| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0140/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/65 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Г.Г /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2008026471381 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/468 дугаар тоот тушаалаар засал чимэглэлчин албан тушаалд томилогдсон дэд ахлагч цолтой цэргийн албан хаагч нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2008026471381 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:
Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр зөрлөгт барилгын бүтээн байгуулалтын ажилд томилогдон очиж ажиллаж байхдаа ажлаасаа шантраад эмнэлэгт үзүүлнэ гэж хэлж яваад эргэж очоогүй өдийг хүргэсэн. Байгууллагадаа ажлаас гарах талаар амаар болон бичгээр хандаж байгаагүй, цэргийн анги удирдлагаас дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй.
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм алдаа гаргахгүй. Би эхнэртээ болсон, эхнэр маань жирэмсэн, би одоо ердөө 21 настай, шоронгийн хаалга татмааргүй байна, хэрэг төвөгт холбогдохгүй гэдгээ шүүхэд амлаж байна. Иймд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.Г нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/468 дугаар тоот тушаалаар засал чимэглэлчин албан тушаалд томилогдсон дэд ахлагч цолтой цэргийн албан хаагч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “цэргийн жинхэнэ албан хаагч” гэж цэргийн байгууллагад алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Г.Г нь “цэргийн алба хаагчийн тангараг өргөсөн, хуулийн дагуу цэргийн хувцас өмсөж, мөрдөс зүүсэн, дэд ахлагч цолтой, цэргийн жинхэнэ албан хаагч” болох нь:
-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/468 дугаартай “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн ахлагч нарыг томилох тухай”, 39. Дэд ахлагч Гантөмөрийн Гийг Зэвсэгт хүчний 017 дугаар ангид барилга угсралт, засварын бүлгийн засал чимэглэлчнээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай” гэсэн, мөн өдрийн Б/467 дугаартай “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн сонсогч нарт цэргийн цол олгох тухай” тушаалын 55. “Сонсогч Гантөмөрийн Гийг ахлагчийн албанд авч, дэд ахлагч цол олгосугай” гэсэн тушаалууд, Зэвсэгт хүчний жанжин штабын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Томилолтын хуудас” болон цэргийн цол олгосон үнэмлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр;
2. Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар ажиллахаар томилогдсон болох нь:
-Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Захирагчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/364 дугаартай “Барилга хариуцсан бариулагч инженер, ажилчдыг томилох тухай” тушаал, тушаалын хавсралтаар;
3. Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан болох нь:
-Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой асууж тодруулах санал хүсэлт байхгүй...би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-76/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-Дэд ахлагч Г.Гийн 2020 оны 7, 8 дугаар сарын цагийн бүртгэл /хх-11/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Балжиннямын өгсөн: “...манай зэвсэгт хүчний 017 дугаар ангид засал чимэглэлчин гэх албан тушаалд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/468 дугаар тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан дэд ахлагч цолтой Гантөмөр овогтой Г нь тус цэргийн ангийн захирагчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/364 дүгээр тушаалаар Өмнөговь аймагт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан цэргийн сахилгын дүрмийн 36 дугаарт заасан заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм...дэд ахлагч Г.Г нь цэргийн алба хаагчийн тангараг өргөсөн хуулийн дагуу цэргийн хувцас өмсөж, мөрдөс зүүсэн цэргийн алба хаагч мөн. Ямар ч шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан бөгөөд цэргийн ангийн зүгээс дэд ахлагч Г.Гийг барилга угсралтын ажлаас шантарч цэргийн ангид ажиллах сонирхолгүй байгаа учраас шалтгаангүй ажлаа тасалж хаяж явсан гэж ойлгож байна. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хүний нөөцийн ажилтан дэслэгч Эрдэнэчимэг нь Г.Гийн ар гэр болон өөртэй нь холбоо барьж ажилдаа ирэх талаар удаа дараа хэлэхэд үгэнд оролгүй, шалтгаанаа хэлэхгүй ажилдаа ирэхгүй байгаа юм. Ажлаас гарах талаараа огт хэлж ярьж байгаагүй бөгөөд гэнэт шалтгаангүйгээр ажлаа хаяад явчихсан. Нэг ч удаа өргөдөл гаргаж ажлаасаа гарах талаар хэлж байгаагүй. Г нь төрийн албан хаагчийн цалингийн шатлалаар цалинжиж дээрээс нь нэмж төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоногт 69.000 төгрөгийн томилолтын зардал цалин нэмж авдаг байсан бөгөөд ажиллаж байгаа газартаа байрлан хоол унд, хувцас хэрэглэл бүх зүйлээр хангагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-27/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Гантөмөр овогтой Г нь тус ангийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдон гүйцэтгэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анги байгууллагад мэдэгдэлгүй гэнэт ажлаа орхин алга болоод байгаа юм. Тэр өдрөөс үүргийнхээ хуваарийн дагуу холбогдож ажилдаа ирэхийг удаа дараа шаардаж Гийн өөрийнх нь 86699996 дугаарын утас руу өөрийн 88915425 дугаарын утаснаас залгаад уг дугаар нь дуудаж байх боловч утсаа авахгүй байсан бөгөөд Г.Гийн эгч гэх Гантуяа гэх хүнтэй түүний 99171338 дугаарын утсаар холбогдож Г.Г нь ажлаа хаяж явсан талаар хэлэхэд Гантуяа нь би ойголоо, би дүүтэйгээ хамт байдаггүй юмаа, яаралтай дүүтэйгээ холбогдож байгаад хэлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. Г нь манай ангид анх томилогдож ирж байхад нь цэргийн ангийн дотоод дүрэм, журам болон холбогдох хууль зүйл, заалтыг танилцуулж хөдөлмөрийн дотоод журам болон цэргийн дүрэм гурав хоногоос дээш хугацаагаар ажил таслах юм бол цагдаагийн байгууллагад шилжүүлдэг талаар хэлж ойлгуулж байсан бөгөөд ямар шалтгаанаар ажлаа хаяж явсан талаар нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар дэд ахлагч Г.Г нь ажлаасаа гарна гэж огт ярьж хэлж байгаагүй бөгөөд албан ёсоор ажлаасаа гарах хүсэлт, өргөдөл өгч байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-30/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Саруулгэрэлийн өгсөн: “...Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь Барилга байгууламж барьж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох чиг үүрэг бүхий барилгын цэргийн анги байгаа юм. 017 дугаар цэргийн анги нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдон алба хаадаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ гэж заасан байдаг бөгөөд цэргийн жинхэнэ албан хаагч гэдэг нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа Цэргийн албаны тухай хуулийн 3.1.5 дах хэсэгт “цэргийн жинхэнэ албан хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж заасан байдаг бөгөөд тус хуулийн 6.2 дах хэсэгт Цэргийн жинхэнэ албан нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерийн албанаас бүрдэнэ гэсэн ба тус цэргийн анги алба хааж байгаа офицер, ахлагч нар нь цэргийн жинхэнэ алба хаагчид мөн. Тус ангид Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/468 дугаар тушаалаар Засал чимэглэлчинээр томилогдон ажиллаж байсан Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/467 дугаар тушаалаар ахлагчийн албанд авч, дэд ахлагч цол олгосон байсан. Г.Г нь Монгол Улсын цэргийн ахлагч цолтой цэргийн албан хаагч мөн. Дэд ахлагч Г.Г нь цэргийн алба хаагч учир Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан Цэргийн албанаас оргон зайлах гэсэн зүйл заалт үйлчилнэ. Цэргийн алба хаагч нь цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан эсхүл албан томилолтын амралтын хугацаа дууссан, эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол цэргийн албанаас оргон зайлсанд тооцдог” гэх мэдүүлэг /хх-41-42/ зэргээр;
4. Шүүгдэгч Г.Г нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Захирагчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/467 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “Хуанлийн дараалсан 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан ЦАХ-ийг захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр штабын ажлын цаг ашиглалтын бүртгэлийг үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцуулахаар харьяа цагдаагийн байгууллагад үндэслэл бүхий нотлох баримттайгаар хандаж шийдвэрлүүлнэ. Ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцална”, Цэргийн сахилгын дүрмийн 36-т “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь:
-Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Захирагчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/467 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Хөдөлмөрийн дотоод журам”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Цэргийн сахилгын дүрэм”, “Хөдөлмөрийн дотоод журам” алба хаах журам, холбогдох хууль, дүрмийг танилцуулсан жагсаалтын 108-т “д/а, Г.Г, танилцав, 2020.03.27. Г.Г” гэсэн бичилтээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “дэд ахлагч цолтойгоор, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Г.Г нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/468 дугаар тоот тушаалаар засал чимэглэлчин албан тушаалд томилогдсон дэд ахлагч цолтой цэргийн албан хаагч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй 40 айлын орон сууцны барилгын ажилд барилгачнаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг гаргасан ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь шүүх харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, энэ үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, ялтанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хууз овогт Г.Гийг дэд ахлагч цолтойгоор, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Г шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар Г.Гд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН