| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0145/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/163 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох 2029001980138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн урагш 12 километрт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Насанбатыг зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний алминд цус хуралт, баруун зүүн хацар, шанаа, доод уруул, баруун чих, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2029001980138 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн болохоор мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.
Хохирогч Б.Насанбатын: “...тэгээд Цогтцэций сумаас зүүн урагш гарч яваад хогийн цэгийн урагшаа явж байгаад зогсоод Э бид хоёр нөгөө архиа хувааж ууж байсан тэгээд би тухайн үед би нэлээн согтсон байсан тэгээд нэг хальт ухаан ороход Э миний толгойг өшиглөж байсан тэгээд нэг мэдсэн хадам ээжийнхээ гэрт нь орой нар жаргах үед сэрсэн тэгээд сэрээд хадам ээж Отгонтөгсөөс “би яаж ирсэн бэ, хэн хүргэж ирсэн бэ” гэсэн чинь хадам ээж “Баттөр ах нь хүргэж ирсэн” гэж хэлсэн тэгээд босоод ирсэн чинь толгой битүү хавдар болчихсон нүд тагларчихсан юм үзэхгүй байсан. тэгээд тэр өдрөө хэвтэж нүдэндээ жин тавьж байгаад маргааш нь эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуудаст/,
Насанд хүрээгүй гэрч А.Мөнхмандахын: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө намайг унтаж байхад Э ах найз Насанбаттай эмээгийн гэрт орж ирээд цай ууж байхдаа намайг “хөдөө аав, ээж дээрээ очих юм уу?” гэж асуусан тэгэхэд нь би “явъя” гэсэн Э ах Насанбат ах 2 гараад мотоциклдоо бензин хийчхээд буцаж ирсэн тэгээд намайг аваад бид 3 сумаас гарахаас өмнө Э, Насанбат ах 2 дэлгүүр орчхоод гарсан тэгээд сумаас урагшаа хогийн хонхроос урагш явж байгаад зогсоод Э, Насанбат ах 2, нэг шилтэй архи гаргаж ирээд ууж байсан. Би бие засах гээд явчхаад ирэхэд Э, Насанбат 2 барилдаад, ноцолдоод байсан, тэгэхэд нь би “одоо явъя” гэж хэлэхэд намайг тоохгүй байсан тэгж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн тэгэхэд нь би айгаад зугтсан, утасны сүлжээ байхгүй байсан болохоор өндөр газар гарч утасны сүлжээ орохоор нь Ууганцэцэг эгчийн гар утас руу залгаж “Э, Насанбат ах 2 зодолдоод байна хүрээд ир” гэж хэлсэн тэгээд Ууганцэцэг эгчийг иртэл би тэр утасны сүлжээтэй газраа байж байгаад Ууганцэцэг эгчийг ирэхээр нь очиж машинд нь суугаад явсан” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/,
Гэрч Т.Баттөрийн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Цогтцэций сумын төвд байх хамт ажилдаг Эрдэнэсүх ахынд ажлын талаар юм асуухаар очсон байхад 16 цаг 02 минутад манай найзын эхнэр Ууганцэцэг 88021163 дугаараас миний гар утас руу залгаад “Насанбат хөдөө хүнд зодуулсан байсныг аваад ирлээ гэрээс ирээд ав” гэсэн. Тэгээд би мотоциклтой Насанбатыг авахаар Шинэ хотхоны 3-5 тоотод Ууганцэцэгийн гэрт очиход Насанбатын нүүр нь танигдахын аргагүй хавдаад улайгаад, баруун чихнээс нь цус гарсан, гарын алганы ар хэсэг нь шалбарсан өмссөн хувцас нь шороо болсон байдалтай байсан. тэгээд би Ууганцэцэгээс “хаанаас очиж авсан, хэнд зодуулсан” талаар асуухад “сумаас зүүн урд зүгт хөдөө байсныг очиж ав ирлээ, манай нэг дүүтэй зодолдсон юм шиг байна” гэсэн тэгээд Насанбат “юм харахгүй байна” гээд хөтөлж яваад мотоциклийн ард суулгаад эгч Отгонтөгсийн гэрт нь хүргэж ирэхэд гэрт нь хүн байгаагүй Насанбатыг хашааны сүүдэрт хэвтүүлээд эгч рүү утсаар ярьж “Насанбатыг ийм байдалтай үлдээгээд явлаа шүү” гээд явсан” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудаст/,
Гэрч Ү.Ууганцэцэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед манай хамаатны Мөнхмандах гээд хүүхэд над руу утсаар ярихдаа “Э ах Насанбат ах хоёр хоорондоо зодолдоод байна, эгээ намайг ирээд аваач Цогтцэций сумаас зүүн урагшаа 12 километрт байна гэсэн. Тэгээд тэр үед би ажилтай байсан учраас ойролцоогоор 2 цаг гаруйн дараа өөрийнхөө машинаар сумаас гарч байгаа газарт нь охиныг авахаар очиход Насанбат Э хоёр хоорондоо зодолдсон байдалтай хөдөө унтаж байсан. Насанбатын нүүр нь хавдсан уруулнаас цус гарсан байхаар нь эмнэлгийн тусламж үзүүлье гэж бодоод манай дүү Мөнхмандахын хамтаар машиндаа суулгасан. Э нь дуудаад сэрэхгүй байхаар нь тэнд нь орхисон. Тэгээд гэртээ ирж Насанбатын хамаатан болох Баттөрийг дуудсан удалгүй Баттөр ирээд Насанбатыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай “1. Б.Насанбатын биед тархи доргилт, зүүн нүдний алминд цус хуралд, баруун, зүүн хацар, шанаа, доод уруул, баруун чих, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 36-37-р хуудаст/,
Яллагдагч Б.Эын: “...Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж уг гэмтлийг би Б.Насанбатын биед учруулсан тэнд бид хоёртоо цуг манай төрсөн дүү байсан. манай дүү хэлэхдээ та хоёр архи уучхаад хоорондоо зодолдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 45-р хуудаст/,
Шүүгдэгч Б.Эын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 47-50, , 52-57, 64-р хуудаст/,
Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 51-р хуудас/,
Б.Эын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 65-77-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн урагш 12 километрт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Насанбатыг зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний алминд цус хуралт, баруун зүүн хацар, шанаа, доод уруул, баруун чих, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Насанбатын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Эын хохирогчийн нүүр, гаран тус газар нь гараараа болон хөлөөрөө цохисон үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Хохирогч Б.Насанбатын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай “1. Б.Насанбатын биед тархи доргилт, зүүн нүдний алминд цус хуралд, баруун, зүүн хацар, шанаа, доод уруул, баруун чих, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 36-37-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Насанбатад хохирол төлбөрт 800,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 51-р хуудас/
Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол төлбөрт нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрвөн/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбадоржийн Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Насанбатад 800.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б. нь хохирогч Б.Насанбатад 800,000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Насанбат гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ