| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ШТ/122 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч Ц.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Хандмаа
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мд холбогдох 2032000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1974 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө хоёр удаа ял шийтгүүлсэн.
-Сэлэнгэ аймаг дах сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ий өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил, 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2017 оны шинэ Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, П.М/рд:*/
Холбогдсон хэргийн талаар :
Яллагдагч П.М нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум Ноёдын гудамжинд Ц.С-ийн гарыг хутгаар зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: …2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эхнэрийн төрсөн өдөр болоод нэг шил архи уугаад гараад явж байтал С гэрийн гадаа нэг залуу байхаар нь тамхи асууж аваад асаагаад байж байтал нөгөө залуу чи намайг таних уу би алтанд явдаг гээд маргасан. Тэр залуу өөрийгөө Говь-Алтайн хүн байна гэсэн тэгээд С хашаа руу орсон. Тэгээд би аавынхаа хашаа руу явж байтал цуг явсан ээж байхгүй болохоор нь хайгаад явж байтал нэг хүүхэд танай ээжийг хоёр хүн зодоод байна гэхээр нь би аавын гэрт ороод хутга аваад гарч ирээд хашааны булан тойртол С нөхрийнхөө хамт явж байхаар нь очоод яагаад миний аажийг та нар зоддог юм гээд нөхөр рүү нь дайртал С намайг барьж авахдаа миний барьж явсан хутганд хатгагдсан. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.С мэдүүлэхдээ: …2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ унтаж байхад манай охин орж ирээд нэг хүн гэрийг чинь шатаана, намайг янхан гичий гээд эмээг цохиод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гарсан чинь нэг хүн цаашаа хашааны булан тойроод явахаар нь араас нь хөөгөөд алдсан. Тэгээд би буцаад явж байтал цэнхэр пудвалктой энэ хүн гарч ирсэн тэгээд манай нөхөр рүү араасаа хутга гаргаж ирээд дайрсан. Тэгээд манай нөхөр рүү хоёр удаа хутгаа далайж дайрсан. Тэгсэн манай нөхөр зугтаатал өмсөж явсан углааш нь сугараад тонгойгоод углаашаа авах гэхэд дахин энэ хүн хутгалах гэж дайрахаар нь би гүйж очоод гарыг нь барих гэхэд миний 4 хуруу руу хатгасан. Тэгээд би болон манай нөхөр хөөсөн боловч гүйцэж чадалгүй энэ хүн зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан. Одоо миний гар бүрэн атгаж чадахгүй хурууныхаа шөрмөсийг залгахын тулд хөлөөсөө 30см урт шөрмөс авч залгуулсан боловч бүрэн мэдээ ороогүй байна. Хиймэл шөрмөс залгаж болно гэж байсан боловч нэг хурууны шөрмөс нь 3000000 төгрөг 4 хурууны хиймэл шөрмөс 12 сая төгрөг болж байсан. Надад тийм мөнгө байхгүй байсан учраас би аргагүй эрхэнд хөлөөсөө шөрмөс авч залгуулсан байгаа. Би шөнө унтаж чадахгүй гар өвдөөд байдаг. Шөрмөсийг ясанд нь барьж залгадаг юм байна лээ. Би одоо ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх хүсэлтэй байна. Би М-ийг заавал шоронд явуулъя гэсэн бодол байхгүй байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000106 тоот хавтаст хэргээс
Хохирогч Ц.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа наадам тэмдэглээд манай найзууд гэр рүүгээ явсан би нөхөртэйгөө үлдээд унтаж амарч байтал 18 цагийн орчим манай 5 настай охин Э.Н намайг сэрээгээд гадаа эмээ эгч 2-г танихгүй эрэгтэй хүн дээрэлхээд гэрийг чинь шатаана, хутгална гээд байна гэхээр нь би босоод гэрээс гартал цаашаа нэг эрэгтэй хүн гудамж тойроод явж байсныг араас нь дуудаж уулзъя гэхэд эргэж харалгүй шууд яваад өгөхөөр нь араас нь ганцаараа яваад Баруун-өлөнтийн гудамжийг бүтэн тойроод Ноёдын гудамж руу эргэхэд манай нөхөр Ц.Э тэр хүний өөдөөс гарч ирэхэд тэр танихгүй хүн нурууныхаа араас шар эрээн иштэй 25-30 см орчим хутга гаргаж ирээд манай нөхөр лүү 2 удаа дайрахад манай нөхөр Ц.Э цаашаа хараад зугтаах гэтэл углааш сугараад углаашаа өмсөх гээд тонгойтол танихгүй хүн манай нөхрийн араас нуруун тус газар луу нь хутгаар далайгаад хутгалах гэхэд нь би тэр танихгүй хүний хутга барьсан баруун гарын шуунаас атгаж автал гараа сэгсэрч аваад миний гарыг зүсээд шууд Ноёдын гудамжинд байдаг тоглоомын саадын тийшээ зугтаагаад явахад нь би араас нь дагаад наад хүн чинь хутгатай явж байна намайг хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэж хэлээд араас нь гүйгээд гүйцээгүй алдсан. Тэгээд нээх удаагүй 10 минутын дараа цагдаа нар ирсэн.....Би танихгүй. Ерөөсөө урьд нь харж байгаагүй хүн байсан. Эрэгтэй 45-50 орчим насны туранхай эрэгтэй хүн байсан. Би наадам гээд найзуудтайгаа 2 шил 0,75л Хараа архи хувааж уусан байсан. Гэхдээ би согтуу байгаагүй болсон үйл явдлыг санаж байна.....Миний баруун гарын 4 хуруу зүсэгдсэн өөр гэмтэлгүй. Би сард 1,000,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Энэ гэмтлээс болоод ажилдаа явж чадахгүй болоод байна мөн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байна. Тиймээс би энэ хүнээс эмчилгээний зардал, цалингаа нэхэмжилнэ. Хэрвээ эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн мөнгийг гаргуулаад авчих юм бол гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/
Шүүгдэгч П.М мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 сарын 13-нд манай эхнэр Т.Б төрсөн өдөр гээд 0.75л Хараа архи хувааж уучхаад би ээжийгээ дуудаад дахиад 0.75л Хараа архи аваад хувааж уугаад ээжийг гэр лүү хүргэж өгөх гээд 18 цагийн орчим гэрээс ээжтэй хамт гарсан. Тэгээд ээжийг орхиод гэр лүү нь түрүүлээд явж байтал замын хойно байдаг Петровис клонкийн ард дугуйтай хүүхэд таараад тантай хамт явж байсан настай эмэгтэй хүнийг Ноёдын гудамжинд явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн зодоод байна гэхээр нь уур хүрээд 2-р сургуулийн ард * аавынд ирээд шар иштэй хутга авч гараад Ноёдын гудамжинд явж байтал эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй таараад та нар яахаараа миний ээжийг зоддог юм гээд муудалцаад аавын гэрээс авсан хутгаар залуу руу дайрахад хамт явж байсан эмэгтэй хүн урдуур ороод хутганы ирнээс барьж аваад гар зүсчихлээ гэхээр би шууд яваад 2-р сургуулийн хойд талд хашааны ёроолд унтаад байж байтал шөнийн 00 цагийн орчим сэрээд аавынд ортол ээж цагдаа чамайг асуугаад ирээд байна чи яачихсан юм бэ гэхэд таныг 2 хүн зодоод байна гэхээр нь таныг Ноёдын гудамжинд хайгаад явж байтал эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй таараад таныг өмөөрөөд муудалцсан, эмэгтэй хүнийх нь гарыг хутгаар зүсчихсэн юм гэж ээжид хэлсэн тэгээд цагдаа дээр ирсэн. ...Тэр 2 хүнтэй ээжийг зодчихлоо гэхээр нь ээжийг өмөөрөөд л муудалцсан юм. ...2 хүн байна гэхээр нь айлгая гэж бодоод л аавынхаас хутга авч гарсан. Ээжийг зодсон гэхээр нь дургүй хүрээд айлгах зорилготой хутга авч гарсан тэгтэл эрэгтэй нь хамт явсан эмэгтэй хүнийхээ араар нь ороод хутганаас эмэгтэй нь бариад авахаар нь сандраад хутгаа татаад автал тэр эмэгтэй хүний гарыг нь санамсаргүй зүсчихсэн. Би тэр 2 хүн ээжийг зодохыг хараагүй. Хажуугаар зөрсөн дугуйтай хүүхэд 2 хүн тантай хамт явж байсан настай эмэгтэй хүнийг зодоод байна гэхээр уур хүрээд ноёдын гудамжинд явж байтал тэр 2 хүнтэй таараад мөн байна гэж бодоод муудалцсан....гэх мэдүүлэг./Хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2020 07 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа гэртээ наадам тэмдэглээд манай найзууд гэр лүүгээ явсан би гэртээ эхнэртэйгээ үлдээд унтаж амарч байтал 18 цагийн орчимд манай эхнэр босоод гараад явахаар нь би босоод араас нь гараад юу болсон талаар охиноосоо асуухад эмээ эгч 2-г танихгүй эрэгтэй хүн дээрэлхээд, гэрийг чинь шатаана, хутгална гээд байсан хүний араас яваад өгсөн гэхээр нь санаа зовоод эхнэрийн араас нь хайгаад явж байтал Ноёдын гудамжны зүүн талд нэг танихгүй эрэгтэй өөдөөс гарч ирээд шууд хутга далайгаад дайрахаар нь ухраад цаашаа хараад зугтаах гэтэл миний хөл муу учир углааш сугараад, өмсөх гээд тонгойтол араас тэр танихгүй эрэгтэй хүн хутга далайх шиг болоход манай эхнэр намайг хутгалчихлаа гэж орилоход тэр хүн хойшоо зугтаагаад явсан. Тоглоомын саадын тийшээ зугтаахад эхнэр араас нь хөөгөөд явсан, би араас нь дагаад цагдаа нар ирсэн. Би тэр хүнийг танихгүй, ерөөсөө харж байгаагүй хүн байсан. 45-50 орчим насны, туранхай эрэгтэй хүн байсан. Наадам гээд найзуудтайгаа 2 шил 0.75л Хараа архи хувааж уусан байсан. Гэхдээ согтуу байгаагүй. Болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэр хүн шар эрээн иштэй 25-30см урт хутга байсан. ...би тухайн үедээ буруу харчихсан байсан болохоор тэр хүнийг эхнэрийн гарыг зүссэн эсэхийг хараагүй. Эхнэр намайг хутгалчихлаа гээд орилохоор нь эргээд хартал эхнэрийн баруун гараас цус гоожчихсон, тэр танихгүй эрэгтэй хүн баруун гартаа шар эрээн өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байсныг харсан. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч П.М яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2020 оны 07 сарын 13-ны өдөр манай Т.Б төрсөн өдөр болоод 0.75л Хараа архи 1 шилийг хувааж уучхаад ээжийг дуудаад дахиад 0.75л Хараа архи аваад хувааж уугаад ээжийг гэр лүү нь хүргэж өгөх гээд 18 цагийн орчим гэрээс ээжтэй хамт гарсан. Тэгээд ээжийг орхиод гэр лүү нь түрүүлээд явж байтал замын хойно байдаг Петровис клонкийн ард дугуйтай хүүхэд таараад тантай хамт явж байсан настай эмэгтэй хүнийг Ноёдын гудамжинд 2 хүн зодоод байна гэхээр нь уур хүрээд 2-р сургуулийн ард Номт-44 тоотод аавынд ирээд шар иштэй хутга авч гараад Ноёдын гудамжинд явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй таараад та нар яахаараа миний ээжийг зоддог юм гээд муудалцаад аавын гэрээс авсан хутгаа гаргаад залуу руу дайрахад хамт явж байсан эмэгтэй хүн нь урдуур ороод хутганы ирнээс барьж аваад гар зүсчихлээ гэхээр нь би шууд яваад 2-р сургуулийн хойд талд хашааны ёроолд унтаж байгаад шөнийн 00 цагийн орчим сэрээд аавынд ортол ээж аав 2 чамайг цагдаа асуугаад ирээд байна чи яачихсан юм бэ гэхэд таныг 2 хүн зодоод байна гэхээр таныг өмөөрөөд муудалцаад эмэгтэй хүний гарыг хутгаар зүсчихсэн юм гэж хэлээд цагдаа дээр ирсэн. Манай ээжийг зодчихлоо гэхээр нь ээжийгээ өмөөрөөд муудалцсан. Манай ээжийг 2 хүн зодчихлоо гэхээр нь айлгах санаатай хутга авч гарсан. Ээжийг зодсон гэхээр нь айлгах санаатай хутга аваад гарсан тэгтэл эрэгтэй нь хамт явсан эмэгтэй хүнийхээ араар ороод хутганаас эмэгтэй нь бариад авахаар нь сандраад хутгаа тэр эмэгтэй хүний гарыг санамсаргүй зүсчихсэн.Би тэр хоёр хүн ээжийг зодохыг хараагүй хажуугаар зөрсөн дугуйтай хүүхэд тантай хамт явж байсан настай эмэгтэй хүнийг 2 хүн зодоод байна гэхээр нь уур хүрээд Ноёдын гудамжинд явж байсан тэр 2 хүнтэй таараад мөн байна гэж бодоод муудалцсан....гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №04/111 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.Ц.С ийн биед баруун гарт 2.3.4.5-р хурууны дотор талын шөрмөс гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдсон.
2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 31 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №125 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.Ц.С-ийн биед баруун гарын шуунд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч П.М-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүгдэгч П.М-ийн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 52 дугаар хуудас/
Шүүгдэгч П.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 53 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч П.М ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч П.М нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын 124 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ц.С ийн мэдүүлэг/Хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ц.Э ын мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Мийг гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 17-18, 46-47 дугаар хуудас/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №04/111 дугаартай дүгнэлт/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч П.М нь шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 117650 төгрөгийг бодит хохирлыг нөхөн төлсөн болохыг, хохирогч Ц.С нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ жич нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дураад, хэлэлцэхгүйгээр үлдээх нь зүйтэй байна.
Учир нь хохирогч Ц.С нь шүүхэд ажилгүй байсан хугацааны нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Гурав.Шүүгдэгч П.М д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч П.М д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажлыг нийтийн эрх ашгийн төлөө, цалин хөлс олгохгүйгээр өдөрт 08 цагаас илүүгүйгээр эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10см урттай шаргал өнгийн эвэр мэт иштэй, 15см урттай ажлын хэсэг бүхий 25 см урттай нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт П.М-ийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө жич нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М д 280/хоёр зуун наян/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр эдлүүлж, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 08/найм/цагаас илүүгүйгээр эдлүүлэхийг тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч П.М д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Ялтан П.М энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирогч Ц.С т /117650/нэг зуун арван долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25см урттай, 15см урт ажлын хэсэгтэй, 10см урт шаргал өнгийн эвэр мэт бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.М д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ