| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1938009240310 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-18 тоот хашааны гадаа иргэн Р.А-д хүч хэрэглэхгүйгээр цамцны халаасанд нь байсан нэг нүдний дуранг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-18 тоот хашааны гадаа иргэн Р.А-д хүч хэрэглэхгүйгээр цамцны халаасанд нь байсан нэг нүдний дуранг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938009240310 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Мөрөн ирээд хамтран амьдрагч Нарангэрэлийн гэрт ирсэн. Ирсэн өдрөө Нарангэрэлтэй хамт архи уусан, мөн 12 дугаар сарын 19-ний өглөө босож ирээд Нарангэрэлтэй хамт 1 шил архи уусан. Нарангэрэлтэй хамт 9 дүгээр хороо луу Нарангэрэлийн садны эгчийнх рүү нь явах гэж байтал хашааны гадаа нэг хүн ирээд Нарангэрэлтэй юм яриад байсан. Тэгэхээр нь ардаас нь гараад би Нарааг энэ хүнийг таних юм уу гэсэн чинь танихгүй гэж байсан. Би тэр хүнийг Нарааг таньдаг хүн байсан байх гэж дотроо бодоод утсаа гаргаад ир гэж хэлсэн.Тэгтэл утас нь дугарахаар нь утсыг авах гэсэн чинь тэр хүн өгөхгүй гээд байсан, тэгэхээр нь халаасыг нь нэгжиж байгаад нэг нүдний дуран гарч ирэхээр нь аваад шууд зах руу ирсэн. ... Тэр хүн халаасанд байсан гар утсан дээрээ гараараа дараад байхаар нь бусад халаасыг нь уудалж байгаад нэг нүдний дуранг нь авсан. Хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Яг яах гэж авснаа санахгүй байна. Нэг нүдний дуран байсан. Скочоор ороочихсон муухан дуран байна гэж бодсон. ” гэх мэдүүлэг,
Хохирогч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 12 сарын 19-ний өдөр Хатгал тосгоны бор гэж хүнтэй уулзахаар 11-р хороонд очсон. Бор надад гэрээ зааж өгөхдөө найман шарга гэж дэлгүүрийн баруун талын гудам хашаандаа хүрэн дүнзэн байшинтай гэж хэлж ярьсан болохоор би 11-р хорооны найман шарга дэлгүүрийн баруун талын гудам руу орж хүрэн дүнзэн байшинтай айл байхаар нь хашааны хаалгыг нь тогштол тухайн айлын хашаанд байрлах ур талын гэрээс нэг эмэгтэй хүн гарч ирсэн тухайн эмэгтэй жаахан согтуу байсан. Тухайн эмэгтэйгээс би Бор гэж Хатгал тосгоны гаралтай айлынх мөн үү гэж асуутал манай ар талын гудамд байдаг гэж хэлсэн. Тэгтэл тухайн эмэгтэйн гарч ирсэн гэрээс согтуу бололтой эрэгтэй хүн гарч ирсэн. Тухайн эрэгтэй хүн над руу хүрч ирснээ унадаг дугуйгаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугуйгаа хүнд өгөхгүй гэж хэлтэл эхэнд гарч ирсэн эмэгтэй ахаа наад залуу чинь таниар тоглож байгаа юм дугуйгаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо явлаа гэж хэлтэл миний дугуйнаас зуурчхаад тавихгүй байсан. Тэгтэл миний хувцасны энгэрийн халаасанд байсан утас дугарахаар нь би утсаа авах гэтэл миний утас байгаа энгэрийн халаас руу гараа явуулснаа танд мөнгө байна уу гэж асуусан тэгэхээр нь би халаасаа гараараа дартал миний гараас татаж хурууг минь өчиж татсан тэгэхээр нь би гараа ав халааснаа гараа аваарай чи муу гэж хэлж гарыг нь татаж зууралдаж гарыг нь хувцасны халааснаасаа тавиулсан. Тэгтэл миний өмсөж явсан хувцасны баруун доод талын халаасанд байсан нэг нүдний хуучны орос дуран байсныг авч дуранг минь аваад зугтсан. Тэгэхээр нь би унаж явсан дугуйгаа аваад араас нь явах гэж байтал хашааны үзүүр тойроод алга болсон. Тухайн хоёр хүн гарч ирсэн айлаас хүн гарч ирэхээр нь хэн гэж ямар хүмүүс болохыг асуутал супер Нараа, Буянаа гэж нэр хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт хандсан. Миний дуран орос улсад үйлдвэрлэсэн нэг нүдний дуран байсан. хуучны дуран байсан болохоор дурангийн шил нь жаахан бүрсийсэн жаахан хажуу тал руу нь болгож харахаар сайн бүтэн хардаг дуран байсан. Тухайн дуранг манай аав эдэлж хэрэглэж байгаад надад өгсөн. Хуучны дуран байгаа юм. Одоогоор үнэлж мэдэхгүй байна. Дурангаа буцааж авмаар байна. Шөнө байсан бол хүнийг алахаар юм байна лээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг /хх-10-12х/,
Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11-22-18 тоотод байх гэртээ Б бид 2 архи уусан. Буянаа хотоос ирэхдээ мөнгөтэй ирсэн байсан болохоор дэлгүүрээс архи авч хоёулаа хувааж уусан. Тэгтэл хашааны гадна нэг эрэгтэй хүн Борынх мөн үү гэж хашхираад байсан. тэгэхээр нь би Хатгалын Бор уу гэж асуусан чинь бишээ гэж хэлсэн. Тэгж байтал хашаанаас Буянаа гараад ирсэн. Та яахаараа эндээс гарч ирж тэр айлаараа асуудаг юм бэ юун хүн бэ гэж тэр хүнээс асуусан чинь тэр хүн айл асуусан юм аа гэж хэлсэн. та яахаараа заавал эндээс ирж асуудаг юм гэж тэр хүнтэй ноцолдоод мөнгө байна уу гээд Буянаа тэр ахын халаасыг ухсан. Тэгтэл гар утас нь дугаар байгаа бололтой байх тэр ах халаасанд байсан утсан дээрээ гараараа дарах үед Буянаа өврийг нь ухаж нэг нүдний дуран гаргаж ирсэн. Тэгээд бид 2 гудамжны үзүүр тойрч яваад зах дээр очсон. Тэгээд би авга ах Мягмаржавт тэр нэг нүдний дуранг хадгалуулсан. Хүний юм байгаа юм шүү хадгалчхаарай гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Буянаа эрүүлжүүлэхэд орсон гэхээр нь ирж авах гэж мэрээд дурангийн асуудал гарч магадгүй гэж Мягмаржав ахаас гэрт очиж дуранг авсан. Тэр өдрийн маргааш нь хундан Ганаагийнд архи ууж байгаад дурангаа байлгаж байгаарай гэж хэлээд үлдээсэн. Тэгэхэд хундан Ганаагийн гэрт Оюунбаатар үлдсэн. Оюунбаатар тэр дуранг авсан гэж сураг сонссон. Би бол зүгээр хажууд нь зогсож байсан. Б гэсэн цохиж зодож дарамталсан зүйл байхгүй. өврийг нь ухаад дуран гаргаж ирсэн. ” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...2019 оны 12 дугаар сард байх хэдний өдрийг нь санахгүй байна. Н манай гэрт ирэхдээ нэг нүдний дуран барьж ирээд дурангаа манай гэрт орхиод явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Буянжаргал согтуу манайд ирээд тэр дуранг аваад явсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-44-46х/,
Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр байх. Н манай гэрт ирэхдээ нэг нүдний дуран барьж ирээд тэр дурангаа манай гэрт орхиод явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б согтуу ирээд тэр дуранг аваад явсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-48х/,
Хөрөнгө үнэлсэн тайлан ...”ОХУ-д үйлдвэрлэгдсэн нэг нүдний дуран хэрэглэж байсан хуучин 1 ширхэг 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр тогтов. гэх /хх-18-19х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-32, 60-61х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938009240310 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-18 тоот хашааны гадаа иргэн Р.А-д хүч хэрэглэхгүйгээр цамцны халаасанд байсан нэг нүдний дуранг хууль бусаар дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-8-9х/, гэрч Л.Н-ийн /хх-13-14х/, гэрч Х.М-ын /хх-45-46х/, гэрч Ц.Г-ийн /хх-47-48х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-18-19х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймгийн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.А-ийн Хаан банкны 5913319231 тоот дансанд 120.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Хаан банкны интернэт банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31-32х/, Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-61х/-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ц.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938009240310 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Х” овогт Ц.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1938009240310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН