Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2019/0001/З |
Дугаар | 113/ШШ2019/0009 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 113/ШШ2019/0009
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: У овогт Ж-ийн Ц- (РД:), Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, 6 дугаар байр, 25 тоотод оршин суух;
Хариуцагч: Г аймгийн Ш сумын Засаг дарга;
Гуравдагч этгээд: Б овогт Ж-ын Б (РД:), Гр аймгийн Ш сумын 1 дүгээр баг, 12 дугаар байр, 36 тоотод оршин суух;
“Г аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Ж.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш сумын Засаг дарга С.Я нь Ж.Ц намайг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар “сонгуулийн үр дүнгээр өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр Ш сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн.
Ямар нэг хүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий хэм хэмжээг тодорхой тусгасан байх шаардлагатай. Гэтэл С.Я нь ажлаас чөлөөлөх захирамжийн “үндэслэх” хэсэгт ажлаас чөлөөлөх болсон гол хуулийн үндэслэлийг дурдаагүй буюу зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9 дэх хэсэгт заасан Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаал болохыг тодорхойлсон заалтыг дурдаж, мөн захирамжийн захирамжлах хэсэгт “сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж чөлөөлөгдсөн тул Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөн” гэсэн нь Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-т заасан “... аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-т заасан “... нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх ...” эрхийг зөрчсөн шийдвэр тул Ш сумын Засаг даргын хуулийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж /миний сарын үндсэн цалин 706521 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин гэдэгт ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэлх хугацааны нийт цалинг тооцуулах хүсэлттэй байна/, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сумын Засаг дарга миний бие Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.9, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Ээлжийн амралт олгох тухай заавар”-ын 15 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнгээр томилогдсон Засаг дарга огцорсон, чөлөөлөгдсөн нөхцөлд түүний даган томилогдсон улс төрийн албан тушаалтнууд нь чөлөөлөгддөг тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Засаг даргын орлогчоор Ж.Б-ийг томилуулах саналыг хүргүүлсэн. Уг саналын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг ирүүлсэн тул уг тогтоол болон холбогдох хууль, журмын дагуу Засаг даргын орлогчийг чөлөөлсөн.
Ж.Ц-д 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11:40 минутанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, ажлаас чөлөөлөх захирамжийн төслийг танилцуулахад “1 сарын тэтгэмж шийдэж өг, би ажлаа өгье” гэж хэлсэн. Үүнийг ажлаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн бөгөөд Ж.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “...эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул буцалтгүй тусламж олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасныг хүлээн авч түүний ар гэрийн нөхцөл, эрүүл мэндийн нөхцлийг харгалзан сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Ж.Ц-д нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон. Сумын Засаг даргын зүгээс хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлж хуулийн дагуу Ж.Ц-ыг ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ш сумын Засаг даргын орлогч хэмээх албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар төрийн улс төрийн албан тушаал бөгөөд 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хугацаагаар Ш сумын Засаг даргад үйлчлэх орон тоо болно. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу “томилох, чөлөөлөх” зохицуулалттай байдаг тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Ц-ын гомдлыг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Г аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/07 дүгээр албан бичгийг үндэслэн “сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэжээ.
Маргаан бүхий дээрх захиргааны актын хүрээнд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “намыг гишүүнчлэлээр ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны акт гаргахдаа “хуульд нийцүүлэх” шаардлагыг биелүүлээгүй” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “сонгуулийн үр дүнгээр сумын Засаг дарга чөлөөлөгдсөн тул улс төрийн албан тушаалтнуудыг дагаж чөлөөлсөн, ингэхдээ Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж хуулийн дагуу шийдвэрлэсэн” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргажээ.
Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9-д зааснаар “... сум /-ын/... Засаг даргын орлогч” нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны” улс төрийн албан тушаал байна.
Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, тодруулбал түүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй байхаар хуульчилжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга .... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан нь Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд төрийн улс төрийн албан хаагчийн хувьд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт байна.
Хуулийн энэ зохицуулалтын агуулгыг авч үзвэл тухайн шатны Засаг дарга нь (а) Засаг даргын орлогчийг чөлөөлөх тухай захирамж гаргахын өмнө, (б) түүнийг чөлөөлөх асуудлаар зөвшилцөх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлж, улмаар (в) Хурлын Тэргүүлэгчид чөлөөлөх асуудлаар хуралдаж, албан ёсны шийдвэрээ Засаг даргад хүргүүлэх шаардлагатай ба “Засаг даргын орлогчийг томилох болон чөлөөлөх”-дөө өөр захиргааны байгууллага болох “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид”-тэй зөвшилцөхөөр зохицуулсан нь уг захиргааны актыг гаргахад тавигдах эрх зүйн тусгай шаардлага болж, эдгээрийг бүрэн хангасан захиргааны актыг “хуульд нийцсэн” гэж үзнэ.
Хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай харьцуулахад:
1/ Ш сумын Засаг дарга нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дүгээр албан бичгээр “сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг албан тушаалаас чөлөөлж” буйгаа уламжилсны хариуд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/07 дугаар албан бичгээр тухайн асуудлыг хэлэлцсэн тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүргүүлсэн.
2/ Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “... сумын Засаг даргын орлогчоор Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсүгэй”, 02 дугаар тогтоолоор “ ...сумын Засаг даргын орлогчоор Ж.Б-ийг томилохыг дэмжсүгэй” гэж тус тус шийдвэрлэсэн,
3/ Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлд “Хэлэлцэх асуудал: 1. Сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэг ажлаас нь чөлөөлөх, 2. Сумын Засаг даргын орлогчоор Ж.Б-ийг томилох, ... Шийдвэрлэсэн нь: Сумын Засаг даргын саналыг үндэслэн Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчид 100%-ийн саналаар дэмжлээ, сумын Засаг даргын орлогчоор Ж.Б-ийг томилох тухай Засаг даргын саналыг Тэргүүлэгчдийн 83.3%-ийн саналаар дэмжлээ” гэж тэмдэглэсэн байх ба эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт цуглуулсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[1] тус тус тогтоогджээ.
Г аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/49 дүгээр захирамжаар[2] “... Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 8 дугаар тогтоол, Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг үндэслэн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас С.Я-ийг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж ирүүлсэн тул .... Б-ийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлсүгэй” гэж, мөн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар[3] “... С.Я-ийг Ш сумын Засаг даргаар ... томилсугай” гэж тус тус шийдвэрлэснээс үзэхэд “өмнөх Засаг дарга сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн тул Засаг даргын орлогч Ж.Ц-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн чөлөөлсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Эндээс маргаан бүхий захиргааны акт, түүний үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл Ш сумын Засаг дарга С.Я нь Засаг даргын орлогч Ж.Ц-ыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасан журмыг зөрчөөгүй байна.
Тодруулбал сумын Засаг даргаар ажиллаж байсан В.Б сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Засаг даргын орлогч Ж.Ц-ыг ажлаас нь чөлөөлөхийн өмнө саналаа тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлж зөвшилцсөн, Хурлын Тэргүүлэгчид нь Засаг даргын орлогч Ж.Ц-ыг ажлаас чөлөөлөх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасан болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул Ш сумын Засаг даргын 2019 оны Б/02 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэсэнд нийцжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг хуулиар зохицуулахаар заасан ба улс төрийн албан хаагчийг ажилд томилох чөлөөлөх асуудлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийг энэхүү маргаанд хэрэглэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Сумын Засаг даргаас албан бичиг ирүүлсэн өдөр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан хариу хүргүүлэх боломжгүй, хурлын дэгд зааснаар тэмдэглэлийг 14 хоногт бичгээр гаргах ёстой тул зөвшилцөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар улс төрийн албан хаагч нь улс төрийн албан хаагчид итгэл хүлээлгэх эсэх нь тухайн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч байх ба улс төрийн намын дотоод асуудал тул нэхэмжлэгчийн “улс төрийн намын гишүүнчлэлээр ялгаварлан гадуурхсан” гэх тайлбарт шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 27.6, 27.7-д заасныг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй” гэх шаардлагын үндэслэлийг илэрхийлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.4-д “Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна:”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7-д “Сонсох ажиллагааны үеэр гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд “сонсох ажиллагаа”-ны үр дүн нь захиргааны байгууллагаас гаргах шийдвэрт нөлөөлөхөөс бусад тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох үр дагаврыг дангаар үүсгэхгүй.
Хэдийгээр хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу “биечлэн уулзах” хэлбэрээр явуулсан байх боловч Ж.Ц-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэлд бүрэн тусгаагүй зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаатай холбоотой зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүй нь сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрч Б.У, Ц.Э нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг[4] бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
Гэвч энэ нь төрийн улсын төрийн албан тушаалтныг түүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуулийн дагуу ажлаас чөлөөлөх харилцааг өөрчлөх буюу үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж” нь энэ тохиолдолд Засаг даргын орлогчид бус, гагцхүү Засаг даргад хамаарах зохицуулалт тул “сонсох ажиллагааны тэмдэглэлд тэтгэмж олгохтой холбоотой асуудал бүрэн тусгагдаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Ж.Ц-д төрийн албан хаагчийнх нь хувьд буцалтгүй тусламж олгох эсэх асуудал нь маргаан бүхий Б/02 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянахад хамааралгүй тул тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Нэгтгэн дүгнэхэд, хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд, журмын дагуу шийдвэр гаргасан байх тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тодорхойлон маргасан “... нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх хийгээд хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан Ж.Ц-ын гаргасан “Г аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Ж.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Хэргийн 40-52, 58-68 дахь талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт бичгүүд авагдсан.
[2] Хэргийн 151 дэх талд
[3] Хэргийн 33 дахь талд
[4] Хэргийн 29-31, 40-43, 72-73, 123-125 дахь талд