Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 580

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00580

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ганчулуунд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 688.19 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Хариуцагч: Г.Ганчулуун

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Туул, Г.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганчулуун нь Хас банктай 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 15 384 ам.долларын зээлийг жилийн 9.36 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн, Хэнтий аймаг Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 41 дүгээр байрны 5 тоот, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн дансны дугаар 93000189 байсан бөгөөд Хас банк 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр програмын шинэчлэл хийсэнтэй холбоотой зээлийн дансны дугаар 1000000247 болж өөрчлөгдсөн.

Зээлдэгч Г.Ганчулуун зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлээс 6 646.56 ам доллар төлж, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө 1117 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан.

Иймд хариуцагч Г.Ганчулуунаас үндсэн зээл 12 140.19 ам доллар, хүү 3 497 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 51 ам.доллар, нийт 15 688.19 ам.долларыг гаргуулж өгнө үү.

Мөн барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 6 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Хас банкны салбар үүсгэн байгуулагдаж, тухайн салбарын захирлаар томилогдон очиж ажиллаж байгаад 2008 оны 11 сард эхнэр төрж, Хас банкнаас зээл хүссэн. Би орон сууцаа 22 000 000 төгрөгөөр авах болж урьдчилгаа 4 400 000 төгрөгийг өөрөөсөө гарган Хас банкнаас 18 000 000 төгрөгийн зээл хүссэн.

Хэнтий аймгийн Хас банкны Бор-Өндөр салбар буюу 43 дугаар тооцооны төвийн 20000043 тоот миний төгрөгийн харилцах данс руу 17 591 494 төгрөгийг бэлэн мөнгө гаргасны шимтгэл нь хасагдаж, шилжиж ирснийг байрны эзэнд шилжүүлсэн. Миний бие орон сууцны зээлийг төгрөгөөр хүссэн боловч банк зээлийн данс үүсгэхдээ долларын зээлийн данс нээсэн байсан. Энэ нь хувь хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр бөгөөд миний бие зээлийн үндсэн төлбөр хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байгаагүй байнга төлж байсан, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш зээлийг төлөөгүй.

Нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцооны хувьд маргаан байхгүй харин Иргэний хуулийн 217, 218 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг үүсэх үеийн долларын ханшаар тооцож төлөхөд татгалзах зүйлгүй. Учир нь бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдахад 1 ам.долларын ханш 1 144 төгрөг байсан.

Би 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээл авч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 1117 хоногт бодогдох хүү 4 033 233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 806 646 төгрөг, үндсэн зээл 13 887 589 төгрөг, нийт 18 727 468 төгрөг төлөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Ганчулуунаас 15 688.19 ам доллар буюу 35 026 237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хэнтий аймаг, Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 41 дүгээр байр 05 тоотод байрлах, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Ганчулуунаас 333 081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 333 081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Хас банкнаас Г.Ганчулуун зээл хүсэхдээ төгрөгийн зээл хүссэн өргөдөл өгсөн байдаг. Ам.долларын зээлийн гэрээ байгуулсан хэдий ч харилцагчийн зөвшөөрөлгүй, тухайн үеийн банкны бэлэн бус долларын ханшаар хөрвүүлэн Г.Ганчулууны харилцах дансанд хийсэн ба 17 591 494 төгрөг данс руу нь орсон.

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт мөнгөний ханш өссөн. буурсан бол төлөх өдрийнх бус харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор заасан байна гэж хуульд заасан. Уг заалтыг зөрчиж Хас банкны талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Г.Ганчулуун нь хүлээн зөвшөөрсөн нь 17 947 289 төгрөг юм. Гэтэл хас банк нь 2016 оны өргөдөл өгсөн өдрийн ам.долларын ханшаар бодож өгсөн зөрүү мөнгө болох 17 078 948 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Ганчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 688.19 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээгээр хариуцагч нь 15 000 ам.долларыг жилийн 9.36 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн, зээлдүүлэгч нь зээлдэгчид 17 591 494 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч зээл, зээлийн хүүг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба талууд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцжээ.

 

Зээлдэгч Г.Ганчулуун нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ 1117 хоногийн хугацаагаар гүйцэтгээгүй, зээлдүүлэгч зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсрэг тайлбар гаргаж, эсэргүүцээгүй тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон гэж үзнэ.

Иймд зээлдүүлэгч зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Г.Ганчулуун нь зээлийг төгрөгөөр төлөх тайлбараа банкнаас төгрөгийн зээл хүссэн гэж үндэслэж байна. Ажилтны орон сууцны зээлийн өргөдөлд  зээлээр санхүүжүүлэх хэмжээг “17 600 000” гэж тэмдэглэгдсэн, зээлийг тухайн үеийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлсэн үнийн дүнгээр шилжүүлсэн боловч талууд гэрээг ам.доллараар байгуулсан, гэрээ байгуулах үед болон байгуулснаас хойш зээлийн нөхцлийг төгрөгөөр тохирох байсан гэж гэрээнд өөрчлөлт оруулах талаар зээлдэгч хүсэлт гаргаж байгаагүй тул зээлдэгчийн үүргийг төгрөгөөр тооцож зээлийн гэрээний үүргийг тодорхойлох боломжгүй юм.

 

Иймд үндсэн зээлийн үүрэгт 12 140.19 ам.доллар, зээлийн хүүд 3 497 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 51 ам.доллар нийт 15 988.19 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш 2 232.65 төгрөгөөр тооцож 35 026 237 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг орхигдуулсныг зөвтгөх боломжтой гэж үзлээ. 

 

Зээлийн гэрээ байгуулагдах болон зээлийн гэрээний үүрэг шаардах үеийн ам.долларын ханш зөрүүтэй байгаа нь зээлийн гэрээний үүргийг шаардах үеийн мөнгөний үнэ цэнийг бууруулан тогтоох үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийг үүрэг үүссэн үе гэж шүүх тодорхойлсон нь зөв болжээ.

 

Талууд барьцаат зээлийн гэрээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлд Хэнтий аймгийн Бор Өндөр 2 дугаар хэсэг 41 дүгээр байр 05 тоот 51 м.кв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан, гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж анхан шатны  шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүргийг шаардсан байхад шүүх зээлийн гэрээний хугацаа дууссанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг нэхэмжлэл шийдвэрлэхдээ баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ганчулуун давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 243 345 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА