Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0605

 

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0605

Улаанбаатар хот

 

 

 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч ХУДГЗБА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б

Нэхэмжлэгч: “К” ХХК

    Хариуцагч: ХУДГЗБА

    Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Нийслэлийн ХУДГЗБА-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/2814 тоот албан бичиг /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0571 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0534/З

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1. Нэхэмжлэгч “К” ХХК-аас ХУДГЗБА-д холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Нийслэлийн ХУДГЗБА-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/2814 тоот албан бичиг /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0571 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “К” ХХК-иас хариуцагч ХУДГЗБА-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХУДГЗБА-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/2814 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

    

 3. Хариуцагчийн төлөөлөгч Б.Батчимэг давж заалдах гомдолдоо:

 

     3.1. "К" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХУДГЗБА-д холбогдох захиргааны маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0571 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

     3.2. Тухайн захиргааны хэргийн маргаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актад хамаарах оролцогчийн оролцоог бүрэн хангаж, гуравдагч этгээдээр татаагүй шийдвэрлэсэн.

     3.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Yндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна" гэж заасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хангаагүй шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн.

    3.4. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг холбогдох бусад этгээдээс гаргуулахаар нэхэмжлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй гэсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах талаар албан бичгийг илт хууль бусад тооцсон.

    3.5. Мөн "К" ХХК нь "Грийн валей" ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахдаа тус газартай холбоотой өр төлбөр байгаа эсэх талаар лавлагаа авах боломжтой байсан. ХУДГЗБА нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг биелүүлэн газрын эрхийг шилжүүлсэн, төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг үл биелүүлэн "К" ХХК-д ирж уулзах талаар мэдэгдсэнд гомдол гаргасан, "К" ХХК нь газрын эрх шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй, зэргийг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

   4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар ирүүлсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

ХЯНАВАЛ:

 

          1.  Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзлээ.

          2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “К” ХХК-д хүргүүлсэн хариуцагч ХУДГЗБА-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” №16/281 дүгээр албан бичиг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримталсан байх ба уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, хууль ёсны мэдэгдэл шаардлага байна.

4. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 399 дүгээр захирамжаар “Грийн валей” ХХК-д тус дүүргийн 14 дүгээр хороонд амины орон сууцны зориулалт бүхий 30,000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухай шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасныг зөрчиж, хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэхдээ, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулах журмыг хэрэгжүүлээгүй, “Грийн валей” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй болох нь тогтоогдож байна.

5. Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрээ газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэн, дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний дараа газар эзэмших эрхийг баталгаажуулах талаар гаргасан Нийслэлийн Засаг дарга “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309, 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэн ХУДГЗБА-аас газар эзэмшигч “К” ХХК-д мэдэгдсэнийг хууль бус гэж үзэхгүй.

 6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01361 дүгээр шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 305 дугаар магадлалыг хянасан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/00429 дүгээр тогтоолоор “Грийн валей” ХХК-иас 398,881,915. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/18145 албан бичигт “... талууд эвлэрч төлбөр төлөгч “Грийн валей” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг төлбөртөө тооцон шилжүүлэх хүсэлт ирүүлсэн тул ...”К” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэхийг мэдэгдье” гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А/302 дугаар захирамжаар “Грийн валей” ХХК-ийн газар эзэмших эрхийг нэхэмжлэгч “К” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “иргэд, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ” байгуулагдаж, 9 дүгээр сарын 3-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноор “К” ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж зааснаар баталгаажиж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хүлээнэ.

         8. Мөн дээрх захирамжийн 4 дэх заалтаар “... 2011 оны 399 дүгээр захирамжийн “Грийн валей” ХХК-д ... холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэснээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар “Грийн валей” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

         9. Ингэснээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;” гэж зааснаар “К” ХХК нь “Грийн валей” ХХК-аас шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалт бүхий 30,000 м.кв газартай холбоотой эрх, үүргийг шилжүүлэн авсан нь нотлогдож байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

        10. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхны үнийг 2011 онд газар эзэмших эрх үүссэн “Грийн валей” ХХК болон 2020 онд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж авсан “К” ХХК аль аль нь төлөөгүй, одоо газар эзэмших эрх хууль ёсоор “К” ХХК бүртгэлтэй баталгаажсан байх тул дуудлага худалдааны үнийг төлүүлэх, зөрчлийг арилгуулахаар хариуцагчаас мэдэгдсэн нь илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй бөгөөд дээрх хуулийн заалттай нийцэж байна.

        11. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн газрыг анхны эзэмшигчээс шилжүүлэн авсан байх боловч энэ нь эхнээсээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын бус аргаар газар эзэмших олж авсныг зөвтгөх, Газрын тухай хуульд заасан дуудлага худалдааны үнэ төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

        12. Гэтэл анхан шатны шүүх “... дуудлага худалдааны анхны үнийг тухайн газрын анхны эзэмшигч төлөх үүрэгтэй... алба нь 2013 оноос хойш дуудлага худалдааны анхны үнийг ...төлүүлэх арга хэмжээ авах, улмаар нөхөн төлүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх ... хүсэлт гаргах үед ч энэ арга хэмжээг авах бүрэн боломжтой байсан...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        13.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна.

        14. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ХУДГЗБА-ны давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн “ХУДГЗБА-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №16/281 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

       ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

 

       ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА