| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0144/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/168 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ц.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох 2029001940146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн уурхайн талбайд уулын засварын хүнд машин механизмын засварын ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалтад заасан “ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” мөн хуулийн 18.2.7 дахь заалтад заасан “өөрийгөө болон бусдыг аюулд, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчин ажлын байрны анхан шатны зааварчилгааны утгад ороогүй ажлыг дур мэдэн гүйцэтгэж, дохиочны дохио өгөгдөөгүй байхад сэрээт өргөгчийг ажиллуулан иргэн Ч.Булгантамирыг хайрцагтай сэлбэг рүү сэрээт өргөгчийн сэрээгээр хавчин эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс чацархайн урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 2029001940146 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ч.Булгантамирын: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө ажилдаа очиж наряд, зааварчилгаа аваад Жанибек, Энхбаяр, О, Саранхүү нарын хамт экскебаторт үйлчилгээ хийж гидрын насос солих ажилд багаараа гарсан. Тэгээд экскебатор дээрээ очоод солих гэж байсан насосыг ачиж очсон машин дээрээс буулгах болоод би Жанибектэй хамт машины тэвшин дээр гарч хайрцагтай сэлбэгийг гинжээр оосорлох гээд бэлдэж байхад О сэрээт өргөгч жолоодож ирээд намайг цаашаа хараад тонгойгоод гинж янзалж байхад араас юм түлхэх шиг болоод намайг хайрцагтай сэлбэг рүү сэрээт өргөгчийн сэрээгээр хавчсан. Сэрээт өргөгчийг ухарсны дараа би тэндээ доошоо хэвтээд өгсөн. Тэр үед манайхан ирээд эмч, мастеруудыг дуудаад намайг сумын эмнэлэг дээр авчирч хагалгаанд орж 9 хоног эмнэлэгт хэвтээд Улаанбаатар хот ороод Гэмтлийн эмнэлэгт үзүүлчхээд Орхон аймаг руу гэртээ харьсан.”, “Уг нь бол би тухайн үед оосорлогчоор ажиллаж байсан учир оройтож ирээд хүлээж байгаад миний дохиогоор ажиллах ёстой байсан”, “Ачааны машин урд зүг рүү хараад зогсож байсан. Тэвшин дээр 2 хайрцагтай сэлбэг байсан, би хайрцагтай сэлбэгийн баруун талд, Жанибек зүүн талд нь байсан. Сэрээт өргөгч ачааны машины зүүн талаас хөдлөөд араар нь тойрч байхдаа намайг хавччихсан. Уг нь бол миний ард ойролцоо ирээд хүлээж байгаад намайг оосорлож дуусаад дохио өгөхөд өргөх үйлдэл хийх байсан. Миний араас ирсэн болохоор би яг ямар байдлаар хавчсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудаст/,
Гэрч Т.Санчирын: “...Тэгээд 9 цагийн үед засвар хийх экскебатор дээр очоод байж байхад кран тракторт хайрцагтай сэлбэг ачаад ирсэн. Жанибек, Булгантамир нар тэвшин дээр гараад оосорлох, О сэрээт өргөгчөөр сэлбэг буулгах гээд ачиж ирсэн крант машиныг тойрч байсан. би тэр үед хамгаалах хувцсаа өмсөөд крант машины баруун талд зогсож байхад хүн хашиграх шиг болохоор нь харахад Булгантамир сэрээт өргөгчийн сэрээ, хайрцагтай сэлбэгийн хооронд хавчуулагдсан байсан. Жанибек “ухраарай” гээд хашгирч байсан. Тэгээд сэрээт өргөгч ухарч Булгантамир хажуу тийшээ хэвтээд өгсөн. Тэгээд би тэвшин дээр гарахад О гараад ирсэн байсан. Би Булгантамирыг хамгаалах цагаан хувцсыг нь ураад харахад биен дээр нь хавчуулагдсан мөр гарсан байсан, цус гараагүй байсан. тэгээд эмнэлгийн хэсэг ирж авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудаст/,
Гэрч Жанибекийн: “...тэгээд Ц.О сэрээт өргөгч жолоодож Булгантамир бид 2 ирсэн машины тэвшин дээр гарч шинэ сэлбэгийг өргөхөд бэлдэж оосорлож байсан. Би уг шинэ сэлбэгийн баруун талд Булгантамир урд талд нь зогсоод гинжээр оосорлож байхад сэрээт өргөгч уг сэлбэг ачсан машины хойд талаас хөдөлж баруун талаар нь тойроод урд талд нь ирж байгаа харагдаж байсан тэр үед би хайрцагтай шинэ сэлбэгийн доогуур оруулж оосорлож байсан гинжийг татаад тонгойгоод сууж байхад Булгантамир их эвгүй дуу авиа гаргахаар нь өндийгөөд харахад сэрээт өргөгчийн зүүн талын сэрээ хажуу талаараа Булгантамирыг хайрцагтай хавччихсан байсан. тэгээд би сандраад “хөөе хөөе хойшоо ухраарай” гэхэд О ухрахад Булгантамир хажуу тийшээ жаахан алхаж байгаад хэвтээд өгсөн. Тэгээд ахлах механикт мэдэгдэж ахлах эмнэлгийн хэсэг дуудаж эмнэлэг рүү авч явсан”, “Булгантамир өөрөө дохиочин, оосорлогч нь байсан”, “уг нь бол сэрээт өргөгч нь дохиочны дохиогоор ажиллах ёстой байсан. Отгонбаяр ах тухайн үед яагаад ойртох болсныг мэдэхгүй байна. Дөхөж байя гэж бодсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудаст/,
Гэрч Б.Үүрийнтуяагийн: “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 09 цаг 30 минутын орчимд засварын ахлах мастер Дарханбаяр утсаар надад хэлэхдээ “экскобатор EX9011 дээр ажиллаж байсан ажилтан гэмтлээ” гэж дуудлага өгсөн. Надад “уурхайн эмч болон аврах багт дуудлага өгсөн” гэж хэлсэн. дуудлагыг хүлээн авч нэгдсэн оффисоос хэрэг болсон газар болох уурхайн олборлолтын хэсэг рүү явсан. Уурхайн олборлолтын хэсэг рүү явах замд эмнэлгийн бүрэлдэхүүн тухайн гэмтсэн ажилтныг Сум дундын эмнэлэг рүү аваад явж байсан ба замдаа зөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудаст/,
Гэрч Г.Хорлоогийн: “...тэгээд тухайн техникийг зогсоолд тавьж байрлуулсны дараа Жамбалдорж хөдөлгүүрийг шалгах гээд орсон. Миний бие эксковаторыг унтраахаас өмнө тухайн техникийн доод хэсэг болон дээд хэсгийг холбосон эд ангийг шалгах шаардлагатай байсан тул хэмжих багажийг би угсарч байсан. Тухайн эд ангийг угсарч байх хооронд хүн орилох чимээ гарсан, хийж байсан зүйлээ орхиод эргээд хартал Булгантамир манитов буюу сэрээт өргөгчийн сэрээнд цохиулаад хэвтсэн байдалтай байсан. Тэгээд тухайн хэрэг болсон газар очиход О, Жанибек хоёр хэвтүүлж байсан ба очоод Булгантамираас “хөдөлж чадаж байна уу” гэж асуухад “амьсгалж чадахгүй байна” гээд нуруугаа дараад хэвтээд байсан. Би эргэж хараад эксковатор дээр байсан Энхбаярыг дуудаж дарга ахлах нарт мэдэгдэж түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудаст/,
Гэрч Р.Жамбалдоржийн: “...Тэгээд тухайн техникийг зогсоолд нь тавьж байрлуулсны дараа хөдөлгүүрийн өрөө рүү орж 1 ба 2 дугаар хөдөлгүүрийн үзлэгийг хийсэн. 2 дугаар хөдөлгүүр дээр тест оношилгоо хийж байсан. Тэгээд 09 цагийн орчмын үед хөдөлгүүрийн өрөөнөөс гараад “эксковатороо хөдөлгөж болох уу” гэж ажлын хүмүүсээс асуухад “ажлаа зогсоо осол болсон байна” гэж хэлсэн. Тэгээд ажлаа зогсоогоод осол болсон газар очсон. Намайг очиход түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтнууд ирсэн байсан. Тухайн бэртэл авсан хүнийг тэвшин дээрээс буулгахад тусалсан. Тэгээд түргэний автомашинд суулган эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудаст/,
Гэрч Г.Энхбаярын: “...Тэгээд бид хоёр оношилгоо бусад зүйлсээ хийгээд 09 цаг 17 минутын үеп хөдөлгүүрийн өрөөнөөс гарч ирсэн. Хөдөлгүүр асаалттай дуу чимээ ихтэй байсан болохоор сонсогдоогүй ба манай ажилтан намайг холоос даллаад байсан. тэгээд юу болсныг мэдэхгүй байсан болохоор засаж байсан эксковатораа унтраагаад явж очиход үйлдвэрлэлийн осол болчихсон байсан. Тухайн осол болсон газар очиход Булгантамир тэвшин дээр хэвтэж байсан, манай ажлын багийнхан анхны тусламж үзүүлэхээр тойроод зогссон байдалтай би утсаар гялс залган ээлжийн ахлах болон мастертаа мэдэгдсэн. Мөн уурхайн онцгой байдалд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудаст/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 511 дугаартай “1. Ч.Булгантамирын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс-чацархайн урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Үг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудаст/
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудаст/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14-р хуудаст/,
Шүүгдэгч Ц.Оын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 92-94, 135, 140-142, 154-159 дугаар хуудаст/,
Ц.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 95-р хуудаст/
Ц.Оын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 36-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн уурхайн талбайд уулын засварын хүнд машин механизмын засварын ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалтад заасан “ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” мөн хуулийн 18.2.7 дахь заалтад заасан “өөрийгөө болон бусдыг аюулд, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчин ажлын байрны анхан шатны зааварчилгааны утгад ороогүй ажлыг дур мэдэн гүйцэтгэж, дохиочны дохио өгөгдөөгүй байхад сэрээт өргөгчийг ажиллуулан иргэн Ч.Булгантамирыг хайрцагтай сэлбэг рүү сэрээт өргөгчийн сэрээгээр хавчин эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс чацархайн урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ч.Булгантамирын биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Ц.Оын хохирогчийг хайрцагтай сэлбэг рүү сэрээт өргөгчийн сэрээгээр хавчсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Оыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ч.Булгантамирын биед хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 511 дугаартай “1. Ч.Булгантамирын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс-чацархайн урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Үг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудаст/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй. Энэ хэргийн хохирогч Ч.Булгантамир нь “...миний бие Чимэддорж овогтой Булгантамир нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хавтаст хэрэгтэй танилцахгүй, шүүх хуралд очихгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэж прокурорын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ц.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Ламын гэгээн овгийн Ц.О нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон сэрээт өргөгчийн операторын эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.О нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 95-р хуудас/
Шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Булгантамир нь гомдол саналгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөн эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Оын 19/172 дугаартай Сэрээт өргөгчийн операторын үнэмлэх хураагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Оын сэрээт өргөгчийн операторын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэрээт өргөгчийн операторын эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ц.Оыг 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан сэрээт өргөгчийн операторын эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Булгантамир нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Оын 19/172 дугаартай сэрээт өргөгчийн операторын үнэмлэх хураагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Оын сэрээт өргөгчийн операторын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ