Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

 2020        12            28                                     2021/ШЦТ/07

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2019000000163 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй/бичиг үсэг муу мэднэ/, мэргэжилгүй,хувийн мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-16б тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Э.Отэй нялх хүүхдийн хажууд чанга дуугарлаа гэх шалтгаанаар маргалдаж, түүний баруун гуяны ар хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй,өөрийн бурууг бүрэн ойлгож гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар цэцэрлэгийн гадаа Б бид хоёр морь, мал ярьж байгаад муудалцаж маргалдсан… Бын гэрт очсон ба гэрт нь эхнэр, хүүхдүүд нь унтаж байсан. Би айлд яаж хоосон орохов гээд 1 сартай нярай хүүхдийг нь үнсээд 5000 төгрөг өгөөд байж байтал араас гуя хэсэгт нэг юмаар шаачих шиг болсон. Би гуяа барьж үзэхэд бага хэмжээгээр цус гарч байсан. Тэгээд Бын барьсан хар иштэй хутгыг булааж авах гэж хоорондоо ноцолдсон. Миний баруун хөлний гуяны ар хэсэгт Б хутгалсан. Эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан. Надад гомдол, санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

Гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Шөнийн 04 цагийн орчим манай ах О гар утсаар залгаж, “ах нь хүнд хутгалуулчихлаа, Баянаагийн худгийн зүүн талд байна” гэж хэлсэн. Манай гэр Баянаагийн худагтай ойрхон учраас 10-20 минутын дараа ах О дээр очсон. Тухайн үед ах О баруун гуяны ар хэсэгт хутгалуулсан гэж хэлсэн. Би өмдний гаднаас харсан, цус гарсан байдалтай, өмд нь хөлдсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

 

Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө О Бын гэр ороод нялх хүүхдийнх нь хажууд чанга чанга яриад байсан. Тухайн үед Б уурлаад хоорондоо маргалдаад байсан. Би хутга авахыг хараагүй. Гэнэт л нэг нь нэгнийгээ зүсчихлээ гэж яриа гарахаар нь харахад Б нь баруун гартаа хар иштэй хутга барьсан, О нь гуя хутгаар зүсчихлээ гээд хутгаа хоорондоо булаацалдаад байсан. Би О, Б нарыг салгаад хутгыг нь цааш гал тогооны шүүгээн дээр тавьсан… Огийн баруун гуяны ар хэсгээс цус гарч байсан…“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

              Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/0347 дугаартай “Э.Огийн биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,

 

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8-р хуудас/,

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57-58-р хуудас/,

             

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 27-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-16б тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Э.Отэй нялх хүүхдийн хажууд чанга дуугарлаа гэх шалтгаанаар маргалдаж, түүний баруун гуяны ар хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... араас гуя хэсэгт нэг юмаар шаачих шиг болсон. Би гуяа барьж үзэхэд бага хэмжээгээр цус гарч байсан. Тэгээд Бын барьсан хар иштэй хутгыг булааж авах гэж хоорондоо ноцолдсон. Миний баруун хөлний гуяны ар хэсэгт Б хутгалсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 04 цагийн орчим манай ах О гар утсаар залгаж, “ах нь хүнд хутгалуулчихлаа, Баянаагийн худгийн зүүн талд байна” гэж хэлсэн. Манай гэр Баянаагийн худагтай ойрхон учраас 10-20 минутын дараа ах О дээр очсон. Тухайн үед ах О баруун гуяны ар хэсэгт хутгалуулсан гэж хэлсэн. Би өмдний гаднаас харсан, цус гарсан байдалтай, өмд нь хөлдсөн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б нь баруун гартаа хар иштэй хутга барьсан, О нь гуя хутгаар зүсчихлээ гээд хутгаа хоорондоо булаацалдаад байсан. Би О, Б нарыг салгаад хутгыг нь цааш гал тогооны шүүгээн дээр тавьсан… Огийн баруун гуяны ар хэсгээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/0347 дугаартай “Э.Огийн биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Ц.Бод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.Бод холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

  Хохирогч Э.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 14.5 см урт бариултай, 14.5 см урт ажлын хэсэгтэй, нийт 29 см урт 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

          З. Шүүгдэгч Ц.Бод оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 14.5 см урт бариултай, 14.5 см урт ажлын хэсэгтэй, нийт 29 см урт 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН