Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05586

 

2016 оны 11 сарын 02 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05586

                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өлзийт сум, 5-р баг, “Хүдэр магнай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1- рхороо, 2-р хороолол 64-40 тоотод байрлах, “Мэжик бридж” ХХК-д холбогдох 15218Х тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Цогтбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүдэр магнай” ХХК нь “Межик бридж” ХХК-иас Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь хайгуулын 15218Х тоот лицензийг худалдан авахаар 2012 онд “Эрэл хайгуулын талаар анхдагч материал худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Тухайн үед энэ газарт жоншны нөөц нь тогтоогдоогүй, өрөмдлөг хийгдээгүй байсан ба үнийг их өндөр 70 сая гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад 67 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба манай компанийн зүгээс мөнгийг бэлэн, бэлэн бусаар 3 удаа бүрэн шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрөл бүхий газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй, үйл ажиллагаа явуулахаар 2 гэр, тоног төхөөрөмж хүргэхэд Эрдэнэчимэг захирал хэрүүл маргаан үүсгэсэн. Бидний хооронд газар болон түүнтэй холбоотой баримт бичиг худалдах, худалдан авах гэрээг бодитойгоор хийсэн ба манайх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн. Гэтэл худалдагч тал болох “Межик бридж” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хохироож байгаа тул нэхэмжлэл гаргасан. Худалдах, худалдан авах тухай гэрээнд үнийн дүнг бодитойгоор тусгаагүй учир нь гэрээний үнийн дүн өндөр байх тусам түүнтэй холбоотой төлбөр хураамж нэмэгдэнэ гэсэн худалдагч талын хүсэлтээр гэрээний үнийг 5 000 000 төгрөг гэж бичсэн. Иймд тухайн үед 15218Х, /одоо Х017693/ тоот тусгай зөвшөөрлийг “Хүдэр магнай” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгөхийг “Межик бридж” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд “Хүдэр магнай” ХХК-ийн захирал Г.Цогтбаяр нь нэр бүхий иргэдтэй “Межик бридж” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын 15128Х дугаартай тусгай зөвшөөрлийг 250 сая төгрөгөөр худалдан авъя гэсэн саналыг тавьсан, тэгээд тохиролцоо хийж зарахаар болсон. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх гэсэн боловч үйлдэл хийхээс татгалзсан. Хэрвээ хэлцэл байгуулагдсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлд зааснаар 30 хувийг татварын албанд тушааж, гэрээг Ашигт малтмалын газарт өгч тусгай зөвшөөрлийг шилжүүлэх байсан. Тухайн үед “Хүдэр магнай” ХХК-д ийм боломж байгаагүй. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлд зааснаар  зохицуулагддаг юм. Харин хамтран ажилласан  Адъяа, Алтанхуяг нарт хайгуулын ажилд оруулсан мөнгийг нь өгч дуусгасан, Цогтбаяраас мөнгө аваагүй. Тэгээд ч Ашигт малтмалын хайгуулын 15128Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн 2013 оны 1-р сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолын хавсралтаар хүчингүй болсныг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн, шийдвэр, магадлал, тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Шүүхийн тогтоолоор хүчингүй болсон 15128Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал байж болохгүй. Хүдэр магнай ХХК нь 2012-2015 оны 12-р сарын 22-ныг хүртэл хугацаанд яагаад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй вэ. Ашигт малтмалын газар нь шинээр сонгон шалгаруулах журмаар 170693Х тусгай зөвшөөрлийг олгосон байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хүдэр магнай” ХХК нь “Межик бридж” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 15218Х  /Х170693/  тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж бүртгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            “Межик бридж” ХХК нь “Хүдэр магнай” ХХК-тай “Эрэл хайгуулын талаар анхдагч материал худалдах худалдан авах гэрээ” байгуулж, Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 15218Х тусгай зөвшөөрөл бүхий 505.95 га талбайг “Хүдэр магнай” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь холбогдох баримт бичгийн үнэ 5 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 3-4, 39-42/  тохирчээ.

 

            Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийг 5 000 000 төгрөг гэж тусгасан боловч хөрөнгө оруулалт гэх баримтаар “Хүдэр магнай” ХХК, иргэн Ж.Адъяа, Г.Шинэбаяр, Х.Алтанхуяг нар 67 500 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 7-9/ байх ба харин худалдагч “Межик бридж” ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

            Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болдог.

            Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “Межик бридж” ХХК нь “Хүдэр магнай” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр холбогдох баримтыг бүрдүүлэх, Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар шилжүүлэх боломжгүй байжээ. 

 

            Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01-р сарын 30-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2, 268-р зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын 8 дахь заалт, 1-р хавсралтын 30 дугаарт тусгагдсан “Межик бридж” ХХК-д 15218Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10-р сарын 22-ны өдрийн 862 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон /хх 43-93, 136-153/ байна. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2013 оны 06-р сарын 19-ний өдрийн 312 тоот тогтоолоор шийтгэх тогтоолын 1-2 дугаарт хавсралтууд нь шийтгэх тогтоолын хамт хүчин төгөлдөр болохыг дурьджээ.

 

            Үүнээс дүгнэвэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийтгэх тогтоолоор хүчингүй болгосон хайгуулын  15218Х  /Х170693/  тоот тусгай зөвшөөрлийг “Хүдэр магнай” ХХК-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

            Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн “Журам батлах тухай” 216-р тогтолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд зааснаар сонгон шагаруулалтыг зарлан явуулж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 12-р сарын 17-ны өдрийн 563-р шийдвэрээр “Межик бридж” ХХК-д Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 505.95 га талбайд хайгуулын XV-017693 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

           

Улмаар, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн 563-р шийдвэрээр Межик бридж ХХК-д ашиглалтын MV-019018 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон /хх 195-210/, тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.

 

            Нэхэмжлэгч гэрээ хэлцлийн үнийн дүнгийн хэмжээгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 495 400 төгрөгийг төлсөн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хайгуулын 15218Х /одоо Х017693/ тоот тусгай зөвшөөрлийг “Хүдэр магнай” ХХК-ний нэр дээр шилжүүлэхийг “Межик бридж” ХХК-д даалгахыг хүссэн “Хүдэр магнай” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА