| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/01 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Л-ын Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2019003000160 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг Энхтайваны гудамж 1-3 тоотод оршин суух, Х овогт Л-ын Н-д /РД: ЕЮ95123100/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг Энхтайван 1-3 /211/ тоотод оршин суух гэртээ “ээжтэй архи уулаа” гэсэн шалтгаанаар хохирогч Л.Т-ийн зүүн далан тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн; “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8 цаг өнгөрөөгөөд Дэнжийн дэлгүүрээс 0.5 хэмжээтэй “Хараа” архинаас нэг шилийг аваад Л-ын гэр рүү орсон. Тэгээд би Л-ын эхнэр Болормаатай хувааж уучихаад байж байхад Болормаа дэлгүүр яваад дахиад нэг шил 0.5 хэмжээтэй “Ерөөл” архи авч ирээд бид хоёр хувааж уусан...10 цагийн орчимд Л-ын охин Норжинлхам /Цагаанаа/ гаднаас орж ирээд “дандаа архи ууж байдаг, одоо болиоч” гэж байснаа гал тогооны шүүгээний урд талд ээжийнхээ ард талд зогсож эргэж хараад шүүгээний шургуулгаас бор хүрэн өнгийн модон иштэй хутга гаргаж ирээд бариад зогсоод байсан. Би тэр үед ширээний урд талын сандал дээр сууж байгаад босоод гарах гэтэл араас Норжинлхам /Цагаанаа/ ирээд миний баруун талын даланд нэг удаа дүрэх шиг болохоор нь би тэр чигтээ гараад явтал миний нуруугаар бүлээн юм урсах шиг болсон...би эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлээд хоёр оёдол тавиулсан. Тэр үед миний архи гараагүй байсан болохоор Л-ын гэр лүү 0.33 хэмжээтэй “Ерөөл” архи аваад орсон. Намайг ортол Болормаа том өрөөндөө хэвтэж байхаар нь босгоод авч ирсэн архиа хувааж уугаад сууж байтал гаднаас цагдаа орж ирсэн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-16-19/,
Гэрч А.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 8 цагийн орчимд өөрийн ач охин Аялгууг 5 дугаар сургуульд хичээлд нь хүргэж өгөөд буцаад 9 цагийн орчимд гэртээ иртэл эхнэр Болормаа найз Тэрбиштэй хамт гал тогооны өрөөнд “Ерөөл” нэртэй 0.5 хэмжээтэй архи хоёр шилийг тавьчихсан нэг шилтэй архиа уугаад байж байсан...бага охин Норжинлхам бага хүүгээ тэврээд 9 цаг 30 минутын үед гэрт орж ирсэн...Тэрбиш, ээж хоёртоо Хан “дандаа архи ууж байх юм” гээд “гар яв” гээд хөөж байгаа сонсогдсон. Тэр үед Тэрбиш манай охинд Хан “За яав л гэж дээ сүртэй юм” гэж хэлж байгаа сонсогдохоор би ач хүү Баттүшигийг тэврээд гал тогооны өрөө рүү ортол охин Норжинлхам нь зүүн гартаа бор иштэй хутга барьчихсан зогсож байхаар нь би урдуур нь ороод охиндоо Хан “боль миний хүү, болдоггүй юм” гэж хэлээд аргадаад зогсож байтал манай охин Тэрбишийг “гар яв, яваач дээ” гэж орилж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Л.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 9 цагийн орчимд ээж Болормаа руу залгаад “юу хийж байна” гэж асуутал ээж “байна” гээд согтуу бололтой над руу ярихаар нь би хадам аав Зоригтбаатарынхаас гараад таксинд суугаад 9 цаг 30 минутын орчимд өөрийн амьдардаг байсан гэрт очтол аав Лхагва дөнгөж гэртээ орж ирсэн бололтой том өрөө гал тогоо хоёрын завсар сууж байсан. Харин ээж Болормаа том өрөөндөө буйдан дээр хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. Тэр үед Тэрбиш эгч гал тогооны өрөөнд “Хараа” нэртэй 0.5 хэмжээтэй архи хоёр шилийг ширээн дээр тавьчихсан, нэг шилтэй архи нь дуусчихсан нөгөө шилтэй архи нь талдаа орж байхаар нь би ээж, Тэрбиш эгч хоёрт Хаж “дандаа яахаараа архи уудаг юм, одоо болиоч дээ” гээд уйлаад хэлсэн чинь Тэрбиш эгч “за яахав, яав л гэж дээ” гэж хэлээд бувтнаад байхаар нь би уурлаад гурил элддэг ганжингаар цохих гээд хоолны шүүгээгээ ухтал ганжин байхгүй, шургуулганд бор хүрэн өнгийн иштэй хутга байхаар нь авч, “гараач, яваач” гэж орилтол аав том өрөөнөөс гарч ирээд “миний охин тайвшир” гээд намайг аргадаад...би Тэрбиш эгч рүү “гараач, яваач” гээд орилсон чинь тоосон шинжгүй байхаар нь зүүн гартаа барьсан бор иштэй хутгаар зүүнээс баруун чиглэлтэй айлгах санаатай далайгаад таттал Тэрбиш эгчийн хүрэн өнгийн куртикнийх нь ар тал урагдсан. Тэгээд би арай ч “хутгалчхаагүй болов уу” гэж бодоод уурлаад дахиад “гар яв” гэж хэлэн орилтол Тэрбиш эгч намайг тоолгүй, сууж байсан сандал дээрээ суугаад байсан...би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-24, 45-46/,
Иргэн Отгонсүрэнгээс 99400509 дугаар утсаар; “...Сайншанд сумын 2 дугаар Энхтайваны 3-7 тоотод манай эхнэр хүнд хутгалуулсан” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8/,
Гэрч А.Лхагваас гаргаж өгсөн хүрэн өнгийн иштэй хутгыг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-13/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-28-30/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0337 дугаартай “...Д.Т-ийн биед зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-31/,
Л.Нын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72/,
Хохирогч Т-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-84/,
Л.Нын Дорноговь аймгийн Прокурорын газарт Хан гаргасан “...миний бие хохирогч Д.Тэрбишид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...Тэрбишид 2020 оны 12 дугаар сарын 15-нд 350.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Мөн Т-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хүсэлт /хх-85/, зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг Энхтайван 1-3 /211/ тоотод оршин суух гэртээ “ээжтэй архи уулаа” гэсэн шалтгаанаар хохирогч Л.Т-ийн зүүн далан тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч Л.Нын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Д.Т-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр...“Хараа” архинаас нэг шилийг аваад Л-ын гэр рүү орсон...Болормаатай хувааж уучихаад байж байхад Болормаа дэлгүүр яваад дахиад нэг шил 0.5 хэмжээтэй “Ерөөл” архи авч ирээд бид хоёр хувааж уусан...10 цагийн орчимд Л-ын охин Норжинлхам /Цагаанаа/ гаднаас орж ирээд “дандаа архи ууж байдаг, одоо болиоч” гэж байснаа...миний баруун талын даланд нэг удаа дүрэх шиг болохоор нь би тэр чигтээ гараад явтал миний нуруугаар бүлээн юм урсах шиг болсон...би эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлээд хоёр оёдол тавиулсан.” гэх,
гэрч А.Л-ын “...манай эхнэр Болормаа найз Тэрбиштэй хамт гал тогооны өрөөнд “Ерөөл” нэртэй 0.5 хэмжээтэй архи хоёр шилийг тавьчихсан нэг шилтэй архиа уугаад байж байсан...охин Норжинлхам нь зүүн гартаа бор иштэй хутга барьчихсан зогсож байхаар нь би урдуур нь ороод охиндоо Хан “боль миний хүү, болдоггүй юм” гэж хэлээд аргадаад зогсож байтал манай охин Тэрбишийг “гар яв, яваач дээ” гэж орилж байсан.” гэх,
яллагдагч Л.Нын “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...зүүн гартаа барьсан бор иштэй хутгаар зүүнээс баруун чиглэлтэй айлгах санаатай далайгаад таттал Тэрбиш эгчийн хүрэн өнгийн куртикнийх нь ар тал урагдсан.” гэх мэдүүлгүүдээр болон
иргэн Отгонсүрэнгээс 99400509 дугаар утсаар; “...Сайншанд сумын 2 дугаар Энхтайваны 3-7 тоотод манай эхнэр хүнд хутгалуулсан” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.Лхагваас гаргаж өгсөн хүрэн өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0337 дугаартай дүгнэлт, Л.Нын Дорноговь аймгийн Прокурорын газарт Хан гаргасан “...миний бие хохирогч Д.Тэрбишид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...Тэрбишид 2020 оны 12 дугаар сарын 15-нд 350.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Мөн Т-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Н, хохирогч Д.Тэрбиш нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Н нь хохирогчид 350.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Д.Тэрбиш гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Л.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Л.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27см урттай, ажлын хэсэг нь 15см, бариул хэсэг нь 12см урттай, хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Л-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Нд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27см урттай, ажлын хэсэг нь 15см, бариул хэсэг нь 12см урттай, хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ