Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/64

 

                                                                             

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Хохирогч Б.Ж

            Гэрч С.Н

            Шүүгдэгч С.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.А холбогдох эрүүгийн 2040000000080 дугаартай хэргийг 2020 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, яс үндэс халх, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл

-Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 сарын 17-ны өдрийн 93 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д  зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхйн 2005 оны 02 сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих нэмж, багтааж, нийт эдлэх ялыг 13 жилийн хорих ялаар тогтоосон бөгөөд 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.2-д зааснаар 2 жил хассан,

-Хан-Уул дүүргийн 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, С.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар сард талийгаач С.Гантулгын гээгдүүлсэн “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцох үндэслэлийн тухай:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар сарын дундуур талийгаач С.Гантулгын гээгдүүлсэн “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч С.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...дүүгийн машины шалавчин дороос гар утас олдсон гэсэн.  Дүүгээ хэрэгт буруутгагдах байх гээд би авсан юм.  Хууль мэдэхгүй болохоор буруутай хэрэг хийсэн... утсыг асаах гэтэл кодтой байсан.. тэгээд форматлуулж ашигласандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Ж-ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...манай дүү 2020 оны 06 сарын 26-ны өдөр С.Н  нарын хамт яваад голын усанд живж амь нас хохирсон. Тэгээд гар утас нь олдоогүй юм. ...Тэгээд байж байтал манай нас барсан дүүгийн фэйсбүүк асахаар нь шалгуулахаар цагдаад хандсан” гэх мэдүүлэг.

-Гэрч С.Н гийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Амь хохирогчийн утсыг 2020 оны 07 сарын дундуур /7 сарын 10-дын үе байсан байх/ өөрийн машиныхаа ар талын шалавчин доороос олсон. Осол болдог өдөр амь хохирогч миний машины арын суудалд суусан... утсыг олоод би айгаад ах Анххүүгээс асуугаад түүнийг надад өгчих  гэхээр нь өгсөн. Би утсыг асаах оролдлого хийгээгүй” гэх мэдүүлэг,

-Хууль ёсны төлөөлөгч Б.Жы “...Манай дүү 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой Хэрлэн голын усанд эндэж амь насаа алдсан. Тэгэхэд талийгаач дүүгийн маань шинээр авсан гар утас нь олдохгүй алга болсон байсан. Хамт явж байсан хүмүүсээс нь асуухад мэдэх хүн байгаагүй гэж байсан. ...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бор-Өндөр сумын мобикомоос шинээр нь авсан хөх өнгийн Самсунг Галакси А51 маркийн гар утас байсан. Гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, дэлгэц нь зурагдсан зүйл байхгүй...” /хх-ийн 12-13-р хуудас/

-Гэрч С.Н гийн 2020 оны 10 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 06 сарын 26-ны орой Мөнхбаяр, Гантулга, Нямжав нар нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрт Хэрлэн голын усанд эндэж амь насаа алдсан. Тухайн үед талийгаач Гантулгын “Самсунг А51” маркийн гар утас нь алга болчихсон байна гээд тэр хавиар болон тэнд байсан машинуудад хайгаад олоогүй. Талийгаачийн ажил явдал дууснаас хойш нэлээд хэд хоногийн дараа өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээ угааж байх үедээ жолоочийн эсрэг талын хойд талын суудлын шалавчин доороос талийгаачийн “Самсунг А51” маркийн гар утсыг олчихлоо, энийг яах вэ гэж асуухад гар утсыг нь аваачиж өгвөл чи хэрэгт орох байх, чамайг авчихсан байна гэж хэлнэ. Тийм болохоор наад утас чинь надад байж байг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

-Гэрч Ц.С 2020 оны 10 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаачийн “Самсунг А51” маркийн гар утсыг манай 78-06 ХЭҮ улсын дугаартай Приус-11 маркийн машины хойд талын шалавчин доор байсныг манай нөхөр Наранхүү оллоо гэж харуулсан. Тэгээд Наранхүү бид 2 ярилцаж байгаад шууд аваачиж өгөхөөсөө айгаад Анххүү ахаас асуусан чинь надад өгчих гээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

-Гэрч П.М-ын 2020 оны 10 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би талийгаачийн “Самсунг А51” маркийн гар утсыг хаанаас, яаж олсныг нь мэдэхгүй. Гэхдээ Наранхүүгийн 78-06 ХЭҮ улсын дугаартай       Приус-11 маркийн машины хойд талын шалавчин доор байхад Наранхүү олсон гэдгийг Н  сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

-Яллагдагч С.А 2020 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Миний төрсөн дүү Наранхүү найзуудтайгаа 2020 оны 06 сарын 26-ны өдөр Баянмөнх сумын 1-р баг Жаргалантын ар гэх газарт Хэрлэн гол дээр найзуудтайгаа зугаалж явсан байсан... 2020 оны 06 сарын 26-ны орой Хэрлэн голд 3 хүн живж алга боллоо гэж сонсоод Баянмөнх сумаас шууд очсон. Би тухайн үед Баянмөнх суманд байсан. Хүмүүс Хэрлэн голд живсэн гэхээр нь дүү маань явж байсан болохоор очсон... Намайг Хэрлэн голд очоод байхад Хэрлэн голын усанд живж нас барсан нэг залуугийн гар утас алга болсон гэж байсан. Тэнд байсан хүмүүс түүний гар утсыг хайсан боловч олдоогүй... Тэрнээс хойш 2020 оны 07 сарын эхээр манай дүү Наранхүү машинаа угааж байсан чинь машины ар талын шалавчин доороос талийгаачийн гар утсыг оллоо гээд над дээр ирсэн. Тэгээд  Наранхүү тэр гар утсыг нь цагдаад аваачаад өгөх үү гэхээр нь дүүгээ “чамайг гар утсыг нь авсан гэнэ ш дээ” гэж хэлээд би гар утсыг нь авсан... би 7 сарын дундуур наадмын дараа Улаанбаатар хот явахдаа Н  авсан гар утсыг авч яваад Тэди төв дээр форматлуулж кодыг нь гаргуулсан... өөрийнхөө 95868962 дугаарыг хийсэн...гар утсыг унтраагаад асаагаагүй байж байгаад 2020 оны 08 сард дахин асааж фэйсфүүк аппликейшн татах гэхэд Gmail хаяг нэхэхээр нь ........... хаягийг хийж ашигласан. Үүнээс хойш гар утсыг нь ашиглахгүй байж байгаад 2020 оны 09 сард цагдаад хураалгасан... тухайн үед талийгаачтай хамт дүү маань явж байсан болохоор дүүг маань буруугаар ойлгох байх гээд цагдаад мэдэгдээгүй, санаандгүй, хууль мэдэхгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 2020/ШД305 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийн 4.3-т         Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Samsung A51 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг нийт 720.000 /долоон зуун хорин мянга/  төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна гэх дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Шүүгдэгч С.А-ийн “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 31, 52-р хуудас/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 617 дугаартай “С.А нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Бумбат 3 дугаар  багт оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/

-Шүүгдэгч С.А-ийн  урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 56, 60-67, 68-72, 75-77-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэлэв. 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, С.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, хууль зүйн ухамсар дутмаг байдал  нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон, шүүгдэгч С.А нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 82-р хуудас/ байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШД305 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр  “Samsung A51 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг нийт 720.000 /долоон зуун хорин мянга/  төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн байна.

Хэргийн материалын 79 дүгээр хуудсанд авагдсан “Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл”-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж “...Талийгаач дүүгийнхээ гар утсыг олж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Иймд шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзэж, түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа ба улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч С.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг А51” маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

 

1.Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баритмаар хураагдсан “Самсунг A51 маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгснөөр  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч С.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ