Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч А.Б,

Шинжээч С.Шүрцэцэг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн А-ийн Б-ад холбогдох 2028000000192 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ............................................................,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагаас 23 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уулын 7-1 тоот хашаанд хохирогч Д.А-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би Н найзтайгаа айлын найранд оччихоод Г гэдэг залууг дуудаж гэр рүүгээ хүргүүлэх гээд явах замд билльярдын газар байхаар нь билльярд тоглохоор ороод тоглож байтал хохирогч орж ирээд гэрлээ унтраагаад гарцгаа гэсэн. Тухайн үед хүлцээд өнгөрөх зүйлийг хүлцээд өнгөрөөгөөгүй ийм үйлдэл хийсэндээ туйлын их гэмшиж, харамсаж байна. Би 11 дүгээр цэцэрлэгт нярвын ажил хийж байгаад эхнэр маань төрж гэрээр хүүхдээ хараад 1 жил орчим болж байна. Эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ туйлын их харамсаж байна гэв.

Шинжээч С.Шүрцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хүний биед учирсан гэмтлийг шаардлагатай тохиолдолд тус тусад нь гэмтлийн зэргийг тогтоодог. Хүний бие 1 цул гэдэг утгаараа тусад нь үнэлэх боловч хамгийн хүндээр нь Гэмтлийн зэргийг үнэлдэг зарчимтай байдаг. Энэ тохиолдолд 4 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.11.52 дахь заалтаар хөдөлмөрийн чадвар алдалт 15 хувь гэдгээрээ хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэг шалгуур шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд байгаа. Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэгт 28 хоногоос дотогш хугацааг хэлдэг. 28 хоногоос дээш хугацаагаар биеийн эрүүл мэндийг сарниулсан гэмтлийг урт хугацаагаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтэл гэж үздэг. Хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, тархины доргилт зэрэг гэмтлүүдийг биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд гэж үздэг. Шүд унасан гэмтэл нь эргээд эдгэрэхгүй гэдэг утгаараа шалгуур шинж нь эрүүл мэндийг сарниулах хугацаа биш хөдөлмөрийн ерөнхий чадвар алдах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.11.52 дахь заалтад хамаарагдах хүснэгтэд заасан заавар байдаг түүний дагуу хөдөлмөрийн чадварыг 15 хувиар алдагдуулах буюу бага хувь хөдөлмөрийн чадвар алдагдуулах зэрэгт хамаарна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч миний үзлэгээр 3 шүд унасан байсан. Шүд унасан үзлэгийг хийхэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгүүд мөн хамаардаг. Хохирогч Улаанбаатар хот явж шүдний Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээгээр 4 шүд унасан байсан. Тиймээс 4 шүд унаснаар дүгнэлт гарсан байгаа. Хамар ясны хугарлыг хөдөлмөрийн чадвар алдагдуулах хувиар боддоггүй. Бүх гэмтлийн шалгуур шинж нь хөдөлмөрийн чадвар алдалт биш. Гэмтлийн зэрэг тогтоох 4 шалгуур шинж байдаг. Амь насанд аюултай эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт, гэмтлийн үлдэц уршиг гэсэн 4 шалгуур шинжээр тогтоодог. Бүх гэмтлийг тогтоохдоо энэ дөрвийг бүгдийг нь барьдаггүй. Яг ямар гэмтэл нь аль шалгуур шинжээрээ тогтоох вэ гэж тогтоодог. Хамар ясны хугарал нь эрүүл мэндийг сарниулах хугацаагаараа биеийн эрүүл мэндийг бага хугацаагаар сарниулах гэмтэлд хамаарна. Хамар их мурийлттай, таславч нь их хугаралтай байвал шаардлагатай тохиолдолд үлдцээр нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт гардаг. Хохирогчийн хамар ясны хугаралд нь хамар их мурийлттай, таславч нь их саадтай зүйл байхгүй байсан учраас дүгнэлт цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж гарсан байгаа. 1 шүд унасан бол 5 хувь, 2 шүд унасан бол 10 хувь, 4-6 шүд унасан бол 15 хувиар хөдөлмөрийн чадвар алдалт гэж хувилсан хүснэгтийн дагуу гаргадаг байгаа. Адилхан хөнгөн зэрэгт хамаарна. 4-6 шүд унасан бол хувиар хөдөлмөрийн чадвар алдалт гэж хөнгөн зэрэгт хамаардаг байгаа.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг байгаа. Намайг шинжээч эмчээр ажиллаж эхэлснээс өнөөдрийг хүртэл 5-15 хувь хөдөлмөрийн чадвар алдалт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. 4-6 шүд унасан бол хөнгөн гэмтэл, 7-10 шүд унасан бол хүндэвтэр гэмтэлд хамаарна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 7-1 тоотод байх “Тансаг” хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хажууд нь манай эхнэрийн дүүгийн билльярд байдаг. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би дэлгүүрт сууж наймаа хийсэн бөгөөд 22 цаг 45 минутын манай дэлгүүрийн тог тасарсан. Тог 10 орчим минут тасарсан байх би тог тасарчихаар нь дэлгүүрээ хаагаад хажуу талын билльярд ороод тоглож байгаа хүмүүсийг нь одоо хаалаа гарцгаа гэсэн чинь голын ширээн дээр тоглож байсан 2 залуугийн нэг нь намайг гэрэл тусгаад өг бид хоёр дуусаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр гар цагийн мөнгөө ч өгөхгүй байж юун гэрэл тусгах гэж хэлсэн. Би билльярдаа хаалаа та хоёр гар гэсэн гарахгүй байсан. Би тэр залуутай маргалдаад билльярдаа хаасан. Тэр хоёр залуу надтай хамт гарсан. Би билльярдаа хаагаад хашааны урд талаар тойроод хашааны 00 орж бие засах гээд явсан чинь нөгөө хоёр залуу намайг дагаад арай махлаг залуу нь намайг гарнаас татаад байсан. Би гараа татаад хашаа руу ороод 00-ийн хажууд очоод бие засаад зогсож байхад нөгөө махлаг залуу нь ирээд намайг тамхилчих гэсэн. Тэр үед арай жижиг биетэй билльярдын өрөөнд надтай муудалцсан залуу хашааны хаалгаар орж ирж байгаа харагдсан. Би тамхи нэхсэн залууд нь тамхи өгсөн чинь миний хайрцагтай тамхийг авчихаад өгөхгүй байсан. Юу болсон мэдэхгүй нэг мэдсэн чинь дэлгүүрийн хашаанд байдаг хаалганы довжоон дээр А ахаар түшүүлчихсэн сууж байсан. Би эхнэрийн хамтаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд зураг авхуул гэж хэлсэн. Намайг гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүл гэсний дагуу би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа... Махлаг залуутай нь тамхилаад зогсож байхад нөгөө залуу араас орж ирээд намайг цохисон байх би санахгүй байна. Нэг мэдэхэд л довжоон дээр ухаан орсон. Би энэ хоёр хүнд зодуулсан, зодуулсны улмаас толгой ар хэсэгтээ нэг удаа хагарсан, зүүн талын уруул сэтэрч 5 оёдол тавиулсан, миний 4 шүд унасан, зүүн хацарт гэмтэл авч хөхөрч, хавдсан байна. Толгой байнга өвдөж дүүрч байгаа. Тэр хоёр архи уучихсан байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй байх гэж бодож байна. Би ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна... Эмчилгээний зардал төлөгдсөн, намайг цохисон гээд байгаа Б гэдэг залуу надад 12,800,000 төгрөг өгсөн. Одоо санал хүсэлт гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 15-16, 17-18 дугаар хуудас/

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уулын 7-1 тоотод байх аав, ээжийндээ ирж хонохоор орой 3 хүүхдийнхээ хамтаар ирсэн. Аавынд би хүүхдүүдийн хамтаар унтах гээд орондоо ороод хэвтэж байхад манай хашаанд хүн маргалдах чимээ гарсан. Тэр чимээг сонсоод хашаанд хэн маргалддаг билээ гэж бодоод чих тавиад сонссон чинь А ахын дуу гараад “би чамтай маргамааргүй байна” гэж хэлсэн. Би А ах байна шүү дээ гэж бодоод юу болдог юм бол гээд гэрээс шагайгаад харсан чинь хашаанд хүн харагдахгүй байсан. Хашааны хаалга нээлттэй байхаар нь хаая гэж бодоод хувцсаа өмсөөд гэрээс гараад хаалга хаах гээд явж байхад хашааны зүүн буланд байх 00-ийн хажууд юм хөдлөх шиг болохоор нь харсан чинь А ах доошоо харчихсан дөрвөн хөллөөд босч чадахгүй байж байсан. Би А ахаа юу болчихвоо, яачваа гээд байсан. Би гар чийдэн тусгаад харсан чинь А ахын нүүр цус болчихсон толгойны ар хэсэгт хагарсан тэндээс нь цус гараад чихний араар нь урссан байдалтай босч чадахгүй байсан. Би А ахыг түшээд босгосон чинь манарсан байдалтай юу болчихвоо л гээд байсан. Тэгээд байж байхад миний төрсөн ах А гэрээс гарч ирсэн. А ах юу болчихвоо хэн ингэсэн юм бэ гэсэн чинь А ах мэдэхгүй байна гээд байсан. А ах тэрүүгээр яваад хүн болон цохисон зүйлийг нь хайсан боловч юу ч байхгүй байсан. Тэр хооронд би цагдаад дуудлага өгөөд эхнэрийг нь дуудсан. А ахын эхнэр Алтантуяа ирээд А ахыг эмнэлэг рүү аваад явсан.” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улаанбаатар хотоос замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлаар Даланзадгад суманд ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед найз А.Б-тай уулзсан. Бид хоёр уулзаад Б-ын найз Түвшинбаяр гэдэг хүнтэй уулзсан чинь Түвшинбаяр айлын найранд хамт очъё гээд бид гурав айлын найранд очиж хамт сууж байхад найз Түвшинбаяр айлын найранд хамт очъё гээд бид гурав айлын найранд очиж сууж байхад найз Түвшинбаяр гараад яваад өгсөн. Б бид хоёр айлын найрнаас 22 цагийн орчимд гарсан. Бид хоёр найрнаас гараад би Гантулгыг дуудсан. Г бид хоёрыг айлын гаднаас ирж авсан. Г, Б бид гурав машинтай засмал замаар явж байхад билльярдын газар харагдахаар нь Б бид хоёр тоглоё гээд Хан-Уулын 7-1 тоотод байх “Тансаг” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талын билльярдын гадаа буусан. Г гэртээ харьж хоолоо идчихээд байж байя болохоороо дуудчихаарай гэж хэлээд яваад өгсөн. Б бид хоёр билльярдын өрөөнд ороод нэг тоглоод дахин тоглож байхад нэг залуу орж ирээд одоо хаалаа та нар гарцгаа, зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо дууслаа энийг тоглоод гарлаа гэсэн чинь нөгөө залуу гэрлээ унтраагаад гар гэсэн. Тэр асуудлаас болоод би тэр залуутай бага зэрэг маргалдсан. Тэр залуу мөнгөө өг гэхээр нь тоглож дуусаагүй байхад мөнгө нэхлээ гэсэн чинь гарцгаа гээд бид хоёрыг гаргасан. Бид тэгээд билльярдын хаалгаар гараад билльярдын өрөөний баруун талд гараад Г руу залгаж ирж ав гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу урагшаа алхаж байсан. Б араас нь явсан. Би араас нь алхаад хашааны булан дээр очиход өмнөөс Б саяын нэг залууг нэг цохчихлоо гээд хашаанаас гараад ирсэн. Тэгэхээр нь гялс явъя бөөн зодоон болох байх гэж хэлээд Б бид хоёр гудамжаар доошоо явсан. Тэгээд явж байхад Г залгахаар нь гудамж уруудаад явж байна гэж хэлсэн араас ирээд авсан. Би Бын гэрт очиж амарсан, ийм зүйл болсон. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н ах Улаанбаатар хотоос замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлаар Даланзадгад суманд ирээд манайд байсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед найзтайгаа уулзлаа гээд гэрээс гарсан. Гэрээс гарахдаа өөрийнхөө Приус машинаар явсан бөгөөд 17 цагийн үед над руу залгаад ах нь жаахан архи уучихлаа ирээд авчих Хан-Уулын 3-9 тоотод байна гэж хэлсэн. Би яваад очсон чинь Хан-Уулын 3-9 тоотод байдаг бололтой нэг ах байсан. Мөн Б гэдэг ах Н ах нар байсан юм намайг очсон дараагаар тэр гурав найранд очихоор болоод надаар Хан-Уулын 14-1 тоотод хүргүүлсэн. Би тэр гурвыг тэнд буулгаж орхиод дараагаар нь эхнэрийн хамтаар явж Н ахын машиныг Хан-Уулын 3-9 тоотоос очиж авсан. Гэртээ очоод байж байхад 22 цагийн үед Н ах залгаад ирээд авчих гэж хэлсэн. Би яваад очиход Н ахаас асуусан чинь тэгье гэсэн. Би тэр билльярдын хажууд очиж зогсоход тэр хоёр ороод билльярд тоглосон. Би хамт ороод байж байхад манай эхнэр залгаад хоол болчихлоо ирж хоолоо ид гэхээр нь тэр хоёрт би гэртээ харьж хоолоо идлээ дуусахаараа хэлээрэй гэж хэлээд явсан. Гэртээ очоод хоолоо идчихээд байж байхад нэг их удаагүй над руу Н ах залгаад ирээд ав гэж хэлсэн. “Тансаг” дэлгүүр дээр ирсэн чинь дэлгүүр хаасан байсан. Тэгэхээр нь залгаад хаана байгаа юм гэсэн чинь дэлгүүрийн урд гудамжаар уруудаад явж байна гэж хэлсэн. Би араас нь очиход доошоо гудамжаар алхаж байсан. Намайг очиход машинд суугаад Жаал-Уулын ............. тоотод байх Б-ын хашааны гадаа очоод бууцгаасан. Би тэр хоёрыг тэнд хүргэж өгөөд гэртээ харьж амарсан... Б ах л Н ахад нэг цохисон чинь унаад өгсөн гэж ярьж байсан. Би тэрийг нь нэг их тоогоогүй гэрт нь хүргээд өгсөн. Юмаар цохисон гэж хэлээгүй. Би ойлгохдоо гараараа цохисон юм байна гэж ойлгосон. Мөн тэр залууг аймар дээрэлхүү байж нэг цохилтын пян даахгүй унаад өгсөн гэж ярьж байсан. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ 

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Н гэдэг залуу Өмнөговь аймагт замын тэмдэглэгээ хийх ажлаар ирээд Номгон суманд 2 хоног ажил хийчихээд ирлээ гэж над руу ярьсан. Н бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед уулзсан. Бид хоёр уулзаад би Түвшинбаяр гэдэг найзтайгаа уулзсан чинь Түвшинбаяр айлын найранд хамт очъё гээд бид гурав айлын найранд очиж сууж байхад найз Түвшинбаяр гараад яваад өгсөн. Н бид хоёр айлын найрнаас 22 цагийн орчимд гарсан. Бид хоёр найрнаас гараад Н, Г гэдэг залууг дуудсан. Г бид хоёрыг найр болж байсан айлын гаднаас машинтай ирж авсан. Н бид хоёр Гантулгын хамтаар засмал замаар уруудаад явж байхад Хан-Уулын ................ тоотод байх “Тансаг” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талд билльярдын газар харагдсан. Уг газрыг хараад бид хоёр билльярд тоглохоор болж уг билльярдын гадаа буусан. Билльярдын өрөөнд ороод нэг тоглоод дахин тоглож байхад билльярдын эзэн нь бололтой нэг залуу орж ирээд гэрлээ унтраагаад гарцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ тоглож байгаагаа дуусгаад гаръя гэсэн чинь шууд одоо гарцгаа, зайлцгаа гээд гаргасан. Гадаа гараад бандангийн мөнгөө төл гэсэн. Тэгэхээр нь дуусаагүй байж яасан гэж мөнгө төлдөг юм бэ гэсэн чинь нөгөө залуу мөнгөө төл гэсэн. Түүнээс болоод Н бид хоёр нөгөө залуутай маргалдсан. Тэр билльярдаар үйлчлүүлж байгаа хүмүүс уг хашааны урд талаар тойрч хашаанд нь байх гадаа 00-р үйлчлүүлдэг юм байна лээ. Би тэр залуугийн хамтаар хашааны урдуур тойрч хашаанд орж 00-ийн хажууд очоод нөгөө залуу бие зассан. Би бие засаагүй. Би тэр залуутай тамхилсан, тамхилж байх хоорондоо би тэр залуутай үг зөрөөд муудалцаад байсан. Тэгж байгаад би тэр залуугийн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж авсан. Тэр залуу надад цохиулаад газар унасан. Газар уначихаар нь би одоо босч ирээд бөөн зодоон болох байх гэж бодоод хашаанаас хурдан гараад Н-тэй уулзаад доошоо гудамжаар алхсан. Тэгээд явж байхад Г гэдэг залуу ирж бид хоёрыг аваад гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ амарсан... Бид хоёр 4-5 удаа уулзаж би уучлал гуйж хохирлын төлбөр болох 12.800.000 төгрөг өгсөн. Энэ хүний шүд унасан учраас шүдийг нь хамгийн сайн суулгадаг шүд хийлгэхийн тулд хурдан мөнгө олж өгсөн.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Д.А-ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, 4 шүд унасан гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гурван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Өвчний түүх /хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63-71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.Б-ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагаас 23 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уулын ................... тоот хашаанд хохирогч Д.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А-ын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирол төлбөрт 12,800,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн талаар хохирогч мэдүүлэгтээ дурдсан. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэх саналыг гаргав.

Шүүгдэгч А.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б-ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:   

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагаас 23 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уулын 7-1 тоот хашаанд хохирогч Д.А-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А-ын “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би дэлгүүрт сууж наймаа хийсэн бөгөөд 22 цаг 45 минутын манай дэлгүүрийн тог тасарсан. Тог 10 орчим минут тасарсан байх би тог тасарчихаар нь дэлгүүрээ хаагаад хажуу талын билльярд ороод тоглож байгаа хүмүүсийг нь одоо хаалаа гарцгаа гэсэн чинь голын ширээн дээр тоглож байсан 2 залуугийн нэг нь намайг гэрэл тусгаад өг бид хоёр дуусаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр гар цагийн мөнгөө ч өгөхгүй байж юун гэрэл тусгах гэж хэлсэн. Би билльярдаа хаалаа та хоёр гар гэсэн гарахгүй байсан. Би тэр залуутай маргалдаад билльярдаа хаасан. Тэр хоёр залуу надтай хамт гарсан. Би билльярдаа хаагаад хашааны урд талаар тойроод хашааны 00 орж бие засах гээд явсан чинь нөгөө хоёр залуу намайг дагаад арай махлаг залуу нь намайг гарнаас татаад байсан. Би гараа татаад хашаа руу ороод 00-ийн хажууд очоод бие засаад зогсож байхад нөгөө махлаг залуу нь ирээд намайг тамхилчих гэсэн. Тэр үед арай жижиг биетэй билльярдын өрөөнд надтай муудалцсан залуу хашааны хаалгаар орж ирж байгаа харагдсан. Би тамхи нэхсэн залууд нь тамхи өгсөн чинь миний хайрцагтай тамхийг авчихаад өгөхгүй байсан. Юу болсон мэдэхгүй нэг мэдсэн чинь дэлгүүрийн хашаанд байдаг хаалганы довжоон дээр А ахаар түшүүлчихсэн сууж байсан... Махлаг залуутай нь тамхилаад зогсож байхад нөгөө залуу араас орж ирээд намайг цохисон байх би санахгүй байна. Нэг мэдэхэд л довжоон дээр ухаан орсон. Би энэ хоёр хүнд зодуулсан, зодуулсны улмаас толгой ар хэсэгтээ нэг удаа хагарсан, зүүн талын уруул сэтэрч 5 оёдол тавиулсан, миний 4 шүд унасан, зүүн хацарт гэмтэл авч хөхөрч, хавдсан байна. Толгой байнга өвдөж дүүрч байгаа.” /хавтаст хэргийн 15-16, 17-18 дугаар хуудас/, гэрч Т.О “...Аавынд би хүүхдүүдийн хамтаар унтах гээд орондоо ороод хэвтэж байхад манай хашаанд хүн маргалдах чимээ гарсан. Тэр чимээг сонсоод хашаанд хэн маргалддаг билээ гэж бодоод чих тавиад сонссон чинь А ахын дуу гараад “би чамтай маргамааргүй байна” гэж хэлсэн. Би А ах байна шүү дээ гэж бодоод юу болдог юм бол гээд гэрээс шагайгаад харсан чинь хашаанд хүн харагдахгүй байсан. Хашааны хаалга нээлттэй байхаар нь хаая гэж бодоод хувцсаа өмсөөд гэрээс гараад хаалга хаах гээд явж байхад хашааны зүүн буланд байх 00-ийн хажууд юм хөдлөх шиг болохоор нь харсан чинь А ах доошоо харчихсан дөрвөн хөллөөд босч чадахгүй байж байсан. Би А ахаа юу болчихвоо, яачваа гээд байсан. Би гар чийдэн тусгаад харсан чинь А ахын нүүр цус болчихсон толгойны ар хэсэгт хагарсан тэндээс нь цус гараад чихний араар нь урссан байдалтай босч чадахгүй байсан...” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч М.Нийн “... Г, Б бид гурав машинтай засмал замаар явж байхад билльярдын газар харагдахаар нь Б бид хоёр тоглоё гээд Хан-Уулын 7-1 тоотод байх “Тансаг” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талын билльярдын гадаа буусан. Г гэртээ харьж хоолоо идчихээд байж байя болохоороо дуудчихаарай гэж хэлээд яваад өгсөн. Б бид хоёр билльярдын өрөөнд ороод нэг тоглоод дахин тоглож байхад нэг залуу орж ирээд одоо хаалаа та нар гарцгаа, зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо дууслаа энийг тоглоод гарлаа гэсэн чинь нөгөө залуу гэрлээ унтраагаад гар гэсэн. Тэр асуудлаас болоод би тэр залуутай бага зэрэг маргалдсан. Тэр залуу мөнгөө өг гэхээр нь тоглож дуусаагүй байхад мөнгө нэхлээ гэсэн чинь гарцгаа гээд бид хоёрыг гаргасан. Бид тэгээд билльярдын хаалгаар гараад билльярдын өрөөний баруун талд гараад Г руу залгаж ирж ав гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу урагшаа алхаж байсан. Б араас нь явсан. Би араас нь алхаад хашааны булан дээр очиход өмнөөс Б саяын нэг залууг нэг цохчихлоо гээд хашаанаас гараад ирсэн. Тэгэхээр нь гялс явъя бөөн зодоон болох байх гэж хэлээд Б бид хоёр гудамжаар доошоо явсан.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч О.Гантулгын “...Гэртээ очоод байж байхад 22 цагийн үед Н ах залгаад ирээд авчих гэж хэлсэн. Би яваад очиход Н ахаас асуусан чинь тэгье гэсэн. Би тэр билльярдын хажууд очиж зогсоход тэр хоёр ороод билльярд тоглосон. Би хамт ороод байж байхад манай эхнэр залгаад хоол болчихлоо ирж хоолоо ид гэхээр нь тэр хоёрт би гэртээ харьж хоолоо идлээ дуусахаараа хэлээрэй гэж хэлээд явсан. Гэртээ очоод хоолоо идчихээд байж байхад нэг их удаагүй над руу Н ах залгаад ирээд ав гэж хэлсэн. “Тансаг” дэлгүүр дээр ирсэн чинь дэлгүүр хаасан байсан. Тэгэхээр нь залгаад хаана байгаа юм гэсэн чинь дэлгүүрийн урд гудамжаар уруудаад явж байна гэж хэлсэн. Би араас нь очиход доошоо гудамжаар алхаж байсан. Намайг очиход машинд суугаад Жаал-Уулын 3-30 тоотод байх Б-ын хашааны гадаа очоод бууцгаасан. Би тэр хоёрыг тэнд хүргэж өгөөд гэртээ харьж амарсан... Б ах л Н ахад нэг цохисон чинь унаад өгсөн гэж ярьж байсан. Би тэрийг нь нэг их тоогоогүй гэрт нь хүргээд өгсөн. Юмаар цохисон гэж хэлээгүй. Би ойлгохдоо гараараа цохисон юм байна гэж ойлгосон. Мөн тэр залууг аймар дээрэлхүү байж нэг цохилтын пян даахгүй унаад өгсөн гэж ярьж байсан. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 571 дугаартай Ц.Батзоригийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, 4 шүд унасан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шинжээч С.Шүрцэцэгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Прокурорын хүсэлтээр шинжээч С.Шүрцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулсан ба шинжээч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан 571 дүгээр дүгнэлтийнхээ дүгнэх хэсгийн 1 болон 3 дахь заалтад унасан шүдний тоог зөрүүтэй бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа болохыг хүлээн зөвшөөрч, дүгнэлтээ гаргахдаа 4 шүд унаснаар гаргасан болохыг тайлбарласнаас гадна энэхүү 4 шүд унасан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 15 хувь хүртэл алдагдуулж, дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болохыг тайлбарлаж, гаргасан дүгнэлтээ үнэн зөв болохыг баталж байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Б нь Д.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нотлох баримт шаардахгүйгээр хохирогчийн эмчилгээний зардалд 12,800,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлого байхгүй болно гэх саналыг гаргав.

Шүүгдэгч А.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бага насны хүүхдийг харж ханддаг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 12,800,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 12,800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн А-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 12,800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ