Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 
2020 12 28 2021/ШЦТ/08 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан чалцай овогт Гончигийн Ит холбогдох эрүүгийн 2019002630162 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд дахь Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн Зүүнбаян хэсэгт гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, Төмөр замын 2 дугаар байр, 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Улаан чалцай овогт Гончигийн И /РД:ЕС79110715/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, Төмөр замын 2-р байрны 1-6 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бурмааг бусадтай хардан маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдан, шилний хагархай хэсгээр гар болон хэвлийн зүүн доод хэсэгт нь зүссэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би том машинд гагнуур хийж байгаад, багаж авах гээд гэрт ирсэн. Эхнэр гэртээ байхгүй манай хүүхэд гадаа сууж байсан. Ээж нь хаана байна гэсэн Заяа эгчтэй хамт Зүүнбаян явсан гэхээр нь гэрээсээ орж багаж аваад явсан. Орой ажлаа хийж дуусаад ажлын хөлсөө аваад харих замдаа найзтайгаа 1 шил 0,5 граммтай архи хувааж уугаад харьсан. Гэртээ ороход манай 4 хүүхэд байсан. Ээж нь яасан бэ гэж асуухад Заяа эгчийнд байгаа гэсэн. Заяагийнд очиход жижиг өрөөнд нь пиво ууж байсан ба намайг харьж бай гэхээр нь би за гээд гарч дэлгүүр ороод хүүхдүүддээ хиам авсан. Гэрт орж хүүхдүүддээ хиамаа 10.000 төгрөгтэй өгчихөөд би буцаж гараад дэлгүүр орж 0.33 граммтай архи авч уусан. Гэртээ ирэхэд эхнэр орж ирээд араас дагаж явлаа гээд маргаан болсон. Миний эхнэрээ хардах шалтгаан нь эхнэрийн найз Сайханаа гэж залуу Улаанбаатар хотоос манайд ирээд 5, 6 хоносон. Би хүүхдүүдийнхээ хажуугаар өөр хүн тэжээж чадахгүй гэж тухайн үед эхнэртээ уурлаж байсан. Тухайн өдөр би эхнэрээ Сайханаа гээд найзтай нь хардаж, маргаан болсон” гэв. Хохирогч Б.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 10 дугара сарын 04-ний орой манай нөхөр намайг манай найзын нөхөр Сайханаатай хардаж, янз бүрээр хэлж хараагаад, намайг үсдэж унагаагаад гэдсэн дээр нэг удаа дэвссэн. Би тэгэхээр нь мөчөөгөө өгөхгүй нүүр амыг нь хумсаараа нилээд хэдэн удаа майжсан. Би хойд талын өрөө рүү ортол манай нөхөр И миний араас нуруу хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед манай хойд өрөөний хананд цонх шиллэх гээд авсан шилнүүдээ түшүүлээд тавьсан байсан ба шилэн дээр ар нуруугаараа унатал манай нөхөр И баруун гартаа хагарсан шилнээс барин миний хэвлийн зүүн доод хэсэгт хатгах шиг болохоор нь би нөхрийнхөө гарыг бариад шилийг нь булааж аваад хаясан. Тэгээд миний гарт шил зоогдсон байхаар нь аваад доошоо хартал миний хэвлийн зүүн доод хэсгээс цус гарч байсан. Тэгээд би шоконд ороод юу болсон талаар санахгүй байна ... Манай нөхөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нилээд барьцгүй болж, агсам согтуу тавихаараа хутга, шөвөг, мэс их барих хандлагатай болдог. Анх надтай гэрлээд удаагүй байхдаа архи уусан үедээ миний нуруунд хутга зоож байсан... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/0349 дугаартай: “...Б.Бурмаагийн биед зүүн сарвууны 4 дүгээр хуруу, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Г.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, Төмөр замын 2-р байрны 1-6 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бурмааг бусадтай хардан маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдан, шилний хагархай хэсгээр гар болон хэвлийн зүүн доод хэсэгт нь зүссэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 12-14 дүгээрт авагдсан аюулын зэргийн үнэлгээ, хавтаст хэргийн 5-7 дугаарт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хавтаст хэргийн 34 дүгээрт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 40 минутад эмч С.Энх-Амгалангийн бичсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэг бүртгэх ажиллагаанд хохирогч Б.Бурмаагийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Иын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Улаан чалцай овогт Гончигийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА