Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/170

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор: Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Г.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нт холбогдох 2029002600150 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 06-07 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд 2 дугаар баг, Цагаан Шивээ гэх газарт Х.Алтангэрэлийн нүүр, толгойн тус газарт цохиж биед нь тархины доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нт холбогдох эрүүгийн 2029002600150 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй”гэв.

Хохирогч Х.Алтангэрэлийн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө... Батмагнай бид хоёр хороо, бууц, ус гэж ярьж байгаад хоорондоо маргалдаж байгаад би Батмагнайд хандаж чи намайг таних танихгүй хүнд битгий муу хэлээд бай. Хэлэх юм байвал надад хэлчих гэж хэлсэн чинь тэгвэл чамайг айлд аваачиж нүүрэлдүүлнэ гэж гэрээс гаргах гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь намайг хөл нүцгэн чирч гаргаад машины хаалга онгойлгоод суулгах гээд түлхээд байхаар нь учир байдлаа хэлээд би хувцсаа өмсөөд сууя гэж хэлээд гэр лүүгээ орох гэсэн чинь хамт явсан нэг залуу нь гэнэт миний нүүр толгой руу гараараа цохиод Батмагнай миний гараас барьчихсан тавихгүй байхаар нь би орилж хашгирсан чинь манай хүү хажуу талын гэрээс гарч ирээд салгаад намайг гэртээ оруулсан... тэгээд Батмагнай намайг зодсон хүнтэй орж ирэхээр нь дахиад намайг та нар зодвол би хутгална шүү гэсэн...миний нүүр болон нүд, дух, толгой хэсэг рүү гараараа 2 удаа, толгой руу 2 удаа цохисон. Батмагнай миний гарыг мушгиад барьсан байсан болохоор гар хөдөлж болохгүй байсан. Өөр гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-н 9-12-р хуудаст/,

Гэрч Б.Билгүүний: “...Би яг хэн цохисон үгүйг нь хараагүй. Машинаас буугаад очсон чинь Н руу чи намайг цохидог хэн бэ гээд орилж хашгираад байсан... Батмагнай тэр эгчийн гарыг мушгисан үгүйг нь би мэдэхгүй. Ямар ч байсан хутгыг нь авах гээд ноцолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудаст/,

Гэрч Т.Батмагнайгийн: “...Алтангэрэлийг гараас чирээд гэрээс аваад гараад машинд суулгах гэсэн чинь Алтангэрэл суухгүй чаргуулдаад байхаар нь би зууралдаад машины зөв талаар орох гээд араар нь ортол Н машинаас бууж ирээд Алтангэрэлийг цохичих шиг болсон санагдаж байна. Би яг цохисон үгүйг нь сайн хараагүй... хаанаас хутга авсан юм мэдэхгүй гартаа хутга барьсан байхаар нь түүнийг авах гээд гарыг нь бугуй хэсгээс нь бариад хутга булаацалдаад байж байтал Алтангэрэлийн хүү Ууганбаяр гэрээс гарч ирээд Ныг яагаад миний ээжийг зодоод байгаа юм бэ гээд цохиод авах шиг болсон. Би гэрээс гарч ирэхдээ Алтангэрэлийн баруун гараас чирээд гарч ирсэн. Мөн хутгыг нь авах гээд гарыг нь дарсан зүйл байгаа” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудаст/,

Г.Нын гэрчээр өгсөн: “...Алтангэрэл хувцсаа өмсөөд дуусаагүй байхад Батмагнай чирэхээр нь би гэрээс гараад машинд суусан чинь Батмагнай араас гарч ирээд машинд суугаад буцаад гэр лүү орох гэсэн чинь ...Батмагнай оруулахгүй тэр чирээд машины бөгсөөр орохоор нь би машинаас бууж очоод Батмагнайд хандаж наад хүнээ орхи явья гэж хэлсэн чинь миний үгийг ойшоогоогүй дуулаагүй юм шиг байхаар нь очоод Батмагнайг салгаж авч явах гээд голоор нь орсон чинь чи намайг зоддог хэн бэ гээд доошоо суугаад уйлаад шороо самраад эхэлсэн. Би яаснаа мэдээгүй зогсож байсан чинь Батмагнай Алтангэрэлийг цааш нь түлхээд хориод байсан чинь намайг гэнэт зүүн талаас нэг хүн цохиж унагаад дээрээс дараад заамдаж аваад 2-3 удаа нүүр лүү цохихоор нь би тэр хүнд хандаж чи намайг цохидог хэн бэ гэж хэлсэн чинь чи миний ээжийг зоддог хэн бэ гэхээр нь зодоогүй учрыг нь ойлго ярьж уулзъя гэж хэлсэн чинь намайг босгосон. Би санамсаргүй байдлаар Алтангэрэлийн нүд, хөмсөгний дээд хэсэгт цохигдсон байсан. гараараа цохигдсон байсан... би санамсаргүй байдлаар салгах гэж байгаад Алтангэрэлийг гараараа цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-н 19-22-р хуудаст/,

 Гэрч А.Уууганбаатарын: “...гэрээс гараад ирсэн чинь миний ээж Алтангэрэлийг Батмагнай гараас нь зуурсан байсан чинь нэг танихгүй Батмагнайтай хамт ирсэн Н гэх залуу ээжийг нүүр лүү нь гараараа цохиж байгаа харагдахаар нь би гүйж очоод барьж аваад нэг удаа нүүр лүү нь гараараа цохиж аваад цааш нь түлхэж унагаад дарсан чинь ээж хашигчаад байхаар нь эргээд харсан чинь гартаа хутга барьсан байсан хутгийг нь аваад гэрт оруулсан. Батмагнай манай ээжийг цохиж зодсон зүйл байхгүй. Харин  ээжийн гарт байсан хутгыг авах гээд ноцолдоод байхад ээж өгөхгүй байхаар нь би очиж авсан” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 605 дугаартай “1. Х.Алтангэрэлийн биед тархины доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, зүүн тавхайн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудаст/,

Яллагдагч Г.Нын: “...би Алтангэрэлийг гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Биед нь тархины доргилт, баруун нүдний зовхинд учирсан гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 41-р хуудаст/,

Шүүгдэгч Г.Нын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 47-50, 53-56, 103-106-р хуудаст/,

Г.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 43-р хуудас/,

Г.Нын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 60-67, 75-87 -р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 06-07 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд 2 дугаар баг, Цагаан Шивээ гэх газарт Х.Алтангэрэлийн нүүр, толгойн тус газарт цохиж биед нь тархины доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Х.Алтангэрэлийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Нын хохирогчийн нүүр, гаран тус газар нь гараараа цохисон үйлдлүүдтэй  шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Х.Алтангэрэлийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 605 дугаартай “1. Х.Алтангэрэлийн биед тархины доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, зүүн тавхайн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-н 28-29-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н нь хохирогч Х.Алтангэрэлд хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 105-р хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43-р хуудас/

Шүүгдэгч Г.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол төлбөр нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулах нь зүйтэй. 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Нын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Н нь хохирогч Х.Алтангэрэлд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Х.Алтангэрэл хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Нт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАТМӨНХ