Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/177

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор: Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Ө.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Дд холбогдох 2029002480149 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Д нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тэс петролиум” шатахуун түгээх станцын хажууд данс тооцоо бодох аргачлалаас болж маргалдан Д.Оюунзолбоог хутгалж биед нь хүзүү, баруун шилбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Д мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэс петролиум” ХХК-д ажиллаж байгаад ээлжээсээ буух гээд Оюунзолбоо, Долгормаа нар ээлжээ хүлээлцэж надаас авсан. Тэр үед Оюунзолбоо анх ажилд орж байсан болохоор данс тооцоогоо хийж чадахгүй болохоор нь би зааж өгсөн. Тэгээд зааж өгчхөөд түгээлтэд явчхаад буцаж орж ирэхэд надтай хамт гарсан Цэрэнчунт эгч данс тооцоог бодсон байсан. Тэр өглөө тооцоо хийсэн чинь 5,000 төгрөг илүү гарсан байсан. Тэгээд хэдүүлээ амарч байгаа юм чинь ганц ганц пиво ууцгаахаар болсон. Тэр үед цалин буучихсан 20,000 төгрөгт 4 ширхэг пиво аваад уугаад хоол захиалаад идэж байхад Бүүвэйбаатар ах ирээд цалин буучихлаа  та нарт хэдэн пиво авч өгье гээд тэрийг уучхаад гэр лүүгээ харьцгаасан. Түүний дараа Долгормаа, Оюунзолбоо нар намайг эргэж дуудсан. Бүүвэйбаатар ах хоол хийсэн байна. Аваад ир гэсэн. Нөгөө хоолыг очиж авах гээд Бүүвэйбаатар ах дээр очсон чинь хоолоо хүргэж өгчхөөд эргэж ирээд ууя гэж хэлсэн. Хоолоо идчихээд байж байсан чинь Оюунзолбоо, Долгормаа эгч хоёр намайг дуудаад наад хэдэн пиво уучихъя гээд уусан. Ууж байх явцад Оюунзолбоо намайг данс тооцооны аргачлал буруу зааж өгсөн гэж байсан. Тэгээд намайг учир зүггүй шаагаад цохиод авсан. Би өөрөө жоохон хөл гар муутай болохоор хөл гар хөндчих вий гэж санаад гэж хутга бариад айлгах гээд хүрч очоод ноцолдож байгаад эргэж машиндаа очоод буцаж Оюунзолбоо дээр очоод эр хүмүүс байж уучлалт гуйя гэж бодсон чинь цус болсон байсан гэв.” гэв.

Хохирогч Д.Оюунзолбоогийн: “...Д намайг чи тооцоо бодохдоо Цэрэнчунтын аргаар боддог гээд үг хаяад эхэлсэн тэгээд тэрэн дээрээс болоод маргалдаж байгаад машинаас гараад ажлын ар талд гараад бид хоёр барьцалдаж аваад би Дорждагвыг доороо хийгээд авчихсан байж байтал Долгормаа эгч бид хоёрыг ирээд салгасан тэгээд Д цаашаа эргээд явчихсан тэгээд би Долгормаа эгчид энэ залуу чинь түрүүнээс хойш хүн өдөөд байна гээд хэлсэн тэгээд Долгормаа эгч машинаар буцаад явсан байх байхгүй байсан. Тэгсэн Д ахиад хүрээд ирсэн тэгээд бид хоёр ахиад барьцалдаад газар унаад босоод ирсэн чинь миний баруун хөлийн шилбэний гадна хэсэгт хорсоод тэгээд гараараа барьсан чинь цус болсон байсан, тэгээд би бага зэрэг шоконд ороод зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн би клонкоос хойд зүгт алхаж байсан тэгээд хүзүүгээ барьж үзсэн чинь миний хүзүүнээс цус гоожиж байсан” гэх мэдүүлэг /хх-н 22-25-р хуудаст/,

Гэрч С.Цэрэнчунтын: “...шар иштэй хутга нь 10 дугаар сарын 28-ны өдөр байхгүй болсон байсан. урьд шөнө Дорждагва, Оюунзолбоо хоёр маргалдаад нэгэндээ гэмтэл учруулсан байна гэдгийг сонссон” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудаст/,

Гэрч М.Долгормаагийн: “...Д, Оюунзолбоо хоёр мэдээ бичих талаар ярьж байгаад бас маргалдаад Дыг нэг удаа цохиод зууралдсан тэгснээ Оюунзолбоо бууж Дын хаалгыг онгойлгоод барьцалдаад Д машинаас буугаад Бүүвэй ах тэр хоёрыг салгасан чинь Оюунзолбоо нь ажлын ар тал руу алхсан Дорждагва машин руу гүйгээд машинаа асаагаад давхисан харин Оюунзолбоо хойшоо алхаад байсан тэгснээ намайг дуудсан тэгээд би урдаас нь алхаад очсон чинь эгээ миний шилэн хүзүү нороод байна гээд гараараа дарсан чинь гар нь цус болсон тэгээд би дагуулаад ажлын хойд талын зогсоол дээр очсон чинь Бүүвэй ах байсан ...хурц үзүүртэй зүйлээр зүссэн юм шиг байсан хөл, хүзүү хоёрыг нь их цус гарч байсан уг гэмтлийг Оюунзолбоод Д учруулсан өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. Би бодохдоо Дорждагвыг ажлын байран дотроос орж хутга авсан гэж бодож байна. Шар иштэй хутга нь тухайн өдрөөс хойш огт харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-н 31-33-р хуудаст/,

Гэрч Ж.Бүүвэйгийн: “...тэр хоёр данс тооцооноос болоод маргалдаад Оюунзолбоо Дыг цохиод авсан тэгээд машиндаа барьцалдаад авсан тэгээд Долгормаа бид хоёр салгаад авсан. Тэгээд байж байгаад Оюунзолбоо ажлын ар талаар бие засах гэж байгаа бололтой алхсан тэгсэн Дорждагва болохоороо ажлын урд талаар явсан тэгээд Долгормаа бие засаад ирье гээд явснаа намайг дуудаад энэ хоёр зодолдож байна гээд ирээд дуудаад тэгээд би очоод салгасан чинь Оюунзолбоо босоод хойд зүгт гүйсэн, Д бас машин руугаа яваад машинаа асаагаад хөдлөөд явсан тэгсэн Оюунзолбоо буцаад алхаад ирсэн чинь хүзүүнээс нь цус гарчихсан байсан тэгээд яачва гэсэн чинь хүзүүнээс цус гараад байна гэж хэлсэн тэгсэн бас баруун хөлөөс бас цус гарч байсан тэр үед Д буцаж ирээд Оюунзолбоогоос уучлалт гуйж байсан” гэх мэдүүлэг /хх-н 34-36-р хуудаст/,

Ө.Дын гэрчээр өгсөн: “...ажлын байрны гал тогооны өрөөрүү ороод цагаан өнгийн шкапнаас жижиг шаргал иштэй хутга аваад баруун гараа бариад Золбоо руу гүйгээд очсон тэгсэн Золбоо намайг хараад шууд бариад авсан тэгээд Золбоо барьж авчаад намайг баруун хөлөөрөө зүүн хөл рүү хавираад бид хоёр газарт унасан тэгээд хоёр гурав удаа эргэлдээд байж байтал Доогий эгч та хоёр үхсэндээ зодолдоод байгаан гээд ирсэн тэгээд бид хоёр нэг нэгнийгээ тавиад” гэх мэдүүлэг /хх-н 38-41-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №862 дугаартай “1. Д.Оюунзолбоогийн биед хүзүү, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 43-44-р хуудаст/,

Яллагдагч Ө.Дын: “...хоёр тийшээ алхаад би сүүлд нь очиж Оюунзолбоогоос уучлалт гуйх гэж очиход би гартаа байсан хутгаараа өнхрөлдөж байхдаа хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 53-55-р хуудаст/,

Шүүгдэгч Ө.Дын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 19, 63 -р хуудаст/,

Ө.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 57-р хуудас/,

Ө.Дын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 59-62 -р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ө.Д нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тэс петролиум” шатахуун түгээх станцын хажууд данс тооцоо бодох аргачлалаас болж маргалдан Д.Оюунзолбоог хутгалж биед нь хүзүү, баруун шилбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Оюунзолбоогийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ө.Дын хохирогчийн хүзүүг хутгаар зүссэн, баруун шилбэнд  хөлөөрөө өшиглөсөн үйлдлүүдтэй  шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Оюунзолбоогийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №862 дугаартай “1. Д.Оюунзолбоогийн биед хүзүү, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 43-44-р хуудаст/,гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Д.Оюунзолбоод хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Нарангаравын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Д нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 57-р хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Ө.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Дын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 / дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Дорждагва нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ө.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Дын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Д нь хохирогч Д.Оюунзолбоод хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, зохих баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ө.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ