Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, 

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дөш овогт Төмөрхуягийн Оюунхишигт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019002230139 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, 20-24 насны хоёр хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг, 12 дугаар хэсэг Энхтайваны 6-6 тоотод оршин суух, урьд;

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Дөш овогт Т-ийн О /РД: ЕЭ77122863/;

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг “Арвижих хүслийн ундарга” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Б.Н-ын гээгдүүлсэн ХАС банкны виза картыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бэлэн мөнгөний машинаас 9 удаагийн үйлдлээр мөнгө гарган авч түүнд 4.288.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хо-лбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр Бүрнээ, Баяахай, Мөөгий, Хишгээ, Баатараа нартай архи уусан, Т.О-тэй яаж таарсанаа, дэлгүүрт орсноо, дэлгүүрээс юу авснаа санахгүй байгаа. Айлд очиж архи уугаад орон дээр нь унтаад шөнө сэрсэн. Дэлгүүрийн эгчид “мөнгөө алга болгосон” гэж хэлсэн чинь “чамайг картаа орхичих” гэхэд орхиогүй явсан гэж хэлсэн. Нийт 4.288.000 төгрөг алдагдсан, миний хохирол төлбөрийг барагдуулж өгөх юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд найз Алтанцэцэгийн гэрт байж байтал гаднаас Баяахай, Мөнх-Эрдэнэ нар орж ирээд “...Наранбаатар нэлээд мөнгөтэй явж байна, Бүрнээгийнд архи ууж байна” гэсэн...Б.Н дэлгүүрт тооцоо хийхдээ өөрөө кодоо миний хажууд хэлсэн учир би кодыг тогтоогоод цээжилчихсэн, тэгээд дэлгүүрээс гараад Б.Н Бүрнээ гэх хамт явсан хүнтэй маргалдаад газар виза картаа унагасан, тухайн үед би виза картыг нь аваад халаасандаа хийчихсэн...19 цагийн орчимд би өөрийн төрсөн дүү Т.Эрдэнэхишиг рүү утсаар яриад “Зургаанбаатар дээр хүрээд ир, зээлсэн мөнгөө өгье” гэж хэлсэн...Т.Эрдэнэхишигийг дагуулаад “Хийморь” төвд байдаг бэлэн мөнгөний машин руу очоод би гадаа нь Т.Эрдэнэхишигийн хүүхдийг харж үлдсэн, Т.Эрдэнэхишигт Б.Нын виза карт болон дансыг /код/ нь цаасан дээр бичиж өгсөн, Т.Эрдэнэхишиг уг картнаас надад зээлсэн 1.500.000 төгрөгийг авсан... би картнаас эхлээд 200.000 төгрөг авсан, дараа нь дандаа 500.000 төгрөг уншуулж авч байсан, нэг удаа 400.000 төгрөг уншуулсан хамгийн сүүлд 188.700 төгрөг уншуулсан. Б.Нын картанд байсан 4.288.000 төгрөгөөр архи уусан... Б.Ныг “картандаа мөнгөтэй байгаа юм байна” гэж бодоод архи уух зорилготой газарт унагаасан картыг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-22, 40/,   

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хас банкнаас 6.000.000 төгрөгийн зээл авсан, мөнгөө 5002581833 дугаарын дансандаа байршуулсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр найз Бүрнээ, Баяахай, Мөөгий, Хишгээ, Баатараа нартай архи уусан, тухайн үед дансанд байсан мөнгөөрөө архи, дарс авч өгсөн, нилээд хэдэн удаа дэлгүүр орж архи авсан, би тус өдөр архи ууж байгаад согтоод тасарчихсан байсан, маргааш нь би виза картаа хайгаад олоогүй ба банкинд очиж дансны хуулгаа авч үзэхэд миний виза картаар бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргуулан авсан байсан...нийт 4.288.000 төгрөг алдагдсан. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна, миний хохирол төлбөрийг барагдуулж өгөх юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-15, 44/,

Гэрч Т.Эрдэнэхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд миний төрсөн эгч Т.О над руу утсаар залгаад “Зургаанбаатар дээр ирээд надаас виза карт аваад зээлсэн мөнгөө ав” гэж хэлсэн, тухайн үед би хүүхэдтэйгээ хоёулаа байсан учир “чадахгүй өөрөө ирээд өг” гэж хэлсэн, удалгүй Т.О эгч манай байрны гадаа такситай ирээд бид хоёр “Хийморь” төвд байдаг бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явсан, “Хийморь” төв рүү ганцаараа орж картнаас мөнгө авсан, Т.О эгч гадаа манай хүүхдийг хараад үлдсэн. Т.О эгчийн өгсөн карт нь Банзрагч Наранбаатар гэсэн нэртэй кодыг нь тухайн үед надад цаасан дээр бичиж өгсөн, тэгээд би уг “Хийморь” төв дотор байдаг “Голомт” банкны бэлэн мөнгөний машинаас 200.000, 500.000, 500.000, 500.000, 400.000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийж нийт 2.100.000 төгрөг бэлнээр гаргаж аваад үлдэгдэл мөнгийг нь карт болон код бичсэн цаасны хамт өөрт нь өгсөн. Би тус карт хэнийх болох талаар асуухад Т.О эгч “Доржоо надад өгсөн мөнгө” гэж хэлсэн, би “хүний юм зөвшөөрөлгүй авчихаж байгаа юм биш биздээ” гэж асуухад “Доржоо өгсөн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;  “...Т.Отэй 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр таарсан, тухайн үед бид Б.Н гэх хүнтэй хамт архи, дарс ууцгаасан. Б.Н нэлээд мөнгөтэй, уусан бүх архины тооцоог картаар төлж байсан, Т.О хамт архи уусан.” гэсэн мэдүүлэг /хх-26/,

Гэрч А.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...тус өдөр 17 цагийн орчимд Б.Н өөрөө нилээд согтуу, Т.О гэх хүн болон миний танихгүй залуугийн хамт гурвуулаа орж ирсэн, тэгээд дэлгүүрээс архи, ундаа, чихэр зэрэг зүйл аваад гараад явсан. Дэлгүүрээс эд зүйл авсан төлбөрийг Б.Н “Хас” банкны виза картаар хийсэн, тухайн үед би Б.Ныг “кодоо хэлэлгүй өөрөө дарчих” гэсэн гэтэл Б.Н нь буруу хийгээд сүүлдээ “кодоо сана лаа” гээд чанга хэлээд кодоо хийсэн, картаа аваад энгэртээ зүүчихсэн байсан жижиг цүнхэндээ хийсэн, Б.Н нь дэлгүүрт байхдаа “...миний картанд 5.000.000 төгрөг байгаа” гэж хэлж байсан, би тооцоо хийсний дараа “чи согтуу байна, картаа үлдээгээд явчих, эрүүл болж байгаад ирээд эгчээсээ картаа авчих” гэж хэлсэн гэтэл Б.Н чанга орилоод “би яахаараа өөрийнхөө картыг танд үлдээдэг юм, наадах чинь миний юм” гээд байхаар нь би чимээгүй явуулчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-28/,

Гэрч Д.Бүрэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би танил ах Б.Н болон найз Баяахай, Мөнх-Эрдэнэ нартай уулзаж архи ууж байхад архи, дарс авах бүх мөнгийг Б.Н өөрийн картаа уншуулж авч байсан...Б.Н, Т.О бид гурав дэлгүүрээс гарч яваад Б.Н энгэртээ зүүсэн пасктай бичиг баримтаа газарт унагаад тараачихсан, Т.О бид хоёр мөнгө, төгрөг бичиг баримтыг нь газраас түүж пасканд нь хийсэн, бид Мөнх-Эрдэнийн гэрт нь очиход Т.О гэх эмэгтэй сүүлийн авсан архинаас уулгүй яваад өгсөн...шөнө унтаж байтал Б.Н гэнэт “миний пасканд байсан “Хас” банкны виза карт алга байна” гэж бид нараас асуугаад карт нь алга болсон талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-45/,

Гэрч Н.Ангарагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...юу болсон талаар Т.Эрдэнэхишигээс асуухад “...Т.О эгч урьд нь зээлсэн мөнгөө надад өгсөн, тухайн үед юун мөнгө юм бэ” гэж асуухад “хамтран амьдрагч Батдорж өгсөн юм” гэж хэлж байсан. Тэгээд би Батдорж нь өгсөн мөнгө юм байна гэж бодоод зээлсэн байсан мөнгөө авсан чинь хүний мөнгө өгсөн юм шиг байна” гэж хэлж байсан. Энэ талаар Т.Оээс асуухаар “би согтуу байсан мэдэхгүй байна” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-46/, 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан хохирогч Б.Нын өргөдөл /хх-3/,

Б.Нын “Хас” банкны 5002581833 дугаарын дансны хуулга /хх-7-8/,

Т.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-58/, шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорноговь аймаг Сайншанд сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай албан бичиг зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

         Шүүгдэгч Т.О нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих хүслийн ундарга” хүнсний дэлгүүрийн гадаа Б.Нын гээгдүүлсэн “Хас” банкны виза картыг гээгдэл эд хөрөнгө гэж мэдсээр байж завшиж, бэлэн мөнгөний машин болон дэлгүүрийн карт уншигч машинаар нийт 9 удаагийн үйлдлээр гүйлгээ хийж, түүнд 4.288.700 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүх хуралдаанд шүүгдэгч Т.О, хохирогч Б.Н нарын өгсөн мэдүүлгүүд,  

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

Т.Оийн “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр...Б.Н дэлгүүрт тооцоо хийхдээ өөрөө кодоо миний хажууд хэлсэн учир би кодыг тогтоогоод цээжилчихсэн...дэлгүүрээс гараад Б.Н Бүрнээ гэх хамт явсан хүнтэй маргалдаад газар виза картаа унагасан, тухайн үед би виза картыг нь аваад халаасандаа хийчихсэн.” гэх, 

хохирогч Б.Нын “...Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр найз Бүрнээ, Баяахай, Мөөгий, Хишгээ, Баатараа нартай архи уусан...архи ууж байгаад согтоод тасарчихсан байсан, маргааш нь би виза картаа хайгаад олоогүй ба банкинд очиж дансны хуулгаа авч үзэхэд миний виза картаар бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргуулан авсан байсан.” гэх,

гэрч Т.Эрдэнэхишигийн “...Т.О эгч манай байрны гадаа такситай ирээд бид хоёр “Хийморь” төвд байдаг бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явсан, “Хийморь” төв рүү ганцаараа орж картнаас мөнгө авсан...Т.О эгчийн өгсөн карт нь Банзрагч Наранбаатар гэсэн нэртэй кодыг нь тухайн үед надад цаасан дээр бичиж өгсөн, би “Хийморь” төв дотор байдаг “Голомт” банкны бэлэн мөнгөний машинаас 200.000, 500.000, 500.000, 500.000, 400.000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийж нийт 2.100.000 төгрөг бэлнээр гаргаж аваад үлдэгдэл мөнгийг нь карт болон код бичсэн цаасны хамт өөрт нь өгсөн.” гэх,

гэрч Н.Мөнх-Эрдэнийн “...Т.Отэй 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр таарсан, тухайн үед бид Б.Н гэх хүнтэй хамт архи, дарс ууцгаасан. Б.Н нэлээд мөнгөтэй, уусан бүх архины тооцоог картаар төлж байсан, Т.О хамт архи уусан.” гэх,

гэрч А.Анхбаярын “...тус өдөр 17 цагийн орчимд Б.Н өөрөө нилээд согтуу, Т.О гэх хүн болон миний танихгүй залуугийн хамт гурвуулаа орж ирсэн, тэгээд дэлгүүрээс архи, ундаа, чихэр зэрэг зүйл аваад гараад явсан... Б.Н нь дэлгүүрт байхдаа “...миний картанд 5.000.000 төгрөг байгаа” гэж хэлж байсан.” гэх,

гэрч Д.Бүрэн-Өлзийгийн “...Б.Н, Т.О бид гурав дэлгүүрээс гарч яваад Б.Н энгэртээ зүүсэн пасктай бичиг баримтаа газарт унагаад тараачихсан, Т.О бид хоёр мөнгө, төгрөг бичиг баримтыг нь газраас түүж пасканд нь хийсэн, бид Мөнх-Эрдэнийн гэрт нь очиход Т.О гэх эмэгтэй сүүлийн авсан архинаас уулгүй яваад өгсөн...шөнө унтаж байтал Б.Н гэнэт “миний пасканд байсан “Хас” банкны виза карт алга байна” гэж бид нараас асуугаад карт нь алга болсон талаар мэдсэн.” гэх,

гэрч Н.Ангарагийн “...юу болсон талаар Т.Эрдэнэхишигээс асуухад “Т.О эгч урьд нь зээлсэн мөнгөө надад өгсөн, тухайн үед юун мөнгө юм бэ” гэж асуухад “хамтран амьдрагч Батдорж надад өгсөн юм” гэж хэлж байсан. Тэгээд би Батдорж нь өгсөн мөнгө юм байна гэж бодоод зээлсэн байсан мөнгөө авсан чинь хүний мөнгө өгсөн юм шиг байна” гэж хэлж байсан. Энэ талаар Т.О-ээс асуухаар “би согтуу байсан мэдэхгүй байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлгүүд болон Б.Н-ын Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, түүний “Хас” банкны 5002581833 дугаарын дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв. 

Шүүгдэгч Т.О нь хохирогч Б.Н-ын гээгдүүлсэн “Хас” банкны виза картыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бэлэн мөнгөний машинаас нийт 9 удаагийн үйлдлээр мөнгө гарган авч түүнд 4.288.700 төгрөгийн хохирол учруулж байгаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.    

Шүүгдэгч Т.Оийн үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нт 4.288.700 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хохирлыг төлж барагдуулах тал дээр анхаараагүй, зохих хэсгээс төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Оээс 4.288.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Нт олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүгдэгч Т.О нь хохирогч Б.Н-ын гээгдүүлсэн “ХАС” банкны виза картыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бэлэн мөнгөний машинаас нийт 9 удаагийн үйлдлээр мөнгө гарган авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан шүүгдэгчид гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хүүхдүүд нь насанд хүрсэн боловч өндөр настай ээжийгээ асардаг өрх толгойлсон эмэгтэй, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох” саналыг тус тус гаргасан болно.

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдгийг яллагдагч /шүүгдэгч/ төлбөрийн чадвартай эсэх, хохирлыг ямар хугацаанд ямар эх үүсвэрээр төлж барагдуулах, тодорхой эд хөрөнгийг хохирогчид шилжүүлсэн эсэх, хохирол төлөхүйц мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулсан, эсхүл тэдгээр нь хоорондоо эвлэрэн хэлэлцэж гэрээ, хэлцэл байгуулагдсан гэх зэргээр ойлгох бөгөөд шүүгдэгчийн “...ажил хийж хохирлыг төлнө” гэснийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй юм.

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлж, улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Т.От гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирохоос гадна шүүгдэгчийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Т.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дөш овогт Т-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.О-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Т.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Оээс 4.288.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 7-1-16 тоотод оршин суух, Боржигон овогт Б-ийн Н-т олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ