Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05598

 

2016 оны 11 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05598

Улаанбаатар хот

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллагын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов. 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллагатай иргэн А.Даваадалай нь 2015 оны 5-р сарын 13-ны өдөр ЗГ1201152377 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 3 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3,7 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6 936 773 төгрөг төлөөгүй байгаа. А.Даваадалай нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утсаа авахгүй, хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагч А.Даваадалайг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                             

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага нь А.Даваадалайг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

 Нэхэмжлэгч нь А.Даваадалайд холбогдох 6 936 773 төгрөг гаргуулах тухай  хүссэн нэхэмжлэлийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан байх ба шүүгчийн 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн 02877 дугаар захирамжаар “хариуцагч хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.     

 

 А.Даваадалай нь 6 936 773 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа 1 хороолол 703-р байр 22 тоотод оршин суудаг боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн 02877 дугаар захирамжаар тус тус тогтоогдсон байна.

 

 Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

А.Даваадалай нь РД:ИЮ90111973, утас: 95817110, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа 1 хороолол 703-р байр 22  тоотод бүртгэлтэй болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон            

                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Амаржаргалын Даваадалайг эрэн сурвалжилсугай.

 

            2. Амаржаргалын Даваадалайг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газарт даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

                                                                                                         

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.АЛТАНТУЯА