Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, ..дугаар байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Бадрах ургийн овогт Б.Лх-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж-3, АНГ 14 байранд байрлах, хуулийн этгээдийн …регистртэй “Тайгам Алтай” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 7,531,000 төгрөг, алданги 15,344,088 төгрөг, нийт 23,198,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн /ШТҮД:0894/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галмандах нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 422 дугаар байрны 14 тоот дахь 95,4 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг нэг м.кв талбайг 1,700,000 төгрөгөөр бодож, нийт 162,180,000 төгрөгөөр худалдан авахаар “Тайгам Алтай” ХХК-тай Орон сууц захиалгаар барих /Худалдах, худалдан авах/ гэрээ байгуулсан. 2013 оны 5 сарын 28-ны өдөр байр бэлэн болж хүлээж авсан. Гэтэл уг байрыг “Тайгам Алтай” ХХК анх гэрээ хийх үедээ тохирсон зургийн дагуу бариагүй буюу балконгүй барьсан байв. Иймээс мэргэжлийн байгууллагад хандаж хэмжилт хийлгүүлэхэд нийт талбайн хэмжээ 90,97 м.кв байхыг баталгаажуулсан. Тиймээс талбайн зөрүү 4,43 м.кв-ын үнэ 7,531,000 төгрөгийг хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн уг гэрээний 2.1-т тохирсны дагуу нийт үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх 129,744,000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн. Гэрээний 2.2-т заасны дагуу нийт үнийн 10 хувьтай тэнцэх 16,000,000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 21-нд төлсөн. Гэрээний 3.1-д тохирсны дагуу гүйцэтгэгч тал байрыг 2013 оны 3 дугаар улирал буюу 2013 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгах ёстой байсан боловч уг үүргээ үл биелүүлж, байрыг зөвхөн 2014 оны 5 дугаар сарын 28-нд хүлээлгэж өгсөн. Иймээс гэрээний 3.3-т зааснаар төлсөн үнийн дүн 145,744,000 төгрөгийн нэг хоног тутмын 0,05 хувийн торгуулийг хугацаа хэтэрсэн 179 хоногоор бодож /нэг хоногийн 72,872 төгрөг/ 13,044,088 төгрөгийг хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Б.Л нь “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар барих гэрээний доголдолтой холбооттой 7,531,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 13,044,088 төгрөг, нийт 20,575,088 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрийг нэхэмжлэхдээ хугацаа хэтрүүлсний алдангийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн. Гэвч тус компани нь уг орон сууцыг улсын комисст 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд уг өдрөөс хойш орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 36 хоногийн алданги болох 2,623,392 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд хариуцагчаас нийт 23,198,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч “Тайгам алтай” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Банзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 422 дугаар байрны 156 айлын орон сууцны барилгын 3 давхрын 14 тоот MNS6058/2009 стандартаар 93,9 метр квадрат, харин ось тэнхлэгийн хэмжээгээр 95,40 метр квадрат талбай бүхий орон сууцыг ось тэнхлэгийн хэмжээгээр тооцон 1 метр квадрат талбайг 1,700,000 төгрөгөөр тохиролцсон. Уг маргаан бүхий байрыг захиалахад орон сууц ашиглалтанд ороогүй, биет байдлын бүрэн бүтэн байдалтай болоогүй, баригдаж байсан. Уг орон сууцны үр дүнг хүлээж авсны дараа 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хэмжиж үзэхэд MNS6058/2009 стандартаар тохирсон 93,9 метр квадрат талбайдаа хүрэхгүй, 90,97 метр квадрат тайлбайтаа байсан. Тухайн үед талуудын байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 3 дугаар улиралд орон сууцны түлхүүрийг олгоно гэсэн байдаг. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны түлхүүрийг заасан хугацаанаасаа хожимдуулж өгсөн тул энэ хугацааны алданги 15,667,480 төгрөгийг нэхэмжилж байна. Ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой анх ось тэнхлэгээр тооцон нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасган 20,948,480 төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл цэвэр талбайн хэмжээнээс дутсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Анх хараад 4 метр квадрат дутуу байгааг мэдэх боломжгүй. Дараа нь хэмжилт хийлгэсний дараа дутуу байгааг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч ажлын үнэ буурсан хэмжээнд нь хувь тэнцүүлэн гүйцэтгэвэл зохих хөлсийг бууруулах, Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж байгаа. Одоо орон сууцны доголдлыг арилгуулах хууль зүйн боломжгүй тул ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулж, илүү төлсөн мөнгөө шаардах үндэслэлтэй. Талууд 1 метр квадратыг 1,700,000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед ось тэнхлэгээр тооцсон боловч цэвэр талбайн хэмжээ буюу 93,9 метр квадратаас нэхэмжилж 5,281,000 төгрөгөөр ажлын үр дүнг бууруулах шаардлага гаргасан байгаа. Талуудын байгуулсан гэрээний 3,1 дэх хэсэгт 2013 оны 3 дугаар улиралд багтаан түлхүүр олгоно гэж заасан байдаг. Гэхдээ алдангийг Улсын комисс хүлээж авсан өдөр хүртэл 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 15,667,480 төгрөг нэхэмжилж байгаа. Учир нь барилга барьж дууссан боловч ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй байр, барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж Барилгын тухай хуульд заасан байдаг. Гэрээнд заасны дагуу хоног тутамд торгууль төлнө гэж байдаг. Торгууль гэдэг бол нэг удаа хэрэглэгддэг. Алданги бол хоног тутамд тооцогддог. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодруулна гэсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нар гэрээн дээр хугацаа хэтрүүлсний анзыг заасан байдаг. Хариуцагч өөртөө алданги гэж тодорхойлсон мөртлөө нэхэмжлэгч буюу худалдан авагч талд торгууль гэж зааж өгсөн. Үүнээс үзэхэд хоног тутамд гээд алдангийн үндсэн шинжийг агуулсан байгаа тул гэрээний нөхцөл байдалтай харьцуулан алданги гэж үзнэ. Анх нэхэмжлэгч талд хоног тутамд тооцох алданги гэж тайлбарласан. Санаатай санамсаргүй байдлаар торгууль гэж бичсэн ч гэсэн гэрээний агуулгаараа алдангийн шинж байгаа тул алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид гэрээндээ 1 м.кв-ын үнийг тогтоогоогүй, хэмжээ ямар байхаас үл шалтгаалан 162,180,000 төгрөг гэж тохирсон. Нэхэмжлэгч тал MNS 6058:2009 гэсэн стандартын дагуу м.кв-ын зөрүүг тооцож, түүний дагуу нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү стандартыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8233 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү хэргийг шийдвэрлэгдтэл орон сууцны талбай дутсан эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй гэж алданги 15,676,480 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээндээ түлхүүр гардуулж өгснөөр хугацаа тоолно. Хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 0,05 хувиар алданги тооцно гэж заасан. Хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 0,05 хувиар алданги тооцно гэж заасан. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон төгрөгийн ханшийн огцом уналттай холбоотойгоор санхүүгийн хүндрэл үүсч, уг байрыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй асуудал үүссэн. Энэхүү байдал нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр нотлогдоно. Ийм учраас алдангиас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч “Тайгам Алтай” ХХК-д холбогдуулан, орон сууцны талбайн зөрүү үнэ 5,281,000 төгрөг, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алданги 15,667,480 төгрөг, нийт 20,948,480 /хорин сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхөөс татгалзаж, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон, түүнд хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа олгох тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбатад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр товлогдон зарласан шүүх хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хойшлуулан, хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд хандан хүсэлт, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Тайгам Алтай” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 422 дугаар байрны 3 давхарт байрлах 14 тоот дахь 95,40 м.кв /MNS6058:2009 стандартаар 93,9 м.кв/ талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөх, захиалагч Б.Л нь нийт 162,180,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 61-63/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, хугацаа, гэрээний нийт үнийн дүн болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг тодорхойлсон байдал, ажил гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагын талаар харилцан өөр өөрөөр тайлбарлаж маргасан.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 7 дугаар сард улсын комисс хүлээн авсан тухай зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй бөгөөд, захиалагч Б.Л нь өөрийн захиалсан орон сууцны төлбөр болох 162,180,000 төгрөгийг бүрэн төлж өөрийн эзэмшилд аван, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062868 дугаарт 93,9 м.кв талбайтайгаар бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /хх 17/

Гэвч нэхэмжлэгч Б.Л нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авснаас хойш буюу 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр талбайн хэмжилт хийхэд гэрээнд заасан MNS6058:2009 стандартаар заасан 93,9 м.кв талбайн хэмжээнд хүрээгүйн улмаас уг талбайн зөрүүг 1 м.кв-ыг 1,700,000 төгрөгөөр тооцоолж хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас зөрүү төлбөрийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн зүгээс дээрх стандартын дагуу шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар улиралд дуусахаар харилцан тохиролцсон ба энэ хугацаанаас хойш талуудад гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Тодруулбал, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх тул нэхэмжлэгч Б.Лг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцны талбайн хэмжээ дутуу байх нь ажлын үр дүн доголдолтой байна гэж ойлгох бөгөөд энэ тохиолдолд доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлвөл зохих хөлсийг бууруулан шаардах эрх захиалагчид Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар олгогдох ба захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үед түүний доголдлыг мэдэж байсан ч ямар нэг гомдол гаргаагүй бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдах юм.

Нэхэмжлэгч Б.Л 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны түлхүүрийг гардан авахдаа талбайн зөрүүний талаар дурдаагүй боловч 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан, 8 дугаар сарын 21-ний өдөр хэмжилт хийлгэсэн байна.

Гэвч энэ хугацаанаас хойш 1 жилийн хугацаанд ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргаагүй байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандсанаар захиалагч нь гүйцэтгэгчид ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Мөн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг MNS6058:2009 стандартаар хэд байх, ось тэнхлэгээр хэд байхыг тус тус заан тодорхойлж, гэрээний дагуу талбайн хэмжээ болон гэрээнийг үнийг ось тэнхлэгээр хэмжихээр харилцан тохирч, захиалагч хүлээн зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд орон сууцны 1 м.кв талбайн үнийг тусгайлан заагаагүй, мөн талбайг ось тэнхлэгээс хэмжихээр тохиролцсон байхад нэхэмжлэгч нь 1,700,000 төгрөгийг 1 м.кв талбайн үнээр тодорхойлж, түүнийгээ MNS6058:2009 стандарт хэмжилтийн зөрүүнд тооцон шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны талбайн зөрүүнд 5,281,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Б.Лгийн хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 15,667,480 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч, гэрээний 3.3-т хугацаа хэтрүүлсэн бол торгууль төлөхөөр заасан байхад алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй байсан учир анз төлөхөөс чөлөөлөгдөнө гэж маргасан байна.

Талуудын байгуулсан гэрээнд захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдсэн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх торгууль төлөх, гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаа буюу орон сууц ашиглалтанд орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0,05 хувийн торгуулийг тооцож захиалагчид олгохоор тусгасан байна.

Захиалагч Б.Л нь орон сууцны нийт төлбөр 162,180,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх боловч гүйцэтгэгч “Тайгам Алтай” ХХК нь орон сууцны түлхүүрийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч, уг байрыг улсын комисс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Олимп” хотхонд үйлчилгээ захиалагчдад байр, түлхүүр хүлээлгэн өгсөн тухай акт, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх 67, 17/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол, захиалагч нь уг ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт гэрээний хугацааг талууд харилцан тохиролцохоор заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 3.3 дахь хэсэгт “байр ашиглалтанд орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно” гэж заасныг нэхэмжлэгч Б.Л нь хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн алданги тооцно гэж ойлгожээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Хуулийн энэ заалтыг гэрээний талууд уг гэрээгээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, өөрсдөө гэрээний агуулгаа тодорхойлон, түүний заалтуудын талаар нэг ойлголттой байхыг шаардана.

Нэгэнт гэрээнд “хугацаа хэтрүүлвэл хоног тутамд төлсөн үнийн дүнгээс” анз тооцохоор тохирсон байгаа тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар бус, харин мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох нь зөв байна.

“Торгууль” гэдэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсвэл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг хэлдэг бол, “Алданги” гэдэг нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз байхаар тус тус хуульчилсан байна.

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд гэрээний 3.3 дахь хэсэгт “...хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно” гэж тусгахдаа “торгууль” гэж тусган бичиглэлийн алдаа гаргасан байх магадлалтай гэж үзэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд ажлын гүйцэтгэл болох орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх 2013 оны 3 дугаар улирлыг 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцон, энэ хугацаанаас хойш 60 хоногийг гэрээний 3.3-т зааснаар хасч, байрыг улсын комисс хүлээн авсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 215 хоногийн алдангийг 145,744,000 төгрөгөөс тооцож, нийт 15,667,480 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэх хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь Монгол улсад үүсээд буй валютын ханшийн өөрчлөлт нь “Тайгам-Алтай” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг Монгол улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас тодорхойлсон учир хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй хэмээн тайлбарлаж алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэн, өөрийн татагалзлыг нотлохоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээг нотлох баримтаар гаргасан байна. /хх 64, 65/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж хуульчилсан байна.

Хариуцагч “Тайгам Алтай” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь тус компанид давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн талаар захиалагчид мэдэгдээгүй, тухайн цаг үед барилгын салбарт тогтворгүй байдалтай, ханшийн өсөлт, Монгол улсад үүсээд байгаа эдийн засгийн хямрал зэрэг нөхцлүүд нөлөөлсөн гэдэг нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчилгээгээр бүрэн тогтоогдохгүй байх тул хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх боломжгүй юм.

Хүнд нөхцөл байдал буюу “Hardship” гэдэг нь гэрээний гол нөхцлийг үндсээр нь өөрчилсөн, аль нэг тал үүргээ биелүүлэхэд зардал их гарах болсон, тухайн гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ буурсан, гэрээний үүргийг гүйцэтгэснээр аль нэг тал илтэд их хэмжээний хохирол амсах нь тодорхой байгаа зэрэг нөхцөл байдал гарсан байхыг ойлгох бөгөөд хүнд нөхцөл байдлын улмаас аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь гэрээний үүргээс бүрэн чөлөөлнө гэж ойлгож болохгүй тул дээрх үндэслэлээр шүүх харуицагч “Тайгам Алтай” ХХК-иас алдангид 15,667,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Лгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тайгам Алтай” ХХК-иас 15,667,480 /арван таван сая зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун наян/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бадрах овогт Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,281,000 /таван сая хоёр зуун наян нэгэн мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                        А.САРАНТУЯА