

Хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан “Хавтаст хэргийн материалыг хохирогчид танилцуулсан тухай тэмдэглэл”-ийн арын хэсэгт “Норов овогтой Н.О  би Ж.Б аас хохирлын мөнгө болох 90.000 төгрөгийг авсан тул цаашид Ж.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” хүсэлт гаргасан хохирогч гэсэн хүсэлт бичигдсэн байх ба шүүгдэгч хохирлын 90.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөөгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Иймд хуульд заасны дагуу 90.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б аас гаргуулан хохирогч Н.О ад олгуулах нь зүйтэй.   

             3.Шүүгдэгч Ж.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд  улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч  Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал болон шүүхээр удаа дараа шийтгүүлж, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан боловч засарч хүмүүжээгүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Б 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Харнууд овогт Жамбалдоржийн Ж.Б  02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б аас 90.000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, оршин суух, Н.О  д олгосугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ