Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/211

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгч М.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000168 дугаартай, 163/2020/0203/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “М” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Энэ хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000168 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

М.М  нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд **-** УБА улсын дугаартай “Toyota Land Cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт асфальтан зам дээр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Э  гэх газраас Тарны гүүр орох чиглэлд Н.Г ийн жолоодож явсан “Hyundai Porter 2” загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-12 тал/,

Зам тээврийн осолын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13 тал/,

Хохирогч Н.Г ийн өгсөн: “Тухайн үед би жолоо барьж явсан. ...Би ойролцоогоор 40-50 метр зайд явж байхад “Land Cruiser” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд манай эгнээнд эргэх үйлдлийг хийсэн. Тухайн үед гэнэт байсан болоод ч тэр үү би зогсоох арга хэмжээ аваагүй. Мөн машины хүрдыг дагуулж баруун хөвөө хэсэг рүү дарахад мөргөлдсөн. Би эд эрхтнээсээ хагацсанд гомдолтой байна. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэл гэмтэлгүй байсан бөгөөд машины хөл хөдөлгөөн ихтэй цуваад явж байсан” гэх мэдүүлэг /1хх30-31 тал/,

Хохирогч Д.Б ийн өгсөн: “Манай тээврийн хэрэгсэл явж байхад эсрэг урсгалд явж байсан жийп маркийн тээврийн хэрэгсэл гэнэт манай урсгал руу эргэх үйлдэл хийж улмаар мөргөлдсөн. Осол гарах үед тээврийн хэрэгслийг манай нөхөр Н.Г  жолоодож явсан. Тухайн үед нартай, үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан зам эвдрэл гэмтэл байхгүй, мөн халтиргаа гулгаагүй байсан” гэх мэдүүлэг 1/хх-33-34 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.О ын өгсөн: “М.М  нь миний эмчилгээнд 820.000 төгрөг зарцуулсан. Би одоогийн байдлаар өөрөөсөө 300.000 төгрөгийн зарлага гаргаад байна. Эм, тариа авсан, мөн рентген зураг авахуулах зэрэгт зарцуулсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Д.Б гийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумаас би нөхөр М.М , хүү Ч , хамаатны хүүхэд А.А  нарын хамт **-** УБА улсын дугаартай, ногоон өнгийн “Toyota Land Cruiser” загварын авто машинтай гараад Улаанбаатар хот руу гэртээ харих гэж явж байгаад замдаа Булган аймгийн Рашаант сумын “Э ” гэх газарт тэмээ унаж үзэх гээд замын хойд тал руу эргэх гээд засмал замын хөвөө хэсэгт зогсож байгаад авто машины хөдөлгөөн дуусахаар нь эсрэг урсгал руу ороод хойд тал руу замаас гарах гэсэн чинь өөдөөс цагаан өнгийн “Портер” загварын авто машин ирээд мөргөлдсөн. Осол гарах үед **-** УБА улсын дугаартай, ногоон өнгийн “Toyota Land Cruiser” загварын авто машиныг манай нөхөр М.М  жолоодон явж байсан. Манай нөхөр М.М ийн жолоодож явсан авто машин засмал замаас бууж шороон замын хэсэгт орох хөдөлгөөн эхлэх үед авто машин нь эсрэг урсгал руу нээх их ороогүй, бага зэрэг орсон байсан” гэх мэдүүлэг /1хх-46-48/,

Гэрч Г.О ын өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 15 минутын үед өөрийн хадам аав Г , хадам ээж Б  нарын хамт Булган аймгийн ... гэх газарт байдаг гэрээсээ Рашаант сумын Тарны гүүр орох гээд хадам аав Г ийн жолоодож явсан **-** БУА улсын дугаартай цагаан өнгийн “Портер 2” загварын тээврийн хэрэгсэлд хадам ээж Б ийн хамт суугаад Э н урд талын засмал замаар явж байхад Өвөрхангай талаас Улаанбаатар хот чиглэл рүү ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг явж байсан “Toyota Land Cruiser” загварын авто машин гэнэт дохио өгөлгүй зүүн гар тийш буюу хойд зүгт эргээд чигээрээ явж байсан. Тэгээд манай хадам аавын жолоодож явсан машиныг мөргөж осол болсон. Манай хадам аав ухаангүй, зүүн талын хөл нь шилбээрээ хугараад яс нь гараад ирсэн байсан. Манай хадам ээж Б ийн зүүн талын хавирга нь хугарч зүүн талынх нь хөл нь гэмтсэн, харин миний баруун талын гар булчин хэсгийн яс нь хугарсан. ...Бид нарыг мөргөсөн “Toyota Land Cruiser” загварын авто машин нь гэнэт дохио өгөлгүй эсрэг урсгал руу орж эргэснээс болж осол гарсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-49-50/,

Гэрч Г.Э ийн өгсөн: “Манай аав Г  нь замын ослоос болоод сэмж нь бяцарсан урагдалтай, уушгины ар, нарийн гэдэс нь цус хуралттай байна гээд эхлээд цээжний хөндийн хагалгаанд орсон. Дараа нь зүүн талын хөл нь хугарсан гээд дахин хагалгаанд ороод хөлөө өвдөгнөөс доош тайруулсан, манай ээж Б ийн хувьд хавирга нь хугарсан байж магадгүй бас дотор доргилттой, хөлийн өвдөгний үе нь гэмтэлтэй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-51-52/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын

23-ны өдрийн 99 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “М.М, 2020.07.13, 23” гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /1хх-58-59 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын

23-ны өдрийн 100 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “Н.Г, 2020.07.13, 23:57” гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.1%-ийн спиртийн зүйл илэрсэн.

Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-66-67 тал/,

Хохирогч Н.Г ийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Н.Г ийн биед их сэмжний тасрал, хэвлийн хөндийд цус хуралт /400 мл/, зүүн шилбэний дээд 1/3 хэсгийн тайрагдалт, баруун талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, цээжний баруун хөндийд шингэн хуралт, дух, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой. Их сэмжний тасрал, хэвлийн хөндийд цус хуралт /400 мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шилбэний дээд 1/3 хэсгийн тайрагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-н ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 17.108.1т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60% алдагдуулна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8238 дугаартай дүгнэлт /1хх-72-73 тал/,

Хохирогч Д.Б ийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Д.Б ийн биед зүүн 4, 5-р хавирганы далд хугарал, зүүн хөх, зүүн бугалганы цус хуралт, зүүн хөлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи зүүн 4, 5-р хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8171 дугаартай дүгнэлт /хх-77-78 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.О ын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Г.О ын биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8152 дугаартай дүгнэлт /хх-82-83 тал/,

2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай мөрдөгчийн “Жолооч М.М  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг, жолооч Н.Г  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах дараах зүйлийг хориглоно: а. “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байна. Дээрхи зам тээврийн ослын шалтгаан нь жолооч М.М  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолооч зүүн гар тийш эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн буюу жолооч Н.Г т зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан байна” гэх магадлагаа

/1хх-101-105/

Шүүгдэгч М.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би уг тогтоолтой танилцлаа. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зам тээврийн осол гарахад Портер загварын тээврийн хэрэгслийн жолооч Н.Г  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зогсоох арга хэмжээ аваагүй, өөрөө болон зорчигч нартаа хамгаалах бүс хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн гэж би бодож байна. Би Н.Г т ойролцоогоор 1 сая гаруй төгрөг, зорчигч Б ид 2 сая гаруй төгрөг, зорчигч О д 1 сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулаад байна. Уг осол болсонд их харамсаж байна” гэх мэдүүлэг /1хх-129 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Г , Д.Б , иргэний нэхэмжлэгч Г.О , гэрч Г.Э  нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч М.М ий гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд уг осол гарах шалтгаан нь замын уулзварт зүүн гар тийш эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн буюу жолооч Н.Г т зам тавьж өгөөгүй, шүүгдэгч М.М ий хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.М ий үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.О ын эрүүл мэндэд хөнгөн, Д.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч, “Toyota Land Cruiser-100” загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Ш.Т т 1220000 төгрөгийн шууд, 610000 төгрөгийн шууд бус, “Hyundai Porter 2” загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Г т 955000 төгрөгийн шууд, 405000 төгрөгийн шууд бус гэм хор учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.М  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г , Д.Б  нарын нэхэмжилсэн эмчилгээний зардал болон цаашид гарах зардалд 15500000 төгрөгийг /1хх 240-241 тал/, иргэний нэхэмжлэгч Г.О ын нэхэмжилсэн 1000000 төгрөгийг тус тус төлж, хохирогч иргэний нэхэмжлэгч Н.Г , иргэний нэхэмжлэгч Д.Т ийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг /1хх- 239 тал/ арилгаснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М ий гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М ий хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудаас /хх-134-136 тал/ дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.М  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүний “В” ангилалын ****** дугаартай, жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт М.М ийг Авто тээврийнхэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.М ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-тзааснаар шүүгдэгч М.М д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.М эд сануулсугай.
  5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч М.М ий “В” ангилалын ****** дугаартай, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД