Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2017/00018/И |
Дугаар | 102/ШШ2017/00653 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00653
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 2578697 регистртэй, “Хас банк” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж, ..дүгээр байр ...тоотод байрлах ..регистртэй, “Буман ган” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, ..дугаар байр ..тоотод оршин суух, ...регистртэй, Боржигон овогт Ж.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 810,837,567.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Буман ган” ХХК, Ж.Баатар нар нь 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хас банк ХХК-тай ЭА5001317120 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх гэрээ, Зээлийн эрх нээх гэрээ байгуулж 514,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн эрхийг 365 хоног 22.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нээсэн. ЭА5001317120 дугаар гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Аккредитив нээх эрхийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй гэж өөрчилсөн. Гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Буман ган” ХХК нь 5001317120 дансанд 514,000 ам.долларыг төвлөрүүлээгүй тул бараа нийлүүлэгч Хятадын компанид “Хас банк” ХХК төлбөрийг төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлж “Буман ган” ХХК-д гэрээнд заасан нөхцөлөөр зээл олгосон. Гэрэний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар доорх гэрээг байгуулсан. Үүнд:
2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1490003932-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр
-Улсын бүртгэлийн Ү-2201022313 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамж 1 тоотын 50,5 мкв талбайтай хувийн сууц, граж;
-Улсын бүртгэлийн Ү-2201027406 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамж 1 тоотын 128 мкв талбайтай хувийн сууц;
-Улсын бүртгэлийн Ү-2201013559 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 34 дүгээр гудамжны 7 тоотын 52,2 мкв талбайтай хувийн сууц;
-Улсын бүртгэлийн Г-2201000093 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамжны 1 тоотын 494,9 мкв талбайтай газар;
- Улсын бүртгэлийн Г-2201000786 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баган наран, 34 дүгээр гудамжны 7 тоотын 631 мкв талбайтай газар;
2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн БГ5001317120-01 дугаартай барьцааны гэрээгээр
-Улсын бүртгэлийн Г-2201027410 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн урд байрлалтай 10000 мкв талбайтай газар;
-Улсын бүртгэлийн Г-2201027406 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн урд байрлалтай 11208 мкв талбайтай газар;
-Улсын бүртгэлийн Г-2201027411 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн урд байрлалтай 10000 мкв талбайтай газар;
Тэргүүн эгнээ ХХК болон Хас банк ХХК-ийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БД5001317120-01 дугаартай Батлан даалтын гэрээ;
Иргэн Ж.Баатар болон Хас банк ХХК-ийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БД5001317120-02 дугаартай Батлан даалтын гэрээ;
“Буман ган” ХХК, Ж.Баатар нар нь Зээлийн эрх нээх ЗГ5001317120 дугаар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч төлөөгүй бөгөөд гэрээний хугцаа дууссан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453-1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, зээлийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 810,837,567,5 төгрөг нэхэмжилж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах /мөн төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь зөвхөн барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаагаар хязгаарлагдахгүй/ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Буман ган” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Буман ган” ХХК, Ж.Баатар нарт холбогдох хэргийн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг гардан авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлтэй танилцаж, бүрэн ойлгосон болно гэжээ.
Хариуцагч Ж.Баатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Буман ган” ХХК, Ж.Баатар нарт холбогдох хэргийн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг гардан авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлтэй танилцаж, бүрэн ойлгосон болно. Нийт төлөх 866,884,766.8 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Буман ган” ХХК, Ж.Баатар нарт холбогдуулан 810,837,567.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 810,837,567.5 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Буман ган” ХХК, Ж.Баатар нарт холбогдох 810,837,567.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Буман ган” ХХК, Ж.Баатар нар нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Д.Нэргүй, Б.Ганхөлөг, “Тэргүүн эгнээ” ХХК-иас татгалзсаныг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,492,373.83 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,246,186 төгрөг, хариуцагч “Буман ган” ХХК, Ж.Баатар нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,246,186 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА