| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00429/И |
| Дугаар | 102/ШШ2017/00607 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00607
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийм товер, 7 давхар ..тоотод барйлах, 2823624 регистртэй, “Вишн фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 5 дугаар гудамж ..тоотод оршин суух, …регистртэй, Түмэд овогт П.А-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,152,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.А нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Вишн фанд” ББСБ-ын Улаанбаатар-3 салбараас 10528458 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч нь үндсэн зээл 1,037,490 төгрөг, хүү 104,095 төгрөг, торгуулийн хүү 2,734 нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 1,152,819 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 3 хүүхэд, нэг зээ охинтойгоо 5-уулаа амьдардаг. Өрхийн орлого 200,000 төгрөг. Иймд 3 дугаар сараас эхлэн гаргасан графикийн дагуу сарын авах цалингаасаа 100,000 төгрөгийг төлөх боломжтой. Энэ хүсэлтийг миний хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцлаа. Иймд манай талаас хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь миний хүсэлтийг хүлээж авсан тул уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь хариуцагч П.Ат холбогдуулан 1,152,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,152,130 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Вишн фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй, П.Ат холбогдох 1,152,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,152,819 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,218 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА