| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00125 |
| Дугаар | 2020/ШТ/126 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Х
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 20320014301132 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Асгат суманд 1994 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт *, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433 дугаар хорих ангийн гадна хамгаалалтын ажилтан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Б.Б /*/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 04 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 05 тоотод хамтран амьдрагч иргэн Ж.Г-тэй маргалдаж, улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: …2020 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 04 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 05 тоотод гэртээ ирээд гэртээ орох гэхэд хамтран амьдрагч Г өөдөөс намайг хөөж бид хоёр харилцан зодолдсон. Тэгээд би гараад гадаа тамхи татаад зогсож байхад цагдаа дуудсан байсан. Би Г-д хохирол учруулсандаа харамсаж байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2032001430132 тоот хавтаст хэргээс
Хохирогч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өглөөний 04 цаг 30 минутын үед Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 05 тоотод гэртээ ганцаараа унтаж байтал Монгол гэрийн хаалгыг ганаас нүдсэн тэгээд би босож очоод хаалга онгойлготол гаднаас хамтран амьдрагч Б.Б архи уучихсан согтуу орж ирээд үгийн зөрөөгүй шууд үстээд дарж унагаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохин дараа нь зөндөө өшиглөсөн. Би яг хэдэн удаа өшиглөж миний толгой руу цохисныг санахгүй байна. Зодуулсандаа айгаад. Тэрний дараа миний газар зассан ор луу түлхээд хүрч ирээд салтаа руу өшиглөөд бэлэг эрхтэн рүү зүүн гарын хуруугаа хийхээр нь би хоёр хөлөө хавчаад Б.Бгийн зүүн гарыг татахад миний бэлэг эрхтний үснээс зулгаахаар нь би болиоч ээ гэж цааш нь түлхээд би босох гэтэл чи урд шөнө ямар хүнтэй хаагуур юу хийж явсан бэ тэр хүн рүүгээ залга гээд хөргөгч ширээ хоёрын дунд оруулж байгаад дахиад зодоод над руу халуун савтай цай данх авч шидээд би чамайг алж байж энэ гэрээс гарна гээд тэр урд шөнө хамт явсан хүнээ дууд гээд орилоод байхаар нь би гар утсаа аваад гэрийн хөшигний доогуур нууж байгаад цагдаа руу залгаад дуудлага өгөөд утсаа тасалсны дараа Б.Б намайг зодохоо болиод чи чамайг юу гэж зодох вэ миний хайр шал согтуу байна гэж хэлээд гэрэл унтраагаад миний амыг дарсны дараа 5 орчим минутын дараа цагдаа ирээд Б.Бг аваад явсан. ...2019 оны 09 дүгээр сард танилцаад 2019 оны 11 дүгээр сард Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 05 тоотод одоо болтол хамт амьдарч байна. ...Ер нь зоддог миний санаж байгаагаар 2020 оны 06 дугаар сард миний зүүн гарын булчинг индүүгээр түлсэн. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Б.Б миний хамар луу цохиж хамрыг гэмтээгээд эмнэлэгт очиж үзүүлээд цагдаад дуудлага өгөх гээд цагдаагийн үүдэнд орж иртэл араас орж ирээд хоёулаа ярилцъя гээд буцаад явсан. Учир нь би Б.Бг хорих 433 дугаар ангид ажилладаг болохоор ажилгүй болчих болов уу гэж бодоод больсон гэтэл энэ хүн юу ч болсон шинжгүй дахиад зодсон. ...Би хэд хэдэн газар ажилд орсон боловч ирж хардаад хэрүүл маргаан хийдэг тэрнээс болоод би ажил хийж чадахгүй байна. ...Б.Б намайг сүүлийн гурван сард удаа дараа зодсон улмаас миний эрүүл мэнд, сэтгэл санаа хохирол учруулсан тиймээс энэ хүнээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 03 цагийн орчим Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 05 тоотод манай нөхөр согтуугаар зодоод байна гэх дуудлагыг жижүүрээс өгсний дагуу а/ч Ч.Мөнхбаярын хамт явж очтол хашаан дотор нэг Монгол гэр байсан. Хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь яваад ортол нэг эмэгтэй хүн гэрийн хойморт зодуулсан байдалтай үс нь арзайсан байсан хажууд нь нэг эрэгтэй хүн байсан. Гэр доторх эд зүйл эмх замбараагүй байсан. Гэрт байсан эрэгтэй хүнийг би авч гараад байж байтал араас а/ч Ч.М ирээд тэр эрэгтэй хүнд машинд суу гэж шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Гэрт үлдсэн эмэгтэйг эмнэлэгт үзүүлээд цагдаагийн жижүүр дээр ирж уулзаарай гэж хэлээд а/ч Ч.М-ын хамт тэр эрэгтэйг машинд өргөж суулгаад эрүүлжүүлэн саатуулах байранд авч ирж эрүүлжүүлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би тэр хүлхэж унагаасандаа харамсаж байна ийм юм болчих нь гэж бодоогүй юм. Энэ хэргийг түргэн шуурхай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №140 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.Ж.Г-ийн биед зүүн гарын бугалга, шуу, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 9-10 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн оршин суугаа хаягийн лавлагаа/Хх-ийн 36 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа/Хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 54 дүгээр хуудас/
Хохирогч Ж.Г-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 66 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 67 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд * архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ж.Гийн мэдүүлэг/Хх-ийн 16-17 дугаар хуудас/,шүүгдэгч Т.Б гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 18-19, 31-32 дугаар хуудас/, гэрч А.Ж-ын мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №140 дугаартай дүгнэлт/Хх-ийн 9-10 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна/Хх-ийн 66 дугаар хуудас/
Гурав.Шүүгдэгч Б.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц овогт Б.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогч Ж.Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ