Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайт центрийн 4 дүгээр давхарт байрлах, хуулийн этгээдийн …регистртэй “Зээлийн батлан даалтын сан”-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байрны 31 тоотод оршин суух, …регистртэй, Зана ургийн овогт Г. Б-д холбогдуулан гаргасан,

Хүчингүй болсон тушаалын дагуу олгогдсон 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн батлан даалтын сангаас ажлаагүй хугацааны буюу дутуу олгогдсон цалин 1,137,525 төгрөг гаргуулах тухай Г.Б-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.Б нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс тус Санд жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Г.Б-Г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж, 42.1-д заасны дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгийн тэтгэмж олгосон. Г.Б Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/05378 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Сан шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сангийн гүйцэтгэх захирлын 107 дугаар тушаалаар Г.Б-Г ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,868,607 төгрөгийн олговрыг 2016 оны 9 дүгээр сарын 08, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд олгосон. Г.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “... цаашид өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт гаргаж, ажлаасаа гарсан. Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус нь тогтоогдсон тул уг тушаалаар олгосон 1,600,000 төгрөгийн тэтгэмжийг Г.Бэс буцаан гаргуулж, Санг хохиролгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05378 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,868,607 төгрөг олгох, ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг Зээлийн батлан даалтын санд даалгаж шийдвэрлэсэн. Зээлийн батлан даалтын сан нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Б-Г ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,868,607 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 4,868,607 төгрөгийг олгох, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх байсан. Энэ шийдвэрийн дагуу “Зээлийн батлан даалтын сан” ХХК бүх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн батлан даалтын сан нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Б-Г ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,868,607 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. /хх-51/ гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Зээлийн батлан даалтын санд жолоочоор ажиллаж байгаад захиргааны санаачлагаар 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлсөн дээр хшийдвэр хууль бус гэдгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/05378 дугаар шийдвэрээр тогтоосон. Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу Зээлийн батлан даалтын сангийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаалаар, 9 сарын 08-ны өдөр жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилдаа орсон. Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх тодорхой хэмжээний мөнгө өгсөн хэдий ч миний хохирлыг бүрэн барагдуулаагүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг нэг сар зургаан хоногийн дараа ажилд эгүүлэн авахдаа энэ ажилгүй байсан хугацааны цалин өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага бүхий 1,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Зээлийн батлан даалтын сангийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн батлан даалтын сан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 1 сар 5 хоногийн дараа биелүүлж, Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаалаар намайг ажилд эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,868,604 төгрөгийг олгосон. Зээлийн батлан даалтын сан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хугацаанд биелүүлээгүйн улмаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ажилгүй байлгаж хохирол учруулсан. Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,137,525 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гарган, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хууль бусаар ажлаас халагдсан гэдгийг тогтоон, түүнийг ажилд эгүүлэн тогтоон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гаргасан. Талууд энэ шийдвэрт гомдол гаргаагүй тул тухайн гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон. “Зээлийн батлан даалтын сан” ХХК Г.Б-Г 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажилд нь эгүүлэн томилохдоо зөвхөн шүүхийн шийдвэрт заасан цалинг олгосон байдаг. Уг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны бүх цалинг ажил олгогч олгох үүрэгтэй байдаг. Гэтэл ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй. Ажил олгогч Г.Б-Г ажилд эгүүлэн томилохдоо шүүхийн шийдвэрт тогтоосон ажилгүй байсан хугацааны цалингаас 1,600,000 төгрөгийг суутгаж олгосон. Иймд Г.Б шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэн 1,600,000 төгрөгийг буцаан авсан байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажилд томилохдоо хуанлийн 1 сар 5 хоног буюу ажлын 22 хоногийн цалинг буцаан авах  ёстой гэсэн үндэслэлээр энэ мөнгийг авсан. Иймд “Зээлийн батлан даалтын сан” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан ба зөрүү мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж үзэж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээр марган, зөрүү мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй тул зөвшөөрч байгаагаас үлдсэн хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан нь хариуцагч Г.Бд холбогдуулан, түүнд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тушаалын дагуу олгогдсон 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндсэн нэхэмжлэлд холбогдуулан, нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, 1 сар 5 хоногийн дараа ажилд нь эгүүлэн томилсон учир ажилгүй байсан энэ хугацааны цалин 1,137,525 /нэг сая нэг зуун гучин долоон мянга таван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зохигчдийн хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүсч, хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангийн жолоочоор туршилтын хугацаагаар томилогдож, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Сангийн гүйцэтгэх захирлын 85 дугаар тушаалаар Захиргааны хэлтэст жолоочоор, нэг сард 800,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж эхэлсэн байна. /хх 6, 7/

 Гэвч 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэг, Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн 2.11.9.4, 2.11.9.7 дахь хэсэг, Сангийн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Г.Б-г 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж тооцон 1,600,000 төгрөг олгож шийдвэрлэжээ. /хх 8/

Г.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/05378 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг Зээлийн батлан даалтын сангийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,868,607 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулан Г.Бд олгохоор шийдвэрлэсэн байна.

Зээлийн батлан даалтын сан дээрх шийдвэрийн дагуу Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаалаар Г.Б-Г жолоочийн ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж, Г.Бд шүүхийн шийдвэрт заасан 4,868,607 төгрөгийг олгосон болох нь зохигчдын тайлбар, Төлбөрийн даалгавар болон хариуцагчийн банк дахь дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 9-11, 44-46/

Түүнчлэн, уг тушаалаар Г.Бд ажлаас халагдсаны тэтгэмжид олгогдсон байсан 1,600,000 төгрөгийг Санд нөхөн төлөхийг үүрэг болгож, Сангийн нягтлан бодогч нь тушаалын хэрэгжилтийг хангаж буюу түүнд олгогдсон цалингаас 1,600,000 төгрөгийг суутгасан боловч түүнд буцаан олгосон талаар зохигчид тайлбарлах бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн үнийн дүнгийн талаар зохигч хэн аль нь маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.Бд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тушаалын дагуу олгогдсон 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Зээлийн батлан даалтын сангийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд зохигчид уг шаардлагын хүрээнд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын санд холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 05378 дугаар шийдвэрийн дагуу түүнийг жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй  1 сар 5 хоногийн хугацаанд ажилгүй байлгасан учир энэ хугацааны цалин болох 1,137,525 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь тухайн нөхцөлд Г.Бат-Эрдэнийн оронд томилогдсон байсан ажилтны ажлыг хүлээлцэх ажиллагааны улмаас хугацаа алдсан гэж тайлбарлан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч шүүх дараахь үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зээлийн батлан даалтын сан нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс Г.Б-Г тус сангийн жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн томилсон болох нь баримтаар нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангийн хувьд Г.Б-Г шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар 5 хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс жолоочийн ажилд нь эгүүлэн томилсон шалтгаанаа түүний оронд ажиллаж байсан ажилтны ажлыг хүлээн авах зэрэг ажиллагааны улмаас хугацаа алдсан гэж тайлбарлах бөгөөд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан 4,868,607 төгрөгийн цалинг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамт Г.Бд олгож, түүнийг ажилд нь эгүүлэн томилон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэмэлт цалин олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “... ажилтныг эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасан байх тул хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,137,525 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангийн, хариуцагч ЧЖ76011615 регистртэй Зана овогт Г.Б-Дд холбогдуулан 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сангаас 1,137,525 /нэг сая нэг зуун гучин долоон мянга таван зуун хорин таван/ төгрөг гаргуулан хариуцагч Г.Бд олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,851 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 31,851 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           А.САРАНТУЯА