Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 965

 

2017.4.19                                                          №965

 “Газрын үр шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00186 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Нуржинд холбогдох

 

Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Эдийн бус гэм хорын хохиролд 16 520 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын үр шим" ХХК нь Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А272 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Зайсангийн амд байршилтай 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012/60 дугаарын гэрчилгээг олгосон. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 3 талт гэрээ байгуулан аялал жуулчлалын цогцолбор байгуулах бэлтгэлээ хангаад байна. Гэтэл Т.Нуржин нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр манай газар дээр хашаа хатган айл буулгаад манай газрыг чөлөөлж өгөхгүй, удаа дараа албан бичиг болон амаар шаардсан боловч үл тоомсорлож, өөрийн хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилд хүндрэл учруулж байна. Манай компани ажлаа эхлүүлэхийн тулд хашааг өөрсдөө буулгасан боловч дахин хашаа барьж хүндрэл учруулж, шаардлага тавихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас надад зөвшөөрөл өгсөн гэж амаар тайлбарладаг. Иргэн Т.Нуржин  дахин хашаа барьж болзошгүй юм. Хариуцагч одоо уг газар дээр амьдрахгүй байгаа, гэрээ нүүлгэсэн нь үнэн. Гэхдээ уг газарт хариуцагчийн суулгасан суулгац, Суварга зэрэг одоо ч байгаа. Удаа дараа мэдэгдээд байхад дээрх суварга, суулгацыг шилжүүлэн авахгүй байгаа нь өөрөө газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэл гэж үзэж нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг хариуцагч Т.Нуржинд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.Нуржин нь Зайсангийн аманд эдүүгээ 46 жил тогтвор суурьшилтай амьдарч, 2009 онд одоогийн байгаа газарт анх буурь сэлгэн бууж, чулуугаар гортиг татан суурьшсан байдаг юм. Ямар байдлаар нэхэмжлэгч компани гэрчилгээ авсныг мэдэхгүй. Гэхдээ 2012 онд гэрчилгээг авсан хэрнээ өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй,  байсаар 2014 оны 5 дугаар сараас энэ манай газар гэж маргаж гарч ирсэн байдаг. Нэгэнт албан ёсны бичиг баримтаар нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК-д хууль ёсны ашиглах эрхийг эрх бүхий байгууллага олгосон тул газрыг чөлөөлөхөд маргахгүй. Т.Нуржин 2014 онд нүүсэн, одоо уг газарт амьдрахгүй байгаа. Тус компани хашааг нь буулгаснаас хойш дахин хашаа бариагүй. Иймд  газрыг чөлөөлж өгөх шаардлагыг биелүүлчихсэн гэж үзэж байна. Дахин хашаа барихгүй байхыг зөвшөөрч байна. Т.Нуржин нүүснээс хойш ямар нэг үйлдэл хийгээгүй байхад тус компани эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй ямар үйлдлийг зогсоолгохоор шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэг барихаар байгуулсан Суварга, чацарганы суулгацын тухайд нэхэмжлэгч байгууллага өөрөө нураах эсэхээ шийдэх байх. Т.Нуржин гуайн тухайд уг суварга, суулгацыг бусдын сайн сайхны төлөө, буяны үйлсэд зориулж босгосон болохоор өөрийнх нь бус ард түмний хөрөнгө гэдэг. Үүнийг шүүх шударга ёс, хүн чанар, ёс заншлын хувьд анхаарч, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 05-р сарын сүүлээр “Газрын үр шим” ХХК-ийн төлөөлөгч гэх Тайванбаатар, Намсрай нар нь “...энэ манай газар...”гэж дайран орж ирээд, өөрийнх нь эзэмшлийн хашааг харанхуй бүрийгээр нурааж, портер машин дээр ачихад Т.Нуржин гуай Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч, эрх бүхий албан тушаалтнууд ирж Тайванбаатар, Намсрай нарыг авч явсан байдаг. Үүнээс хойш “Газрын үр шим” ХХК-ийн төлөөлөгч гэх Тайванбаатар, Намсрай нар нэг ч удаа ирээгүй бөгөөд харин ч хүний өмчийг өнөөдрийг хүртэл эргүүлэн өгөөгүй байна. Уг хашааг 2010 онд одоо Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн албанд ажиллаж байгаа Сүхмаа гэдэг бүсгүй Т.Нуржин   тухайн газар дээр “Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхэд сайн санааны тусламж болгон хашааг өөрийн хөрөнгөөр барьж, хандивласан байдаг. Богдын музейн захиргаанаас түүний энэ төсөлд дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүх ард түмэндээ гаргасан мод тарих буяны үйлс хийх уриалгыг хэрэгжүүлж маргаад байгаа талбайд Увсын хамба лам болох Отгон гуайн бэлэглэсэн нийт 2013 онд 108 гаруй, 2014 онд 200 гаруй чацарганы суулгацыг өөрийн гараар суулгасан юм.

Иргэн Т.Нуржин нь өөрийн хөрөнгөөр 2006 оноос хойш хүч хөдөлмөрөө гаргаж суварга босгож, тухайн газрыг тордон, арчилж хамгаалан, 1000 гаруй бут сөөг чацарганы  модыг тарьж суулгасан. Нуржин цэцэрлэгийн дайтай болгох гэж нүхийг ухан өөрийн хүч хөдөлмөрийг шингээсэн байдаг. Өдий насалсан надад уг газар хэрэггүй, үр хойчид маань Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэг үлдээсэй гэж бодож зүтгэж ирсэн гэдэг.

Тиймээс хүний хашааг буулгаж нураагаад өнөөг хүртэл өгөөгүй тул хашаа, сүйтгэсэн чацарганы бут, дарцагны үнэд нийтдээ 16 520 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Уг нураасан хашаа нь 144 метр өргөнтэй, 100 метр урттай 4 тал төмөр хашаа байсан тул хашааны үнэд 13 420 000 төгрөг,  хашааг газарт тогтоож бэхлэхэд модон шон 100 ширхэг 600 000 төгрөг, төмөр труба 100 ширхэг 750 000 төгрөг,  төмөр торон хашаа 2 ширхэг 110 000 төгрөг, дээврийн гөлмөн төмөр 50 ширхэг 250 000 төгрөг, мөн суварга, хашаанд өлгөсөн байсан 500 ширхэг хийморийн дарцагны үнэ 250 000 төгрөг, хашаа нурааж авч явснаас устаж сүйтгэгдсэн 500 ширхэг чацарганы бутны үнэ 1 250 000 төгрөг, нийтдээ 16 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2014 онд хашааг нураах үед төмөр торон хашаа, шон зах зээлд ямар үнэтэй байсныг нотлохоор үнэлгээний компаниар үнэлгээг гаргуулж, хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгч уг үнэлгээнд маргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хашааг компани буулгасан үйл явдал болсон нь үнэн. Гэхдээ нэхэмжилж буй хохирол ямар ч нотлох баримтгүй байна. Уг газарт байсан хашаа нь юугаар хийгдсэн, хэдий хэмжээнийх байсан, ямар өртөгөөр барьж байсан зэрэг нь тодорхойгүй, 500 ширхэг дарцаг, суулгасан чацарганы суулгац 500 байсан гэдгийг тогтоосон баримт алга. Мөн дарцаг салхинд хийсэх, суулгацыг мал идэх зэргээр өөр бусад байдлаар гэмтсэн, устсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн хариуцагч Т.Нуржин өөрөө хөрөнгө гаргаж хашааг бариагүй, хандиваар барьж өгсөн гэж гэрч мэдүүлсэн байдаг. Суулгацыг  Анхнаасаа хариуцагч Т.Нуржин олгосон зөвшөөрөл бүхий газарт Суварга, чацарганы суулгацаа суулгаагүйгээс ийм байдал үүссэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн ам дахь 2 га газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлээ зогсоохыг хариуцагч Т.Нуржинд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Газрын үр шим” ХХК-иас гэм хорын хохиролд 16 520 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Нуржингийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." гэх шаардлагад нийцсэнгүй. Учир нь хариуцагч т.Нуржин нь Газрын үр шим ххк-д холбогдуулан өөрт учирсан хохирол болох 16 520 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэхь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болгон өгсөн Арвижих-Эстимейт ххк-ийн гаргасан төмөр торон хашаа, төмөр шон: гөлмөн төмөр, хийморийн дарцаг зэргийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа дундаж үнэ ханшийн талаарх баримт, хариуцагч хашааны тоо хэмжээг гарган дээрх үнэлгээний дагуу тооцож, хашааны үнийг гаргасан болон тухайн газар дээр хашаа байсан, эсэх талаар шүүхээс үзлэг хийсэн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг огт үнэлж, дүгнээгүй мөртлөө нотлох баримтаар нотлоогүй гэсэн нь хууль зөрчсөн байна. Т.Нуржин нь нэхэмжилж буй хашаагаа 144 метрийн өргөнтэй, 100 метрийн урттай, төмөр торон хашаа хэмээн нэхэмжлэлдээ тодорхой бичиж, үнэлгээний байгууллагаар хашааны үнээ тодорхойлуулсан байхад шүүх хэдий хэмжээний ямар үнэ, өртөг бүхий хашаа байшин байснаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэлээ. Хариуцагч Т.Нуржины сөрөг нэхэмжлэл нь дараах нотлох баримтаар бүрэн тогтоогдож байхад эдгээр баримтуудад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

“Газрын үр шим” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлд "...бид ажлаа яаралтай эхлүүлэхийн тулд хашааг нь өөрсдөө буулгасан", 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлд "манай компани нь ажлаа яаралтай эхлүүлэхийн тулд хашааг өөрсдөө буулгасан" хэмээн хашааг буулгаж, авч явсан маргаан бүхий үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Арвижих эстимейт ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №16/245 дугаар бүхий үнэлгээгээр Т.Нуржины төмөр торон хашаа, төмөр шон, гөлмөн төмөр, хийморийн дарцагийн зах зээлийн үнийг тодорхойлуулж, хашааны үнэ 13 420 000 төгрөгөөр тогтоосон байгаа. Гэрч Ш.Жаргалсайхан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "...цагаан сарын үеэр очиход л ганцхан Т.Нуржин эгчийнх л хашаатай байсан, 2 жилийн өмнө байхаа Хан-Уул дүүргийн Монголын ардчилсан холбооны дарга Д.Батбилэг нар руу яриад Т.Нуржин эгчийн хашаа байшинг нураагаад байна, Чи очоод байж бай гэсэн. Намайг Нуржин эгчийнд очиход зөндөө цагдаа ирсэн байсан", гэрч Я.Батчулуун шүүхэд мэдүүлэхдээ Т.Нуржингийн оршин суугаа газартай холбоотой маргааныг мэдэхгүй байна, 2015 оны 8 дугаар сард олон машинтай хүмүүс ирээд Т.Нуржингийн хашааг өшиглөж буулгаад нураасан, газрыг нь трактораар түрсэн, зураг нь хүртэл байгаа", гэрч Д.Сүхмаа шүүхэд мэдүүлэхдээ "...2006 он л юм шиг байгаа яг тодорхой оныг санахгүй байна. Энэ хашааг би бариулж өгч байсан. Т.Нуржин эгч би цэцэрлэгт хүрээлэн барих гэсэн юмаа, надаа хашаа бариад өгөөч гэж хүссэн. Ерөнхийдөө настай хүнийг буянтай ажил хийж байгааг нь дэмжиж хашааг нь бариулж өгч байсан, Т.Нуржин эгчтэй утсаар холбогдоход хашаа буулгачихлаа гэж ярьсан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна", гэрч Д.Пүрэвсүрэн шүүхэд мэдүүлэхдээ "Т.Нуржин эгчийн хашаа байшинг 5 юм уу 6 залуучууд ирээд буулгаж байсан. Хашаан дотор шинэ хашаа барьж байсан. Би тэр улсуудтай нь маргалдаад тэр хүмүүс ажлаа зогсоосон, тэр үед надтай Ганболд, Жаргалсайхан нар хамт байсан. Хашаа байшингийн ажил зогссоны дараагаар би ажилтай гээд явсан ", гэрч Ө.Чулуунцэцэг шүүхэд мэдүүлэхдээ "...хийморийн дарцаг өлгөчихсөн байсан, салхинд элэгдэж урагдаад миний эд зүйлийг эвдлээ гээд муудалцаж байсан, төмөр хашаа хатгасан байгаа, яг ачиж байхад нь Т.Нуржин нь ирээгүй. Хашааг нь буулгах гэж байхад Нуржин байгаагүй тэдний хүүхэд болон таньдаг хүмүүс байсан" гэх мэдүүлгүүдээр хашаатай байсан, хашааг буулгасан болох нь нотлогдож байна.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр Газрын үр шим ХХК-ийн ажилтнууд ирж маргаан бүхий тухайн газар дээр барьсан хариуцагчийн хашааг буулган ачиж аваад явсан, барьсан хашаа нь Д.Сүхмаа гэгч өөрийн хөрөнгөөр барьж Т.Нуржинд өгсөн /бэлэглэсэн/, ингэснээр Т.Нуржин нь yг хашааны өмчлөгч, эзэмшигч болсон. уг хашаатай холбоотой шаардлага гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдсон зэрэг үйл баримтууд байхад шүүх гэрчүүдийн мэдүүлгийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдалгүй, хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, нөгөө талд үйлчилсэн явдал болсон гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Шүүх хариуцагчийн хүсэлтээр эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгч өөрөө эдгээр гэрчүүдээс асуулт асуун мэдүүлгийг нь авч, шүүгчийн туслах нь тэмдэглэл үйлдсэн байна. Хуулийн зохицуулалт, мэтгэлцэх зарчмын агуулгаар бол хэргийн бүх оролцогчид гэрчээс асуух зүйлээ асууж, шүүхийн нарийн бичгийн дарга, эсхүл шүүгчийн туслах түүнийг нь тэмдэглэл хөтлөн баримтжуулсан бол зөв болох байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт гэрчид худал мэдүүлэг өгөх буюу мэдүүлэг өгөхөөс санаатай зайлсхийвэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулах талаар заасан. Шүүгч гэрчүүдийг асуухдаа Монгол улсын Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийн танилцуулав гээд гарын үсэг зуруулсан байгаа нь тэмдэглэлээс харагдаж байна. Хуульд зааснаар гэрчид Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгийг танилцуулдаггүй, сануулж гарын үсэг зуруулдаг болно. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Улсын Дээд Шүүхээс 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг гэсэн зөвлөмжийг анхаарч судлаагүй байгаа нь түүний гаргасан дээрх үйлдлээс харагдаж байна.

Шүүх бүрэлдэхүүн хуулийн заалтыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, Т.Нуржингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                               ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй  байна.

 

Нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК нь хариуцагч Т.Нуржинд холбогдуулан газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч  нь “Газрын үр шим” ХХК-иас өөрт учирсан эд хөрөнгийн хохиролд  16 520 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас газрыг чөлөөлж өгөх, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Харин хариуцагч нь хашааг нураасан үйл явдлаас хойш нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл хийгээгүй, ямар үйлдлийг зогсоолгохоор шаардаж буй үндэслэл тодорхойгүй гэж, нэхэмжлэгч нь уг газарт байгаа суварга, чацарганы суулгацыг шилжүүлэхгүй байгаа нь өөрөө эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэлд хамаарна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бодит хохирлоо нотлоогүй гэж маргаж байна.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй,  хэдий хэмжээний ямар үнэ, өртөг бүхий хашаа байсан, сүйтгэгдсэн чацарганы суулгац, бут хэд хичнээн байсан, ямар өртөг зардлаар байгуулсан зэрэг бодит хохирлоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа /хашаа байсанг/ нотлохоор гэрчийн мэдүүлэг  авахуулж, эд хөрөнгийн үнэлгээг гарган өгч, маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нэрлэн зааж, баримтаар нотолсон гэж тайлбарласан. Эдгээр нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бүрдүүлсэн байгаа болно.

 

Шүүх дээрх нотлох баримтыг болон хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, бусад нотлох баримттай харьцуулан үнэлсэн эсэх, хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчжээ.

 

Маргаж буй  газар дээр хариуцагч хашаа барьсан байсанг нэхэмжлэгчийн зүгээс буулгасан  нь хэргийн 1 дүгээр хавтасны 247-249, 2 дугаар хавтасны 17,  48 дугаар талд авагдсан “...цагаан сарын үеэр очиход л ганцхан Т.Нуржин эгчийнх л хашаатай байсан... ” “... 2015 оны 8 дугаар сард олон машинтай хүмүүс ирээд Т.Нуржингийн хашааг өшиглөж буулгаад нураасан ...”,  “...төмөр хашаа хатгасан байгаа, яг ачиж байхад нь Т.Нуржин нь ирээгүй. Хашааг нь буулгах гэж байхад Нуржин байгаагүй тэдний хүүхэд болон таньдаг хүмүүс байсан" гэх гэрчүүдийн мэдүүлэг, 73 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож үүнийг эсрэг тал үгүйсгээгүй, харин ямар материалаар хийгдсэн, хэд хичнээн, ямар хэмжээтэй хашаа байсан болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй, тогтоогдох боломжтой үгүй нь тодорхойгүй өөрөөр хэлбэл, энэ талаарх үйл баримт, нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

 

Түүнчлэн хэрэгт "Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний баримт авагдсан ба уг үнэлгээг гаргасан этгээдэд зохих байгууллагаас эд хөрөнгө үнэлэх зөвшөөрөл олгогдсон эсэх нь болон туслах үнэлгээчин эд хөрөнгийг үнэлэх эрхтэй эсэхийг нотолсон баримт авагдаагүй байна.

 

Зохигчид өөрт учирсан хохирлын хэр хэмжээ, татгалзлаа  өөрөө нотлох үүрэгтэй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж  үзэхээр байна.

 

Давж заалдах шатны шүүхээс энэхүү алдаа зөрчлийг залруулан зөвтгөж, хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж шийдвэрийг өөрчлөн, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

                         

АГАДЛАЛЫ

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                                                     Б.НАРМАНДАХ