Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01593

 

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00668 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1142 дугаар магадлалтай,

            “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “Х ” ХХК-д холбогдох

         Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 104,783,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

  Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани “Х ” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 14/17 тоот гэрээг 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор “М ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499066756 тоот данс болон ХААН банкин дахь 5028077704 тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлж барагдуулна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Гэрээний 3.3-т “худалдан авагч энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж, мөн 5.2-т “гэрээнд заасан төлбөрийг 31 дэх хоногоос худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тоооцон худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 65,445,600 төгрөг, түүний хугацаа хэтгүүлсэн алдангийг 2017 оны 06 сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу тооцоход 32,722,800, хүү 6,615,433 төгрөг, нийт 104,783,833  төгрөгийг “Х ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: “Х ” ХХК нь өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Сойрт” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-020646 тоот тусгай зөвшөөрлийн талбайд уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2017 оны 05 сарын 05-ны өдөр “М ” ХХК-тай 14/17 дугаартай, “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээг байгуулахдаа гэрээний 1.2-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор худалдан авсан барааны үнийн дүнд 2007 онд үйлдвэрлэгдсэн CATERPILLAR 330 DL, улсын дугаар 75-91УБ, хөдөлгүүрийн №ТНХ07089, Аралын №WBD00732 дугаартай, “Х ” ХХК-ийн эзэмшилд байдаг эксковаторыг барьцаалсан. Гэрээний дагуу 80 хүртэл сая төгрөгийн шатахууныг зээлээр авах нөхцөлтэй байсан боловч “Х ” ХХК нь 65,445,600  төгрөгийн өртөг бүхий дизель түлшийг өөрсдийн тээврээр татан авсан хэдий ч үлдэгдэл 14,554,400 төгрөгийн шатахуунаа “М ” ХХК нь “Х ” ХХК-нд өгөөгүй болно. “Х ” ХХК нь хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байтал 2017 оны 6 сард Улсын Мэргэжлийн Хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоохдоо эксковаторын компьютерийг салгаж аваад явснаар үйл ажиллагаа зогссон. Энэхүү асуудлыг арайхийж цэгцлэн хураагдсан компьютерээ буцаан аваад, ажилчдаа Улсын наадмаар 7 хоног гэр оронд нь хариулж амраагаад үйл ажиллагаагаа дахиж эхэлтэл 2017 оны 07 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжпийн Хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг 2017 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл зогсоохдоо техникүүдийн компьютерүүдийг дахин салгаж аваад явсан тул үйл ажиллагаа нам зогсож, зөвхөн хайгуулын өрмийн бригад өрөмдлөг хийж талбай дээр нэмэлт нөөц тогтоосон. Учир юунаас болсныг судлахад ’’Х ” ХХК-ийн захирал Л.Батбилэг нь 2003 оны 12 сарын 19-ний өдөр өөрийн компанийн 268 кг алтны батлагдсан нөөцтэй, 6400А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кредит банкнаас зээл авч байгаа “Монлид трейд” ХХК-ийн 350 мянган ам долларын зээлд 03/12/10 дугаартай гэрээгээр зээлийн баталгаа гаргаж өгч байсан байх бөгөөд Кредит банк нь 2005-2006 онуудад “Кипарис” гэдэг компаниар дамжуулан хууль бусаар алтны олборлолт явуулж, Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэст тайлан гаргаж өгөхдөө 189,05 кг алт олборлосон мөртлөө 268 кг алтны нөөцийг хууль бусаар хасуулж 00 кг нөөцтэй болгосон баримтууд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн архивт байгаа тул “Уулын ажлын төлөвлөгөө” батлагдах үндэслэлгүй болсныг уурхай гарсан хойноо мэдэж санхүү, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон болно. 2017 оны 10 сарын 13-наас уурхай дахин ажиллаж эхэлтэл 10 сарын 20-оор уурхай дээр их хэмжээний цас орж, уурхай цаашид ажиллах ямар ч нөхцөлгүй болж, өнөөдрийг хүртэл зогссоны улмаас “Х ” ХХК нь “М ” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлөх боломжгүй болсон. “Х ” ХХК нь “М ” ХХК-иас авсан 65,445,600 төгрөгийн өртөг бүхий дизель түлшний үнэтэй маргахгүй бөгөөд энэхүү төлбөрийг төлөх үүрэгтэйгээ ухамсарлаж байна. Харин хариуцагч “Х ” ХХК-д тохиолдсон дээрхи бодит нөхцөл байдлуудыг болон худалдааны гэрээ зөвхөн “Худалдагч” талын эрх ашгийг 100 хувь хамгаалсан нэг талд үйлчилсэн хүч тэнцвэргүй гэрээ байгааг шүүх харгалзан үзэж “М ” ХХК-ийн “Х ” ХХК-иас нэхэмжилж байгаа алданги 32,722,800 төгрөг, хүүнд нэхэмжилж байгаа 6,615,433 төгрөг, нийт 39,338,233 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Жич: “Х ” ХХК нь алтны ордны үлдэгдэл нөөцийг хууль бусаар 00 кг болгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгүүлж байгаа болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00668 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Х ” ХХК-иас 75,674,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 29,109,248 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,869 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-иас 536,323 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1142 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас 88,422,433 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,361,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “536,323 төгрөг” гэснийг “600,062 төгрөг” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1142 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 2017 оны 12 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “М ” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус шүүхээс 2018 оны 01 сарын 17-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 22 өдрийн дараа иргэний хэрэг үүсгэжээ. /Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан “Шинэ жил” 1 дүгээр сарын 1 өдрийг хасч тооцссн болно/

2018 оны 01 сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудасыг хариуцагчийн холбоо барих утасны дугаараар илгээжээ. Тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шүүх өөрийн санаачлагаар буюу шүүхэд нэхэмжлэл ирсэн даруйд иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлээгүй байж хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага гардуулах мэдэгдэх хуудас явуулсан үйлдэл нь хууль бус, байж боломгүй үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Энэ гомдолд дурьдсан асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэргэшлийн хороонд “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг өгсөн болно.

Магадлалын Хянавал хэсэгт “Хариуцагч үндсэн төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй бол хүүнээс гадна алданги төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хууль болон гэрээнд заасан хэмжээгээр алданги төлүүлэхээр нэхэмжлэгч шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Мөн алдангийн хэмжээг багасгах талаар хариуцагч санал гаргасан байх тул давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангид 16,361,400 төгрөг гаргуулна. Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчаас барааны үнэ, хүү, алдангид нийт 68,422,433 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав гэж дүгнэсэн нь учир дутагдалтай шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаагүй уялдаа холбоогүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх үл хэрэглэн магадлал гаргажээ. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх заалтыг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

        Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч  “Х ” ХХК-д холбогдуулан зээлээр  худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 65,445,600 төгрөг, алданги 32,722,800, хүү 6,615,433 төгрөг, нийт 104,783,833  төгрөгийг  гаргуулахаар шаардлага гаргажээ.

         Хариуцагч “Х " ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 65,445,600.00 төгрөг    төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги болон хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

           2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “М ” ХХК  болон  “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 14/17 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-гээр “М ” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдах барааны үнийн дүнгийн дээд хэмжээ нь 80,000,000.00 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээгээр түлш нийлүүлэх үүргийг, “Х ” ХХК нь түлшний үнийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх, төлбөрийг 31 дэх хоногоос худалдан авагч тал нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ.

         Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

            Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Х ” ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн ачилтаар 44,220 литр, нийт 65,445,600 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлсэн,  хариуцагч “Х ” ХХК нь худалдан авсан түлшний үнэ 65,445,600 төгрөгийг төлөөгүй, зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

         Талууд гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоосон, гэрээний 3.2-т худалдан авсан барааны төпбөрийг бараа авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх, 5.2-т төлбөрийг 31 дэх хоногоос худалдан авагч тал нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул төлбөрийн 31 дэх хоногоос гэрээний хугацааг дуусах хүртэл хүүд 6,615,433 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3, 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн байна.

        Харин гэрээнд заасан алдангийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч алдангийн хэмжээг тооцохдоо “...хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг, хүүг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцож, 10 хоногийн  алданги  3,603,552.00 төгрөг” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

         Давж заалдах шатны шүүх “...хариуцагч үндсэн төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй бол гэрээнд зааснаар хүү төлөхөөс гадна алданги төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээгээр алданги төлүүлэхээр шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэн, харин алдангийн хэмжээг багасгах тухай хариуцагчийн саналыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсэгт зааснаар алдангид 16,361,400 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.   

           Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1142 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч “Х ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,100 /зургаан зуун мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН