Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2018/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр                        

     2018/ДШМ/35                                                        Зуунмод

О.Х, Г.Ц нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нэргүй,

шүүгдэгч Г.Цэдэндаш

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяагийн даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой О.Х, Г.Ц нарт холбогдох  173400000003 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч  Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            

             1. О.Х , 1978 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Номт .............. тоотод оршин суух, /РД:Н10/, Өмнө нь 4 удаагийн ял шийтгэлтэй, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 11 сарын 7-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3,  127.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 2 сарын 7-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 6-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

           2. Г.Ц , 1979 онд төрсөн, 29 настай,эрэгтэй дээд боловсролтой тогооч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:НЭ.10/.

 

О.Х, Г.Ц нар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны зүүн талын хашаанд 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О.Х , Г.Ц  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоног тус бүрийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж 420.000 төгрөгөөр ялыг тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Х-т оногдуулсан 600.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Цэдэндашид оногдуулсан 420.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х, Г.Ц нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Цэдэндаш нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг шийдвэрлэжээ.

 Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “Тус Аймгийн Прокурорын газраас О.Х, Г.Ц нарыг 2015 онд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 2 дугаар сарын 9-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх ялтан О.Х, Г.Ц нарт холбогдох хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалган тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, О.Х, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Шүүгдэгч О.Х, Г.Ц нарын холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 18-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 cap өнгөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүхээс   эрүүгийн хариуцлага тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд   анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.          

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтэдээ: “Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж О.Х, Г.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх О.Х, Г.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

 

            Шүүгдэгч О.Х, Г.Ц нар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны зүүн талын хашаанд 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтууд:

шүүгдэгч Г.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын “ХААН” банкны хашаанд байх О.Х ахын гэрт хоол идэж архи уусан. Тэгээд дараа нь тэдний гэрээс гарч буудлын байр руу орж архи ууж хөзөр тоглосон. Хуягаа ах надад хожигдохоор нь би түүнд ярьсандаа утсаа өгөөрэй гэхэд Хуягаа ах надад уурлаад байсан. Дараа нь тэр газраасаа гараад Хуягаа ахын гэрт орж дахин 1 шил архи аваад ууцгаасан. Нэг мэдэхэд Хуягаа ах бид хоёр зодолдоод цус нөжтэйгээ хутгалдсан байсан. Хуягбаатар ахаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18,70 хуудас/,

шүүгдэгч О.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт Цэдэндаш нар ирчихсэн байсан. Тэгээд хоол хийж идээд ганц юм ууя гээд манай гэрээс гарч аймгийн талбайн хажуугийн сандалд 0.75 литрийн 1 шил архи уусан. Тэндээс яваад би дахин 1 шил архи авч өгөөд буудлын байранд очиж уугаад тэндээс салаад гэртээ хэзээ ирснээ санахгүй байгаа юм. Тэгээд тэд манайд ирсэн. Би Г.Ц-тай юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Цэдэндаш намайг боож унагаад цохиод байхаар нь давраад байгаарай гээд түүний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Надад Цэдэндашаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 68, 92, 93 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “356 дугаартай дүгнэлт” /хавтаст хэргийн 10 хуудас/, “363 дугаартай дүгнэлт” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Дээд шатны прокуророос “Шүүгдэгч О.Х, Г.Ц нарын холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 18-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 cap өнгөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүхээс эрүүгийн хариуцлага тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэсэн эсэргүүцэл гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн 1734000000003 тоот хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4 дугаартай прокурорын тогтоолоор дээрх хэргийн мөрдөн байцаалтыг сэргээсэн байна. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар прокурорын тогтоолоор 1734000000003 дугаартай хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтыг сэргээн явуулжээ. Дээрх мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон байх тул дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан О.Х, Г.Ц нарт холбогдох эрүүгийн 1734000000003 хэргийн “...гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 cap өнгөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон нөхцөл байдал...” буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүгдэгч О.Х, Г.Ц нарт холбогдох 173000000003 тоот эрүүгийн хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч анхан шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шударга ёсны зарчимд нийцэж байна. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4, мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ” гэж өөрчлөлт оруулсугай.
  2. Прокурор  С.Алимаагийн  бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.БОЛОРМАА

                                                ШҮҮГЧИД                                Ц.ОЧ

                                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ