Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Иргэн В.Р-ийн  нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Аймгийн ******* С.Г-д холбогдох аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын  04-ний  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч В.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.  Аймгийн ******* С.Г нь намайг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй байна. Энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/04 дугаар албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т заасан аймгийн ******* нэгээс илүүгүй, нийслэлийн *******   хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалтыг зөрчсөн байна. Аймгийн ******* нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2 дахь заалтыг биелүүлж байгаа юм бол 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/122 дугаар захирамжаар 2 дахь Засаг даргын орлогчийг томилох шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хүчингүй болгох байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны ээлжит сонгуулийн дараа миний бие 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар албан ёсоор аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон бөгөөд аймгийн ******* Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны Б/122 дугаар захирамжаар Ж.Г-ыг дахин Засаг даргын орлогчоор томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, иргэн миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн аймгийн ******* нь миний хууль ёсны эрхийг хөндсөн захирамж шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар надад тайлбар санал гаргах хууль ёсны эрхийг эдлэх боломж олгоогүй нь хуулийг ноцтой зөрчиж байна. Аймгийн Засаг даргын дээрх хууль бус захирамжууд нь иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, иргэнийхээ үзэл бодлоо илэрхийлсэний төлөө намайг ялгаварлан гадуурхсан шинжтэй байдлаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймд  аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* нь Есөнбулаг сумын иргэн В.Р-ийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамж гаргаж хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Энэ захирамжийг гаргахдаа хуулийн шаардлагад тавигдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөх процесс үйл ажиллагаа хийгдээгүй. Мөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа холбогдох этгээдэд ямар нэгэн тайлбар мэдүүлэг гаргах боломж мэдэгдээгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шинжтэй захирамж гаргасан. Хурлын тэргүүлэгчтэй зөвшилцсөн процесс үйл ажиллагаа болоогүй гэдэг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч тал 12 дугаар сарын 07-ны өдөр албан бичиг өгсөн гэдэг зүйл ярьдаг. Тухайн  албан бичиг нь Хурлын Тэргүүлэгч болон даргад ямар нэгэн байдлаар танилцуулагдаагүй. Иймээс хуульд заасан зөвшилцсөн гэдэг асуудал байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.5 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл ийм ажиллагаа болоогүй. Үүнтэй холбоотой аудитын асуудал явж байгаа учир бид ямар нэгэн байдлаар тайлбар гаргах шаардлагагүй гэдэг тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан материалыг харахад аудитын байгууллагаас тавьсан акт, зөвлөмж, шаардлага нь 2018 оны 06 дугаар сард эцсийн байдлаар шийдэгдээд дууссан байдаг. Тэрнээс хойш 6 сар өнгөрсөн байхад ямар асуудлаар ийм зүйл ярьж байгаа талаар ойлгохгүй байна. Хуульд тодорхой байдлаар зохицуулагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол төр, хувь хүний нууцтай холбоотой асуудал байгаа бол, хуулийн этгээд өргөдөл гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа бол гэдэг үндэслэл шаардлага байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангасан зүйл байхгүй.  Ажлын 7 хоногийн сүүлчийн өдөр гэнэт ийм шийдвэр гаргасан. Аудитын байгууллагын албан шаардлага яриад байгаа. Энэ талаар хуульд тодорхой заасан. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэж заасан тухайн албан шаардлагатай холбоотой захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Эхний албан шаардлага нь зөрчил арилгуулах гэсэн албан шаардлага байгаа. Хамгийн сүүлд тайлбарт дурдсан байсан албан шаардлага нэхэмжлэгчид хамааралгүй Тамгын газрын даргад хамаарах асуудал байсан. Аймгийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1555 дугаартай албан бичиг нь хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд гэж хаяглаж өгсөн. Нэгжийн хуульд чөлөөлж томилохдоо тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилох чөлөөлөх асуудлыг ярина гэж заасан. Тэгэхээр тэргүүлэгчдийн ажлын алба, тэргүүлэгч гэдэг нь эрх зүйн чадамжийн хувьд маш ялгаатай ойлголт. Ажлын алба бол тэргүүлэгчдийг ажиллах нөхцөл боломжоор хангадаг алба. Тэргүүлэгчтэй зөвшилцөх зүйл болоогүй байж 12 дугаар сарын 07-ны өдөр ажил тарсан хойно бичиг ирээд захирамж гаргасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Засаг даргын орлогчийг томилох чөлөөлөх эрх байдаг ч гэсэн засаг даргын орлогч гэдэг нь улс төрийн албан тушаалтанд хамаарна. 2017 оны Засгийн газрын 01 дугаартай албан даалгавартай холбоотой холбогдох баримт материал гаргаж өгсөн. Үүн дээр нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохирсон тодорхой акт, баримт нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй. Үүнээс харахад зөвхөн ажлаас чөлөөлөхийн тулд ажлаас чөлөөлөх эрхийг хэтэрхий субъектив байдлаар хандсан. Ингэхдээ хуульд заасан бусдын эрх ашгийг хөндөхгүй, зөрчихгүй байх, хүмүүст боломж нөхцөл олгох гэсэн зүйл байхгүй.  2017 оны аудитын шаардлага нь 2016 оны санхүүгийн баримтад шалгалт хийгээд өгсөн хариу байгаа. Энэ нь 2017 оны хагас жилдээ багтаад дүн мэдээ гардаг хуулийн хугацаатай. Үнэхээр хоёр орлогчтой байгаад асуудал болохгүй хүндрээд хууль зөрчөөд байна гэж ******* үзэж байгаа бол хууль ёсоор томилогдсон Засаг даргын орлогчоо ажиллуулаад, хууль бусаар томилогдсон Засаг даргын орлогчоо ажлаас чөлөөлөх асуудлыг ярих ёстой байсан. В.Р-ийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  Б/57 дугаартай захирамжаар албан ёсоор хурлын тэргүүлэгчтэй ярилцаад томилогдсон. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ж.Г- гэдэг хүнийг Засаг даргын орлогчоор томилсон. Ингэж томилохдоо тэргүүлэгчтэй зөвшилцөх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч аймгийн ******* С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч В.Р нь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон бөгөөд аймгийн Засаг  даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь аймгийн ******* С.Г нь намайг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/04 дугаар албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан  аймгийн ******* 1-ээс илүүгүй  орлогчтой, нийслэлийн ******* 2-оос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Аймгийн Засаг даргын томилж, чөлөөлөх бүрэн эрх аймгийн *******д хуулиар олгогдсон бөгөөд дээрх заалтаар нарийвчлан зохицуулж өгсөн. Мөн бусад хуулиар тухайн асуудалтай холбоотой нарийвчилсан заалт байхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/04 дугаар өөрийн албан бичгээр зөвхөн нэхэмжлэгч В.Р-д хандаж албан бичиг хүргүүлсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тухайн асуудлыг танилцуулж хамтарсан шийдвэр тухайн үед гаргаагүй байна. Өнөөдрийг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шийдвэр гарч, тодорхой хариуг аймгийн *******д хандаж ирүүлээгүй байна. Аймгийн ******* нэгээс илүүгүй орлогчтой байхаар хуульд заасан байтал Засаг даргын орлогчийн тоог нэгээр нэмж хоёр болгосон нь хууль зөрчиж байна гэж үзэж аймгийн Төрийн Аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/69 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг тус тус  ирүүлсэн.  Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хуулийг хэрэгжүүлж ажиллах албан шаардлагыг биелүүлэх асуудлаар аймгийн Аудитын газраас мэдэгдсэн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж шийдвэр гаргасан. Төрийн албан тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төрийн албыг төрийн улс төрийн, төрийн захиргааны , төрийн тусгай, төрийн үйлчилгээний алба гэж ангилна, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан тушаалд Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам , шалгуурын дагуу  сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаалтан хамаарна, 11.1.9 дахь заалтад бүх шатны ******* болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаар сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албыг төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэшсэн, тогтвортой байх төрийн жинхэнэ албанаас зааглаж, Засаг даргын орлогч нь төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх үүднээс аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэхгүй юм. В.Р нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллах явцдаа төрийн улс төрийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хамтран ажиллах, үйлчлэх харилцаанд хариуцлагагүй хандаж, амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх, захирах захирагдах ёс, зан харилцаа, хандлагын хувьд ёс зүйгүй үйлдэл, үг хэллэгийг удаа дараа гаргасан тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн хуульд заасан шаардлагыг хангуулж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2 дахь хэсэгт аймгийн засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх эрх нь аймгийн *******д бүрэн эрх нь олгогдсон байдаг. Дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Бусад хууль тогтоомжид тухайн асуудлыг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт байхгүй. Засаг даргын орлогчийг чөлөөлөхдөө аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1555 дугаартай албан бичгээр Засаг даргын орлогч В.Р-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөх тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бичгээр мэдэгдсэн. Зөвшилцөх тухай хуулийн заалтыг хангасан гэж үзэж байна. Үүнтэй холбоотой хариу ирүүлээгүй учир зөвшөөрсөнд тооцно гэж үзсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/04 тоот албан бичгийг зөвхөн нэхэмжлэгч В.Р-д хандаж албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ асуудлаар аймгийн засаг даргад албан ёсоор хариу ирээгүй. Тэгэхээр зөвшилцөн чөлөөлөх гэсэн хуулийн шаардлага нь саналыг бичгээр авах заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй. Захиргааны ерөнхий хуульд аймгийн ******* нь захирамж шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу санал тайлбар авах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.5 дахь хэсэгт захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэн хуулийн зохицуулалт байна. Энэ хуулийн зохицуулалтын дагуу аймгийн аудитын газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хуулийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг биелүүлэх асуудлаар аймгийн аудитын газраас мэдэгдсэн. Сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж ангилж байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна гээд 11.1.9 дэх хэсэгт бүх шатны ******* болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэж заасан. Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан болохын хувьд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх бөгөөд аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэж үзэж байгаа. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтаар энэ харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Говь-Алтай аймгийн ******* 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаварыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндоржийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9  дэх хэсэгт зааснаар бүх шатны Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг өөр хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т  “аймгийн ******* нэгээс илүүгүй, нийслэлийн ******* хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаас үзэхэд Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон заалтаас гадна улс төрийн албан хаагчийн хувьд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх эрх зүйн байдлын талаар тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт байна. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу аймгийн ******* өөрийн орлогчоо чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн...” гэсэн нөхцлийг хангах шаардлагатай.

        Хариуцагчийн тухайд: Аймгийн ******* 2 орлогчтой тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар Засаг даргын нэг орлогчийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан мөн аймгийн ******* нэгээс илүүгүй орлогчтой байх хуулийг хэрэгжүүлж байгаа хэдий ч хуулиар тогтоож өгсөн шаардлагын хүрээнд ажлаас чөлөөлөхөөр байна. Тодруулбал өөр захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр захиргааны актыг гаргах эрх зүйн тусгай шаардлагыг хангах ёстой байсан байна.

         Хавтаст хэргийн материалд 2016 оны 08  дугаар сарын 16-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх талаар хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын  16-ны өдрийн 1/322 дугаар албан бичгээр “...зөвшөлцөхөөр ирүүлсэн саналыг ...Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар В.Р-ийг аймгийн Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн” саналыг аймгийн *******д хүргүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилсон атлаа ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулийн шаардлагыг биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

         Аймгийн Засаг даргын орлогч В.Р-ийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд 1/1555 дугаар албан бичгээр “...аймгийн Засаг даргын орлогч В.Р-ийг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж байна” гэсэн саналыг хүргүүлсэнээр аймгийн Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөхдөө зөвшилцөх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй аймгийн Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар зөвшилцөх шийдвэр гараагүй байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1/04, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/49 дүгээр албан бичиг болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

         Засаг даргын хуулиар олгогдсон эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар хэрэгжих учиртай бөгөөд шүүх хууль тогтоомжид нийцээгүй аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Р-ийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсгийг “аймгийн ******* нэгээс илүүгүй, нийслэлийн ******* хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байхад аймгийн ******* 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар В.Р-ийг, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/102 дугаар захирамжаар Ж.Г-ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилсон, Үндэсний аудитын газрын харьяа Говь-Алтай аймгийн Аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “аймгийн ******* 1-ээс илүүгүй орлогчтой байхаар хуульд заасан байтал 2 орлогчтой ажиллуулж ...зардлыг хэтрүүлэн зарцуулсан байна” гэж 01/69 дүгээр Зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлж байсныг дурдах нь зүйтэй байна.

         Засаг даргын захирамжийн үндэслэлд Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаварыг үндэслэл болгосон. В.Р аймгийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаанд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлээгүй, эсэргүүцэх, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болон дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоосон, дүгнэсэн байдал тогтоогдохгүй байна.

         Шүүх аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Р-ийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 110 хоногийн олговор 6,086.745 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас  гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн В.Р-ийн 2018 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Р-ийг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны  110  хоногийн олговор   6,086.745 /зургаан сая наян зургаан мянга долоон зуун дөчин таван мянган төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ