Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/213

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ц.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э д холбогдох эрүүгийн 2015000000136 дугаартай,

163/2020/0156/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Ц.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2015000000136 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн аймгийн ... “З” гэх газарт байх өөрийн гэртээ “ноолуур хулгайлсан” гэх шалтгааны улмаас иргэн Х.Х , Б.Ш  нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хэрэлдэж маргалдах явцдаа Х.Х ын нүүрэн тус газарт сандал болон аягаар цохиж биед нь зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт язарсан шарх, дух, баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт гэмтэл, Б.Ш гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрыг заазуураар зүсэж хамрын нуруунд оёдол бүхий шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Х.Х ын өгсөн: “...хэд хоногийн өмнө Э  ахын чингэлэгээс ноолуур хулгайд алдагдсан гэх асуудал болсон. Энэ хэргийн талаар Э , эхнэр Л  нар нь биднийг авсан мэтээр цуу яриа гаргаж, тухайн сум орон нутагт тараасан байсан. Энэ асуудалд миний бие эмзэглээд ер нь өөртэй нь очиж уулзья гэж бодоод 2020 оны 05 дугаар сарын 21ний өдрийн орой 22 цагийн орчимд Э ийн гэрт найз болох Ш , түүний эхнэр Б гийн хамтаар очсон. Биднийг очиход Э ийн эхнэр Л , төрсөн хүү С , Д  нар сууж байсан. Явж ороод Ш , Л  эгчид хандан “та яахаараа хүний эзгүйд гэр орон нэгжиж, хулгайд сэрдээд байгаа юм бэ, бид нар юу боллоо гэж таны ноолуурыг хулгайлах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Л  эгч “та нар хулгайч биз дээ, мөнгийг нь олж өгөөрэй” гэх мэтчилэн хэрүүл хийгээд байсан. Тэгээд гэрт хэрүүл маргаан болсон. ...Гэнэт Э  ах толгойн дундуур сандлаар хоёр удаа цохисон, ухаан балартаад газарт хэвтэж байхад аягаар нүдэн тус газарт 2 удаа цохиод авсан. Ингээд Ш  ирээд Э  ахаас намайг салгаад байж байтал Э  ах мөн Ш той маргалдаад “чи бас хулгайч биз дээ, хулгайч нараа ноолуур олж өгөөрэй, та нараас гарцаагүй” гээд гүтгэж доромжлоод заазуур гаргаад Ш г заазуурдсан. Одоо биеийн байдал муу, хамар нь тасарчихсан байхыг үгүйсгэхгүй эвгүй болчихсон байсан. ... Гэрээс гараад Ш  надад хандан “Э  намайг заазуурдчихлаа, пизда чинь” гэж хэлж байсан. ...Миний зүүн талын нүд цохиулснаас болж битүү хавдартай, юм харахад хэцүү, толгой тархи хөндүүртэй толгой тархи эргээд байгаа. Ш  надтай хамт ирсэн.

Хамар нь эвгүй бараг л тасарсан байдалтай байгаа ...” гэх /хх-23-26/,

 ...П  Э ийнд орж ирээд “чи одоо миний аавыг зоддог хэн бэ?” гэж хэлээд намайг хойш түлхэж унагаан миний дээр гараад гэдсэн дээр сууж байхад Э  миний толгойны дээхэн талд зогсож байснаа “муу гөлөгнүүд” гэж хэлээд улбар шар өнгийн модон сандалаар миний дух хэсэгт нэг удаа цохиод зүүн талын нүд хэсэгт аягаар 2 удаа цохих шиг болсон. Тэрнээс хойш миний ухаан балартсан. П  намайг зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-163-164 тал/,

Хохирогч Б.Ш гийн өгсөн: “...Хэд хоногийн өмнө Э  ахынх ноолуураа хулгайд алдсан гэх асуудал гарсан. Энэ асуудал дээр намайг болон эхнэр бид хоёрыг хулгайлсан мэтээр тухайн газар оршин сууж байгаа хүмүүст яриа өгүүлэл гаргаад байхаар нь үнэн зөвөө ольё гэж бодоод өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б , найз Х ын хамтаар Э  ахынд очсон. Биднийг очиход оройны 22 цаг болж байсан санагдаж байна. Ингээд гэрт нь ороход Э  ах, эхнэр Л , төрсөн хүү болох С , саахалт айлын хүн болох Д  нар хоол идээд сууж байсан. Тэгээд ороод Э ийн эхнэр Л т хандаад “та яагаад хүн эзгүй байхад гэр орноор орж нэгжээд байгаа юм бэ, би юу боллоо гэж танайхаас ноолуур хулгайлдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Л  эгч “хэн тэгж хэлж байгаа гэж” хэлсэн. Тэгэхээр нь би “миний хүүхдүүд тэгж байна” лээ гэхэд Л  “юу гээд хуцаад байгаа юм” гээд нүүр лүү нулимаад хуц солиор гээд бөөн хэрүүл эхэлсэн. Тэгэхээр нь би Л  эгчийн шилэн хүзүүнээс бариад авсан чинь Э , С  нар босч ирээд над руу дайраад намайг нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Тухайн үед миний гарыг Д  араас барьчихсан байсан. Мөн миний эхнэрийг орон дээр гаргаад

Э , Л  нар зодоод байсан. Зодоон болох үед Э  миний нүүр рүү заазуураар цохих шиг болсон. Нэг харахад хамарнаас цус алдаад байсан. Тухайн үед хамар руу цохичихлоо л гэж бодсон тэгтэл заазуурдсан байсан. ...хурц иртэй зүйл байх шиг байсан. Гялс гээд исгэсэн” гэх /хх-32-36 тал/, ...“П  Х ыг газар түлхэж унагаагаад дээр нь гарч суухад Ц.Э  сандалаар Х.Х ын толгойн тус газар нэг удаа цохисон. Тэрнээс хойшү зодоон цохион болоогүй. Миний хамар цустай холилдсоны дараа Ц.Э , Х.Х ын толгойн тус газар сандалаар цохисны дараа зүүн талын хацар хэсэг нь хөндлөн язарч цус гарсан байсан. Баруун талын хөмсөг нь язарсан байсан” гэх мэдүүлэг

/хх-161-162 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...Э  ах гэрт байсан заазуурыг авч гартаа бариад манай нөхрийн нүүр лүү заазуурдсан. Тэгтэл нөхрийн нүүрнээс цус олгойдоод эхэлсэн. Би тухайн үед яг гэрт нь байсан болохоор хараад зогсож байсан. Ингээд байж байтал гадаа Х  гэх манайхтай саахалт нутаглаж байгаа залуу ирээд мөн зодоон болсон. Нэг харахад гадаа Х ыг Э  ах зодоод байх шиг харагдсан. Миний мэдэхийн Х ын толгой, тархи руу Э  ах аягаар цохиод байх шиг байсан... Булган аймгийн төв рүү явж Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 6 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-35-41 тал/,

Гэрч Ё.Б ын өгсөн: “...утсаар Х  урьд шөнө Э д зодуулчихлаа. Одоо эмнэлэг дээр байна гэж ярьсан. Ингээд тухайн өдрөө Булган аймгийн төвд явж байхдаа эмнэлэг дээр явж очсон. …Намайг очиход Х , Э ийн баз хүргэн болох Ш  нар хүнд зодуулсан гэмээр нүүр царайгаа боочихсон байдалтай байсан. Ингээд болсон асуудлын талаар асуухад Э ийнд очиж хулгайн асуудлаар очиж ойлголцолд хүрнэ гэж очоод зодуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

Гэрч Б.Л ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орой өөрийн гэртээ нөхөр Э , хүү С , саахалт айлын Д гийн хамтаар байж байхад 21 цагийн орчимд гаднаас манай төрсөн дүү Б , хүргэн Ш , Х  нар орж ирээд “яахаараа та нар биднийг хулгайд сэрддэг юм бэ” гээд Ш  уурлаад хэрүүл маргаан хийсэн. Ингээд бөөн хэрүүл маргаан болоод би дүүтэйгээ гэрт маргалдаад үлдсэн. Ш гийн хамрыг хэн цохисон гэдгийг би хараагүй. Нэг мэдэхэд хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. ...Манай нөхөр болох Э  Ш г гараараа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-48-51 тал/,

Гэрч М.Б ы өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед хамрын шонтгор хэсэг нь зүсэгдсэн шархтай, хүнд зодуулсан гэж 35-40 орчим насны эрэгтэй хүн ирсэн. Би анхны тусламж үзүүлэх зорилгоор хамрын шарханд эгцэлгээ хийж 6 оёдол тавьж боолт хийсэн” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,

Гэрч С.Д гийн өгсөн: “...Ш , Л  хоёр хэрэлдээд Ш  нь Л ын үснээс нь зулгаагаад авсан чинь хүү С  нь Ш г салгаад бариад авахад Э  Ш гийн нүүрэн дундуур нь гараараа цохиод авсан чинь Ш гийн хамарнаас нь цус гарсан. Юугаар цохиод цус гарсныг би анзаарч хараагүй. Маш хурдан яах ийхийн зуургүй л болсон. Тэгээд эрчүүд нь гэрээс гараад Б , Л  хоёр гэрт хэрэлдээд үлдсэн. Х  бид нар гэр рүү орсон чинь Х  “би хулгай хийдэг хүн биш” гээд Э  рүү дайраад Э тэй барилцаж авах гээд байхаар нь манай хүү П  “ах одоо болио, одоо тайвшир, хулгай хийгээгүй бол болоош дээ” гээд хооронд нь зодолдуулахгүй гээд газар дарж хориглоод сууж байхад Э  гэрт байсан жижигхэн модон улаан шар өнгийн садлаар Х ын дух руу 1 удаа цохисон. Тэгснээ Э  Х ын нүүр рүү нь цохиод авах шиг болсон. Би сайн анзаараагүй учир нүүрний яг аль хэсэгт юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Х ын зүүн хацар, духнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

Гэрч Д.П ийн өгсөн: “Би Э ийнд очиход гадаа хүн байгаагүй бүгд гэрт байсан. Гэрт ороход Б.Ш , Б , Л , Э , манай аав Д , Х  нар байсан. Би “юу болоод байгаан яагаад байгаан” гэж хэлэхэд Х  намайг “чамд хамаагүй шүү, гөлөг минь” гэж хэлээд над руу дайраад баруун гараа атгаж байгаад миний зүүн талын мөр хэсэгт нэг удаа цохиод намайг заамдаж гэрийн баруун талын орон дээр Х  намайг түлхэж унагаахад манай аав “та хоёр одоо больцгоо” гэж хэлээд дээлний бүснээс хүн татах шиг болсон, Х  бид хоёр орноос боссон. Би зүүн гараараа Х ын баруун талын мөр хэсгээс нь бариад, баруун гараараа цамцных нь энгэрийг заамдаж байгаад арагш нь түлхэхэд Х  арагшаагаа юманд тээгэлсэн үү, юманд бүдэрсэн үү мэдэхгүй ширээний баруун талын урд буланг мөргөөд, толгойгоороо ширээний хажууд байсан тогойг мөргөөд газар унасан. Х  “пиздануудыг алнаа” гээд хашгираад босож ирэх гээд байхаар нь би дээрээс нь очиж цээжин дээр нь дараад суусан. Х  доороос орилоод “пиздануудыг ална, тавь пизда минь” гээд хоёр гараа дээшээ савчаал байхаар нь би Х ыг “боль пизда минь, яасан шартай юм” гэж хэлээд Х тай ноцолдож байхад улбар шар өнгийн модон сандал миний урдуур орж ирээд Х ын нүүрэн дээр унасан. Х  миний доороос “намайг тавь пизда минь” гээд орилоод байхаар нь би Х ыг босгоод зууралдсан чигээрээ Э ийнхөөс гарсан. ...Э  нь Х ыг гэр дотор нүүрэн тус газарт нь сандлаар цохьсон юм” гэх мэдүүлэг /хх-167-169 тал/,

Хохирогч Х.Х ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Х.Х ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт язарсан шарх, дух, баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-63-65 тал/,

Хохирогч Б.Ш гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Б.Ш гийн биед хамрын нуруунд оёдол бүхий үарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт /хх-67-68 тал/,

Шүүгдэгч Ц.Э ийн яллагдагчаар өгсөн: “Би өмнө мэдүүлэг дээрээ Х ыг П  зодож, цохьсон. Миний хувьд зодож цохиогүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Ер нь бол миний харснаар Х ыг П  зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед П , Х  бид хоёрыг муудалцаад барилцаж аваад байхад дундуур орж салгасан юм. Тэр үед би Х ыг П  цохисон байж магадгүй гэж бодоод П ийг шалгуулсан юм. Одоо бол би өөрөө Х ыг модон шар өнгийн сандлаар нүүр хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэрийн гадна Х ыг байхад шилбүүрээр хоёр удаа цохисон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд Х ад эмчилгээний төлбөр болох 600000 төгрөгийг өгч хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-183-184 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Х , Б.Ш  нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Э ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Х , Б.Ш , гэрч Б.Б , Ё.Б , Б.Л , М.Б , С.Д  нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э ийн үйлдэл идэвхтэй, хохирогч нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр ба түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Б.Ш, Х.Х  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэг татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэн хүсэлтээ /хх-196-197 тал/ гаргасан байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Э ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 82-84 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Э  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн “Бор хошуу” гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуур, цагаан өнгийн шаазан аяга, гадна талаараа цагаан, дотор талдаа ягаан өнгийн цэцэгтэй шаазан аяга, гадна талдаа цагаан, дотор талдаа цэнхэр өнгийн хээ, дүрстэй шаазан аяга тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ц.Э ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур, цагаан өнгийн шаазан аяга, гадна талаараа цагаан, дотор талдаа ягаан өнгийн цэцэгтэй шаазан аяга, гадна талдаа цагаан, дотор талдаа цэнхэр өнгийн хээ, дүрстэй шаазан аяга тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД