| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2018/0041/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Дагвадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 295
М.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Дагвадорж,
хохирогч С.Цэнд-Аюуш,
шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б-д холбогдох эрүүгийн 1703000010117 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржгон овогт М-ын Б-, 1989 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,
М.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Партизанаас Батсүмбэр явах замд “М.Пажеро” загварын, 73-79 ТӨА улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиснөөс замын хажуу руу онхолдож зорчигч С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 болгон өөрчилж, шүүгдэгч М.Б-г жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-гийн №700885 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...шүүх гэмт хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, ... хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн нэгдмэл хэлбэрийн хүрээнд үйлдсэний улмаас 2 хохирогчид тус бүр олон тооны гэмтэл, шарх учруулсан байх ба тухайн тохиолдолд хохирол, хор уршгийн хамгийн хүнд хэлбэрээр гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлтэй” гэжээ.
Прокуророос М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу “согтуурсан, мансуурсан үедээ;” 2.3 буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 болгон өөрчилсүгэй.” гэж ойлгомжгүй бичсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б- нь согтуугаар автомашин жолоодон яваад замын хажуу руу онхолдож гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжийг үндэслэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо: “...хохирогч С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нар нь миний багын найзууд бөгөөд уг хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан. Одоогоор тэдний биеийн байдал сайжирсан, тус тусын ажил хөдөлмөрөө эрхлээд хэвийн амьдарч байгаа. Мөн тэдний зүгээс хохирол, гомдол, саналгүй болсон тухайгаа бичгээр илэрхийлсэн. Шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр надад хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин ийм хэрэг гаргахгүй амлаж байна. Эдгээр нөхцөл байдлыг болон миний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудалд маргаагүй. Гагцхүү шүүхээс М.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр тэнсэж өгөхийг хүсэж байна. М.Б- урьд нь ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдаг. Мөн хохирогч Н.Ганцэцэг, С.Цэнд-Аюуш нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “...одоо М.Б-д ямар нэгэн гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй болсон, бид нар түүнийг ял авсанд нь гомдолтой байна...” гэжээ. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж М.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Хохирогч С.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...М.Б-гийн ар гэрээс эмчилгээнд шаардлагатай бүхий л зүйлээр туслаж дэмжсэн. Эхнэр Н.Ганцэцэг бид хоёрын зүгээс найз М.Б-д гомдол санал байхгүй тул шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэж байна...” гэв.
Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос М.Б-г 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Партизанаас Батсүмбэр явах замд “М.Пажеро” загварын, 73-79 ТӨА улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиснөөс замын хажуу руу унаж зорчигч С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 тоот тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заажээ.
Шүүгдэгч М.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...автомашин жолоодох үедээ айраг уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 67-68, 102/, жолоочийн согтуурал шалгасан “...драйгер багаж ашиглан шалгахад 0,27% тоон үзүүлэлттэй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Б-гийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжид нийцэхгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, ... хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн нэгдмэл хэлбэрийн хүрээнд үйлдсэний улмаас 2 хохирогчид тус бүр олон тооны гэмтэл, шарх учруулсан байх ба тухайн тохиолдолд хохирол, хор уршгийн хамгийн хүнд хэлбэрээр гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлтэй” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-гийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” нөхцөл байдлын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, М.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын давж заалдах гомдлуудыг энэ удаад шийдвэрлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Н.БАТСАЙХАН