Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 113/ШШ2019/0008

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК (РД:), Г аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин байх;

Хариуцагч: Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О, Б.Х;

 Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06—018/227 дугаартай албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2017 оны 10 дугаар сард хийсэн Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалтаар ажилласан улсын байцаагч нарын зарим нь үзлэг шалгалтаа хийсэн даруйдаа акт, албан шаардлагаа бидэнд ирүүлсэн бол Б.О, Б.Х нарын үйлдсэн актууд нь сүүлд буюу 20 хоногийн дараа өөрт үлдээх хувийн хамт ирүүлээд буцаан авсан. Тэдгээр баримтад маргаан бүхий акт болох улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 09-06-018/73 дугаартай акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 09-06-018/227 дугаартай албан шаардлага зэрэг нь огт байгаагүй болно. Эдгээр акт, албан шаардлагыг улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудастай холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн хэрэг хянуулах явцад мэдсэн болно. Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдсэн 09-06-018/73 дугаартай акт, 09-06-018/227 дугаартай албан шаардлага нь хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй, мэдэх боломжоор хангаагүй хууль бус акт, албан шаардлага юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 21, 27, 32, 43 дугаар зүйлүүдийг зөрчсөн үйлдэл юм.

Манай компанийн хувьд 09-06-018/73 дугаартай акт болон 09-06-018/227 дугаартай албан шаардлагаар нийт 128.949.700 төгрөгийн алданги, торгуулийг хууль бусаар ногдуулаад байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Акт, албан шаардлагыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27-29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Яагаад хангахгүй байгаа вэ гэхээр хувийн хэрэг бүрдүүлсэн эсэх талаар хэргийн явцад асуухад бүрдүүлсэн зүйл байхгүй гэдэг. Яагаад хувийн хэрэгт ач холбогдол өгөөд байна вэ гэвэл улсын байцаагч Б.О, Б.Х нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан албан тушаалтанд хамаарч байгаа. Тэгэхээр энэ зүйлд заасан албан тушаалтан аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримталж гаргах ёстой. Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагын албан тушаалтны шийдвэр гаргахдаа баримтлах бүхий л ажиллагааг зохицуулсан хууль. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй тохиолдолд гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус буюу хууль ёсны болж чадахгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн үндэслэсэн заалт нь тухайн байцаагч шалгаж байгаа материалынхаа хугацааны хувьд аль нь хамаарах мөн ямар хэмжээний материал шалгасан бэ гэдэг дээр хувийн хэрэг бүрдүүлээд тэр нь өөрт нь байх ёстой.

Зөрчлийн тухай хуулийн нийгмийн даатгалын үйл ажиллагааг хянахтай холбоотой зохицуулалтыг харахаар хөөн хэлэлцэх хугацааг ярих хэрэгтэй болж байгаа. Энэ үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байсан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл 200 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгууль ногдуулах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар байна. Тэр 6 сарын хугацаанд хамаарах зөрчлийн агуулга нь энэ акт гарахаас өмнөх 6 сар юм. Акт тавьж байгаа бол шийтгэл ногдуулах суурь нь үүсч байдаг. Мөн тэр 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги гэж яриад байгаа нь 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ёсгүй. Хэрэв 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр акт гаргахдаа нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаад хуваарийн дагуу төлж байгаа эсвэл төлөхгүй байгаа эсэхийг огт шалгаагүй. Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаад хуваарийн дагуу төлөөд явж байгаа баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Хэрвээ төлөгдөөд явж байгаа бол төлөгдөөгүй хэсэг нь алинаас аль хэсэг вэ гэдгийг тогтоохоор тэр мөнгөн дүн өөрчлөгдөнө. Ингэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан хувийн хэрэг гэдэг зүйл заавал үүсээд хавсаргагдаж явах ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагч Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “... Байгууллагын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан 09/75 тоот удирдамжийн хүрээнд тус компанийн үйл ажиллагаа, холбогдох баримт, Төрийн хяналт шалгалтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиуд тэдгээрийг хэрэгжүүлэхээр төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан дүрэм, журмын биелэлт, хэрэгжилтэнд Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О миний бие хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Х болон бусад байцаагч нартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан хяналт шалгалт хийсэн.

Шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд гүйцэтгэхээр Г аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрших тус компанийн үйлдвэрийн байранд очиход тус компани нь (менежер Д.М) хяналт шалгалтанд шаардлагатай цалин хөлсний холбогдох баримтууд, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, санхүүгийн баримтууд Улаанбаатар хотод байгаа гэх тайлбарыг тавьсан тул 3 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг амаар мэдэгдэж шалгалтыг түр хойшлуулж, 10 хоногийн дараа буюу холбогдох баримтуудыг ирүүлсний дараа шалгалтыг гүйцэтгэж 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгасан. Хяналт шалгалтанд хамруулах баримт материал хүлээгдсэн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал нь бусад хяналттай харьцуулахад баримт материалыг тулган шалгадаг, тооцоолол хийгддэг учраас цаг хугацаа их шаарддаг зэргээс хугацаандаа хийгдэж чадаагүй.

Шалгалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний хуримтлагдсан өртэй /2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаар 85966.5 мянган төгрөгийн/, шимтгэлээ цаг хугацаанд нь төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хяналт шалгалтын дүнг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр компанийн менежер Д.М-т танилцуулан 4.2 кодтой хяналтын хуудсанд гарын үсэг зуруулан баталгаажуулж шалгалтын явцад нийгмийн хамгааллын хяналтаар илэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийг илүү болон дутуу тооцсон, шилжүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төвлөрүүлээгүй зэрэг нийт 129110.3 мянган төгрөгийн зөрчлийг барагдуулахаар улсын байцаагчийн акт дөрвийг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчтай хамтран үйлдсэн 14 заалт бүхий албан шаардлага нэгийг шийдвэр гаргах түвшинд буюу захиралд танилцуулах, гарыг үсэг зурж баталгаажуулахаар тус бүр 2 хувийг хүлээлгэн өгсөн.

Зөрчил арилгуулахаар үйлдэн хүргүүлсэн хяналт шалгалтын баримт бичгүүдээс 06-018/74, 09-06-018/76, 09-06-018/77 тоот улсын байцаагчийн актууд, 4.2 кодтой хяналтын хуудастай танилцаж тэмдэг даран баталгаажуулан ирүүлсэн ч улсын байцаагчийн 09-06-018/73 дугаартай нөхөн төлбөр тогтоосон акт, 09-06-018/227 дугаартай 14 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг хүлээн аваагүй, танилцаагүй гэх тайлбарыг мэдүүлж хяналт шалгалтын баримт бичгийг дутуу ирүүлсэн тул орхигдсон акт, албан шаардлагыг ирүүлэхийг мэдэгдэн утсаар болон захидал илгээн шаардсан байтал ирүүлээгүй, холбоо барих утасны дуудлагыг авахгүй зэргээр улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг илтэд эсэргүүцэн актын төлбөрийг барагдуулахгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хяналт шалгалтын байгууллагын болон улсын байцаагчийн үйл ажиллагаанд саад учруулсаар байсан тул дараагийн шатны арга хэмжээг авч,  “Ч” ХХК, компанийн захирал Л.С, менежер Д.М нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1817000009 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж,  шийтгэлийн хуудас үйлдсэн.

Хяналт шалгалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний буюу 2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаар 85966.5 мянган төгрөгийн хуримтлагдсан өртэй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн буюу ажилтны цалин хөлснөөс суутгасан нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчийн төлбөл зохих хувийг нэгтгэн тухайн сардаа төлөхөөр заажээ.

Дээрхээс үзэхэд үлдэгдэлтэй байгаа 85966.5 мянган төгрөгийн өрийн 45.4 хувь буюу 39075.6 мянган төгрөг нь ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан нийгмийн даатгалын шимтгэл, үлдэх 54.6 хувь буюу 46890.9 мянган төгрөг нь ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл юм.

Тухайлбал 2017 оны 02 дугаар сард нийт 24638.6 мянган төгрөгийг ажилтнуудад олгосон байх ба үүнээс ажилтнуудаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэл 2451.3 мянган төгрөг, үүн дээр ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 2944.1 мянган төгрөг, нийт  5395.4 мянган төгрөгийг төлөхөөр тайлагнажээ. Нийт төлбөл зохих дүнгийн 45.4 хувь нь ажилтнуудаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэл, 54.5 хувь ажил олгогчийн төлбөл зохих шимтгэл байна. Гэтэл захирал Л.С нь дээрх өрийн үлдэгдэлийг зөвхөн ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн өр мэтээр, хуулийн заалтаар нэгтгэн, хамт төлөх ёстой төлбөр төлсөн байдлаа даатгуулагчаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлсөн хэмээн тайлбарлаж байгаа нь хариуцлагаас зайлсхийж, хуулийн зүйл заалтыг мушгин гуйвуулж байна.

Өрийн үлдэгдэлээс төлж байгаа төлбөр нь ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан шимтгэл, ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлээс зэрэг хасагдаж байх учиртай. Зөвхөн ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан шимтгэлийг төлснөөр ажилтнуудын шимтгэл төлж ажилласан хугацаа бүрэн баталгаажих боломжгүй ба иргэд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж нөхцөл бүрдэхгүй байх эрсдлийг бий болгож байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйл болон газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод тус тус тусгагдсаны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн хяналт тавьж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн. Тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ 2017 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаарх баримт материалыг хамруулахад оны эхний буюу 2016 оны эцсийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр нь 85507.8 мянган төгрөг байсан ба уг өрийн хэмжээ сар тутамд төлбөл зохих шимтгэлийн дундаж хэмжээ 5000.0 мянган төгрөгөөр өсөн нэмэгдсээр байтал өрийг бүрэн барагдуулаагүй тайлант хугацаанд нийт 45000.0 мянган төгрөгийг төлсөн, өрийн хэмжээ 85966.5 мянган төгрөг байсан. Хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 85966.5 мянган төгрөг, алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. Нэхэмжлэлд дурдагдсан 09-06-018/73 дугаартай акт нь хяналт шалгалтаар илэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний өр буюу 2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаарх өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөгийг ногдох алдангийн хамт төлүүлэхээр тогтоосон акт юм. 09-06-018/227 дугаартай албан шаардлага нь ... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 10.9.8 дахь хэсгийг тус тус үндэслэгдсэн билээ. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлж акт тавьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан 09/75 тоот удирдамжаар “Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 886.3 мянган төгрөгөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлснөөс суутгах татвар зэргийг тус тус суутган тооцож нэр бүхий 11 иргэнд нөхөн олгуулахаар 09-06-010/72 дугаартай улсын байцаагчийн акт, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүйн төлбөр болох 648.0 мянган төгрөгийг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр 09-06-010/71 дугаартай улсын байцаагчийн акт, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 09-06-018/227 дугаартай улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага тус тус гаргасан.

“Ч” ХХК нь хүргүүлсэн баримт бичгүүдийг ирүүлээгүй нэлээд удсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.О байцаагч “Ч” ХХК-ийн жолооч гэх хүн дугтуйтай баримт авчирч өглөө, задлаад үзтэл миний 1 акт, хамтарсан албан шаардлага байхгүй байна гэсэн. Тус дугтуйнд миний үйлдсэн 2 актын тус бүр 2 хувь /хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тэмдэг дарсан/, хяналтын хуудсууд /баталгаажуулаагүй/ байсан, харин нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчтай хамтран үйлдсэн 09-06-018/227 дугаартай албан шаардлагын хувь байгаагүй. Гэтэл 2017 оны нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчтай хамтран үйлдсэн хяналт шалгалтын мөрөөр зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг аваагүй, байгаагүй гэх хариу тайлбарыг гаргаж байгаа нь нийгмийн хамгааллын хяналтаар илэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг алдангийн хамт төлүүлэхээр тогтоосон их хэмжээний мөнгөн дүн /нийт 128949.7 мянган төгрөг/ тусгагдсан байсантай холбоотой гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О нь Б.Х зэрэг нэр бүхий 4 улсын байцаагчийн хамт тус газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 09/75 дугаар удирдамжийн дагуу нэхэмжлэгч “Ч” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн акт, албан шаардлага зэргийг үйлджээ.

Тухайлбал, улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар[2] “Ч” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй, шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, өмнөх шалгалтын мөрөөр хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэн, “2017 оны 09 сарын эцсийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85866.5 мянган төгрөг, түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7  мянган төгрөгийг ... төлж барагдуулах”-аар тогтоосон байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс “энэ акт, албан шаардлагыг хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй, манай компанид танилцуулаад буцааж авсан улсын байцаагчдын материал дунд байгаагүй, Захиргааны ерөнхий хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, төлөгдөөгүй өр аль хугацаанд хамаарахыг тодохойлоогүй ба алдангийг буруу тооцсон, төлөвлөгөөт хяналт шалгалт хийх үндэслэл бүрдээгүй, улсын байцаагч хувийн сонирхлоор хандсан” гэж уг актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлах бол хариуцагчаас “Зөрчлийн хуулиар биш, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 33 дугаар зүйлийг үндэслэн акт тавьсан” гэж маргана.

Ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж, хариуцлага хүлээлгэх үндэслэлийн тухайд;

Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд “... хууль тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” хэмээн хяналтын харилцааг зохицуулжээ.

Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” нийтлэг бүрэн эрхтэй хэмээн заасан.

Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.8-д зааснаар “нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл”-д тавих хяналтыг Улсын мэргэжлийн хяналтын газар, түүний “улсын байцаагч” хэрэгжүүлэхээр заажээ.

Ингэхдээ тухайн асуудлаар хяналт шалгалт хийх тодорхой бүрэн эрх тухайн хууль тогтоомжоор олгогдож, зохицуулагдсан байхаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д журамласан байна.

Дээрх байдлаар Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О нь “нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, шимтгэлийн өрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх” эрхтэй.

Харин улсын байцаагчаас 09-06-018/73 дугаар актаар алданги ногдуулахдаа удирдлага болгосон гэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь тус хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл мөн боловч мэргэжлийн хяналтын улсын байцаагчид[3] энэхүү “хариуцлага тооцож, алданги ногдуулах” эрх олгогдоогүй байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч этгээдэд Нийгмийн даатгалын хуульд заасан хариуцлага (алданги) ногдуулах асуудал нь нийгмийн даатгалын байцаагчийн бүрэн эрхэд хамаарч байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 8 дахь заалтын зохицуулалтаар[4] тодорхойлогдоно.

Иймд хариуцагчийн “хуульд заасан эрхийн дагуу хариуцлага тооцож, алданги ногдуулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар тогтоосон нийт 128949.7 мянган төгрөгийн төлбөрөөс алданги болох 42983.2 мянган төгрөгийг хасч, багасгах нь хуульд нийцнэ. 

Үүнтэй холбогдуулан Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 09-06—018/227 дугаартай албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтын “... түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг ...” хэсгийг хүчингүй болгож, үлдсэн “... нийт шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг.... –ийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд[5] болон нэхэмжлэгчийн тайлбараас[6] үзэхэд улсын байцаагчийн 09-06-018/73 дугаар актад дурдсан 85966.5 мянган төгрөг нь нэхэмжлэгч “Ч” ХХК-иас нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлбэл зохих шимтгэлийн хуримтлагдсан өр байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл (өр)-ийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хэргийн оролцогчдын маргасан бусад шаардлага ба татгалзлын үндэслэлийн тухайд;

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан “нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт тавих” эрхээ хэрэгжүүлж, “Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх ба хариуцагчийн “Нийгмийн даатгалын тухай хуулийг биш Зөрчлийн тухай хуулийг барьсан бол нэмээд 2 сая төгрөгийн торгууль ногдуулах байсан”[7] гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглээгүй улсын байцаагчийг буруутгах боломжгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т зааснаар орон нутагт улсын ахлах байцаагч нь төлөвлөгөөт хяналт шалгалтын төлөвлөгөөг батлах эрхтэй бөгөөд Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 09/75 дугаар удирдамжид[8] “... Нийгмийн даатгалын тухай хууль, ... нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, стандартын мөрдөлтийн байдалд хяналт тавьж ... хангуулахад оршино” гэж уг хяналт шалгалтын зорилгыг тодорхойлжээ.

Мөн улсын байцаагчийн 09-06-018/73 дугаар акт, 09-06-018/227 дугаартай албан шаардлагад “нийгмийн хамгааллын үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах” зэргээр шалгалтын зорилгыг илэрхийлж, Нийгмийн даатгалын тухай хуулиар тодорхойлсон хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тус хуульд заасан[9] “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах” хариуцлага ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шимтгэлийг хугацаандаа төлөөгүй зөрчил”-д “шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлэх+торгох” хариуцлагыг заасан боловч энэ тохиолдолд төрийн хяналт шалгалтын байгууллага, түүний байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд бус Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тодорхойлсон журмын дагуу хийсэн  байх тул “энэ харилцаанд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг баримтлах ёстой байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн аваагүй болно.

2. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д[10] “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу төрийн хяналт шалгалтын тодорхой харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ. Гэвч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарласанчлан төлөвлөгөөт хяналт шалгалт явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг бүрдүүлээгүй нь  маргаан бүхий актыг хүчингүй болгох үр дагаврыг дангаар үүсгэхгүй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх” зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн “Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-гийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06-018/227 дугаартай албан шаардлагуудыг хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй, манай компанид ирүүлээгүй мөртлөө улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан. Улсын байцаагч нь хяналт шалгалт явуулахдаа хувийн сонирхлоор хандсан” гэх тайлбарын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь тус шүүх “Ч” ХХК-ийн гомдолтой Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-д холбогдох “2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий 113/2018/0006/З индекс дугаартай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг хэрэгт дээрх үйл баримтын талаар маргаж байгаа болно.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар тогтоосон нийт 128949.7 мянган төгрөгийн төлбөрөөс 42983.2 мянган төгрөгийг хасч багасган, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06-018/227 дугаартай албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтын “... түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг ...” хэсгийг хүчингүй болгож, үлдсэн “... нийт шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг.... –ийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       З.ГАНЗОРИГ

 


[1] Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын “улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06—018/227 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” хэсгийг “... албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан. Хэргийн II хавтасны 173 дахь талд

[2] Хэргийн I хавтасны 30-31, 201-202 дахь талд

[3] Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалт хийх явцдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 16 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй.

[4] Дээрх зүйл, заалтуудад “нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж”, “алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх”, “ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх”, “зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх” эрхийг тодорхойлсон байна.

[5] Хэргийн I хавтасны 125, 193-194, II хавтасны 170 дахь талд

[6] Хэргийн II хавтасны 133, 181, III хавтасны 115 дахь талд

[7] Хэргийн II хавтасны 134 дэх талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд

[8] Хэргийн I хавтасны 67-69 дэх талд

[9] Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт

[10] Энэ заалтыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлээгүй байна.