Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 34 дүгээр гудамж, өөрийн байранд байрлах Шинжлэх ухаан технологийн их сургууь /цаашид ШУТИС гэх/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, .. дугаар бичил хороолол, …дугаар байрны ..тоотод оршин суух, ..регистртэй, Бат овогт  Я.Ч,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ..дугаар байрны ..тоотод оршин суух, ..регистртэй, Асуут овогт Намхайн Энхбаяр нарт холбогдуулан гаргасан,

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд 23,367,336 /хорин гурван сая гурван зуун жаран долоон мянга гурван зуун гучин зургаан/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Я.Ч-н ШУТИС-д холбогдуулан, Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, А/81 тоот ректорын тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, ажил хавсарсны болон илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, мөн 2016 оны ээлжийн амралтын олговорт нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг, Г.Балжинням, хариуцагч Я.Ч, хариуцагч Н.Э болон түүний өмгөөлөгч С.Гарьд /ШТҮД:2005/, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Галсандорж /ШТҮД:0935/ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ШУТИС шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Механик, тээврийн сургуулийн 2012-2015 оны сургалтын төлбөрийн бэлнээр төлсөн орлогын баримтыг санхүүгийн програмын өгөгдөлтэй болон оюутны хичээл сонголтын хуудастай тулган баталгаажуулах замаар бэлэн мөнгөний бүртгэл санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шалгасан. Мөн төлбөр тооцоо хариуцсан тооцооны нягтлан бодогч, кассын нярав, сургалтын албаны ажилтнуудтай ярилцлага хийж, тооцоо нийлэн, зөрчлийг танилцуулах замаар тодруулга хийж, төлбөр тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийг шалгаж тодруулсан байдаг. Зөрчил үүссэн бэлэн мөнгөн орлогын баримтуудыг харилцах данс болон бусад бүртгэл, анхан шатны бүртгэлүүдтэй тулгаж шалгаснаар 2012-2015 онуудад нийт 60,867,336 төгрөг кассын бүртгэлд оруулалгүй завшсан болохыг тогтоосон. Дутагдал гарах шалтгаан нь олон жилийн туршид сургуулийн удирдлагад байсан хүмүүс санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан, санхүүгийн тайлан тооцоо бодитой бус явж ирсэн нь нөлөөлсөн гэж үзсэн. Дутагдал болсон мөнгөнөөс 37,500,000 төгрөг төлөгдөж, 23,367,336 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд кассын нярав Н.Э, тооцооны нягтлан бодогч Я.Ч нараас 23,367,336 төгрөг гаргуулж сургуулийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг, Г.Балжинням нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

         Дотоод хяналт шалгалтаар кассын нярав Н.Этай холбоотой 59,400,000 гаруй төгрөгийн асуудал гарсан. Энэ нь мөн тооцооны нягтлан Я.Чтэй холбоотой гэсэн. Үүнээс шалтгаалан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөнгө дутсан асуудал нь хариуцагч нар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс үүссэн зөрчил дутагдал байгаа юм. Кассын няравын ажлын байрны тодорхойлолтод заасан бэлэн мөнгө гаргах, мөнгө хүлээн авах, анхан шатны бүртгэлийг журмын дагуу хийн, баримтуудыг үйлдсэн бол энэ зөрчил дутагдал 1 улирлын дотор илрэх байсан боловч тооцооны нягтлан ажил үүргээ гүйцэтгээгүйгээс ийм хэмжээний зөрчил дутагдал гарсан. Иймд энэ хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас сургалтын төлбөрийн орлогоос дутсан асуудал гарсан байгаа. Сургуулийн удирдлагын зүгээс аудитын дүгнэлтэд гарын үсэг зураагүй шалтгаан нь 2011-2015 оны шалгалт хийсэн боловч 2011 оны зөрчлийг тавиагүй байсан. 2014 оны хичээлийн жилийн намрын улиралд Б.Баянжаргал докторантын төлбөрийг Төв сургуулийн эрдэм шинжилгээний алба руу шилжүүлэх гэсэн боловч уг оюутны төлбөр төлсөн баримт байхгүй, санхүүгийн програм дээр төлбөрийн мэдээлэл байхгүй байсан. Бид хариуцагч нараас аудитын дүгнэлтийг үндэслэж 23,367,336 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан боловч Н.Эын төлсөн төлбөр нь ШУТИС-ийн захиргаа болон Механик тээврийн сургууль дээр төлөгдсөн байсан учир төлбөр төлсөн баримтуудыг тулгаж үзээд, 39,716,220 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзээд, 19,675,546 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Тодруулбал: Г.Мөнхжаргалын сургалтын төлбөр 738,000 төгрөг, Г.Долгорсүрэнгийн сургалтын төлбөр 404,000 төгрөгийг Н.Э төлсөн, н.Цэрмаагийн 162,000 төгрөгийн оюутны байрны төлбөр, 912,220 төгрөг зэргийг төлснийг тооцоогүй байсан байна. Хариуцагч нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй боловч тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажлаа үнэнч шударгаар гүйцэтгээгүй, ашиглан шамшигдуулсан зөрчлийн талаар бид ярьж байгаа. Иймд сургуульд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

         Хариуцагч Я.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

         Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ШУТИС-ийн бүрэлдэхүүн, Механик тээврийн сургуульд тооцооны нягтлан бодогчоор ажилд орсноос хойш 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа нэр төртэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж, Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичиг, Үндэсний статистикийн хорооны хүндэт жуух бичгээр шагнагдаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. ШУТИС-ийн захиргаа, мониторингийн газрын дотоод аудитор С.Энхбаатар, Г.Шүрэнцэцэг нар Механик тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд 2016 оны 3 дугаар сарын 11-нээс 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл шалгалт явуулж, кассын нярав Н.Эаас 59,4 сая төгрөгний дутагдал гарсан гэж аудитын тайланд дүгнэсэн. Аудитын дүгнэлтийг тус сургуулийн удирдлага, санхүүгийн ажилтнууд хүлээн зөвшөөрөөгүй, аудитын тайланд гарын үсгээ зураагүй. Аудитын тайланд дутагдал болсон 59,4 сая төгрөгийг кассын нярав Н.Э болон бусад холбогдогч тооцооны нягтлан бодогч, сургалтын албаны ажилтнуудаас нэхэмжилж төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж алдаа зөрчлийг нэг бүрчлэн хүн тус бүр дээр заагаагүй нийт дунд нь бүрхэгдүүлж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Аудитын тайланд дүгнэсэн дүгнэлтийг бодит үнэнд тооцон, мөчиг тачиг материалаар онц их хэмжээний хохиролтой хэрэгт хамруулан ажлаас халж, сэтгэл санаа, эд материал, бие махбодийн ихээхэн хэмжээний хохирлыг учруулж, хэлмэгдүүлэн хохироосон. Ажлын байрны тодорхойлолтоор миний бие кассын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, тооцоог нь боддоггүй байсан. Мөн дүгнэлтэд 2011-2016 онуудад ахлах нягтлан бодогч өөрийн гарын үсэг, тэмдэгтэй кассын баримтыг урьдчилан бөөнөөр нь олгодог, эргээд дор бүр нь хяналт тавьж ажилладаггүй байсан нь мөнгөн хөрөнгө шамшигдуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж ахлах нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагааг заан тодорхойлсон атлаа, тооцооны нягтлан бодогч Я.Чийг буруутгаж, ажлаас халж онц их хэмжээний төлбөрийг хариуцуулахаар шүүхэд шилжүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч Я.Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

         ШУТИС-ийн ректор Б.Очирбат нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/81 дугаартай тушаалын нэг л заалтаар сургуулийн мөнгөн хөрөнгийг дутааж, завшсан, санхүүгийн тайлан мэдээг санаатайгаар буруу гарган будлиантуулсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэл зааж тооцооны нягтлан бодогч Я.Ч намайг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Балжинням нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын чөлөө авч Япон улсад нөхрийгөө эмчилгээнд авч явсан. Энэ хугацаанд тооцооны нягтлан бодогч миний бие түүний ажил үүргийг 2 сар гаруй хугацаанд гүйцэтгэсэн. Захирлын тушаал шийдвэр гаргуулах гэтэл Г.Балжинням нь энэ хугацааны цалингаа аваад явчихсан байсан учраас тушаал гараагүй. Өөрөөр хэлбэл, Г.Балжиннямын чөлөөтэй байсан 2 сарын хугацаанд миний бие ажлыг нь гүйцэтгэж, цалинг Г.Балжинням авсан нь шударга бус зүйл болсон. Иймд ШУТИС-ийн ректорын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/81 дугаартай тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгох, ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг гүйцэтгэсэн 2 сарын цалин (1,250,000 төгрөгийн үндсэн цалинтай) энэ цалингийн 40% нь 500,000*2 сар=1,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар улирлын балансын илүү цаг 500,000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1,200,000 төгрөг, бүгд 2,700,000 төгрөгийг ШУТИС-иас нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан. ШУТИС-ийн мөнгөн кассын журмын 2.2 дахь хэсэгт ахлах нягтлан бодогчийн шууд удирдлага дор ректорын тушаалаар кассын нярав томилогдон ажиллана гэсэн байна. Мөн ШУТИС-ийн ректорын 2003 оны тушаал дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тооцооны нягтлан бодогчтой хийх байтал надтай ийм гэрээ хийгээгүй. Намайг ажил хийх чадваргүй гэж хэллээ. Ийм чадваргүй хүн 10 жил ажиллана гэж байхгүй. Би 3 нялх хүүхэдтэй, олон тооцооны нягтлангаас намайг буруутгаж, хүний амьдралыг ганц хоёр өгүүлбэрээр шийдэх гэж байгаа нь надад хүндээр тусч байна. Намайг улаан цагаан гүтгэж байгаа учир үг хэлэх боломж байхгүй, хэцүү байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

         Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

         Миний бие ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуульд 2007 онд кассын няравын ажлын албан тушаалд ажилласнаас хойш 2016 оны 6 дугаар сарын 08-ныг хүртэл 9 жил ажилласан. Энэ хугацаанд өөрийн бүх хүч бололцоогоороо гарган ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Миний ажил, хөдөлмөрийг үнэлж Сургуулийн захирлын тушаалаар захирлын нэрэмжит шагнал, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичгээр 2011 онд, Сангийн яамны 100 жилийн ойн хүндүэт тэмдгээр 2011 онд, Санхүү банкны тэргүүний ажилтнаар 2014 онд тус тус шагнуулж, хамт олны дунд нэр хүндтэй ажилтны тоонд ордог гэж дүгнэдэг. ШУТИС-ийн дотоод хяналт шалгалт явуулсан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт тайланд дурдсан тайлбараар кассын нярав Н.Э намайг 2011-2015 онуудад нийт 59,389,766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй завшсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Аудитын тайланд “залилангийн шинжтэй үйлдлийн дүнд хохирол учруулсан” гэж тодотгосон дүгнэлт хийсэн нь миний хувийн байдлыг маш их дордуулж байна. Би энэ их мөнгөнөөс ганц ч мөнгө өөртөө болон амьдралдаа зарцуулаагүй, ашиглаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Сангийн сайдын 2010 оны 39 тоот тушаалаар баталсан төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журмын 6.1-д зааснаар Төрийн байгууллага мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын тушаалаар байгуулж ажиллуулна. Энэ ажлын хэсэг нь нягтлан бодогчтой хамтран мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалтанд хяналт тавьж, тооцоог нийлж байна гэж заасан заалт биелэгдээгүй. Энэ заалтын дагуу ажлын комисс байгуулагдаж, ажлаа хийсэн бол дутагдал гарахгүй байх бүрэн үндэслэлтэй байсан. Мөн кассын анхан шатны баримтыг нэгдсэн журмаар салбар сургуулиудад дугаартай өгдөггүй, салбар сургуулиуд санхүүгийн ажилчид өөрсдөө дугаарладаг, гараар дугаарлахад дугаар давхцах эсвэл дугаар алдах зэргээс дутагдал гарах үндсэн шалтгаан болдог гэж үзэж байна. Я.Ч бид хоёрын хувьд нийлж байгууллагыг хохироосон зүйл байхгүй, ажил үүргийн хувьд ч гэсэн харилцан хамааралтай хүмүүс биш юм. Би 37,000,000 төгрөгийг Голомт банкны дансанд найз нөхдөөсөө мөнгө зээлж төлсөн. Гэтэл аудитын дүгнэлт гараагүй байхад миний тушаал гарсан. Аудитын дүгнэлтийн жагсаалтыг намайг танилц гээд өгөхөд нь тухайн үед би хяралтай байсан учир “танилцсан” гээд гарын үсэг зурсан. Гэтэл одоо намайг тэр жагсаалтад гарын үсэг зурсны төлөө хүлээн зөвшөөрсөн гээд тулган шаардаж байна. Би 2 жилийн хугацаанд маш их дарамттай байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, 54 нас хүрч байгаа, тэтгэвэрт гарахад ойрхон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Галсандорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

         ШУТИС-ийн нэхэмжилж байгаа 19,675,546 төгрөгийг хариуцагч нар төлөх ямар ч үндэслэл байхгүй. Энэ аудитын дүгнэлт дээр уг мөнгийг хэн хариуцах нь тодорхойгүй гарсан. Энэ дүгнэлтийг хөндлөнгийн аудит хийгээгүй. Энэ байгууллагаас цалин авдаг албан хаагч хийсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Я.Ч залуу хүн хэрнээ энэ байгууллагад 10 жил ажилласан байхад ажлаас халсан нь үндэслэлгүй. Үйлчлүүлэгчийн хувьд энэ хүн ажил хэрэгч байдал, зан байдлаас үнэнч шударга, ийм мөнгө идэхээр хүн биш гэдэг нь харагдсан. Байгууллагын эрх бүхий субъектын дүгнэлт гэх энэ баримт үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Я.Ч нь ахлах нягтлан бодогчийн ажлыг 2 сарын хугацаанд орлон гүйцэтгэж байх хугацаанд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулан мөнгө өгч авах ёстой байх. Я.Ч энэ 2 сарын хугацаанд ажил үүргийг хавсран гүйцэтгэж, тайлан гаргасан баримт үзлэгийн явцад тогтоогдон хэрэгт хавсаргагдсан байгаа тул энэ ажлыг орлон гүйцэтгэсэн гэж үзэх ёстой. Иймд энэ нэхэмжилж байгаа цалинг олгох ёстой гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тухай ректорын А/81 тоот тушаалд “сургуулийн мөнгөн хөрөнгийг дутааж, завшсан, санхүүгийн тайланг буруу гаргаж ноцтой зөрчил учруулсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Я.Ч-н хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга бус гэж үзэж байгаа тул тус тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хэрвээ хариуцагч нарыг залилан мэхлэх үйлдэл хийсэн гэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой байсан. Мөн үндэслэл болгоод байгаа аудитын дүгнэлтэд нь сургуулийн удирдлагууд болон бусад ажилтнууд, тодруулбал, захирал, дэд захирал, сургалтын албаны хүмүүс, ахлах нягтлан бодогч нар сургуулийг хохиролгүй болго гэсэн өгүүлбэр энэ аудитын дүгнэлтэд байна гэж тайлбарлан мэтгэлцэв.

         Хариуцагч Н.Эын өмгөөлөгч С.Гарьд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

         Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж байгаа боловч ерөнхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шаардлага нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж буй аудитын дүгнэлт нь ШУТИС-ийн Дотоод хяналт шалгалтын журмын 5.1 дэх хэсэгт заасны дагуу дотоод шалгалтыг захирлын зөвлөл болон ректорын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр тогтоол гаргана гэсний дагуу уг асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч Я.Ч, Н.Э нараас болж ийм хохирол учирсан гэсэн зүйл аудитын дүгнэлт дээр байхгүй, шалтгаант холбоо байхгүй байна. Харин ч эсрэгээрээ Механик тээврийн сургуулийн удирдлагын он удаан жилийн хяналтгүй, үргэлжилсэн асуудлаас болсон гэсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулах үүрэгтэй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан бүрэн хариуцлагын гэрээ байгуулах албан тушаалын жагсаалтаас тодорхой харагдах боловч тэдэнтэй гэрээ байгуулагдаагүй гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж байна гэж тайлбарлан мэтгэлцэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч ШУТИС нь хариуцагч Я.Чийг Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчоор, Н.Эыг тус сургуулийн кассын няраваар тус тус ажиллах явцдаа байгууллагад учруулсан хохиролд 23,367,336 /хорин гурван сая гурван зуун жаран долоон мянга гурван зуун гучин зургаан/ төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч нараас 19,673,546 /арван есөн сая зургаан зуун далан гурван мянга таван зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулахаар шаарджээ.

         Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сургуулийн удирдлагаас аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ШУТИС-ийн “Дотоод хяналт шалгалтын журам”-ын 5.1 дэх заалтын дагуу дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй атлаа албан бус аудитын дүгнэлтийг үндэслэн их хэмжээний мөнгө шаардсан, мөн хариуцагч нарын гэм буруугийн талаар шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр төлбөр шаардсан гэж тайлбарлан маргасан.

Мөн хариуцагч Я.Ч нь нэхэмжлэгч ШУТИС-ийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот ректорын тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг хавсарч гүйцэтгэсэн 2 сарын цалин 1,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 500,000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1,200,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч байгууллага бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч нар ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Механик тээврийн сургуульд хөдөлмөрийн гэрээ байгуулан, Я.Ч 2006 оноос эхлэн тооцооны нягтлан бодогчоор, Н.Э 2007 оноос эхлэн кассын няраваар тус тус ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нараас тус сургуульд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол гаргуулахаар шаардсан ажил олгогч ШУТИС-ийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт нийцжээ.

 Я.Ч, Н.Э нар нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд ажиллах хугацаандаа сургуулийн захирлын нэрэмжит шагнал, Сангийн яам болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичиг зэрэг шагналуудаар шагнуулж байсан гэж, мөн ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын зүгээс тэдэнд ажлын байрны дарамт учруулдаг байсан гэх боловч шүүхэд гаргаж буй тайлбараа баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй учир шүүх эдгээр үйл баримтад дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

ШУТИС-ийн бүрэлдэхүүн, Механик тээврийн сургуулийн 2012-2015 оны кассын баримтанд тус сургуулийн Захиргаа, Мониторингийн газрын дотоод аудитор С.Энхбаатар, Г.Шүрэнцэцэг нар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд дотоодын хяналт шалгалт явуулж, уг шалгалтын үр дүн болох ажлын тайлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43, 131 дүгээр зүйлийн 131.1.3, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3, 10.2.2, 10.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн, ШУТИС-ийн ректорын 2016 оны 6 дугаар сарын 07-ны А/81 тушаалаар тус сургуулийн тооцооны нягтлан бодогч Я.Ч, кассын нярав Н.Э нарыг “сургуулийн мөнгөн хөрөнгийг дутааж завшсан, санхүүгийн тайлан мэдээг санаатайгаар буруу гарган будлиантуулсан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 274-280, 288/

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон дээрх Аудитын шалгалтын “дүн” хэсэгт “Оюутнуудын сургалтын төлбөрийн кассанд бэлнээр тушаасан баримтанд тулган баталгаажуулалт хийж үзэхэд нийт 59,389,766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашигласан нь сургуулийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан санаатай үйлдэл болжээ” гэж дүгнэсэн нь эдгээр зөрчлийг хэн гаргаж байгаа нь тодорхойгүй байдлаар дүгнэжээ. /хх 275/

Мөн дүгнэлтээр тооцооны нягтлан бодогчийг “төлбөрийн тооцоог будилуулсан, тооцоог буруу алдаатай хөтөлсөн зөрчлийг гаргасан” гэж, мөн “хичээл сонголт хоцорсон оюутнуудын хичээлийн дахин сонголт хийх эрх авсан талаар сургуулийн захирал шийдвэр гаргадаггүй нь мөнгөн хөрөнгийг шамшигдуулах, хяналт тавих бололцоогүй болгох нөхцөл боломжийг бүрдүүлсэн” гэж, түүнчлэн, “он удаан жилийн туршид тус сургуулийн удирдлагын (захирал, дэд захирал, ахлах нягтлан бодогч хийж байсан хүмүүс) санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сул, эдийн засаг, санхүүгийн тайлан тооцооны зарим дүн бодит бус явсаар ирсэн” гэж тус тус дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлтийг гаргахдаа тус сургуулийн хэн гэгч, ямар албан тушаалтан, хичнээн төгрөгийн хохирлыг сургуульд учруулсан талаар тодорхой заагаагүй бөгөөд “шалгалтын хугацаанд кассын нярав Н.Э, тооцооны нягтлан бодогч Я.Ч нар 59,4 сая төгрөгийн учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, үүнээс 38,9 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан” гэх аудиторын тайлбар бүхий үндэслэлээр ШУТИС-д учруулсан 59,4 сая төгрөгийг буруутай этгээд буюу кассын нярав Н.Э болон бусад холбогдогч тооцооны нягтлан бодогч, сургалтын албаны ажилтнуудаас нэхэмжлэх, төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулж сургуулийг хохиролгүй болгохыг даалгасны дагуу хариуцагч нараас хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй болжээ  /хх 276-279/

Хариуцагч Н.Э нь аудитын дүгнэлт гарахаас өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийг “сургалтын төлбөр дутаасан” гэж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 37,000,000 төгрөгийн “орлого”, дүгнэлт гарснаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийг “сургалтын төлбөр өглөг”, нийт 37,500,000 төгрөгийг Механик тээврийн сургуулийн дансанд тушааж байсан байна. /хх 23, 24, 29, 30/

Дээрх төлбөрөөс 500,000 төгрөгийн төлбөр нь сургалтын төлбөр дутаасан төлбөр гэх боловч үлдэх 37,000,000 төгрөгийг юуны төлбөрт төлсөн нь тодорхойгүй, эдгээр төлбөрөөс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр болон 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн нийт 37,400,000 төгрөгийн төлөлт нь аудитын дүгнэлт гарахаас өмнө хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй аудитын дүгнэлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн, аудитын дүгнэлт гарахаас өмнө төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон бөгөөд, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа Н.Эын бус өөр бусад этгээдүүдийн төлсөн төлбөрийг хохиролд буюу нэхэмжлэлийн шаардлагад тооцон хассан нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал, Б.Баяндалай гэгчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн докторантурын сургалтын төлбөр 912,220 төгрөгийг аудитын дүгнэлтээр зөрчилд тооцсон гэх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Баяндалайгийн төлсөн 912,220 төгрөгийг аудитын дүгнэлтэд дурдсан зөрчлийн дагуу төлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас энэ дүнг хасч тооцсон байна. /хх 69, 70/

Түүнчлэн, нэхэмжлэгч ШУТИС-ийн “Дотоод хяналт шалгалтын журам”-ын 5.1-д “Дотоод хяналт шалгалтын үр дүнг Ректорын зөвлөлийн болон захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргуулна” гэж заасны дагуу маргаан бүхий аудитын дүгнэлтийг хэлэлцээгүй байх бөгөөд ШУТИС-ийн ректорын А/81 тушаалаар хариуцагч Я.Ч, Н.Э нарыг ажлаас чөлөөлөхдөө Ректорын болон захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэл болгоогүй байгааг дүгнэвэл зохих журмын дагуу аудитын дүгнэлтийг баталгаажуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. /хх 288/

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “санхүүгийн тайланд алдаа гарсан тухай аудиторын дүгнэлтийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зөвшөөрвөл энэ хуулийн 8.4-т заасан журмаар залруулна” гэж, мөн хуулийн 8.4 дэх хэсэгт “нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт, материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн, нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заажээ.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн Механик тээврийн сургуулийн удирдлагын зүгээс маргаан бүхий аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй болох нь  дүгнэлтэд сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зураагүй байдал, мөн энэ талаар баталгаажуулсан тус сургуулийн захирал Д.Цолмонбаатарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх 289/

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ШУТИС-ийн ректорын 2003 оны 253 дугаар тушаалаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалын жагсаалтыг батласан, уг жагсаалтад хариуцагч нарын албан тушаалууд багтсан байх боловч ажил олгогч нь хууль болон ректорын тушаалын дагуу тэдэнтэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Ажил олгогч ШУТИС нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар Я.Ч, Н.Э нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, тэдний буруутай үйлдлийн улмаас байгууллагад хохирол учирсан талаарх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч ШУТИС-ийн хариуцагч Я.Ч, Н.Э нарт холбогдуулан, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол 19,673,546 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Я.Ч-н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Ч нь нэхэмжлэгч ШУТИС-ийн ректорын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг хавсарч гүйцэтгэсэн 2 сарын цалин 1,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 500,000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1,200,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч байгууллага бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 Я.Ч-ийг ШУТИС-ийн Ректорын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд тэрээр уг тушаалтай 6 дугаар сарын 09-ний өдөр танилцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж ажлаас халагдсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан боловч хариуцаугч Я.Ч дээрх хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд ажил олгогчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр буюу 6 сарын дараа уг тушаалыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хуулийн дээрх хугацаанд хариуцагч Я.Ч тооцооны нягтлан бодогчийн ажлаа хийж байсан, мөн ажил олгогчийн дарамт шахалтаас болж гомдол гаргаж чадаагүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбараа баримтаар нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт дээрх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан боловч хариуцагч Я.Ч-н хувьд тийнхүү хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, ШУТИС-ийн Ректорын 2016 оны А/81 тоот тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн шаардлагууд болох, ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг хавсарч хийсний нэмэгдэл, илүү цагаар ажилласан хөлс болон, ээлжийн амралтын хөлс нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудын тухайд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам шийдвэрлэх маргаан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Ч, Н.Э нараас 19,673,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ШУТИС-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагч Я.Ч-н ШУТИС-ийн ректорын 2016 оны А/81 тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ШУТИС-иас 2,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Я.Ч-н сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулсугай.

4.Хариуцагч Я.Ч нь нэхэмжлэгч ШУТИС-иас нэмэгдэл цалин болон ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаа маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлж, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                А.САРАНТУЯА