Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

         Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, 

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тахар овогт Д-ны Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019002680164 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

         Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Дорноговь Азза” төрийн өмчит хувьцаат компанид замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Үзүүр 2 гудамж 219 тоотод оршин суух, урьд;

         Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр  сарын 23-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

         Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Тахар овогт Д-ны Ц /РД:ЕС86120419/,

  Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Мааньзавын 219 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.Чулуунтуяаг газарт унагаах, түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, алгадах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогч О.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч О.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 21-ний оройн 21.00 цагийн үед манай гэр рүү О.Солонгоо бид хоёр очоод хажуу айлын залуу Амгаа хоёр пиво /2.5л/ авчхаад, О.Солонгоо манай нөхөртэй утсаар яриад “танайд ирсэн байна, хэзээ ажил чинь тарах вэ” гэхэд “одоо тарах гэж байна” гэсэн. Ингээд хүлээж байтал нөхөр О.Цогтсайхан ирсэн бөгөөд Амгаа, О.Солонгоо, Д.Ц гурав уусан, би нэг аяга л пиво уусан байх. Тэр хоёр пивоо ууж дуусчхаад Амгаа, Д.Ц хоёр “нэмж пиво ууна” гээд утсаар захиалж, дахин хоёр пиво уусан...О.Солонгоо “гэртээ харина” гээд гарахаар нь би “хүргэж өгье” гээд араас нь гартал Д.Ц намайг “явуулахгүй” гээд уурлаад миний куртикнээс татаж гэрт оруулаад газарт унагаад дээр гарч хоёр гараараа намайг өөр рүүгээ татаж толгойгоороо миний нүүр орчим мөргөсөн...миний зүрх өвдөөд байхаар нь охин эмч дуудсан...Д.Цыг маргааш өглөө орж ирэхэд нь уурлаад галын дэгээгээр 2-3 удаа цохиод авсан ...намайг баруун талын орон дээр дарж унагаад баруун талын чих, хацар орчим гараараа алгадсан, уруулын дотор тал язарсан...миний баруун талын гарыг тохой хэсгээр нугалж хоолой дээгүүр дарчхаад би амьсгаа авч болохгүй байсан, хоёр хүүхэд орилж, хашхирч байж болиулсан байх.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 81-82/,

Д.Цы хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр оройн 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр О.Чулуунтуяа, найз О.Солонгоо, мөн манай хажууд айлын залуу Амгаа гурав 2.5 литрийн савтай пиво тавьчихсан уугаад сууж байсан бөгөөд намайг орж ирэх үед уг пиво нь дуусаад дахин 2.5 литрийн пиво задалсан. Тэгэхдээ Амгаа буюу П.Амгаланбат “манайд орж ууя хүүхдүүдээ амраая” гэсэн. Ингээд бид нар П.Амгаланбатынд авч орсон пиво ууж байхдаа тэр хэд “дахиад хэдэн пиво авчхаач” гээд байхаар нь би явж, “Сидней” дэлгүүрээс хоёр ширхэг 2.5 литрийн пиво авч ирсэн. Би авч ирсэн пивоноосоо нэгийг нь тэр хэдтэй хувааж уучхаад, “за одоо бүгдээрээ согтсон байна, больцгооё, амарцгаая, маргааш ажилтай, эртхэн амаръя” гээд гэр рүүгээ орохоор задлаагүй үлдсэн нэг пивоо аваад гарах гэтэл манай эхнэр О.Чулуунтуяа араас зууралдаад, “хүний юм авч явлаа” гэхээр нь би О.Ч-ийн цээж рүү гараараа түлхээд “чи наанаа унтаж амар, би орж амарлаа” гээд гараад явчихсан. Ингээд гэртээ орж ирээд байж байтал О.Чулуунтуяа араас орж ирээд, миний нүүрийг маажих гээд дайрахаар нь би хоёр гарыг нь барьж аваад шалан дээр хэвтүүлээд, дээрээс нь дараад “чи унтаж амар” гэхэд “амрахгүй” гээд агсраад байсан бөгөөд агсарч байх үедээ босох гээд өндийх миний тонгойх таараад миний толгойг нүүрээрээ мөргөсөн. Миний толгойг мөргөх үед хамраас нь цус гарсан байсан бөгөөд би О.Чулуунтуяаг сул тавихад “чи намайг толгойгоороо мөргөлөө, би чиний үгэнд орно гэж байхгүй” гэх мэтээр хашхичаад байсан...Маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 8 цагийн үед ажлынхаа хувцсыг өмсөж, ажилдаа явахаар гэртээ орох гэтэл миний хувцаснуудыг гадаа гаргаад шидчихсэн байсан бөгөөд гэрийн хаалга түгжээтэй байсан тул хаалгаа тогшиж байгаад нээлгээд ороход манай эхнэрийн архи сайн гараагүй байсан бөгөөд шууд л намайг “яв зайл” гээд хөөгөөд, галын дэгээгээр цохиод байхаар нь би галын дэгээг булааж авч хаячхаад тэврээд орон дээр дараад хэвтсэн. Тэгтэл манай эхнэр охин Энхнаранг “чи цагдаа дууд” гээд загнаад, охин эхэндээ “яах юм бэ” гэж байснаа сүүлдээ гадаа гараад цагдаа дуудсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн бөгөөд би цагдаа ирэх үед эхнэрээ дараад орон дээр хэвтэж байсан. Тэгээд л цагдаа ирээд намайг авч явсан.гэсэн мэдүүлэг /хх-11-12/,

         Гэрч О.Солонгоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны сүүлээр “Ялалт” худалдааны төвөөс 1.5 литрийн хоёр пиво аваад замдаа П.Амгаланбаттай таараад хамтдаа О.Ч-ийн гэрт очсон, биднийг очиход нөхөр Д.Ц нь байгаагүй хэзээ ирэх талаар асуухад “одоо очлоо” гээд удалгүй ирсэн тэгээд бид дөрөв хоёр пиво ууж дуусгаад дахиад хоёр пиво авч П.Амгаланбатын гэрт орж ууцгаасан. П.Амгаланбатын гэрт орж пиво ууцгаачхаад би “харилаа” гэхэд О.Чулуунтуяа намайг “хүргэж өгье” гээд гэр рүүгээ орсон араас нь Д.Ц яваад тэр хоёр алга болчихоор нь би гэрт нь ортол О.Чулуунтуяа, Д.Ц хоёр муудаж байсан “юу болсон” гэхэд О.Чулуунтуяа “чамайг хүргэж өгнө гэсэн чинь явуулахгүй байна” гэхэд Д.Ц нь О.Чулуунтуяаг хоёр гараараа өөр рүүгээ татаж ирээд нүүр, хамар орчим нь толгойгоороо мөргөчихөөр нь би “чи яаж байгаа юм, яагаад мөргөж байгаа юм” гэхэд Д.Ц “би мөргөөгүй өөрөө намайг мөргөчихлөө” гээд байсан. Тухайн үед О.Ч-ийн хамраас цус гарсан байсан би “явлаа” гээд гараад явтал О.Чулуунтуяа миний араас гараад ирсэн тэгсэн Д.Ц гэрээс гарч ирээд О.Чулуунтуяаг татаад газарт унагачихаар нь би “та хоёр яагаад байгаа юм бэ, ингэж ууж идэх байсан юм уу” гэхэд Д.Ц “за за одоо гайгүй, чи яв” гэхээр нь би яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

         Гэрч П.Амгаланбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр найз О.Солонгоо, хажуу айлын О.Чулуунтуяа нартай гэрийнхээ ойролцоо таараад О.Ч-ийн гэрт орсон удалгүй нөхөр нь ирээд бид 1.5 литрийн хоёр пиво хувааж ууцгаасан, манайх хүнгүй байсан тул би “хүүхдүүдээ амраая, хэдүүлээ манай гэрт орцгооё” гэж хэлсэн. Манайд орж пиво ууцгааж байгаад О.Солонгоо гараад явсан. Д.Ц, О.Чулуунтуяа хоёр хэзээ гарсныг мэдээгүй, би Д.Цы гэрт ортол О.Чулуунтуяа, Д.Ц хоёр хэрэлдчихсэн, О.Ч-ийн нүүр нь цус болсон байхаар нь би Д.Цыг “чи ингэж болохгүй” гээд гэр рүүгээ дагуулж оруулаад унтуулсан...зодож байсан талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-25/,

         Иргэн О.Чулуунтуяагаас 89595915 дугаарын утсаар “...Сайншанд сумын 8 дугаар баг Мааньзавын 219 тоотод манай нөхөр намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-5-7/,

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/0308 дугаартай “...О.Ч-ийн биед тархи доргилт, хамар, баруун чих, баруун бугалга хүзүүний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамар, баруун чих, баруун бугалга, хүзүүний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-16/,

         Хохирогч О.Ч-ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /29-30/,

         Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-31-32/,

Д.Цы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/ болон Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр  сарын 23-ны өдрийн 19 дугаар,   Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-49-59/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар баг Мааньзавын 219 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.Чулуунтуяаг газарт унагааж түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, алгадах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч О.Ч-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч О.Ч-ийн “...О.Солонгоо “гэртээ харина” гээд гарахаар нь би “хүргэж өгье” гээд араас нь гартал Д.Ц намайг “явуулахгүй” гээд уурлаад миний куртикнээс татаж гэрт оруулаад газарт унагаад дээр гарч хоёр гараараа намайг өөр рүүгээ татаж толгойгоороо миний нүүр орчим мөргөсөн...миний зүрх өвдөөд байхаар нь охин эмч дуудсан...Д.Цыг маргааш өглөө орж ирэхэд нь уурлаад галын дэгээгээр 2-3 удаа цохиод авсан...намайг баруун талын орон дээр дарж унагаад баруун талын чих, хацар орчим гараараа алгадсан, уруулын дотор тал язарсан...миний баруун талын гарыг тохой хэсгээр нугалж хоолой дээгүүр дарчхаад би амьсгаа авч болохгүй байсан, хоёр хүүхэд орилж, хашхирч байж болиулсан байх.” гэх,

яллагдагч Д.Цы “...О.Чулуунтуяа араас орж ирээд, миний нүүрийг маажих гээд дайрахаар нь би хоёр гарыг нь барьж аваад шалан дээр хэвтүүлээд, дээрээс нь дараад “чи унтаж амар” гэхэд “амрахгүй” гээд агсраад байсан бөгөөд агсарч байх үедээ босох гээд өндийх миний тонгойх таараад миний толгойг нүүрээрээ мөргөсөн. Миний толгойг мөргөх үед хамраас нь цус гарсан бөгөөд би О.Чулуунтуяаг сул тавихад “чи намайг толгойгоороо мөргөлөө, би чиний үгэнд орно гэж байхгүй” гэх мэтээр хашхичаад байсан...Маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 8 цагийн үед ажлынхаа хувцсыг өмсөж, ажилдаа явахаар гэртээ орох гэтэл миний хувцаснуудыг гадаа гаргаад шидчихсэн байсан бөгөөд гэрийн хаалга түгжээтэй байсан тул хаалгаа тогшиж байгаад нээлгээд ороход манай эхнэрийн архи сайн гараагүй байсан бөгөөд шууд л намайг “яв зайл” гээд хөөгөөд, галын дэгээгээр цохиод байхаар нь би галын дэгээг булааж авч хаячхаад тэврээд орон дээр дараад хэвтсэн.” гэх,

         гэрч О.Солонгоогийн “...пиво ууцгаачхаад би “харилаа” гэхэд О.Чулуунтуяа намайг “хүргэж өгье” гээд гэр рүүгээ орсон араас нь Д.Ц нь яваад тэр хоёр алга болчихоор нь би гэрт нь ортол О.Чулуунтуяа, Д.Ц хоёр муудаж байсан “юу болсон” гэхэд О.Чулуунтуяа “чамайг хүргэж өгнө” гэсэн чинь явуулахгүй байна гэхэд Д.Ц нь О.Чулуунтуяаг хоёр гараараа өөр рүүгээ татаж ирээд нүүр, хамар орчим нь толгойгоороо мөргөчихөөр нь би “чи яаж байгаа юм, яагаад мөргөж байгаа юм” гэхэд Д.Ц “би мөргөөгүй өөрөө намайг мөргөчихлөө” гээд байсан. Тухайн үед О.Ч-ийн хамраас цус гарсан байсан би “явлаа” гээд гараад явтал О.Чулуунтуяа миний араас гараад ирсэн тэгсэн Д.Ц гэрээс гарч ирээд О.Чулуунтуяаг татаад газарт унагачихаар нь би “та хоёр яагаад байгаа юм бэ, ингэж ууж идэх байсан юм уу” гэхэд Д.Ц “за за одоо гайгүй, чи яв” гэхээр нь би яваад өгсөн.” гэх мэдүүлгүүд болон,

         иргэн О.Чулуунтуяагаас 89595915 дугаарын утсаар “...Сайншанд сумын 8 дугаар баг Мааньзавын 219 тоотод манай нөхөр намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ,   Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/0308 дугаартай дүгнэлт, хохирогч О.Ч-ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай яаралтай тусламжийн хуудас зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Д.Цы үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ эсрэг бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

         Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Чулуунчимэг хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Бат-Отгоныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Цыг орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 112.500 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тахар овогт Д-ны Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 112.500 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЭНХТУНГАЛАГ