Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0620

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Прокурорын газрын

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих

хэлтсийн хяналтын прокурор М.Э-ийн

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн  

Давж заалдах гомдол гаргасан:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э

Шаардлага: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-гийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид:

Дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  хяналтын прокурор М.Э,

Хариуцагч Ө.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0428/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч прокурор М.Э-ээс Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-д холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-гийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э-гийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-д холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-гийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Дүгнэлт гаргагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            3.1. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог.

Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

Гэтэл шүүх “…мопедыг анх Монгол улсын хилээр оруулж ирсэн иргэн, хуулийн этгээд нь тодорхойгүй, зөрчилд холбогдогч Г.М нь тухайн мопедыг хилээр гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр оруулж ирсэн зөрчилд хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн...” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан иргэн хүний эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн зорилго, зарчимд огт нийцээгүй байна.

Тодруулбал, гаалийн мэдүүлгийг зохих этгээд нь хуульд заасан журмаар мэдүүлээгүй, хэн мэдүүлэх ёстой байсныг эрх бүхий албан тушаалтан илрүүлж, тогтоож чадаагүй, тогтоох боломжгүй байсан гэх нөхцөл байдал нь хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн иргэн Г.М-д шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл холбогдогч байхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөн хэнд ч хамаагүй шийтгэл оногдуулж болно гэсэн ойлголт биш. Гагцхүү зөрчил гаргасан этгээд л гаргасан хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. \

Нөгөөтээгүүр прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт бичсэн нь гаалийн хилээр нэвтэрсэн мопедыг тээвэрлэгч Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар гаалийн байгууллагад мэдэгдэх, мэдүүлэгч мөн хуулийн 55.1-д зааснаар эсхүл зуучлагч 66.1-д зааснаар гаалийн мэдүүлэг гаргах үүрэгтэй байсныг үгүйсгээгүй мөн LZBTX9ABM1100147 арлын дугаартай мопед гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг зөвтгөөгүй, зөвхөн зөрчлийн холбогдогч гэж үзэх нотлох баримтгүй байхад иргэн Г.Мөнхзулд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Тиймээс эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэх, мөн хуулийн 4.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс Гаалийн хууль тогтоомж хэзээ, хэрхэн зөрчигдсөн болох гаалийн хилээр хууль бусаар барааг нэвтрүүлсэн буруутай этгээд хэн болоход шүүх дүгнэлт хийх боломжгүй байсан нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөвтгөх үндэслэл болох ёсгүй.

Эрх бүхий албан тушаалтан Г.М-ыг LZBTX9ABM1100147 арлын дугаартай мопедыг хэн гэдэг хүнээс хэзээ худалдаж авсан болохоо хэлээгүй, хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн зэргээс үүдэн тухайн мопедыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн холбогдогч мөн гэж хувь хүний дотоод итгэл үнэмшлээр дүгнэж болох боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны чиг үүргийн хүрээнд хууль зөрчсөн гэх үйл баримтыг нотлох баримтаар шалгаж тогтоосон байх шаардлагатай. Гэтэл материалд холбогдогчоос мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгээгүй, зөрчил үйлдэгдсэн болохыг нотолсон нотлох баримт огт байхгүй байна.

Иймд шүүхийн “...мопедыг анх Монгол улсын хилээр оруулж ирсэн иргэн, хуулийн этгээд нь тодорхойгүй...” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр үндэслэлгүй байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуульд заасан эсхүл бусад хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан байна.

Зөрчлийн тухай хуульд заасан “Гаалийн тухай хууль зөрчих” зөрчлийн шинж нь 11.21 дүгээр зүйлийн 1-ээс 18 дугаар болон тэдгээрийн доторх заалтад заасан шинжүүдээр тодорхойлогдохоор Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчид зөрчлийн шинжийг Гаалийн тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, иргэн Г.М-ын худалдан авсан мопед нь гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байсан тул нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр гаргасан хүсэлт нь Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасан “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” гэх 249.4-д “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэх заалтуудаар буюу Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ийн 6.2.1-д заасан “хууль сахилгын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно” гэж заасны дагуу Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаа байна.

Иймд Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д зааснаар нөхөн бүрдүүлэлт хийгдэх үйлдлийг Зөрчлийн тухай хуульд нэгэнт зөрчил гэж хуульчлаагүй тул дээрх үйлдлийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж зааснаар зөрчлийн холбогдогч зөрчил гаргасан нь тогтоогдвол шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах ба харин зөрчил гаргагч биш боловч нөхөн татвар ногдуулахад шийтгэлийн хуудас бичих эрх зүйн үндэслэл үүсэхгүй.

Харин нөхөн бүрдүүлэлт хийх, татвар хураамжийг нөхөн төлүүлэх эсэх асуудал нь холбогдох салбар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах гаалийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм.

Мөн Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.1 дэх хэсэгт Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж;

Дээрх хуульд заасан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдлүүдийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь заалтад “татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” торгуулийн шийтгэл оногдуулах зөрчил гэж хуульчилж өгсөн байх боловч иргэн Г.Мөнхзулд дээрх зүйл ангиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” гэж заасан буюу мэдүүлэг гаргагч мэдүүлэг бичсэн байхыг, бичсэн мэдүүлэг нь татвараас зайлсхийх зорилготойгоор зарим барааг бичихгүй орхих, эсхүл худал бичих зэргээр дээрх зөрчлийн шинж тодорхойлогдохоор байхад мэдүүлэг гаргалгүй гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний үйлдлийг зөрчил гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх шийдвэртээ “...Гаалийн тухай хуулийн дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”, 3.1.19-д ““гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг” гэж заажээ. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг гаалийн мэдүүлэгч гэж ойлгохоор байна...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 “мэдүүлэгч” гэж... гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг..гэж заасныг, "нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгслийг” мэдүүлж байгаа этгээдийг мэдүүлэгч гэнэ гэж үзэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн “...мопедыг анх Монгол улсын хилээр оруулж ирсэн иргэн, хуулийн этгээд нь тодорхойгүй...” гэж шүүх дүгнэсэн хирнээ зөрчилд холбогдогчийг гаалийн мэдүүлэгч гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж заасан ба дээрх үндэслэлийн аль нэг байхгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах зохицуулалттай.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” байх нь дангаараа зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байхаар хуульчилсан байна.

Тиймээс шүүхийн шийдвэрт дурдагдсан Г.М-ын “...Асуулт: Та энэ үйлдлээ зөрчил гэж үзэж байна уу?, Хариулт. Тиймээ. Тийм учраас гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан. Асуулт: Цаашид уг зөрчлийг давтан гаргахгүй байх боломж байгаа юу?, Хариулт: Бүрэн боломжтой. Зөрчил давтан гаргахгүй байх боломжтой...” гэжээ...” гэх мэдүүлэг нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх үндэслэл дангаар болохгүй юм.

3.4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Зөрчилд холбогдогч иргэн Г.М нь дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 124 859 төгрөгийн торгуулийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулсан” талаар дурджээ.

Хэдийгээр холбогдогч эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр шийтгэлийг биелүүлсэн байх боловч энэ нь прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичих, шүүх эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн эрхийг сэргээн эдлүүлэхэд саад болох зохицуулалт хуульд тусгагдаагүй болно.

Шүүхийн шийдвэр “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” Шүүхийн тухай хуульд заасан эрхэм зорилго, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилтод тус тус нийцсэн байх ёстой гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар прокурорын гомдол гаргав” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э-ээс Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-гийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.М-д 0089010 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.

2.2. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-гийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089010 дугаар шийтгэлийн хуудсаар Г.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 124 859 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр Г.Мөнхзулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байжээ.

2.4. Тодруулбал, Г.М-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр үүссэн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч Г.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөхөөр байх бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.6-д “...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Нэгэнт анхан шатны шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

           

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

              ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН