| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Гал овогт Х-ын Ө-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2019000000165 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймаг Иххэт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймаг Иххэт сум 2 дугаар баг “Хүзүүвч” гэх газарт мал маллаж амьдардаг, урьд;
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Гал овогт Х-ын Ө /РД:ЕД82012571/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Х.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Иххэт сум 2 дугаар баг “Хонхор” гэх газарт хохирогч С.Доржготовын гэрт нь түүнтэй мал өгч, авах талаар маргалдаж муудалцан хохирогч С.Доржготовын нуруун тус газарт ир үзүүртэй зүйлээр буюу хутгаар нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн уг маргааныг таслан зогсоох гэж байсан хохирогч Б.Батбаатарын зүүн дал болон гуя хэсэгт нь ир үзүүртэй зүйл буюу хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Өг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг, шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч С.Доржготовын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байхад 19 цагийн үед Б.Батбаатар, Х.Ө хоёр хамт ирсэн. Тэгээд би тэр хоёрт хоол хийж өгөөд авдар дотроо хадгалж байсан хоёр шил архиныхаа нэгийг нь задалж өгөөд бид гурав хувааж уусан...архи уугаад согтсоны дараа би Х.Ө гэдэг нутгийн дүү залуутай муудалцаж, маргалдсан...Х.Ө намайг хутгалсан байсан, би тухайн үедээ мэдээгүй дараа нь мэдсэн. Манайд хамт ирсэн Б.Батбаатар нь бид хоёрын дундуур орж салгах гэж байгаад Х.Өд хутгалуулсан байсан, 2020 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 1 цаг өнгөрч байхад Б.Батбаатар бид хоёр дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,
Хохирогч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хоёр үхрээ хайгаад явж байтал хадны үзүүрт Х.Өтэй тааралдсан, тэгээд бид хоёр С.Доржготов ахын гэрт очихоор явсан, очиход хоол хийж өгсөн. Хоол идчихээд байж байтал С.Доржготов ах авдраасаа нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи гаргаж өгсөн...бид гурав хувааж уугаад дуусахад Доржоо ах “...дахиад нэг байгаа, нэг мөр уугаад дуусгая” гээд гаргаад ирсэн, уугаад дуусаж байхад Х.Ө, С.Доржготов ах хоёр хоорондоо мал өгч, авах юм яриад, хэрэлдээд байсан тэгж байгаад тэр хоёр босож ноцолдоод эхлэхээр нь би салгах гэж очиход Х.Ө намайг хутгалсан, би газар унаад хэвтэж байгаад ухаан алдсан байсан, нэг сэргэхэд бид гурав гурвуулаа гэрт унтаж байсан...Доржоо ах ёолоод байхаар нь бас хутгалуулсан байна гэж мэдээд эмнэлэгт дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
Х.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нутгийн айлд өвлийн идэш хийлцэж өгөөд, гэр рүүгээ явж байхад хадны захад Б.Батбаатартай тааралдсан, тэгээд бид хоёр С.Доржготов ахын гэрт очихоор өөр, өөрсдийн мотоциклтой явсан, С.Доржготов ахын гэрт ирэхэд ганцаараа байсан, бид хоёрт хоол хийж өгөөд бид гурав хамт хоолоо идчихээд сууж байтал С.Доржготов ах авдраасаа нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи гаргаж ирээд задалж өгсөн...бид
гурав хувааж уугаад дуусахад С.Доржготов ах дахиад нэг шил архи гаргаж ирсэн... сүүлийн архийг уугаад бараг дуусаж байхад С.Доржготов ах бид хоёр муудалцаж эхэлсэн. С.Доржготов ах бид хоёр барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тэгээд би түрийнд байсан хутгаа гартаа барьсан байсан...хэнийг нь хаашаа хутгалснаа бол санахгүй байна...Намайг гэртээ очоод унтаж байтал өглөө сумын цагдаа ирсэн, тэгээд “...С.Доржготов, Б.Батбаатар нарыг хутгалсан байна” гэж хэлэхээр нь би мэдсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна, бид нар хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 62/,
Дорноговь аймаг Иххэт сумын эмнэлэгт сувилагч ажилтай Ц.Эрдэнэтуяагаас “...2020 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газарт хүн хутгалуулсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/,
Эд мөрийн баримтаар хохирогч С.Доржготов, Б.Батбаатар нараас гаргаж өгсөн “...хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подвалк 1 ширхэг, Х.Өгийн гаргаж өгсөн шар хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-5/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Мөнхсайханы 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/082 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/0357 дугаартай “...Б.Батбаатарын биед зүүн дал, нуруу, зүүн гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-24/,
Хохирогч Б.Батбаатарын Дорноговь аймаг Иххэт сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэсэн тухай /хх-25-26/, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудсууд /хх-27-28/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/0356 дугаартай “...Х.Өгийн биед хамрын нуруу, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй болон хатуу, мохоо зүйлийн нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-32/,
Х.Өгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-33-34/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/0358 дугаартай “...С.Доржготовын биед нурууны шарх, баруун алганы ар хэсэг, сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-38/,
Хохирогч С.Доржготовын Дорноговь аймаг Иххэт сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэсэн тухай /хх-39-40/, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудсууд /хх-43-44/,
Дорноговь аймаг Иххэт сумын 2 дугаар багийн Засаг даргын “...Х.Ө нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор; “нийт 155 толгой, /Адуу-3, хонь-33, ямаа 119/ тоолуулсан болно.” гэсэн тодорхойлолт /хх-47/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-48-51/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/,
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-54-56/,
Хохирогч С.Доржготов, Б.Батбаатар нараас Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Х.Өтэй эвлэрсэн, надаас уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, биеийн эрүүл мэнд сайн байгаа болно...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтүүд /хх-67, 69/,
Х.Өгийн Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Х.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Иххэт сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонхор” гэх газар хохирогч С.Доржготовын гэрт түүнтэй мал өгч, авах талаар маргалдаж муудалцан нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн уг маргааныг таслан зогсоох гэж байсан хохирогч Б.Батбаатарын зүүн дал болон гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч Х.Өгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч С.Доржготовын “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байхад 19 цагийн үед Б.Батбаатар, Х.Ө хоёр хамт ирсэн... архи уугаад согтсоны дараа би Х.Ө гэдэг нутгийн дүү залуутай муудалцаж, маргалдсан...Х.Ө намайг хутгалсан байсан, би тухайн үедээ мэдээгүй дараа нь мэдсэн. Манайд хамт ирсэн Б.Батбаатар бид хоёрын дундуур орж салгах гэж байгаад Х.Өд хутгалуулсан байсан, 2020 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 1 цаг өнгөрч байхад Б.Батбаатар бид хоёр дуудлага өгсөн.” гэх,
хохирогч Б.Батбаатарын “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хоёр үхрээ хайгаад явж байтал хадны үзүүрт Х.Өтэй тааралдсан, тэгээд бид хоёр С.Доржготов ахын гэрт очихоор явсан, очиход хоол хийж өгсөн. Хоолоо идчихээд байж байтал С.Доржготов ах авдраасаа нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи
гаргаж өгсөн...бид гурав хувааж уугаад...дуусаж байхад Х.Ө, С.Доржготов ах хоёр хоорондоо мал өгч, авах юм яриад, хэрэлдээд байсан тэгж байгаад тэр хоёр босож ноцолдоод эхлэхээр нь би салгах гэж очиход Х.Ө намайг хутгалсан ...Доржоо ах ёолоод байхаар нь бас хутгалуулсан байна гэж мэдээд эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх,
яллагдагч Х.Өгийн “...С.Доржготов ах авдраасаа нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи гаргаж ирээд задалж өгсөн...бид гурав хувааж уугаад дуусахад С.Доржготов ах дахиад нэг шил архи гаргаж ирсэн...сүүлийн архийг уугаад бараг дуусаж байхад С.Доржготов ах бид хоёр муудалцаж эхэлсэн. С.Доржготов ах бид хоёр барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тэгээд би түрийнд байсан хутгаа гартаа барьсан байсан...хэнийг нь хаашаа хутгалснаа бол санахгүй байна...Намайг гэртээ очоод унтаж байтал өглөө сумын цагдаа ирсэн, тэгээд “...С.Доржготов, Б.Батбаатар нарыг хутгалсан байна” гэж хэлэхээр нь би мэдсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд болон,
Дорноговь аймаг Иххэт сумын эмнэлэгт сувилагч ажилтай Ц.Эрдэнэтуяагаас “...2020 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газарт хүн хутгалуулсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хохирогч С.Доржготов, Б.Батбаатар нараас гаргаж өгсөн “...хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подвалк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, Х.Өгийн гаргаж өгсөн шар хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Мөнхсайханы 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/082 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/0356, 02/0357, 02/0358 дугаартай гэсэн дүгнэлтүүд, хохирогч Б.Батбаатар, С.Доржготов нарын Дорноговь аймаг Иххэт сумын Эрүүл мэндийн төвд, мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн яаралтай тусламжийн хуудсууд, шүүгдэгч Х.Өгийн Дорноговь аймаг Иххэт сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэсэн яаралтай тусламжийн хуудас, хохирогч С.Доржготов, Б.Батбаатар нараас Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Х.Өтэй эвлэрсэн, надаас уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, биеийн эрүүл мэнд сайн байгаа болно...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтүүд, Х.Өгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Ө, хохирогч С.Доржготов, Б.Батбаатар нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр
зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүхээс шүүгдэгч Х.Өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Х.Өгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” байх бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр,түүнээс олон хүний” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирогч нарын гомдол, саналгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Х.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Х.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч С.Доржготовын цайвар шаргал өнгийн ноосон цамц, цагаан өнгийн подвалк, хохирогч Б.Батбаатарын хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гал овогт Х-ын Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Өд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Х.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч С.Доржготовын цайвар шаргал өнгийн ноосон цамц, цагаан өнгийн подвалк, хохирогч Б.Батбаатарын хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Өнөртүшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ