Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0888/З |
Дугаар | 256 |
Огноо | 2018-04-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 256
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, О.О-н нэхэмжлэлтэй, БОАЖС, БОАЖЯ-ны ТХНУГД-дтус тус холбогдох захиргааны хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Н.Э, гуравдагч этгээд О.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч Н.Г, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн агуулга: /хх 1-1/
Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт О.О миний ашиглаж буй БОАЖС-н 2014 оны ******* тоот гэрчилгээтэй газрыг дээрх сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О.Э-нд ашиглуулахаар А/433 дугаар тушаал гаргаж, гэрчилгээ олгожээ.
Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-д иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан заалтыг зөрчин миний ашиглаж буй газрыг О.Э-нд ашиглуулах болсон нь бидний хооронд эвлэршгүй зөрчил, маргаан үүсэхэд хүргээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байвал, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус акт гэж үзэхээр заажээ.
Иймд БОАЖС-н 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Би 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 2 жил, 2 сар, 9 хоног зөвхөн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хийж б******* бөгөөд энэ хооронд эх орондоо ирж байгаагүй. Монголд байгаагүй бөгөөд тухайн газрыг О.Э-нд ашиглуулах болсон талаар ирсэн өдрөө мэдэж шүүхэд даруй хандсан болно. Монгол Улсын хилээр хэзээ орж, хэзээ гарсан талаарх мэдээлэл бүхий тамга миний паспорт дээр байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Иргэн харьяатын албанаас миний Монгол Улсаас орж, гарсан мэдээллийг авч болно. ... гэжээ.
Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх 1-р хавтас х 38/:
Иргэн О.О нь БОАЖС-н 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар иргэн О.Э-нд газар ашиглах шийдвэр гаргаж гэрчилгээ олгосон нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалаттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу БОАЖС Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 36.1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасны дагуу иргэн О.Э-нд тушаал шийдвэр гарч газар ашиглах эрх олгогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариуцагчийн хариуцагчийн хариу тайлбар /хх 1-р хавтас х 208-209/:
...Иргэн О.Э-ны нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох, иргэн О.О-нд олгосон 2014/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлд заасны дагуу иргэн О.Э-ны хүсэлт болон аялал жуулчлалын төв байгуулах төсөл зэргийг судлан үзсэний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар болох Хан-Уул дүүрэг, З*******гийн аманд 0.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2015/******* дугаар гэрчилгээг олгосон.
Харин иргэн О.О-нд Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 5 жилийн хугацаатай, 392 тоот гэрчилгээ олгон, гурвалсан гэрээ хийгдсэн, 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар иргэн О.О-нд 2.5 га газрыг нэмж нийт 7.5 га болгож 678 тоот гэрчилгээг 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгон 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гурвалсан гэрээ хийгдсэн байна.
Улмаар Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалаар “ЭД”ХХК нь О.О-с 2.5 га газрыг шилжүүлэн авснаар 5 га газрыг ашиглах болж 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №2011/******* тоот гэрчилгээ олгосон байна.
Харин одоо хүчинтэй байгаа 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2014/******* гэрчилгээгээр 5 га газрыг ашиглахаар байгаа ба гэрчилгээний хавсралтад гэрчилгээгээр олгогдсон талбайн булангийн цэгүүдийн солбицолд А талбай 42000 м.кв, Б талбай 2736 м.кв, В талбай 1243,9 м.кв, Г талбай 469 м.кв, Д талбай 3638 м.кв нийт талбайн хэмжээ 5 нэгж талбарт 50086.9 буюу 5 га газар байна.
БОАЖЯ-ны кадастрын хэлтсээс ирүүлсэн А талбайн зураг 42000 м.кв буюу 4.2 га газар байгаа боловч ашиглаж байгаа боловч ашиглаж байгаа талбайн хэмжээ 49999.5 м.кв буюу 5 га байгаа нь 8000 м.кв буюу 0.8 га газрыг гэрчилгээнээс илүү ашиглаж байна.
Иргэн О.О нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн боловч үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлээгүй, холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлж тайлагнаагүй зэрэг нь энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт /байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээллэж тайлагнах/, 9 дүгээр зүйлийн 9.8 дэх хэсэгт /төсөл хэрэгжүүлэгч жил бүрийн 12 дугаар сард багтаан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг яаманд хүргүүлж дараа жилийн төлөвлөгөөг батлуулж байх ёстой/-ийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг /нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй/ зэргийг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 5.12 дахь хэсэг /Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна/-ийг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан /Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам/-ыг тус тус зөрчсөн байна.
Иймд иргэн О.Э-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга: /хх 1-182/
О.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар О.Э миний бие Богдхан уулын дархан цаазат газрын З*******гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.6 га газрыг ашиглах эрхтэй болсон.
Үүний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2015/******* дугаартай газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар авч, мөн оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай газар ашиглах гэрээ байгуулж, газрын төлбөрөө тухай бүрт хугацаанд нь төлөх зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.
Улмаар тухайн газартаа аялал жуулчлалын зориулалтын дагуу хашаа хатгах гэх мэтчилэн бусад үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байхад О.О хашаа нураах, орц, гарцыг хаан том оврын машин байрлуулах, нүх ухах зэргээр саад учруулсны улмаас газар ашиглах эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
О.О нь бидэнд уг газрыг ашиглах эрхийн 2014/******* дугаартай гэрчилгээгээр надад олгогдсон газар гэж маргаж байгаа бөгөөд энэ талаар миний бие Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас тодруулахад тухайн гэрчилгээг гаргах үндэслэл болох сайдын тушаал байхгүй гэсэн хариу амаар өгч б*******, мөн О.О ч тушаалын тухайд тодорхой дурдаагүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалын нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-ын Гурвын 3.4-т ...Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно гэж зааснаас үзэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалгүйгээр газар ашиглах гэрчилгээ олгох хуулийн үндэслэлгүй.
Үүнээс үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Т.Э нь дээрх хууль журмыг зөрчин албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, сайдын тушаалгүйгээр 2014/******* дугаартай гэрчилгээг О.О-нд дур мэдэн гаргаж өгсөн нь дээрх хуулийн зүйл заалт, журмыг зөрчсөн ба үүний улмаас газрын давхцалтай гэх маргаан үүсгэж хуулийн дагуу үүссэн, газрын төлбөрөө төлөх зэргээр холбогдох үүргээ биелүүлж байгаа миний газар ашиглах эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй болж, эрх зөрчигдсөөр байна.
Иймд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын О.О-нд олгосон 2014/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч О.О-н Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар БОАЖС-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас х 21/.
Уг захиргааны хэрэгт гуравдагч этгээд О.Э нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож б******* /хх 1-р хавтас 32, 33/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү захиргааны хэрэгт О.Э-ны нэхэмжлэлтэй БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.О-нд олгосон 2014/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэгтгэжээ /хх 1-р хавтас 203, 204/.
Тиймээс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд О.О-н нэхэмжлэлтэй БОАЖС-д холбогдох захиргааны хэрэгт О.Э*******ыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулан хэргийг хянан шийдвэрлэжээ.
2. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.О-нд олгосон 2014/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар:
Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалын хавсралтын 7 дахь хэсгээр нэхэмжлэгч О.О-нд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, З*******гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж /хх 1-р хавтас х *******/, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн О.О-нд З*******гийн аманд 5 га газрыг аялал жуулчлалын цогцолборын зорилгоор газар ашиглах 392 тоот гэрчилгээ /хх 1-р хавтас х 88/-г 5 жилийн хугацаатай олгож, улмаар Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга болон иргэн О.О нар газар ашиглах гэрээг 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулжээ /хх 1-р хавтас 94, 95/.
Үүний дараа Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалын хавсралтын 32 дахь хэсгээр иргэн О.О-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З*******гийн аманд аялал жуулчлал/ жуулчны баазаа өргөтгөх үндэслэлээр 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ /хх 2-р хавтас х 11-15/.
Ингээд Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас иргэн О.О-нд З*******гийн аманд 7,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар газар ашиглах 678 тоот гэрчилгээг 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгож /хх 1-р хавтас х 86/, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга болон иргэн О.О нар уг 7,5 га газрыг ашиглах гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 14 хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан байна /хх 1-р хавтас х 103-105/.
Дээр дурдсан үйл баримтаас хойш буюу 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БОАЖС-н А-293 дугаар тушаалын хавсралтын 7 дахь хэсгээр иргэн О.О-н ашиглаж б******* 2,5 га газрыг Э д ХХК-ний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэжээ /хх 2-р хавтас х 4-5/.
Улмаар Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас иргэн О.О-нд З*******гийн аманд 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар газар ашиглах 2011/******* тоот гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгожээ /хх 1-р хавтас х 84/.
Уг гэрчилгээг олгохдоо нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж б******* 7.5 га газраас Э д ХХК-ний нэр дээр шилжсэн 2,5 га газрыг хасч, үлдэх 5 га газарт газар ашиглах эрхийн 2014/******* тоот гэрчилгээ /хх 1-р хавтас х 84/-г 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон гэдэг нь гэрчилгээний хавсралтын бичилт /хх 1-р хавсралт х 84-ийн арын нүүр/ хэсэг, кадастрын зураг /хх 1-р хавсралт х 85-ын арын нүүр/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зурган лавлагаа /хх 2-р хавтас 20, 21/ зэргээс нотлогдож байна.
Уул гэрчилгээг олгохдоо өмнөх 2011/******* гэрчилгээг шинэчлэн олгосон, талбайн солбицлуудыг А, Б, В, Г, Д талбай гэж хуваасан гэдэг нь 2014/******* гэрчилгээний хавсралтын бичилт /хх 1-р хавтас х 64-ын арын нүүр, х 107-ын арын нүүр/, 2011/******* гэрчилгээ болон 2014/******* гэрчилгээний хавсралтын бичилтийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль,.. хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх-ээр, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна. Иймээс тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газартай холбогдсон харилцаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж хуулийн дагуу ... газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг., 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн ...-д заасан журмыг баримтална. гэж заасан. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй холбогдсон харилцаанд Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхтэй холбоотой зохицуулалтыг нөхөж зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзнэ. Тиймээс хүчин төгөлдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг үйлчилнэ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн *******.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж заасан. Хуулийн энэ агуулгын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэйн хувьд газар ашиглагч этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж үзнэ.
Маргааны хувьд нэхэмжлэгч О.О-н газар ашиглах эрхийн 2014/******* тоот гэрчилгээг хуулиар хүчингүй болгох эрх олгогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байхад түүний газар ашиглах гэрчилгээг хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарлаж байгаа сайдын тушаал гараагүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус, гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүх хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь захиргааны хэргийн дагнасан шүүх нь хууль сахиулах чиг үүрэггүй бөгөөд эрх зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэр гаргадаг.
Нэгэнт хуульд заасан бүрэн эрхийн дагуу эрх бүхий этгээдээс газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 2014/******* тоот гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; 39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; 39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн. гэж газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлүүдийг заасан бөгөөд уг нөхцөл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх дуусгавар болоход мөн адил хамаарна.
Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа гэрчилгээний хавсралтад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгов гэж зааснаас үзэхэд уг гэрчилгээний хугацаа дууссан байна, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгч газар ашиглах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж байгаа үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн хуулийн заалтын агуулгыг маргааны хувьд авч үзвэл, нэхэмжлэгчийн газар ашиглах 2014/******* гэрчилгээг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Таван жил-ийн хугацаатай олгосон байх тул уг гэрчилгээний хугацаа дуусах өдрийг гэрчилгээ бичиж олгосон өдрөөс хойш Таван жил-ийн хугацаа дуусах өдөр гэж ойлгохоор байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах хугацаа 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болно гэж үзнэ.
Үүнээс дүгнэхэд, Газрын тухай хуулийн 39.1.1-д заасан үндэслэлээр болон мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан бусад үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээ дуусгавар болоогүй байна.
Иймд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй, түүний газар ашиглах эрх дуусгавар болоогүй, түүний газар ашиглах гэрчилгээг хуульд заасан эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон аливаа шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгч О.О-нд олгосон 2014/******* гэрчилгээг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар гуравдагч этгээд О.Э-нд газар ашиглах эрх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 39 дэх хэсгээр гуравдагч этгээд О.Э-нд Хан-Уул дүүргийн З*******гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,6 га газрыг ашиглах эрхийг олгожээ /хх 1-р хавтас х 55, 57/.
Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга, иргэн О.Э нараас газар ашиглах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулж /хх 1-р хавтас х 124-126/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас газар ашиглах 2015/******* тоот гэрчилгээг гуравдагч этгээдэд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгожээ /хх 1-р хавтас х 123-ын арын нүүр, х 39-41/.
Нэхэмжлэгч О.О-н 2014/******* тоот газар ашиглах гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны З*******гийн аманд байрлах 5 га газар нь гуравдагч этгээд О.Э-ны 2015/******* тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны З*******гийн аманд байрлах 0,6 га газартай байршлын хувьд хэсэгчлэн давхцалтай гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаа /хх 1-р хавтас х 75-77/, харуицагчаас ирүүлсэн маргаан бүхий газрын байршлын зураг /хх 1-р хавтас х 210/, шүүхээс баримт бичгийн үзлэгээр авсан байршлын зураг /хх 2-р хавтас х 17, 18/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Цаашилбал, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 39 дэх хэсгээр гуравдагч этгээд О.Э-нд 0,6 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч О.О-н ашиглаж байгаа газартай давхцуулан газар олгох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээг хуулиар эрх олгосон этгээдээс хүчингүй болгоогүй, түүний газар ашиглах эрх нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй гэдэг нь тогтоогдож байхад түүний ашиглаж буй газартай давхцуулан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч газар ашиглах эрх олж авснаас хойш гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хөндөж байгаа холбогдох хэсгээр ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4-д ...дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн хамгаалалтын захиргаатай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах эрх, үүрэгтэй... байхаар, мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 2-т Хамгаалалтын захиргаа нь аялал жуулчлалын чиглэлээр сум, дүүргийн Засаг дарга, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хангуулах арга хэмжээ авах чиг үүрэгтэй гэж заажээ. Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 3.4-т ...газар ашиглагч нь 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байхаар заажээ.
Журмын эдгээр заалтаас дүгнэхэд газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулагдаагүй байхад газрын төлбөр төлөх нөхцөл байдалд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Гэхдээ газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйл ажиллагааг нэхэмжлэгч өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэлээр буруутган тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгч талаас маргаж, гомдол гаргаагүй байгаа, нэхэмжлэгч нь газар ашиглагчийн хувьд газар ашиглах гэрээ байгуулах талаар дээр дурдсан журамд заасны агуу гэрээ байгуулахаар санаачлага гаргах үүрэгтэйг мөн дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-н Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд О.Э-ны БОАЖЯ-ны ТХНУГД-с О.О-нд олгосон 2014/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн БОАЖЯ-ны ТХНУГД-д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын О.Э-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ