Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0597

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0597

Улаанбаатар хот

 

Д.Ү-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Нэхэмжлэгч: Д.Ү

    Хариуцагч: ТӨАЗД

    Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м.кв 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2022/0021 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 123/2022/001/3

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Д.Ү-оос ТӨАЗД-д холбогдуулан “Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м.кв 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “б”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү-ийн Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м.кв 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэн зохион байгуулахыг хариуцагч ТӨАЗД-д даалгаж” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц давж заалдах гомдолдоо:

 

     3.1. Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн Д.Ү нь “Төв аймгийн Зуунмод сумын номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34.11 м.кв 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг Д.Ү-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулж өгөх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2022/0021 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

    3.2. ... Аймгийн ахмад настнуудын нийгэм хамгааллыг дэмжих зорилгоор 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот нэг өрөө байр (34.11 кв/м)-ыг худалдан авч аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2.8 дахь хэсэгт “төрийн нийтийн зориулалттай өмчид хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө байна” гэж заасны дагуу энэхүү нэг өрөө байр (34.11 кв/м)-ны хууль ёсны өмчлөгч нь аймгийн Засаг даргын Тамгын газар юм.

   3.3. Аймгийн Засаг дарга асан Д.Баярбат нь иргэн О.Дулмаад Манзушир өргөө хотхоны 1-27 тоот нэг өрөө байр (34.11кв/м)-ыг бэлэглэсэн батламж албажаагүй, өмчлөлд шилжүүлэх, хувьчлах галаар гарсан албан ёсны шийдвэр гараагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчид бүртгэлтэй тус орон сууцыг бэлэглэх, өмчлөлд шилжүүлэх эрх аймгийн Засаг даргад олгоогүй болно.

 3.4. Иргэн О.Дулмаад Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоотын нэг өрөө байр (34.11 кв/м)-ыг түр хугацаанд ашиглуулж байсан нь холбогдох баримтуудаар нотлогдох үндэслэлтэй гэж үзэж байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй албаны орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, хувьчлахгүй бөгөөд орон сууц ашиглуулах гэрээ байгуулах замаар ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх юм.

3.5. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2022/0021 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

    4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                      

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

     4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Аймгийн засаг дарга асан Д.Баярбат нь иргэн О.Дулмаад Манзушир өргөө хотхоны 1-27 тоот нэг өрөө байр (34.11 м.кв)-ыг бэлэглэсэн батламж албажаагүй, өмчлөлд шилжүүлэх хувьчлах талаар гарсан албан ёсны шийдвэр гараагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлаас орон нутгийн өмчид бүртгэлтэй тус орон сууцыг бэлэглэх, өмчлөлд шилжүүлэх эрх аймгийн Засаг даргад олгоогүй болно” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь:

 

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар “ Аймгийн 2015 оны төсвийн төслийн тухай аймгийн Засаг дарга /Д.Баярбат/-ын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, уг төсөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засаг, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд” 02 дугаар тогтоолыг:

2006 оны Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын б-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;” мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;” гэсэн хуулийн заалтыг баримтлан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг  хэрэгжүүлэн баталжээ.

4.2. Дээрх тогтоолын 3 дугаар хавсралтаар “Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.3-т зааснаар 2015 онд Ахмадын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд 70,000.000 /далан сая төгрөг/ зарцуулах эрхийг аймгийн Засаг даргад олгосон байна.

4.3. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур шилжүүлэх эрхийг аймгийн Засаг даргад олгож, улмаар “иргэн О.Дулмаад бэлэглэсэн гэх орон сууцны худалдан авах хөрөнгийн эх үүсвэр”-ийг ахмадын орон сууцны хөтөлбөрт зарцуулах хөрөнгөөр баталж өгсөн байна. /1-р хх- 112-128 дахь тал/

           4.4. ТӨАЗД  нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн төсвийнхөө хүрээнд ахмадын орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлэх  зорилгоор “БҮТИ” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 15/070 дугаартай /1-р хх-59-63 дахь тал/, 27 тоот 34.11 талбайтай, 37 тоот 34.95 талбайтай хоёр орон сууцыг худалдан авах гэрээ байгуулжээ.

          4.5. ТӨАЗД  нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  дээрх хоёр байрны нэг болох Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34,11 м кв 1 өрөө байрыг Эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, нүд хараагүй хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан О.Дулмаад шинэ хотхоны нээлтийн арга хэмжээ, олон нийтийн өмнө 2 ч удаагийн үйлдлээр “Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Осордагва овогтой Дулмаа танд Мандшир өргөө хорооллын 1 өрөө шинэ байрыг бэлэг болгон өгснийг батламжлав. Урт насалж удаан жаргахыг ерөөе. ТӨАЗД  Д.Баярбат. 2015.06.20“ гэсэн бичээстэй, түлхүүрийн хэвтэй батламж гардуулан бэлэглэж, бэлгийг хүлээн зөвшөөрч О.Дулмаа хүлээн авснаар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, мөн хуулийн 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан  нь тогтоогдож байна.

          4.6. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй“ гэж зааснаар хариуцагчаас бэлэглэлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаагүй байна. 

          4.7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..орон сууцыг бэлэглэх, өмчлөлд шилжүүлэх эрх аймгийн Засаг даргад олгоогүй болно” гэх гомдол үндэслэлгүй.

   4.8. Мөн орон сууц бэлэглэх үед тухайн орон сууц орон нутгийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан, түүнчлэн хариуцагчаас байрыг үнэ төлбөргүй ашиглуулж, түрээслүүлж  байсан гэсэн тайлбар гаргаж байх боловч “орон сууц ашиглуулах гэрээ “ байгуулагдаагүй  зэргээс үзвэл хариуцагчийн “...нэг өрөө байрыг түр хугацаанд ашиглуулж байсан” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

    5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасны дагуу үнэлсэн, 2006 он, 2020 оны Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 123/ШШ2022/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ 

 

 

                         ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА