Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01621

 

 Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1237 дугаар магадлалтай,

   Г ын нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн Тээврийн газарт холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч  Г ын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Нийслэлийн тээврийн газарт 2013 онд дүн бүртгэлийн ажилтнаар ороод, 2015 оны 04 дүгээр сарын 15-наас уг албан тушаалын нэршил нь өөрчлөгдөж техникч болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Миний бие жирэмсний амралтаа авч, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Анирыг төрүүлсэн. Хүүхдээ төрүүлсний дараа хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажилдаа орох тухай өргөдлөө өгөхөд 2017 оны 11 дүгээр сарын 15-нд утсаар сул орон тоо байхгүй тул хүлээнэ үү гэсэн хариу өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 14-нд дахин өргөдөл өгөхөд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/22 тоот албан бичгээр ажилдаа орох хугацааг хойшлуулах шийдвэр гарсан тухай мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үүргээ ажил олгогч биелүүлэхгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г  тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэст техникчийн албан тушаалд томилогдсон. 2016 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Тээврийн газрын бүтэц, орон тооны хязгаар 138 байсныг 90 хүртэлх ажилтнаар багасган баталж орон тоог цөөрүүлсэн. Тус газар дээрх захирамжийн дагуу шинэчилсэн бүтцээ батлах шаардлагатай болсон бөгөөд газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Бүтэц, орон тоо баталж, ажилд томилох тухай А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоог баталгаажуулахад Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн техникчийн ажил, албан тушаал бүтэц, орон тоогоор хасагдсан. Г  нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газарт ажилд орох өргөдлөө өгөхөд ажилтны тоо цөөрсөн, сул орон тоо байхгүй байсан тул холбогдох хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г тай тохиролцож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Нийслэлийн тээврийн газарт үүрэг болгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2,995,192 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос Г ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн тээврийн газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 62,873 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1237 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00625 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1237 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, утга агуулгын илэрхий алдаатай, биелүүлэх боломжгүй шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Тээврийн газрын бүтэц орон, тооны хязгаарыг 138 байсныг 90 ажилтнаар баталж орон тоог цөөрүүлсэн. Ингэснээр тус газар нь дээрх захирамжийн дагуу шинэчилсэн бүтцээ батлах шаардлагатай болсон бөгөөд газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо баталж, ажилд томилох тухай” А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоог баталгаажуулан Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн техникчийн ажил, албан тушаал бүтэц, орон тоогоор хасагдсан болно. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...нэхэмжлэгч Г тай тохиролцож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг...” тус газарт үүрэг болгосон боловч Нийслэлийн Тээврийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо баталж, ажилд томилох тухай” А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоонд нэхэмжлэгч Г ын мэргэжилд тохирсон ажил, албан тушаал байхгүй байх бөгөөд тухайн албан тушаалын хийж гүйцэтгэх албан үүрэг нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны “Үндсэн чиглэлийн үйлчилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан тул шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Мөн 2016 оны 07 сард жирэмсний амралтаа, ээлжийн амралттайгаа хамтатган авсан Г ыг албан ёсоор ажлаас чөлөөлөх, халах зэрэг шийдвэр гаргаагүй, түүний өргөдлийг тус газрын Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу түр хугацаагаар хойшлуулсан байхад давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ажил олгогч нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1237 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Г  Нийслэлийн Тээврийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Засаг даргын захирамжаар техникчийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэст техникчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралтаа авч, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Анирыг төрүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.

Ажилтан 2017.10.25, 2017.12.14-ний өдрүүдэд ажилдаа орох хүсэлтээ ажил олгогч Нийслэлийн тээврийн газарт өгсөн, ажил олгогч нь утсаар болон албан бичгээр ажилдаа эргэж орох хугацааг түр хойшлуулахаар, мөн техникчийн орон тоо хасагдсан гэсэн хариуг 2017.11.15, 2018.01.19-ний өдрүүдэд өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэснийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн  байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

            Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн хөдөлмөрлөх эрхийг хангах ажил олгогчийн үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1237 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН