Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баатарзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00056 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Баатарзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Юнигаз” ХХК-д холбогдох,

 

 2016 оны Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, дутуу олгосон цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхжин, Л.Отгондорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Нандинчимэг

Хариуцагчийн төлөөлөгч: Танака Рикүро

Хариуцагчийн орчуулагч: О.Батсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Бадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би “Юнигаз” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 150 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан бизнесийн албаны импортын хэлтсийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан.

Нуруундаа гэмтэл авсны улмаас 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл шинжилгээ болон эмчилгээнд хамрагдсан. 

  

Эмнэлгийн хуудсыг хариуцагчид хүргүүлж байсан бөгөөд дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар компанийн Импортын хэлтсийн ерөнхий менежер О.Батсүрэн, хүний нөөцийн ажилтан Б.Ариунаа, О.Урангоо нарт утсаар болон цахим захидлаар удаа дараа мэдэгдэж байсан.

Гэтэл эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байх үед ажил олгогчийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно. “Юнигаз” ХХК-ийн захирлын Б/135 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс цуцалсан бөгөөд энэхүү тушаалын хуулбарыг би 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хуулбарыг нь хүлээж авсан.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэж байгаа ажилтныг ажил үүрэг хэвээр хадгалагдах ёстой байтал ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Ажлаас халсан тушаалаа эх хувиар нь надад гардуулж өгөөгүй байна. Миний хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа одоогийн байдлаар оршин суудаггүй. “Юнигаз” ХХК-ийн зүгээс над руу 2 удаа, тус компанийн гэрээт хуулийн зөвлөх байгууллагын зүгээс 1 удаагийн албан бичгийг шуудангаар илгээж байсан. Эхний удаагийн албан бичгийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр миний ээж Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Засаг даргын тамгын газрын ажилтан Д.Ганчимэгээс очиж авсан. Харин хоёрдахь удаагийн илгээсэн албан бичиг буюу ажлаас халсан тушаалын хуулбарыг миний бие 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Засаг дарга М.Энхмаагаас, хамгийн сүүлд “Монгол Өмгөөлөгч” ХХН-өөс ирүүлсэн мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус хүлээн авсан.

Эмнэлгийн чөлөө авахаас өмнө гадаад харилцагч нартай харилцдаг Аргус гэх мэдээллийн зарим эрхийг “импорт” хаяг руу шилжүүлсэн. Энэ хаягт 5-6 хүн байдаг тул бүгд и-мэйлийг хүлээж авч байгаа, байгууллагын харилцах шаардлагатай харилцагч болон бүх түншүүдийн холбоо барим утас болон цахим хаягуудын мэдээлэл, гэрээнүүд албаны дарга болон гүйцэтгэх захиралд, импортын мэргэжилтэн нарт байдаг. Ажил тасалдсан асуудал байхгүй. Байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн авч явсан, шаардахад авчирч өгөөгүй зүйлгүй.

Иймд “Юнигаз” ХХК-ийн захирлын Б/135 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг бизнесийн албаны импортын хэлтсийн менежер ажилд эгүүлэн тогтоолгох, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх үеийн олговор болох 2 379 248 төгрөгийг болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Юнигаз” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Юнигаз” ХХК-ийн хүний нөөцийн ажилтнууд Б.Баатарзаяатай ярих гэж залгадаг боловч тэрээр утсаа авдаггүй, ярилцах боломжгүй байсан тул 2 удаа шуудангаар бичиг явуулсан байдаг.

Эхний удаад мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Баатарзаяагийн албан ёсны бүртгэлтэй гэрийн хаягаар нь шуудангаар явуулсан, Б.Баатарзаяагийн ээжид уг мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг.

“Юнигаз” ХХК ажлаас халсан тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дээрх хаягаар Б.Баатарзаяад шуудангаар явуулсан, шуудангийн ажилтан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2 дугаар хорооны Засаг дарга М.Энхмаад хүлээлгэж өгсөн байдаг.

Нэхэмжлэгч тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 29-нд хүлээж авсан гэж бичсэн нь  худал  байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргад энэ талаар лавлагаа авах албан хүсэлт өгөөгүй байхад тус шүүхэд хаяглан дээрх албан бичгийг Засаг дарга өөрийн санаачилгаар үйлдсэн байх тул уг нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулсан, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

Иймд Б.Баатарзаяа нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Б.Баатарзаяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд 2016-06-22-ны өдрөөс 2016-07-05-ны өдрийг дуустал 14 хоног амбулатороор эмчлүүлсэн гээд эмнэлгийн магадлагаа биш, харин эмнэлгийн хуудас нэг л удаа өгсөн.

Тэрээр 2016-07-06-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байхаар нь хүний нөөцийн ажилтан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж лавлаж асуухад түүний эмчилгээг 2016-07-06-ны өдрөөс 2016-07-25- ны өдөр хүртэл 20 хоногоор сунгасан байна гэсэн хариу өгсөн.

 Б.Баатарзаяа нь амбулатороор эмчилгээ хийлгэсэн гэх эмнэлгийн хуудсаа компанид авчирч өгөөгүй.

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015-02-18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 4.1.2, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 279 дүгээр тушаалаар батлагдсан “Өдрийн эмчилгээ хийх журам”-аас үзэхэд өдрийн эмчилгээ гэдэг нь өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр өвчний түүх нээж, эмнэлэгт 3 цагаас илүүгүй хугацаагаар эмчилгээ хийхийг хэлдэг байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2016-12-01-ний өдрийн 2/1286 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд Б.Баатарзаяа нь тус эмнэлэгт 2016-07-29, 2016-08-16-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг хийлгэсэн, харин ямар нэг шинжилгээ өгөөгүй, өдрийн эмчилгээ хийлгээгүй байна.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 3.2, 4.5, 4.7-д заасныг зөрчсөн байна.

Б.Баатарзаяа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэ үүргээ хангалтгүй биелүүлсэн. Б.Баатарзаяас зөөврийн компьютерийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөх мэдэгдэл, и-мэйл болон утсаар шаардахад тэрээр буцааж өгөөгүй. Тэрээр эмчилгээ хийлгэж байх хугацаандаа өөрийгөө орлох ажилтанд албан ажлаа зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй.  

Б.Баатарзаяагийн дээрх үйлдлүүд нь тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2.12, хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.7, 4.10-д заасан заалтуудыг зөрчсөн. Б.Баатарзаяа нь удаа дараа шаардуулсны эцэст 5 сарын дараа 2016-10-17-ны өдөр компанийн зөөврийн компьютерийг буцааж өгөхдөө өөрийнхөө хийж байсан ажлуудтай холбоотой ажлын тайлан, мэдээ, нэгтгэл зэрэг доторх бүх мэдээллийг нь устгасан, өөрийн ажлын имэйл хаягаар хүлээж авсан болон илгээсэн имэйл захидлуудаа бүгдийг нь устгасан байгаа нь хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Б.Баатарзаяа нь тус компанид ажиллаж байхдаа 2013 онд ОХУ-ын Алъянс компаниас шингэрүүлсэн хий худалдаж авах гэрээг байгуулахад оролцсон. ОХУ-ын энэ компанийн захирал ажилтан манай компанийг залилж 223 000 ам.долларын хохирол учруулсан талаархи эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Баатарзаяа нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа хэргийн талаар удирдлагуудад бүрэн, дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй, түүнчлэн эрүүгийн хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэн Мухарямов Р.Р шүүхэд мэдүүүлэхдээ Б.Баатарзаяаг энэ хэрэгт худал мэдүүлэг өгсөн, зарим мэдээллийг тухайн үед компанидаа хэлэлгүй нуусан гэж буруутгасан байдаг.

Мөн Б.Баатарзаяа нь импортын хэлтсийн мэргэжилтний хувьд гадаадын харилцагч байгууллагуудтай имэйлээр харилцаж байсан бөгөөд имэйл явуулахдаа өөрийн удирдлага, импортын хэлтсийн бусад ажилтнууддаа давхар явуулдаггүйгээс мэдээллийг удирдлага, бусад ажилтнуудад танилцуулдаггүй, хугацаа хэтрүүлдэг байсан.

 Нэхэмжлэгч нь эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх үеийн олговор 2 379 248.8 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллоос харахад 2 удаагийн эмнэлгийн хуудас, мөн эмнэлгийн магадлагааны хугацаагаар буюу 6-р сард ажлын 7 хоног, 7 дугаар сард ажлын 16 хоног, 8-р сард ажлын 11 хоног эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан хугацаагаар олговор авахаар нэхэмжилсэн байна. Гэвч энэ нэхэмжлэлийн дүнгээрээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул шүүх энэ шаардлагыг шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх үед нь ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан. Б.Баатарзаяагийн шүүхэд өгсөн 2 эмнэлгийн хуудас нь түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд амбулатороор эмчилгээ хийлгэснийг нотлохоос биш шинжилгээ хийлгэснийг нотлохгүй. Нэхэмжлэгч шүүхэд эмнэлгийн магадлагааг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлсэн гэж нотлох зорилгоор өгсөн ч тус эмнэлгийн лавлагаагаар Б.Баатарзаяа нь тус эмнэлэгт шинжилгээ хийлгээгүн, амбулатороор эмчлүүлээгүй, зөвхөн эмчийн үзлэг хийлгэсэн байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн шинжилгээний баримтуудыг харахад 2016-07-30- ны Бямба гаригт Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд Бямба гариг ажлын бус өдөр тул цалин хөлс бодогдохгүй, олговор олгох шаардлага байхгүй юм. 2016-06-22-нд Монгол Хьюндай эмнэлэгт нурууны компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд уг шинжилгээг хийлгэхэд ихдээ л 1 цаг зарцуулах боломжтой байхад 14 хоногийн цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь илт үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Баатарзаяагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Юнигаз” ХХК-ийн захирлын Б/135 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Баатарзаяаг “Юнигаз” ХХК-ийн Бизнесийн албаны Импортын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, “Юнигаз ХХК-иас 4 973 530 төгрөгийг гаргуулж Б.Баатарзаяад олгож, Б.Баатарзаяагийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг “Юнигаз” ХХК-д даалгаж,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Юнигаз ХХК-иас 325 053 төгрөгийг гаргуулж Б.Баатарзаяад олгож, Б.Баатарзаяагийн эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баатарзаяа нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гомдлын шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баатарзаяагийн өвчтэй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 018 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Юнигаз” ХХК-иас 10 401 төгрөгийг гаргуулж Б.Баатарзаяад олгож, 94 526 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулахыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үнэн зөв биш, эргэлзээтэй нь илэрхий болсон нотлох баримтын талаарх хариуцагчийн тайлбарыг зохих ёсоор үнэлсэнгүй.

Нэхэмжлэгч Б.Баатарзаяа нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2016-07-26-нд авсан эмнэлгийн магадлагаагаа компанид өгөлгүй, шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь уг эмнэлгийн магадлагааг авахаасаа өмнө Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс хоёр удаа эмнэлгийн хуудас авсан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-10 дугаар талуудад хариуцагчийг дээрх хоёр эмнэлгийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан мэтээр буруу бичээд эмнэлгийн хуудас олгох үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх үр дагаврыг эмнэлгийн байгууллага хариуцах тул нэхэмжлэгч үүнд буруугүй гэж дүгнээд нэхэмжлэгчийг ажил тасалсан ноцтой зөрчил гаргаагүй гэж буруу дүгнэжээ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам"-ын "Эмнэлгийн магадлагааны нэр төрөл" гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.1, мөн "Эмнэлгийн магадлагаа гаргах шаардлага, үндэслэл" 3.1.1, 3.2-д "Эмнэлгийн магадлагаа гаргах ба олгох" 4.1-д тус тус тодорхой заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн эмнэлгийн магадлагааг эмч 2016-07-26-ны өдөр бичиж олгохдоо 2016-07-26-наас 2016-08-02-ны өдөр хүртэл 7 хоногоор бичиж олгоод, 2016-08-02-ны өдөр сунгахдаа уг өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 10 хоног байхад 7 хоног сунгав гэж буруу бичсэн, дараа нь 2016-08-12-ны өдөр сунгахдаа уг өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл дахин 7 хоног сунгасан байдаг.

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс анхан шатны шүүхэд ирүүлсэн лавлагаанаас харахад Б.Баатарзаяа нь 2016-07-29-нд Мэдрэлийн эмгэг судлалын кабинетэд анх амбулаторийн үзлэг хийлгэсэн, 2016-08-16-нд давтан амбулаторийн үзлэг хийлгэсэн, зөвхөн эмч дангаар магадлагаа гаргасан байна.

Гэтэл 2016-07-28-ны өдөр амбулаторийн үзлэгт орсон Б.Баатарзаяад эмчид үзүүлэхээс нь 2 хоногийн өмнө буюу 2016-07-26-ны өдөр эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн, мөн 2016-08-02, 2016-08-12-ны өдрүүдэд эмчид давтан үзүүлээгүй байхад нь уг өдрүүдэд магадлагааны хугацааг сунгасан, магадлагаанд дугаар тавиагүй, эмнэлгийн магадлагаа олгосон тухайгаа эмнэлгийн тусгайлсан бүртгэлд бүртгүүлээгүй, эмч дангаар магадлагаа олгосон байхад эмнэлгийн байгууллагын тэмдэг дарсан байх тул уг магадлагаа нь үнэн зөв биш, эргэлзээтэй нотлох баримт болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сард шүүхэд өөрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарыг өгсөн байдаг ба уг картаас харахад анх Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд 2016-07-04-ний өдөр үзүүлсэн, сүүлд нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016-07-28-нд нэг удаа үзүүлсэн, Монгол хьюндэй эмнэлэгт 2016-07-31-нд нэг удаа үзүүлсэн байна. Нэхэмжлэгчийг ажлаас халснаас хойш тэрээр эмнэлгийн байгууллагаар үзүүлж, шинжлүүлэхээ больсон нь ойлгомжтой байна. Б.Баатарзаяагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016-08-15-ны өдөр тэрээр эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн, мөн эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан нь нотлогдоогүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх энэ талаарх нөхцөл байдал, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэнгүй. Б.Баатарзаяа нь 2016 оны 6-р сард ээлжийн амралттай байх хугацаандаа компанийн зөөврийн компьютерийг гэртээ аваачиж, хувьдаа ашигласан бөгөөд зөөврийн компьютерийг буцааж өгөхийг компанийн удирдлагууд, хүний нөөцийн албанаас удаа дараа шаардахад өгөлгүй байсаар 2016 оны 10 дугаар сард бусдаар дамжуулж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг зөөврийн компьютерийг ажилтан хэрхэн ашиглах талаар журам тогтоогоогүй, ажлын байрнаас гадагш авч явахыг хориглосон журам байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн зөөврийн компьютер буцааж өгөөгүй үйлдлийг зөрчил биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх үеийн олговор гэж 2 379 248 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эхний эмнэлгийн хуудасны дагуу нийгмийн даатгалын байгууллагаас олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 325 053 төгрөгийг компаниас нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч нь уг мөнгийг авах талаар хариуцагчид хүсэлт, шаардлага гаргаж байгаагүй, энэ талаар компани дээрээ ирж уулзаж байгаагүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, шаардаагүй мөнгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн тушаалд дурдсан, дээр дурдсан хоёр ноцтой зөрчил нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Баатарзаяа нь хариуцагч “Юнигаз” ХХК-д холбогдуулан тус компанийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, дутуу олгосон цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Баатарзаяа нь “Юнигаз” ХХК-ийн Бизнесийн албаны Импортын хэлтэст менежерээр ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/135 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 54 дэх тал/

Хариуцагч байгууллагаас тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөлөдмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.8, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, үндэслэлээ Б.Баатарзаяаг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, гадаадын харилцагч, бэлтгэн нийлүүлэгч компаниудтай харилцах, хамтран ажиллах үүрэг хүлээсэн боловч мэйл харилцааг тасалдуулсан, компанийн өмч болох компьютерийг дур мэдэн авч явсан ба удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа үл ойшоож, хайхрамжгүй хандсан гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Баатарзаяа ажил олгогч нь түүнийг өвчтэй байх үед ажлаас халсан  тул ажил олгогчийн шийдвэр хууль бус гэж маргасан.

 

Б.Баатарзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өвчтэй байсан нь эмнэлгийн хуудас 0938790 тоот баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч тал маргаагүй, энэ нь тушаалын үндэслэл болоогүй байна.

 

Б.Баатарзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байснаа нотлохоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ерөнхий эмчийн гарын үсэг зурагдсан эмнэлгийн магадлагааг баримтаар гаргажээ.

 

Уг магадлагаад Б.Баатарзаяагийн нэрийг “Баатар” гэж буруу бичсэн, огноо засвартай, ерөнхий эмчийн нэр тодорхойгүй байна. Эмнэлгийн энэ магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.5, 4.7-д заасан засваргүй, ойлгомжтой, тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллаын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр анхан шатны шүүх Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Б.Баатарзаяад олгосон эмнэлгийн магадлагаатай холбоотой лавлагаа авах ажиллагааг хийжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/1286 тоот албан бичигт Б.Баатарзаяа нь тус эмнэлгийн цахим бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16.07 цагт утсаар захиалга өгсөн, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 08.45 цаг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09.15 цагт тус тус Мэдрэлийн эмгэг судлалын кабинетэд үзүүлсэн, магадлагааг тус кабинетэд ажиллаж байсан эмч Б.Ууганбаяр өгсөн гэжээ. Б.Ууганбаяр эмч 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эмчийн үзлэг хийж, холбогдох эмчилгээ бичиж өгсөн тэмдэглэлийг Б.Баатарзаяагийн амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичжээ. Өөрөөр үзлэг хийсэн тэмдэглэлийг эмч Б.Ууганбаяр үйлдээгүй байна.

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн албан бичиг, Б.Баатарзаяагийн амбулаториор эмчлүүлэгчдийн картад хийсэн бичилт зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл эмч Б.Ууганбаяр нь өвчтөнд үзлэг хийхээс өмнө эмнэлгийн магадлагаа олгосон гэж үзэхээр байгаа нь уг баримтыг үнэн зөв, эргэлзээтэй гэж үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, Б.Ууганбаяр эмч нь өөрийн хийсэн үзлэгээс өмнө бусад эмч нарын үзлэгийг үндэслэн эмнэлгийн магадлагаа бичиж олгохдоо хугацааг урагшлуулж олгох эрхтэй байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Эмч өөрийн бичсэн магадлагааны үнэн зөвийг хариуцах нь нэхэмжлэгч эргэлзээтэй баримт бүрдүүлэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг баримтыг алдаатай байгааг мэдмэгц залруулахаар хүсэлт гаргах боломжтой юм.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.10 дахь заалтад ажилтан нь ажилд ирэхгүй байх тохиолдолд /өвчтэй байх/ удирдлагадаа даруй мэдэгдэх үүргийг хүлээжээ. Б.Баатарзаяа нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс олгогдсон эмнэлгийн магадлагааг ажил олгогчид хүргүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

 

Иймд ажилтан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр нь тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4, байгууллагын дотоод журмын 13.5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Гэтэл шүүх тухайн ажилтныг зөрчил гаргаагүй гэж дүгнэхдээ эмнэлгийн магадлагаа алдаатай бичигдсэнд иргэний хувьд Б.Баатарзаяа буруугүй, түүнд хамааралгүй гэж үнэлсэн нь нотлох баримтыг хэргийн бусад баримтын хамт тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Тушаалын дараах үндэслэл болох ажилтан компанийн өмч болох компьютер доторх мэдээллийн хамт дур мэдэн авч явсан ба удирдлагаас авчирч өгөхийг удаа дараа шаардсан боловч авчирч өгөөгүй гэх зөрчил тогтоогдсон байна. Маргааны зүйл болсон зөөврийн компьютер нь компанийн өмч болох талаар маргаангүй. Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдололд компанийн эд зүйлийг эзэмших эрхтэй гэх байдлаа нотлоогүй.

 

Харин тушаалын дараах үндэслэл болох гадаадын харилцагч, бэлтгэн нийтүүлэгч компаниудтай харилцах, хамтран ажиллах үрэг хүлээсэн боловч имэйл харилцааг тасалдуулсан гэх зөрчлийг тогтоосон баримт үгүй, нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Б.Баатарзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өвчтэй байсан нь эмнэлгийн хуудас 0938790 тоот баримтаар тогтоогдож байна. Энэ эмнэлгийн хуудасд хөдөлмөрийн чадвар түр алдсан шалтгааныг ахуйн осол гэж тодорхойсон байх боловч зохигчид талууд энэ талаар маргаагүй.

 

Эмнэлгийн хуудсыг ажилтан нь ажил олгогчид өгөөгүй нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтад энэ эмнэлгийн хуудас эх хувиар авагдсан байдлаар тогтоогдож байна.

 

Эмнэлгийн хуудас хүлээж аваагүй ажил олгогч тэтгэмж олгох үүрэгтэй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд эмнэлгийн магадлагаар чөлөөтэй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалыг ажилтанд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэх тайлбарыг гаргасан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд зохион байгуулагч ажилтай гэрч Д.Ганчимэгийн өгсөн мэдүүлгээс тухайн өдөр тодорхойлогдохгүй байх тул нэхэмжлэгч тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, өвчтэй байх хугацааны цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1,47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Юнигаз” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, дутуу олгосон цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Б.Баатарзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Юнигаз” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                          С.ЭНХТӨР

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА