| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0153/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/175 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Г.Т,
Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/
Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Г.Т нарт холбогдох 2029000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т, Д.Б нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр 2 дугаар багт байрлах “Сидар голд” ХХК-аас 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий бага оврын цахилгаан үүсгэвэр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2029000000151 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ү.Далайбатын: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой би юмаа шалгаж явахдаа портерын тэвшин дээрхээ хартал нөгөө бага оворын цахилгаан үүсгэвэр буюу мотор байхгүй болсон байсан. Тэгээд би явсан мөрийг нь хөөх гэсэн чинь 2 хүний мөр дамжлаад явсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 27-31-р хуудаст/,
Гэрч Д.Бын: “...11 дүгээр сарын 20-ны 22 цагт Ттай хамт мотоциклтой явж байгаад “Сидар Голд” ХХК-ийн кемпийн хажуугаар явж байсан. ямар ч хүн байгаагүй болохоор очсон. Тэгээд портер машины тэвшин дээр байсан моторыг бид 2 аваад хоёр талаас нь өргөөд 500-600 метр зайд очиж жалганд тавьсан. Тэгээд буцаад явж гэртээ очоод хэдэн цагийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед УАЗ маркийн 46-02 ӨМА улсын дугаартай автомашинтай нөгөө жалганд тавьсан байсан моторыг очиж авсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудаст/,
Гэрч Г.Тын: “...Батбаяр ах надад мотоциклоор очиж кемп дээр байгаа дизель моторыг очиж авах уу? гэж асуусан. Тэгээд 21 цагийн үед... Б ахын мотоциклоор хамт явсан. Тэгээд Б ах энэ хавьд л байгаа байх гээд портерын тэвшин дээр байсан дизель моторыг 2 талаас нь өргөөд авсан” гэх мэдүүлэг /хх-н 34-36-р хуудаст/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-820/28 дугаартай “...зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 1,100,000 /нэг сая нэг зуун мянган төгрөг/ байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-н 40-41-р хуудаст/,
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-18-р хуудаст/,
Яллагдагч Д.Бын: “...уг моторыг тэмээний хашаанд гагнуур хийх зорилгоор авсан” гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуудаст/,
Яллагдагч Г.Тын: “...авмаар санагдаад л авсан” гэх мэдүүлэг /хх-н 49-50-р хуудаст/,
Шүүгдэгч Д.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 69,72-73, 79-81-р хуудаст/,
Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 51-р хуудаст/,
Д.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 55-56,63, 67-р хуудаст/,
Шүүгдэгч Г.Тын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 70-71, 74-78, -р хуудаст/,
Г.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 52-р хуудаст/,
Г.Тын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 57-62, 64-66, 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Т, Д.Б нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр 2 дугаар багт байрлах “Сидар голд” ХХК-аас бага оврын цахилгаан үүсгэвэр / ETK брендийн цахилгаан үүсгэвэр/ хулгайлж бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Сидар голд” ХХК-ийн ETK брендийн цахилгаан үүсгэврийг хулгайлж тус компанийн эд хөрөнгөнд хохирол учирсан нь шүүгдэгч Г.Т, Д.Б нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Т, Д.Б нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч Г.Т, Д.Б нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Далайбатад 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий бага оврын цахилгаан үүсгэврийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх-н 83, 86-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.
“Сидар голд” ХХК-нд учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-820/28 дугаар шинжээчийн дүгнэлтээр ETK брендийн цахилгаан үүсгэвэр үнэлгээг 1,100,000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн хулгайлагдсан ETK брендийн цахилгаан үүсгэвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг 30 минутад “Сидар голд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ү.Далайбатад хүлээлгэн өгчээ. /хх-ийн 83-р хуудас/
Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд хохирогч Ү.Далайбат нь “би Манлай сумын нутагт кемп дээрээ ганцаараа байна очиж хэргийн материалтай танилцахгүй, гомдол саналгүй” гэжээ. Иймд шүүгдэгч Г.Т, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. /хх-ийн 86-р хуудас/
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Т, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т, Д.Б нар нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 51, 52-р хуудас/
Шүүгдэгч Г.Т, Д.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан төлсөн, өөрсдийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хулгайлсан 1.100.000 төгрөгийн эд зүйлийг буцаан төлсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Батбаяр, Г.Төмөрбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б, Г.Т нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хулгайлсан 1.100.000 төгрөгийн эд зүйлийг буцаан төлсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б, Г.Тын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б, Г.Т нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ