Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

өсвөр насны шүүгдэгч Ц.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч Б.Батчимэг,

насанд хүрээгүй хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Чад холбогдох эрүүгийн 2017001830107 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Цын Ч /РД:ЗБ/, Д аймгийн Б суманд 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .. дугаар баг, ... тоотод оршин суух, Г аймаг дахь Уул уурхайн жишиг Политехникийн коллежийн ... 3в ангид суралцдаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Өсвөр насны яллагдагч Ц.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны 1-2 тоотод иргэн Э.Отай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны 1-2 тоотод иргэн Э.Отай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Жгийнд сууж байгаад гэртээ ороод эргэж ирэхэд О ирсэн байсан. Би Отай мэндлээд, Жгийн хойд өрөөнд нь түүний хамт орж утсаар тоглосон. Харин О чихэвчээр дуу сонсож байсан. Тэгээд дуу сонсохоо болихоор нь надад чихэвчээ өгч бай, дуу сонсоод өгье гэхэд хүний чихэвч өгөхгүй гэхээр нь би ганц дуу сонсоод өгье гэхэд намайг элдвээр хэлээд уурлаад, намайг босоход араас татсан. Тэгэхээр нь би эргэж хараад цохисон. О бид хоёр арван жилийн найзууд. Би уураа барьж чадахгүй санаандгүй гараараа  нэг удаа цохисон. Цохисны дараа Оын нүд хөхөрсөн байсан. Бид 2 хамт эмнэлэг орж үзүүлсэн. Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Жгийнд чихэвчнээс болж муудалцаад цохиулсан. Ч намайг цохисноос болж зүүн нүдний салст гэмтсэн. Тухайн өдөр өрхийн эмнэлэгт үзүүлэхэд нүд нь хавдсан байна гэсэн. Маргааш нь нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явсан. Оыг Улаанбаатарт үзүүлэхэд нүдний цаад талын яс цөмөрсөн гэсэн. Тэгээд 2 сарын дараа хагалгаа хийлгэх ёстой гэсэн шинжилгээний бичигтэй ирсэн. 2021 оны 03 дугаар сар гаргаж байгаад дахин Улаанбаатар хот орж үзүүлнэ. Миний хүүхэд ирээдүйд хараа нь муу болох байх. Ямар ч байсан нүдний усан хаванг буулгуулах шаардлагатай гэсэн. Орой болохоор нүднээс нь нулимс их гоожиж, нүд нь хатгаж өвддөг гэв

 

1.3. Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байтал над руу манай ээж залгаад дүү чинь хүүхдэд зодуулсан байна, хүрээд ир гэхээр нь ээжийнд яваад очиход Оын зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Ч гэдэг хүүхдэд чихэвчнээс болж зодуулсан гэж хэлсэн. Тэр орой нь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч очиж жижүүр эмчид үзүүлэхэд зовуурилаад байвал нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлэхээр нь би зодсон хүүхдийн гэрт очтол Ч гэртээ байгаагүй. 23 цагийн үед гэртээ ганцаараа ирэхээр нь би түүнийг дуудаад яагаад Оыг зодсон талаар асуухад санаандгүй цохисон юм гэж надад хэлсэн. Маргааш нь дүүг нүдний эмч Сд үзүүлэхэд яаралтай хот руу явж үзүүлэх бичиг хийж өгсний дагуу ээж түүнийг дагуулаад таксигаар хот явсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 дугаар эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархайн хугаралтай байна гэсэн. Тэгээд хувийн Сондра нэртэй нүдний эмнэлэгт үзүүлэхэд зовуурьтай байвал яаралтай ирж хагалгаанд орох, зовуурь бага байвал нүдний хаванг буусны дараа хагалгаанд орно, 2 сарын дараа ирж нүдний харааг тодруулах ухархайн ясны хагалгаанд орно гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/

 

1.4. Насанд хүрээгүй гэрч У.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манайд А, Ч хоёр орж ирээд бид гурав хоол хийж идэхээр болоод Ч гэртээ орж мах аваад ирье гээд гарсны дараа О орж ирсэн. Түүнийг орж ирсний дараа Ч мах аваад орж ирсэн. Тэр хоёр манай хойд өрөөнд орон дээр сууж байсан, би зуухандаа гал хийгээд тэр хоёрын байсан өрөөнд орж суухад Ч Оаас андаа чихэвчээ өгчих гэхэд О үгүй ээ андаа энэ чинь хүнийх ш дээ гэж хэлэхэд юун сүртэй юм бэ, би хэдэн дуу сонсоод өгнө ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд О үгүй ээ болохгүй гээд байсан. Ч явах гэтэл О чи муу ямар овоо болчихсон юм бэ, чамаас айхгүй шүү, үзэх үү гээд өөрийнхөө куртикийг тайлаад ор руу шидээд Ч руу дайрсан. Тэгтэл Ч Оын зүүн нүдний доод хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход О нүүрээ дараад доошоо суусан. Ч түүнээс зүгээр үү гээд асуухад чи овоо цохидог болжээ гээд байсан. Тэгээд гараараа нүүрээ дараад байхаар нь гарыг нь аваад харахад Оын зүүн нүд нь хавдаад хөхөрч байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн. Тэгээд жаахан унтаж байгаад Ч, О хоёр эмнэлэг рүү яваад эмнэлэгт үзүүлсэн чинь 3 хоногийн акт бичиж өглөө гээд инээгээд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

1.5. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал үдээс хойш О гэх хүүхэд ирж үзүүлсэн. Тухайн хүүхдийн зүүн нүд хөхөрч хавдсан зөөлөн эдийн гэмтэлтэй байсан учраас акт бичиж өгөөд явуулсан. Хүүхдийн биеийн байдал нь яг ямар байсныг одоо тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

1.6. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 10 дугаар сарын 21-нд Оын биед үзлэг хийхэд зүүн нүдний салстад улаан ягаан цус хуралттай байсан. Улсын 2 дугаар эмнэлгийн толгойн КТГ-д зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугаралттай. Нүдний хараа 2 талдаа адил 0,15 байсан. Эдгээрээс үндэслэн зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал оношоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэлт гаргасан. Ухархайн доод хананы хугарал байгаа учир нүдний алим доош хүндийн жингээрээ сууж үүний улмаас нүд доош суух магадлалтай. Ингэснээр нүдний хараанд нөлөөлөх нөхцөл үүсэх боломжтой. Үзлэг хийхэд нүдний хараанд өөрчлөлт ороогүй, баруун нүдний хараатай ижил хараатай байсан. Нүдний ухархайн хананы бүтэц маш нимгэн ялтаслаг яс байдаг учир хурдан хугацаанд бороолж эдгэдэг. Энэ үндэслэлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг учраас цааш ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж үзсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаар дүгнэлтэнд: Э.Оын биед зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 27 хуудас/

 

1.8. Ц.Чын нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 47-48 хуудас/

 

1.9. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, УХТЭ нүд судлал, улсын 2 дугаар эмнэлгийн ухархай гавлын ясны тодосгогчгүй КТ баримт, Сондра нүдний эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх болон аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн картын хуулбарууд  /х.х-ийн 67, 68-69, 71-77 хуудас/ зэрэг болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд өсвөр насны шүүгдэгч Ц.Чын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

 

ХОЁР. Өсвөр насны шүүгдэгч Ц.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Чад гомдолгүй. Одоогоор эмчилгээний зардал 574 901 төгрөг гарсан. Нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн тул хорио тавихаар явж үзүүлнэ. Иймд  цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэв.

 

2.2. Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Ч нь даруу төлөв дантай, ээжийнхээ үгнээс гардаггүй, хичээл номдоо сайн, ар гэрийн анхаарал халамж сайн хүүхэд. Ээж нь маш сайн араас нь явж сурлагад нь анхаарч байдаг. Анги хамт олны дунд нэр хүндтэй, ангийнхантайгаа эвтэй найртай байдаг. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь сайн биелүүлдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.3. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Миний хүү нийтэч зантай, хүний арга эв олохдоо сайн, миний үгнээс гардаггүй, муу зуршилгүй хүүхэд. Дүү нараа хараад гэртээ байж байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 41 хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехникийн коллежийн сургалтын арга зүйчийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /х.х-ийн 49-56 хуудас/

 

2.6. Хохирлын тооцоо, холбогдох баримтууд /х.х-ийн 59-65 хуудас/ зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүх болон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй болно.

Харин өсвөр насны шүүгдэгч Ц.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн өсвөр насны шүүгдэгч Ц.Чад хянан хүмүүжих хугацаандаа оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хохирлын тооцоо: насанд хүрээгүй хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э нар нь эмчилгээний зардал 574 901 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд: 9 000, 300, 9 751, 350, 2 000, 6 500, 6 300 төгрөг,

- 60-р хуудсанд: 20 000, 20 000, 12 800, 500, 22 950, 15 000, 2 550 төгрөг,

- 61-р хуудсанд: 4 500, 45 000, 35 000 төгрөг,

- 62-р хуудсанд: 8 000, 29 100 төгрөг,

- 63-р хуудсанд: 26 400, 28 000, 25 500, 12 500, 5 500 төгрөг, нийт 347 501 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цаас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг өмгөөлөгч Б.Батчимэг нь төлж барагдуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааны завсарлуулж 350 000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э нь гэм хорын үлдэгдэл төлбөр 227 400 төгрөгийг,

мөн дахин эмчилгээний хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э нараас хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас Хаан болон Голомт банкны АТМ-аас авсан мөнгөний баримтууд нь эмчилгээний зардалд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Цын Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Чад ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Чад хянан хүмүүжих хугацаандаа оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Чад хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд   350 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э нь гэм хорын төлбөр  227 400 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА