Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 149/ШТ/00111

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

          Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

  Улсын яллагч О.Нандинцэцэг

  Шүүгдэгчийн өмгөөлөгч:С.Сувдаа

  Шүүгдэгч , Ч.Э, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2032001090104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1991 оны 08 дугаар сарын 21-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж 3 дүүгийн хамт *, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө

-Бага-хангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Б овогт /*/

 

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ам бүл-4, ээж, хоёр дүүгийн хамт *, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.Э/рд-*/

 

 Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, ээж аавын *, ял шийтгэлгүй, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Г/рд-*/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Бороо 4 гэх газраас 2013 оны Монгол улсын  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг зөрчин тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авч, улмаар тухайн газарт хадгалсан,

Шүүгдэгч Ч.Э, Г.Г нартай бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодис ашиглан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бороо-4 гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдахыг завдсан гэх гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч Ч.Э нь А, Г.Г нартай бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодис ашиглан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бороо-4 гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдахыг завдсан гэх гэмт хэргийг,  

Шүүгдэгч Г.Г нь А, Ч.Э нартай бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодис ашиглан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бороо-4 гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:

 

            Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сард тэсэрч дэлбэрэх бодис олж авч, хадгалсан, шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бороо-4 гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдахыг завдсан санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн 2032001090104 тоот хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э, Г нарын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу Улаанбаатар хотоос ирээд уурхай руу орох гэтэл хамгаалалтын ажилчид явж байхаар нь болиод өөр уулын энгэрт очиж хоноод маргааш орой нь буцаж орох уурхай руу очиход ямар нэгэн хүн харагдахгүй болохоор нь уурхай руу ороод мотороо асаагаад молдокоор ухах гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь урьд өмнө нуусан байсан тэсэлгээний бодисоо санаад очиж аваад тэсэлгээний бодисоо бэхлээд байж байхад Г гадаа цагдаа ирж байна гээд хэлэхээр нь уурхайн нүхнээс гараад зугтаж байгаад баригдсан. ...гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А над руу утсаар яриад мөнгөний ажил байна явах уу өөр хүн байна уу гэхээр нь Ган-Эрдэнийг аваад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ирээд Бороо-4 уурхайн баруун энгэрт очиж хоноод маргааш орой нь Бороо-4 уурхайд очоод А бид хоёр уурхайн нүх рүү орсон ороод молдокоор алт олборлох гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь болиод байж байхад А тэсэлгээний бодис гаргаж ирээд тэслэхэд бэлдсэн. Тэгээд удаагүй байж байхад Г орж ирээд цагдаа ирж байна гэсэн. ...гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А, Э нартай драгон дээр уулзаад Баянгол суманд ирсэн. Тэгээд А ах Э нар чи зүгээр мотор харж бай гэхээр нь би зөвшөөрөөд ирсэн. Тэгээд уурхай дээр ирээд намайг хүн харж бай, мотор унтарвал асаагаарай гээд үлдээсэн. Тэгээд би уурхайн амны дээр сууж байхад цагдаагийн машин ирж байхаар нь нүхэнд ороод А, Э нарт цагдаа ирж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар зугтаж байгаад баригдсан. ...гэх мэдүүлэг.   

    Гэрч А.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Байгаль хамгаалагчийн ажилд ороод 3 жил болж байна. Миний мэдэхээр 2018 онд И ХХК  нь анх хайгуулын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан. 2019 онд хууль бус гар аргаар алт олборлож байсан гэдэг мэдээллийн дагуу тус сумын тамгын газраас ажлын хэсэг гарч ажилласан. Уг ажлын хэсэг ажиллах явцад иргэд хууль бусаар гар аргаар нүх ухаж байсныг таслан зогсоож, 3 ширхэг нүх байснаас 2 нь хаалгатай байсан учир хаалга дээр нь лац тавьж баталгаажуулж ажиллаж байсан. Тэгээд удаа дараа шалгалт хийж хууль бусаар нүх ухаж байсан иргэдийн багажийг нь хураан авч тус газар үйл ажиллагаа явж байсан иргэдэд газар чөлөөлөх албан мэдэгдэл өгч гэр отгуудыг нь буулгаж нүхнүүдийг нь булж ажиллаж байсан. ...2018 онд И ХХК нь анх хайгуулын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаад буруутай үйл ажиллагаа явуулсан учир 2019 онд сумын засаг даргатай хийсэн гэрээ цуцалж байсан. Өөр байгууллагуудаас зөвшөөрөл авч байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/

Шүүгдэгч А хэрэг бүртгэлийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт анх ирж гар аргаар ашигт малтмал олборлож байсан ингээд дахиад 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус ирсэн тэгсэн уг газарт гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүс  явчихсан цагдаа нар байсан тул би буцсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой найз Э түүний дүүгийн хамт/нэрийг мэдэхгүй байна гэх/ бид гурав уг газарт ирэхэд цагдаа нар байгаагүй ингээд шөнө нүх рүү ороод би өмнө нь энэ нүхэнд ажиллаж болох юм байна гэж харсан болохоор тийшээ орсон тэгээд өдөржингөө бэлтгэж байгаад орой тэсэлгээний бодисоо бэхэлсэн Э дүүг хүн ирвэл хэлээрэй гээд гадаа гаргасан. Тэгээд Э шавар бэлтгүүлээд би өөрөө нүхэнд тэсэлгээний бодис болох эмульс, доргиогч утас буюу улбар шар өнгийн утас ишнүүр буюу цагаан өнгөтэй утас хонгиогоо бэхэлсэн тэгсэн Э дүү нь цагдаа ирж байна гэж хэлсэн тэгэхээр нь бид нар өөдөөс нь гараад очсон тэгээд цагдаа нар ирсэн гэхээр нь бид 3 гараад зогсож байгаад зугтсан.Ингээд өнөөдөр өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Баруунхараагийн цагдаад баригдсан. ...2020 оны 02 дугаар сард уг газарт ажиллаж байхдаа Бороо гоулдын хашаанаас эмульс, доргиогч утас буюу улбар шар өнгийн утас, ишнүүр буюу цагаан өнгөтэй утас хонгио олсныг нуугаад үлдээсэн байсан тэгээд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр уг газарт ирэхдээ тэсэлгээ хийж жоохон чулуу олж авах юм байна дээ гэж бодож байсан юм тэгээд ашиглах гэж байгаад цагдаа нар ирсэн тэсэлгээ хийж чадаагүй  хар цүнхтэй тэсэлгээний хэрэгслээ үлдээгээд зугтсан. ...2 молдок 1 мотор ашигласан тэнд үлдээгээд явсан. ... гэх мэдүүлэг/Хх-ийн 26-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Э хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хотод байхад найз А Сэлэнгэ аймгийн Баруунхараа гэх газарт жижиг уурхайн ажил байна чи явах уу чамд хүн олдох уу гэж 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр надаас асуусан. Тухайн үед би өөрийн хуурай дүү Г.Гд мөнгөний ажил байна хамт явж ажиллах уу гэж хэлэхэд дүү Г.Г зөвшөөрсөн. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз А хуурай дүү Г бид гурав драгон үйлчилгээний төвөөс Дархан явах таксинд сууж Баруунхараад 2 цагийн үед очсон. Тухайн үед найз А дүү Г бид гурав Баруунхараагаас такси хөлсөлж Агийн ухна гэсэн нүх рүү явсан. Бид гурав Агийн ухна гэж ярьж байсан ууланд очиход найз А энэ нүх ийг ухаж аль авах ажил байгаа гэж нарийн тайлбарлаж өгсөн. Тухайн үед харанхуй болж байсан учир ухагдсан нүхнээс ертөнцийн зүгээр баруун талд нь байх ой модонд орж найз А дүү Г бид гурав унтаж амарсан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө болон өдөр унтаж амарсан уулнаас гараагүй байж байгаад харанхуй болохоор нь ухна гэж ярьж байсан нүх рүү нь найз Агийн хамтаар орж хуурай дүү Г найз А чи орохгүйгээр хүн хараад гадаа байж байгаарай гэж хэлээд намайг дагуулаад ухсан нүх рүү орсон. А, дүү Г.Г бид гурвын авч ирсэн молдок моторыг ажиллуулж хад чулуу бутлах гэхэд молдок явахгүй байхаар нь найз А тэсэлгээний бодис гаргаж тэслээд бутлаад авчуул амархан юм байсан гэж ярьж байсан.Би тухайн үед юун тэсэлгээний бодис гаргаад ирэв гэж найз Агаас асуухад би өөрөө мэдэж байна тэсэлж байж шороо авуул хоёуланд амар шүү дээ гээд байсан. Тухайн үед нүхний гадаа хүн хараад зогсож байсан дүү Г нүх рүү орж ирээд цагдаагийн машин ирж байна яах уу гэж бид хоёрт хэлэхэд найз А явъя зугтахгүй бол болохгүй гэж хэлэхээр нь бид нүхнээс гараад баруун тийшээ зугтаасан. ...Улаанбаатар хотоос явахад найз А молдок мотор аваад ирсэн тухайн молдок мотороо холбоод найз А нүхэнд ашигласан. ...Найз Аг тэсэлгээний бодис авч явсан талаар би мэдэхгүй ууланд очоод гэнэт өмсөж явсан хувцасныхаа халааснаас улаан хар өнгийн 2 ширхэг утастай  юм гаргаад ирсэн. Би тухайн үед наадах чинь юу юм гэж асуухад тэсэлгээний бодис гэж А надад тайлбарлаж өгсөн. Тухайн тэсэлгээний гэж ярьж байсан бодисыг найз А тухайн нүхэнд жоохон газар суурилуулаад зогсож байхад дүү Г цагдаа нар ирж байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Г хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Улаанбаатар хотод байхад хуурай ах Ч.Э 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө явж ажил хийх үү гэж надад санал тавьсан.Тухайн үед би ямар нэгэн ажилгүй байсан учир ямар ажил хийх вэ хаана юм гэж хуурай ах Ч.Эоос асуухад алтны ажил юм шиг байсан чи мотор асааж унтраах ажил хийх юм шиг байна. Баруунхараад гэж хэлсэн.Тэгэхээр нь би явъя гэж хэлээд зөвшөөрсөн. 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой драгон үйлчилгээний төвөөс таксинд суухаар драгон дээр очиход ах Ч.Э болон өөрийгөө А гэж танилцуулсан ах таксинд  мотор молдок ачаад хөдлөхөд бэлэн болсон намайг аваад шууд хөдөлсөн. Баруунхараад 21 цагийн үед ирсэн. Тухайн таксинаас буугаад дэлгүүрт ороод гараад ирэхэд А ах такси хөлсөлсөн уул руу шууд явъя гээд бид гурав явсан. Ууланд очиход харуул хамгаалалт байсан учир ороогүй. А ах энэ газар ажиллах юм гэж хэлсэн. Тухайн үед харанхуй болсон байсан учир Э, А ах бид гурав тухайн уулын баруун тийшээ ой модон дотор очиж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр харанхуй болохыг хүлээж байгаад гэгээ тасраад харанхуй болохоор нь өмнө өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой А ахын үзүүлсэн уул руу орсон. Тухайн үед намайг А ах чи нүхний ам дээр мотор хараад тог өгөөд, хүн хараад зогсож бай гэж хэлээд А Э ах хоёр нүх рүү орсон. 20-30 минут болж байхад доороос цагдаагийн машин гэрлээ асаагаад уул руу өгсөж байсан Би нүх рүү ороод А Э ах хоёрт цагдаа нар ирж байна гэж хэлэхэд А ах зугтаарай гэж хэлээд бид гурав зугтаад өмнө өдөр хоноглосон газартаа уулзсан. ...Ажил хийж мөнгө олох зорилгоор очсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 4-10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол/Хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 17-20 дугаар хуудас/

Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №3379 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

а.Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй зүйлээс тэсэрч дэлбэрэх бодисын гол найрлагад ордог нитрат нэгдэл/NO3/ илэрч байна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/Хх-ийн 46 дугаар хуудас/

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №2908 дугаартай дүгнэлт:

            Дүгнэлт хэсэгт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь тэсрэх бодис/аммонит/, цочир дамжуулах шижим утас, бялт тэслүүр/детонатор/байна.

            2.Дээрх эд зүйлс нь тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байна.

            3.Дээрх тэсрэх бодис нь доргилт үрэлт нар салхины нөлөөгөөр тэсэрч дэлбэрдэггүй, уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодис бөгөөд химийн үндсэн нэгдэл нь NH4NO3 байдаг.

            4.Дээрх шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодисыг уул уурхай үйлдвэрлэлийн зориулалттай ашигладаг.Цочир дамжуулах шижим утас нь дээрх тэсрэх бодист тэсрэлтийн долгионыг дамжуулах үүрэгтэй, бялт тэслүүр нь тэсрэх бодисыг  тэслэх үүрэгтэй ба цохилт, доргилтын улмаас тэсрэх аюултай. ...гэх дүгнэлт/Хх-ийн 46-47 дугаар хуудас/

            Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 85-87 дугаар хуудас/

            Шүүгдэгч нарын оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 116, 118, 121 дүгээр хуудас/

            Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 117, 119,120 дугаар хуудас/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нараас холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол хор уршиггүй болно.

 

Гурав. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг шүүгдэгч нар нь анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиггүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна

 

Иймд шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нарт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөс 27000000 төгрөгөөр торгох,/зорчих эрх хязгаарлах/ 01 жилээс 05 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага буюу ял нь мөн таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөс 27000000 төгрөгөөр торгох,/зорчих эрх хязгаарлах/ 01 жилээс 05 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3600000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус бүр 3600000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн нарын хувийн байдлыг тодруулахад тогтоогдож байна. Хууль тогтоогч нь торгох ялыг биелэгдэх боломжтой тодорхой ажил орлоготой болон гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хор уршгийг харгалзан торгох ялыг оногдуулж байхаар хуульчилсан болно.

Тиймээс шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэмт хэргийн оролцоог харгалзан үзэж  эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч А нь хэдийгээр эрүүгийн хуульд заасан хоёр санаатай гэмт хэргийг үйлдсэн боловч хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасныг баримтлан үүрэг хүлээлгэх арга хэмжээг авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн 45.43м урт цочир дамжуулах шижим/утас/, 5 ширхэг хонгио, 2м урт цагаан өнгийн цочир дамжуулах шижим/утас/, 100гр аммонит/тэсрэх бодис/ зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэргэжлийн байгууллага болох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст даалгах нь зүйтэй байна. Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цохилттой алах/молдок/ 2ширхэг, 220вт хүчдэлийн цахилгаан үүсгүүр 2ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.   

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б овогт Аг тэсэрч дэлбэрэх бодис олж авсан, хадгалсан, бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан  гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Чи Э, Б овогт Га Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Г.Г  нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч А-аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01/нэг/жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эвлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссүгэй.

6.Шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3.4-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нарыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, 03 сарын хугацаанд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.

8.Шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Япон Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн цохилттой алах /молдок/ 2ширхэг, 1м урттай өрөм 2ширхэг, 6см урттай лоом 2 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн 220 вт хүчдэлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн 220 вт хүчдэлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгдэгч нарт буцаан олгож, улбар шар өнгийн 45.43 м урт цочир дамжуулах шижим /утас/, 5 ширхэг хонгио, 2 м урт цагаан өнгийн цочир дамжуулах шижим /утас/, 100 гр аммонит /тэсрэх бодис/ зэргийг устгахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А, Ч.Э, Г.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМ