Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0596

 

2022 оны 09 сарын 07 өдөр          221/МА2022/586          Улаанбаатар хот

 

 

НПГ-ын ЗХБАХТ ХХП М.Э-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                                                               

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ө.З

           Гомдол гаргагч: НПГ-ын  ЗХБАХТ  ХХП М.Э

Хариуцагч: ГЕГ-ын БДШГ-ын ГУБ Ө.З

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Г” ХХК

 

    Гомдлын шаардлага: “ГЕГ-ын БДШГ-ын ГУБ-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 586 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч НПГ-ын ЗХБАХТ ХХП М.Э, хариуцагч Ө.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0425/3

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1. Гомдол гаргагч М.Э-аас  ГЕГ-ын БДШГ-ын ГУБ Ө.З-д холбогдуулан “ГЕГ-ын БДШГ-ын ГУБ-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 586 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан НПГ-ын  ЗХБАХТ  ХХП-ын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хангаж, ГЕГ-ын БДШГ-ын ГУБ-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ө.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

 

     3.1. 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НПГ-ын  ЗХБАХТ ХХП М.Э-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай “2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" прокурорын дүгнэлтийг хэлэлцэх хуралдаан болсон. Дээрх өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шуух хуралдаанд оролцох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн боловч шүүх хуралдаан болж 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

    3.2. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/21-5-12/15-3 дугаартай “Г” ХХК-ийн гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаалийн нөхөн бүрдүүлэлтийг хийж, улсын хилээр барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компани нь зөрчлийг хүлээн зөвшөөрч, холбогдох нөхөн татвар, торгуулийг төлж барагдуулсан. Прокурорын байгууллагаас “Г” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/22-Г-01/19-01 дугаартай албан тоотыг үндэслэж холбогдогчийг буруу тогтоож торгууль ногдуулсан гэж дүгнэлт бичиж, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0089016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүргүүлсэн.

   3.3. Гэвч шүүхээс шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р зүйлийн 121.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалтгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хүргүүлж байна.

          3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2 дахь хэсэгт "шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах" гэж заасан байдаг. Хариуцагч 2022 оны 8-р сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох болсон. Иймд “шүүх хурал давхардаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байхад шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалтгүй, шүүх хуралдаанд хэргийг хянан шийдвэрлэсэн. Өмнө нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй.

          3.3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." гэж заасан байдаг. Гэтэл “Г” ХХК нь барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй импортолсноо хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн баримтууд, бараа худалдаж авсан гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримт зэргийг шалгалгүй, хэргийг хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан.

          3.3.3. Хариуцагчаас тайлбарт тусгасан дараах хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Дээд шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 439 дүгээр тогтоол “Гаалийн болон гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай"-ын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах гэдэгт “Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналт, шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн хяналт, шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар улсын хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна” гэж тайлбарласан. Барааг гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон үйлдэл нь барааг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд хамаарах эсэх,

        3.3.4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хууль ёсны зарчим. ...

3.4. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0586 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 4. Гомдол гаргагч давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 

ХЯНАВАЛ:

 

        1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

        2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. 

        3. Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журам зөрчсөн зөрчилгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

         4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Г” ХХК нь Гаалийн ерөнхий газарт хандаж “Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх тухай” 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, “Мэдээлэл хүргэх, итгэмжлэл олгох тухай” 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхээр хүсэлт гаргасныг “зөрчлөө сайн дураар илчилж ирсэн үйлдэл”-д тооцож, уг өдрөөс хойш буюу 3 сарын дараагаар гаалийн улсын байцаагч нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зөрчилд холбогдогчоор гаалийн бүрдүүлэлт хийлгүүлэн, зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, зөрчилд холбогдогчийг шалгаж тогтоогоогүй, зөрчлийн шинжийг тодорхойлолгүйгээр “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй зөрчил” гаргасан гэж үзэж шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал,

                4.1. Гаалийн улсын байцаагч зөрчилд холбогдогч “Г” ХХК-ийн БНХАУ-д захиалсан барааг Монгол улсын хилээр нэвтрэхэд “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийг ямар хуулийн этгээд мэдүүлэх үүрэг хүлээсэн, тухайлбал илгээгч буюу нийлүүлэгч тал эсхүл зуучлагч буюу тээвэрлэгчийн талын аль нь болох, барааг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон үйлдэл эс үйлдэхүй нь хэний буруутай үйлдэл гаргасан болохыг шалгах зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан хуулийн этгээдийг “гаалийн мэдүүлэгч”-ээр тогтоож шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

            4.2. Өөрөөр хэлбэл, Гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг;” ойлгоно гэж заасны дагуу  “гаалийн мэдүүлэгч” этгээдийг зөв тодорхойлж тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

            4.3. “Г” ХХК-ийн /бараа хүлээн авагч/ гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлтийг хуулийн этгээдийг үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн, хүлээн зөвшөөрсөн үйлдэл хэмээн үзэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалттай нийцээгүй байна

                4.4. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна”, 249.3-д “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно”, 249.4-д “Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж,

               Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 1.1-д “Гаалийн тухай хуулийн 235, 249.1-д заасны дагуу гаалийн байгууллагаас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.” 6.2-т “Гаалийн мэдүүлгийг дараах тохиолдолд нөхөн бичиж болно”, 6.2.1-т “хууль сахилгын түвшинд хийсэн өөрийн дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно” гэж тус тус заажээ.

 

              4.5. Дээрх хууль болон журмын зохицуулалтын дагуу гаалийн албан тушаалтан гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлтийг хэн хийх ёстой байсан, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрлийг хэн олгосон, гаалийн мэдүүлэгч этгээдийг шалгаж тогтоох зэргээр Гаалийн хууль зөрчсөн зөрчил үйлдсэн этгээдийг шалгаж тогтоогоогүй, бүрдүүлэлт болон бүрдүүлэлтийн дараах шалгалтыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.  

 

            5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчилд холбогдогчийг шалгаж тогтоогоогүйн дээр зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэсэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль ёсны зарчим хангагдаагүй байхад эрх бүхий албан тушаалтны зүгээс шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй “холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан ...” гэх прокурорын дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

        6. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн /Пүрэв гараг/ захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авч хойшлуулж, 4 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 09-ний өдөр /Мягмар гараг/ шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.

        7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т зааснаар хэргийн оролцогч болох хариуцагч нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Ө.З-оос “ шүүх хурал давхардаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлжээ.

        8. Ингэхдээ “шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулах” болсон үндэслэлээ нотолсон буюу Хан-уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохтой холбоотой ямар ч нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйд тооцох үндэслэлд хамаарах бөгөөд шүүхээс шүүх хуралдаанд ирсэн хэргийн бусад оролцогчийн гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтын үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан хэлэлцсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд  хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэсэнтэй нийцэж байх тул хариуцагчийн “... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

        9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, прокурорын дүгнэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШШ2022/0586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                                                                             

                                                                                                 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН 

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА