| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06852/И |
| Дугаар | 05822 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 05822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, 3-р байранд байрлах, Суудлын вагон депо /СВД/ СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, СВД-ийн 3-р байрны 15 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЛ63040461, Боржигон овогт Цэндийн Самбууд холбогдох,
650 841 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч СВД СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяа, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас 2015 оны 11 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн орон сууцны дулаан, усны төлбөр болон СӨХ-нд сар бүр төлөх зардал, алдангид нийт 650 841 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байр 2013 онд Суудлын вагон депогоос ажилчиддаа хувьчилсан, ижил хэмжээтэй шахуу 1 өрөө байруудад оршин суудаг, нийт 43 айл өрхтэй. Уг байрны ашиглалтыг вагон депо хариуцаж ус, дулааны гэрээг эзэмшигчдийг төлөөлж хийдэг байсныгаа орон сууцыг хувьчилснаас хойш больсон тул 2014 онд орон сууц хувьчилж авсан сууц өмчлөгчдийн саналаар уг СӨХолбоог байгуулж, намайг гүйцэтгэх захирлаар томилсон юм.
СӨХ байгуулагдсан цагаас тамга тэмдэг гэрчилгээ хөөцөлдөх зэрэгт мөнгө хэрэгтэй байсан тул айл бүрээс 10 000 төгрөг авч, эдгээр ажлыг хөөцөлдсөн.
Би өөр ажил эрхэлдэг боловч СӨХ-г байгуулсан цагаас эхлээд орон сууцны дулаан, усны асуудлыг шийдэхээр нилээн хэдэн орон сууцны конторт хандаж байсан ч орон сууцны контор сууц өмчлөгч нартай тус бүр гэрээ байгуулахгүй, аж ахуйн нэгжтэй байгуулна гээд манай байрыг хүлээж авахаас татгалзсан. Татгалзах болсон шалтгаан нь манай байр олон жил болсон, шугам хоолой нь хуучирч муудсан, чанаргүй, мөн үйлчлэх газрын ажилтан дуудлагаар явахад 3,5-4 км хол зайтай, онцгой байрлалд байрладаг учир оршин суугчидтай гэрээ байгуулахгүй гээд орон сууцны конторууд хүлээж авдаггүй, татгалздаг юм билээ.
Иймээс байрныхаа ус, дулааныг таслуулахгүй, хангуулахын тулд СВД СӨХолбоо Ус сувгийн удирдах газар, Дулааны шугам сүлжээтэй ус, дулааны гэрээ байгуулсан юм.
Иймд сууц өмчлөгч нар төлөх үүрэгтэй, ус, дулааны мөнгө, СӨХолбоонд сар бүр төлөхөөр бүх гишүүдийн хурлаас тогтоосон айл бүр төлөх 15 000 төгрөгийн зардал банкинд тус СӨХ-ны нэг дансаар төлөгдөх болсон юм.
Сууц өмчлөгч Ц.Самбуу нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 07 сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны мөнгийг болон СӨХ-д сар бүр төлөх дундын өмчлөлийн зүйлийг санхүүжүүлэхэд оролцох зардал төлөх үүргээ биелүүлээгүй.
Үүнээс болоод СӨХ-д хуримтлал бий болох нөхцөл байхгүй байгаа. Учир нь төлсөн хэсгийн мөнгөнөөс төлөөгүй хэсгийн мөнгийг банк суутгаад авдаг, төлж чадаагүй хэсэгт холбогдох газруудтай байгуулсан гэрээний дагуу алданги тооцож авдаг тул Ц.Самбуугаас байрны ус дулаан ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр 467 490.60 төгрөг, алданги 183 350.66 төгрөг, нийт 650 841 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тайлбартаа: СӨХолбоог байгуулагдсан цагаас нь хууль бус гэж би үзэж байна. Бүх гишүүдийн хурлыг 14 хоногийн өмнө зарлах ёстой байдаг.
Гэтэл хурал болохын өмнөх өдөр мэдэгдсэн. Тэгэхээр СӨХолбоо хууль бусаар байгуулагдсан гэж үзээд орон сууцны төлбөрийг, СӨХолбооны төлбөрийг төлдөггүй юм.
Тэгэхдээ ус дулааны мөнгийг 2015 оны 10 дугаар сар дуустал төлсөн.
Харин СӨХ-ны төлбөрийг СӨХ байгуулагдсан өдрөөс хойш төлөөгүй.
Ш.Эрдэнэтуяа нь СӨХ-ны мөнгийг байрны мөнгөтэй нийлүүлж хийнэ гээд банкинд очоод гэрээ байгуулчихсан.
Тэгэхээр төлөх нөхцөлгүй болж байгаа. Манайх хоёр ам бүлтэй. Ш.Эрдэнэтуяа байрны төлбөр дээр ам бүлийн тоог нэгээр нэмж төлбөрийг нэмж бодсон.
Манайд нэг өнчин хүүхэд 2016 оны 09 сараас 2016 оны 05 сар хүртэл амьдарсан үед манай ам бүлийг нэмж төлбөр бичсэн байдаг.
Ямар бичиг баримтыг үндэслэж төлбөрийг нэмсэн нь тодорхойгүй. Тэр хүүхэд одоо байхгүй байхад ам бүлийг нэмсэн хэвээр яваад байгаа.
Мөн манай байр 20 мкв гэдэг боловч 18 мкв талбайтай юм. Үүн дээр 2 м.кв-ийг нэмж төлбөрийг тооцоод байдаг.
СӨХ байгуулагдахад айл бүрээс 20 000 төгрөг хурааж авч байсан ч энэ мөнгийг юунд зарцуулсан нь тодорхой биш. Хөрөнгийг буруу зарцуулдаг.
Жижүүрийн байр байсныг буулгаад хувьдаа ашигласан.
2015 оны 03 дугаар сард манай байранд засвар хийж эхэлсэн ч тэр нь шаардлага хангаагүй. Мөнгөгүй, хуримтлалгүй байж засвар хийсэн.
Мөн байрны узелийн цонхыг жижиг болгоод туйпуугаар заримыг хааж, байгалийн гэрэлд юм хийх нөхцөлгүй болгосон. Тэр өрөөнд засвар үйлчилгээ хийх боломжгүй болсон.
Депогоос ирж завсар үйлчилгээ хийдэг байсан, уг өрөө одоо бол өдрийн цагаар ч юм муу харагддаг болсон учраас гэрэл асаадаг. Үүнд зардал их гарч байгаа.
Урд нь би байрныхаа мөнгийг төлж байсан. Тухайн үед төлөх гээд банкинд очихоор СӨХ-ны урьдах төлбөрөө төл гээд байдаг болсон юм.
Гол шалтгаан нь банкин дээр СӨХ-ны мөнгөний дансыг салгахгүй байгаа учраас би төлбөрөө төлөхгүй байгаа гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаал, нэхэмжилж байгаа зардлын тооцоо, СӨХ-ны хурлын тэмдэглэл, албан бичгүүд, гэрээнүүд, төлбөрийн нэхэмжлэх, тооцооны хуудсууд, банкин дахь дансны хуулгууд, СӨХ-ны зардлын задаргаа, сар бүрийн ус дулааны тооцоо, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, орон сууцны орчны байдлыг харуулсан фото зургууд, хариуцагчаас өгсөн бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
2013 онд Суудлын вагон депогоос ажилчиддаа хувьчилсан, ижил хэмжээтэй шахам 1 өрөө байруудтай, нийтийн зориулалттай 3 давхар барилгад орон сууц хувьчилж авсан нийт 43 сууц өмчлөгч хурал хийж, Суудлын вагон депо /СВД/ СӨХолбоог байгуулж, тус СӨХ Баянгол дүүрэгт 2014-03-31 өдөр бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Тус СӨХ-ны гүйцэтгэх захиралд өрсөлдсөн Ш.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Ж.Ганхуяг нараас Ш.Эрдэнэтуяа олонхийн санал авч, СӨХ-ны өдөр тутмын ажлыг эрхлэх үүргийг хүлээж, хэрэглэгч бүр болон орон сууцны барилга нь дулаан, усны хэрэглээний тоолуургүйгээс түгээгч хэрэглэгчтэй гэрээ байгуулах, айл бүр хэрэглээгээрээ төлбөрөө төлөх боломжгүй уг байрны дулаан, цэвэр бохир ус, халуун усны хангамжийг тасалдуулахгүйн тулд хэрэглэгчдийг төлөөлөн холбогдох газруудтай СӨХ гэрээ байгуулан ажиллаж, төлбөр тооцоог хариуцах болсон, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд сууц өмчлөгч бүр сар тутам 15000 төгрөгийг СВД СӨХ-нд төвлөрүүлж, ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлүүлэхээр тохирсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Самбуу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлөх үүрэгтэй боловч эдгээр үүргээ 2015 оны 11 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд биелүүлээгүй байна. Иймээс хэрэглэгчийн өмнөөс холбогдох газруудтай гэрээ байгуулсан нэхэмжлэгч хариуцагчаас байрны дулаан, халуун, цэвэр, бохир ус, хог, СӨХ-нд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 467490,60 төгрөг, алданги 183 350,99 төгрөг, нийт 650 841,5 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
СӨХ-д сар бүр төлөх зардлыг төлөхөөс татгалзсан тайлбарыг хариуцагч гаргаж, СӨХ-нд төлөх зардлыг төлөхөөс татгалзаж байгаагаа СӨХ хуримтлал бий болгоогүй, СӨХ хууль бусаар байгуулагдсан, дулаан, халуун, цэвэр, бохир усны төлбөрийг СӨХ-ны зардалтай нэг дансаар авч байгаа, байрны талбай дээр үндэслэлгүйгээр 2 м.кв талбайн хөлс нэмж авч байгаа, ам бүлийг нэмж тооцсон зэрэгт үндэслэсэн байна.
Нийтийн зориулалттай уг орон сууцны барилга нь төмөр замын байгууллагын ажлын онцлогоос шалтгаалан хүн амыг суурьшилын бүсээс зайдуу байрладаг, олон жилийн насжилттай, инженерийн шугам сүлжээ нь муудсан, уг байр болон хэрэглэгч бүр хэрэглээний тоолуургүй, хувьчлах хүртэл хэрэглээг төмөр замын багууллага хариуцаж задгайгаар тооцож ирсэн зэрэг онцлог байдлаас шалтгаалан түгээгч байгууллага хэрэглэгч бүртэй гэрээ байгуулах сонирхолгүй, татгалзснаас СӨХ нь сууц өмчлөгчдийн төлөөлөн эдгээр байгууллагатай гэрээ байгуулахад хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
СӨХ холбогдох газруудтай шаардлагатай гэрээг байгуулсан тул гэрээний үүргийг биелүүлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж ирсэн сууц өмчлөгчдөөс СӨХ-нд төлсөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаар зарим хэсгийг гүйцэтгэж, төлж чадаагүй хэсэгт алдангийг гэрээний дагуу хүлээж ирсэн байна.
Ийм шалтгаанаар СӨХ сууц өмчлөгчийн төлбөл зохих хэрэглээний төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг дулаан усны хэрэглээний зардалтай нэг дансаар хамт авах болсны улмаас СӨХ хуримтлал бий болгох боломжгүйд хүрсэнд СӨХ-г буруутгах үндэслэлгүй байх бөгөөд харин түүний үйл ажиллагаа сууц өмчлөгчдийг өөрийн өмчлөлийн орон сууцаа хэвийн ашиглах, амьдрах нөхцөл боломжийг хангасан өмчлөгчдийн нийтлэг эрх ашигт нийцсэн байна.
Ийм байдалд хүргэхэд СӨХ биш, харин хуульд заасан үүргээ биелүүлээгүй сууц өмчлөгч буруутай байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт орон сууцны доторх нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг орон сууцны нийт сууцны тоонд хувааж гаргах, 147.3 дахь хэсэгт орон сууцны хонгил зэрэг тэдгээртэй адилтгах байгууламжийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны нийт талбайд харьцуулан гаргахаар тус тус заасан тул байрны талбайн хөлсийг 2 м.кв-аар нэмэгдүүлсэн зэрэг хариуцагчийн дээрх татгалзлууд үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрөөс тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоосон өмчлөгч бүр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сард 15000 төгрөг төлөхөөр тогтоосон байх тул хариуцагч 2015 оны 11 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд СӨХ-ны 9 сарын зардалд 135 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
СӨХ-д төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор өмчлөгч нартай тохирсон тохиролцоо тогтоогдоогүй тул төлбөрийг төлөөгүй энэ хэсэгт алданги буюу хариуцлага хамааралгүй байна.
Харин хэрэглэгчдийн өмнөөс СВД СӨХ Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-тай байгуулсан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний 4.5.5-д худалдан авагч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол худалдагч тал хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийг 0,1 хувиар, төлбөл зохих төлбөрийг 2 буюу түүнээс дээш сарын хугацаагаар төлөөгүй буюу дутуу төлсөн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулахаар тохирсон,
Мөн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний 2.7-д хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2-0,5 хувиар бодож алданги тооцно гэж заасны дагуу СӨХ үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэж, хариуцлагыг үүрч ирсэн байх тул төлбөрөө төлөөгүй сууц өмчлөгчөөс 2015 оны 11 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд түүний өмчлөлд байгаа орон сууц, түүнд оршин сууж хүний тоонд ногдох дулаан, халуун, цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр 332490 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувьтай тэнцэх алдангийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үүргээ биелүүлсэн хэсгийн болон шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 20150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон