| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00127/Э |
| Дугаар | 2020/ШТ/127 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.От холбогдох эрүүгийн 2032001220123 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1974 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, *, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.О/рд-*/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Орхироо гэх газраас “дэрвэгэр жиргэрүү” гэх ховор ургамал түүж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн 2032001220123 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэлэлцэв.
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн. Би мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032001220123 тоот хавтаст хэргээс
Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би шинжээчийн дүгнэлтэд заасан экологи эдийн засагт учирсан бодит хохирлыг буруутай этгээдээс байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу 3 дахин нугалуулсантай тэнцэх хэмжээтэй мөнгөн дүнг нэхэмжилнэ. ...Би байгаль орчны тухай хуульд заасны дагуу актаар тогтоогдсон мөнгөн дүн буюу 797500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлээд авчихвал надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 6, 7 дугаар хуудас/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, замын постын орчим үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа * улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шалгах гээд зогсоох гэтэл зогсохгүй зугтаад Хайлаастын гудамж руу орчихсон.Тэгээд араас нь машинтай очиход тухайн тээврийн хэрэгсэл ус туулж чадахгүй зогссон байсан бөгөөд би жолоочийн бичиг баримтыг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд машины арын тээшинд нь цэнхэр өнгийн ууттай модлог ургамлын үндэс мэт зүйл байсан. Тэр ургамлын үндэс мэт зүйлийг хуулиар түүж бэлтгэхийг хориглосон Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндэс байж болзошгүй гэж бодон цагдаагийн хэлтэс дээр авч ирж жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. ...Н.О гэх эмэгтэй нь жолоодоод явж байсан. Н.Оийн дүү нь эхнэрийн хамт мөн бага насны 1 билүү 2 хүүхэд байсан. Н.Оээс бусад нь согтуу байсан. . ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.О хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 16 цагийн үед Улаанбаатар хотод манай төрсөн дүү гэрт ирсэн байхаар нь дүүгийн машиныг өөрөө унаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг улаан худгийн хажууд байрлах будааны талбай пойлны дундаас дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг ганцаараа явж түүсэн. Тэгээд орой 18 цаг 35 минутад хөдөөгөөс орж ирэхэд Зүүнхараагийн төвд явж байхдаа Мандал сумын 9 дүгээр баг, Спиртийн урд явж байхад цагдаа зогсоож шалгасан тийм л зүйл болсон. ...Би Зүүнхараагийн хойно хөдөө пойлон дундаас дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг эмийн журмаар түүсэн байсан. ...Би мэдэхгүй эмнэлгийн чиглэлээр хүмүүс худалдан авдаг гэж байсан. Би эмнэлгийн журмаар түүсэн юм. ...Би тухайн ургамлыг түүсэн газрыг мэднэ, зааж өгч чадна. ...Би урд өмнө огт түүж байгаагүй. ...Би тухайн ургамлыг 3кг орчим түүсэн байгаа. ...Би тухайн дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг машиныхаа багаж хэсэгт дугуй хадгалах хэсэгт нууж хийсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 10-12 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Прокурорын “Хойшлуулшгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоол/Хх-ийн 16 дугаар хуудас/
Прокурорын “Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол” гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шинжлэх ухаан академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт/Хх-ийн 27-29 дүгээр хуудас/
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №93 дугаартай актын тогтоох хэсэгт:
1.Шинжээчийн дүгнэлтээр 1кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үнэлгээг 50000 төгрөг гэж тогтоосон тул 3190гр хууль бусаар бэлтгэж байгалийн нөөцөд /3190грамыг үржих нь 50000=159500/ 159500 төгрөгийн хохирлыг,
2.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3/Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин” гэсэн тул/159500 төгрөгийг үржих нь 5=797500/ байгалийн нөөц, ургамлын аймагт нийтдээ 797500 төгрөгийн хохирол учирсан байна.
3.Иймд хууль бусаар дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг бэлтгэсний улмаас байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирол болох 797500 төгрөгийг нөхөн төлүүлж, хохирлыг барагдуулах нь зүйтэй байна. ...гэх дүгнэлт /Хх-ийн 46 дугаар хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 52 дугаар хуудас/
Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Оээс байгаль экологид учруулсан хохирол 797500 төгрөгийг нөхөн төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Н.Оийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Орхироо гэх газраас 3190гр байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэж байгаль экологид 797500 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Н.Оийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 19, 63 дугаар хуудас/, гэрч Б.Гын мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/,Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч О.Эын мэдүүлэг/Хх-ийн 6, 7 дугаар хуудас/, Шинжлэх ухаан академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт/Хх-ийн 27-29 дүгээр хуудас/,Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №93 дугаартай акт/Хх-ийн 46 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Н.Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Н.О нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал/дэрвэгэр жиргэрүүн үндэс/-г түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Орхироо гэх газраас 3190гр байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэн байгаль экологид 797500 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлагаа авч, гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нөхөн төлөхөөр тогтоосон хохирол болох 7975000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн 5.3.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Гурав.Шүүгдэгч Н.От оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.О нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг 2.5кг түүж, тээвэрлэн байгаль экологид 797500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, байгаль экологид учруулсан хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн * улсын дугаартай тоёото приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Н.М эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ/Хх-ийн 52 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэх шаардлагагүй байна. Мөн шүүгдэгч Н.О нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хор уршгийг арилгасан цаашид нөхөн төлөх зардалгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.О энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж дэрвэгэр жиргэрүү ургамлын 3190гр үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бу овогт Н.О зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтэн түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.О нь байгаль экологид учруулсан хохирол 797500 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Оийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг үүргийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1-д зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Н.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэрвэгэр жиргэрүү ургамлын 3.190кг үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.
9.Энэ гэмт хэргийн улмаас Н.М эзэмшлийн тоёото приус-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ