| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06348/И |
| Дугаар | 102/ШШ2016/05585 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/05585
2016 оны 11 сарын 02 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05585 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, 1-р 48 айлын орон сууны 12 тоотод оршин суух, БНХАУ-д сурдаг, регистр АЮ96041206, Бор адуу овогтой Нямдоржийн Оюунномингийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Очир хотхон оффисийн 2-р давхар, “Санни Апрель” ХХК-д холбогдох гэрээ цуцалж, 2 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбаяр, хариуцагч “Санни Апрель” ХХК-ний захирал Н.Мөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оюунномин нь 2015 оны 8-р сарын 3-ны өдөр “Санни Апрель” ХХК-тай сургалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2015 оны 9-р сарын 12-нд хэлний бэлтгэлд суралцахаар БНХАУ-ын Хенань мужийн Жэньжөү хотын “Хенан технологийн” их сургуульд хэлний бэлтгэлд зуучлуулан суралцсан. Суралцах хугацаанд Оюунномин нь үүргээ биелүүлсэн. Хэлний бэлтгэл дуусахад сургалтын төв нь сонгосон сургуульд тэтгэлэгт хамруулахаар зуучилж хувийн хэрэг материал бүрдүүлэх, цахим болон буухиа шуудангаар илгээх, харилцаа холбоо тогтоох зэрэг үүргээ биелүүлээгүй. Иймд бид 2016 оны 3-р сарын 11-нд гэрээ цуцалъя гэсэн. “Санни Апрель” ХХК нь зөвлөхийн үүргээ биелүүлээгүй тул зөвлөх гэрээг цуцалж, үйлчилгээнд төлсөн 2 850 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.Мөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санни Апрель” ХХК нь “Edu world” боловсролын төвөөрөө боловсролын зөвлөх үйлчилгээ эрхэлдэг. 2015 оны 8-р сард манайх БНХАУ-ын Хенань мужийн Хенань технологийн их сургуультай гэрээ байгуулж, монгол оюутныг хөнгөлөлттэй үнээр сургах болсон. Сургалтын төлбөр 20 000 юань буюу 6 000 000 төгрөг, бусад зардал нь 4 000 000 орчим төгрөг болж нийт 10 000 000 төгрөгийн зардал нэг оюутнаас гарахаар байсан. Харин “Edu world” боловсролын төв нь маш хөнгөлөлттэй үнээр сургахаар тохирч чадсан, өөрөөр хэлбэл, оюутныг 1 жил хэлний бэлтгэлд сургах, цаашлаад магистр тэтгэлэгтэй сургах нь гэрээний үүрэг байсан. Н.Оюунномин нь манайхтай байгуулсан гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ авч Хенаний их сургуулийн хэлний бэлтгэлд 2015 оны 9-р сараас сурч төгссөн, одоо 1-р курсэд мужийн тэтгэлэгээр сурч байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунномин нь “Санни Апрель” ХХК-д холбогдох суралцахад зөвлөх гэрээ цуцалж 2 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Санни Апрель” ХХК нь Н.Оюунноминтой 2015 оны 8-р сарын 17-ны өдөр “Суралцахад зөвлөх гэрээ” байгуулж, суралцагчийн БНХАУ-ын Хенань мужийн Технологийн их сургуулийн хэлний бэлтгэлд нэг жилийн хугацаатай суралцуулах, тухайн сургуульд ”А”, “В”, “С” төрлийн тэтгэлэгээр суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлсний хураамж, бусад төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх-11-20/ Талуудын хооронд Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан “зуучлалын гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь “Санни Апрель” ХХК нь сонгосон сургуульд тэтгэлэгт хамруулахаар зуучилж хувийн хэрэг материал бүрдүүлэх, цахим болон буухиа шуудангаар илгээх, харилцаа холбоо тогтоох зэрэг үүргээ биелүүлээгүй” талаар маргаж, гэрээ цуцлах, гэрээний 2.4.3-т зааснаар 95 хувийн төлбөр буюу 2 850 000 төгрөг гаргуулахаар шаардсан бол, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гэрээний үүргээ биелүүлсэн, Н.Оюунномин нь 1-р курст мужийн тэтгэлэгээр сурч байгаа” гэж тайлбарлажээ.
Н.Оюунномин нь гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг “Санни Апрель” ХХК-д төлсөн, тус компаниар зуучлуулан Хенаний Технологийн их сургуулийн хэлний бэлтгэлд 2015 оны 9-р сараас 1 жил хугацаатай суралцсан, 2016 оны 9-р сараас тус сургуулийн 1-р курст мужийн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч “...Оюунномин нь хэлний HSK 4 шалгалтандаа тэнцээгүй учраас гэрээгээ цуцална, өөрөө их авъяастай учраас сургууль нь урьсан” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Нөгөө талаас, гэрээний 2.4.3-т “Гэрээ байгуулснаас хойш суралцагчийн тэтгэлэг авахаар анкетанд бөглөсөн их сургууль болон тэтгэлэг олгох байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсний дараа суралцагч гэрээ цуцлах хүсэлт гаргасан бол зөвлөх үйлчилгээний төлбөрийн 95 хувийг ажлын 10 хоногт багтаан буцааж олгоно” гэж тохирсон нь суралцагч гэрээ цуцлах хүсэлт гаргасантай холбоотой байх ба харин гэрээний 1.2.1-т заасан зөвлөх үйлчилгээг үзүүлээгүйтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тохиолдолд төлбөрийг буцаан олгох нөхцөл болохгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн “Суралцахад зөвлөх гэрээ” нь суралцагчийг хэлний бэлтгэлд сургах, улмаар сургуульд тэтгэлэгтэй сургахад зуучлах зорилготой бөгөөд Н.Оюунномин нь тус төвөөр зуучлуулан хэлний бэлтгэлд, мөн 1-р курст сурч байгаа нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч гэрээ цуцлахаар шаардах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1, 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Санни Апрель” ХХК-тай байгуулсан 2015 оны 8-р сарын 17-ны өдрийн “Суралцахад зөвлөх гэрээ”-г цуцлах, 2 850 000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Нямдоржийн Оюунномингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА