| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07460/И |
| Дугаар | 102/ШШ2016/05588 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2016/05588
2016 оны 11 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05588 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Улаанбаатар -49, Энхтайваны өргөн чөлөө-16а, Хүнс хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах” сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 14-16 тоотод байрлах ”Ундрах сүүн далай” ХХК-д холбогдох 50 814 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах” сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас “ Эрчимтэй мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ”Ундрах сүүн далай” ХХК нь 2012 оны 5-р сарын 11-ний өдөр “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэй, 2013 оны 7-р сарын 1-ний өдөр “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэй тус тус эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Хариуцагч нь 2012 оны 5-р сарын 11-ний өдөр “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээний хуваарьт төлбөрөөс 2016 оны үндсэн зээл 3 000 000, хүү 360 000, 2016 оны 4,6 саруудад хүү 800 000, нийт 4 160 000 төгрөгийг тус сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн байна. “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээний хуваарт төлбөрөөс огт төлөөгүй болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төдөөгүй өдийг хүрсэн. Иймд 2012 оны 5-р сарын 11-ний өдрийн “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээ, “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээний 4.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээг тус тус цуцлаж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 12 000 000, хүү 64 000, алданги 4 500 000, нийт 16 564 000 төгрөг, “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 25 000 000, хүү 1 700 000, алданги 7 500 000, нийт 34 250 000 төгрөг, 2 гэрээний нийт төлбөр 50 814 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч нь “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээ, “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрчилгээний дугаар -000157568, УБД Ү-1426000326 фермийн байр, гэрчилгээний дугаар-0165368 эзэмшлийн газрыг тус тус барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Мал хамгаалах” сан нь ”Ундрах сүүн далай” ХХК-аас 50 814 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохиролцож гэрээний алдангиас 7 400 000 төгрөг хасч, үлдэх 43 414 000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 7-р сарын 2-ны өдөр хүртэл графикаар сар бүр 2 170 700 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов. Уг гэрээнд заасан төлбөрөө 2018 оны 7-р сарын 2-ны өдөр төлж барагдуулахгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс төлбөрийг төлж барагдуулхад татгалзах зүйлгүй болно гэж тохирон эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мал хамгаалах” сан нь ”Ундрах сүүн далай” ХХК холбогдуулан 50 814 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Мал хамгаалах” сан нь ”Ундрах сүүн далай” ХХК-тай 2012 оны 5-р сарын 11-ний өдрийн “ЭМААХДХ”-2012/1/11 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөг, 2016 оны 7-р сарын 1-ний өдөр “ЭМААХДХ”-2013/ҮАА/26 тоот зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөг зээлдүүлжээ.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 50 814 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 7 400 000 төгрөгийн хасч 43 414 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч төлбөрийг 2018 оны 9-р сарын 2-ны өдөр хүртэл сар 2 170 700 төгрөг төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүнс хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах” сангийн нэхэмжлэлтэй ”Ундрах сүүн далай” ХХК холбогдох 43 414 000 төгрөг төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2018 оны 9-р сарын 2-ны өдөр хүртэл сар бүр 2 170 700 төгрөг төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ”Ундрах сүүн далай” ХХК-иас 187 510 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА