| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0152/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/171 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 2029000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Жавхлант гэдэг газарт нутаглах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “таарч тохирохгүй юм байна” гэх шалтгаанаас маргалдан улмаар аяга шидэж толгойн тус газар нь онож түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүд хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн хохирогч А.Отгонгэрэлийг “агталсан тэмээ усалсан” гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр зодож зулайд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2029000000147 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Од мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.Оийн: “...Тэгээд удалгүй дүү Отгонгэрэл над руу утсаар залгаад мотоциклтой ирж аваад гэртээ ороод очсон Од унтаж байгаад сэрээд агсарч эхэлсэн. Чи бид 2 таарч тохирохгүй юм байна чи зайл гэхэд би гэрийн үүд хэсэгт зогсож байхад Од гэрийн хоймроос над руу данх, 3 аяга авч шидэхэд данх нь оноогүй, эхний аяга шидэхэд миний духан дээр оноод хагараад зүүн духны дээд хэсэгт зүсэгдэж их цус гарсан, дараа нь дахиад аяга шидэхэд миний зүүн нүдний доод хэсэгт онож хагарсан, дараа нь дахиад аяга шидэхэд над дээр оноогүй. Тэгээд би уйлаад гэрээс гараад зугтаасан чинь миний дүү Отгонгэрэл хүрээд ирэхээр нь бид 2 овооны ард нуугдсан. Гадаа хүйтэн даараад байхаар нь бид 2 буцаад гэртээ ирсэн чинь галын дэгээ авч гараад гадаа дүү Отгонгэрэлийг толгой, бие хэсэг рүү шавхраад байхаар нь би хорих гэсэн боловч дийлдэхгүй байж байснаа бид хоёрыг гэрт оруулаад унтуулсан. Тэгээд өглөө босоод надаас гарсан цусыг цэвэрлээд, нүүр, ам, хувцас хунар солиод угааж хагарсан аягануудыг хамж цэвэрлэсэн. Тэгээд би босоогүй орондоо хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 12-15-р хуудаст/,
Хохирогч А.Отгонгэрэлийн: “...удахгүй араас галын дэгээ төмөр барьж гарч ирээд чамайг тэмээ битгий усал гэж хэлээ биз дээ гээд миний толгой, баруун гарын булчин хэсэг, зүүн хөл рүү цохихоор нь би зугтаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-н 20-р хуудаст/,
Б.Оийн: “...Тэгээд буцах замдаа эхнэртэйгээ маргалдаад тэгээд гэртээ ирээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь эхнэр гэрт ороод байсан. тэгээд дүү Отгонгэрэлд хандаж тэмээ агталсан байгаа шүү битгий услаарай гэж хэлсэн байсан чинь манай дүү Отгонгэрэл тэмээ усалсан байхаар нь уур хүрээд эхнэрийг зайл гэж хэлчхээд 2-3 аяга данх авч шидчихээд галын дэгээ аваад дүү Отгонгэрэлийг 2-3 удаа цохиж авсан яг хаана хаана цохисноо санахгүй байна. Тэгээд би үлдсэн архийг уугаад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 632 дугаартай “Г.Отгонгэрэлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Духны гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүүн нүд, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Г.Отгонгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 644 дугаартай “...А.Отгонгэрэлийн биед зулайд шарх, баруун мөрөнд цус хурал, баруун гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. А.Отгонгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудаст/,
Яллагдагч Б.Оийн: “...би 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Отгонгэрэлтэй маргалдан аяга авч шидэн биед нь гэмтэл учруулаад дүү А.Отгонгэрэлийг тэмээ агталсан байхад усаллаа гэж муудалцан галын дэгээгээр хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудаст/,
Шүүгдэгч Б.Оийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 47-53-р хуудаст/,
Б.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 44-р хуудас/,
Б.Оийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 55-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Одончимэд нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Жавхлант гэдэг газарт нутаглах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “таарч тохирохгүй юм байна” гэх шалтгаанаас маргалдан улмаар аяга шидэж толгойн тус газар нь онож түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүд хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн хохирогч А.Отгонгэрэлийг “агталсан тэмээ усалсан” гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр зодож зулайд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Г.Отгонгэрэл, А.Отгонгэрэл нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Оийн хохирогч нарын толгойн тус газарт нь аягаар цохисон, галын дэгээ төмөр мэт зүйлээр толгой, мөр хэсэгт нь цохисон үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч Б.Од, хохирогч Г.Отгонгэрэл нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байх боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 13-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Оийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Г.Отгонгэрэл, А.Отгонгэрэл нарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 632 дугаартай “Г.Отгонгэрэлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Духны гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүүн нүд, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Г.Отгонгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 644 дугаартай “...А.Отгонгэрэлийн биед зулайд шарх, баруун мөрөнд цус хурал, баруун гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. А.Отгонгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй. Энэ хэргийн хохирогч Г.Отгонгэрэл, А.Отгонгэрэл нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
3.Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.О нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Одончимэд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай, бариул хэсгийг бөөрөнхийлж дүрс гаргасан үзүүр хэсгийг 90 градус өнцөг үүсгэж мурийлгасан галын дэгээ гэх зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Б.Оийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Од нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Од нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Оийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Отгонгэрэл, А.Отгонгэрэл нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай, бариул хэсгийг бөөрөнхийлж дүрс гаргасан үзүүр хэсгийг 90 градус өнцөг үүсгэж мурийлгасан галын дэгээ гэх зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ