Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1042

 

Г.Очгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Очгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн төлбөр, зардал 367 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Оюунаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Эрдэнэцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04322 тоот шийдвэрээр Г.Очгэрэлийг “Эрэл” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зардалд нийтдээ 4 215 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2016 оны 01 дүгээр сард шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд өгсөн.  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу “Эрэл” ХХК-иас төлсөн төлбөрөөс 356 702 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх алба суутгаж авсан. “Эрэл” ХХК үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч илүү зардал гаргасан тул урамшуулалд төлсөн 356 702 төгрөг, нотариатын болон архивын хуулбар хийсэн зардал 10 300 төгрөг, нийтдээ 367 000 төгрөгийг  “Эрэл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эрэл” ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

           

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрэл” ХХК-иас 356 702 /гурван зуун тавин зургаан мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Очгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагч болон түүний төлөөлөгчийг шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэт нэг талд үйлчилж, шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.

Тус шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр О.Очгэрэлийн нэхэмжлэлтэй, "Эрэл" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хурал болж, шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшлогдсон болно. /Шүүхээс хурлыг жич товлож мэдэгдэхээр болсон/. Шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 минутад шүүх хурлыг товлосон. Гэтэл тус өдөр буюу 2017 оны 02-р сарын 20-ны өдрийн 13:30 минутад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан.

Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс товлосон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул О.Очгэрэлийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсч, холбогдох нотлох баримтыг хавсаргаж шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь анхан шатны шүүх процессын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүгчээс татгалзах, нотлох баримт гаргах эрх зэргээр хариуцагчийн эрхийг хязгаарлан, хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн нь процессын ноцтой зөрчил болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                              

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний  улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Очгэрэл нь хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн төлбөр, зардал 367 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

 

Шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 минутад шүүх хуралдааныг товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 02 сарын 10-ны өдөр мэдэгдсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 минутад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд шүүх хурал давхцсаны улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс товлосон  шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай  хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт хавсаргаж ирүүлжээ. /хх-40/

 

Шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна. Хэргийн оролцогч хуралдаанд оролцож чадахгүй болсон байдлаа бичгийн баримтаар буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар нотолсон, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй нь буруу байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, …тэдгээрт тайлбар өгөх” хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогчийг зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эрэл” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                        ШҮҮГЧИД                          М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                   Б.НАРМАНДАХ